Цар тахал дэлхийн ихэнх хүний өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчилж байна. Хөл хорионы улмаас олон байгууллагын үйл ажиллагаа доголдож, ажилгүй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбоотойгоор хүмүүнлэгийн байгууллагуудын ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Иймд энэ удаа бид 2020 онд Монгол дахь ХБНГУ-ын ЭСЯ-ны бичил төслийн сангаас дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн зургаан байгууллагын төлөөллийг урьж, сайн дурын ажил, нийгмийн ажлын үнэ цэний талаар ярилцлаа. 

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн Г.Золбоо

Би дөрвөн настай байхдаа дүүтэй болж, айлын ганц байхаа больсон юм. Бүл нэмж байгаа нь бидний хувьд үнэхээр сайхан зүйл байсан ч, харамсалтай нь тэр минь дауны хам шинж хэмээх оноштой байлаа. Багаасаа л байнга дүүтэйгээ хамт байж, түүнтэйгээ хамт хорвоотой танилцсан болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудлыг би өөрийн биеэр үзсэн юм шиг л мэднэ. Амьдралдаа мэдэрсэн тэр бүх зүйл надад "Би ерөөс л энэ чиглэлд ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж явах өгөгдөлтэй хүн юм байна" гэдгийг ойлгуулсан. Ерөөс миний амьдралыг дүү минь чиглүүлсэн гэж болохоор. Өдгөө энэ чиглэлд ажиллаад хэдийн 12 жил болсон байна. Бүр ахлах ангид байхдаа л Монголын дауны холбоонд элссэн. Одоо өөрийн үүсгэн байгуулсан "Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв" ТББ-д ажиллаж байна.

Манай төв Өлзийт хороололд өөрийн гэсэн зуслантай. Зуслангийн үйл ажиллагааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн халамжаар тэтгэгдээд суудаг биш харин нөөц бололцоог нь бүрдүүлээд өгвөл тэд ч бас эдийн засгийн идэвхтэй хүн ам байж чадна гэдгийг баталж харуулах явдал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс гадна гэр бүл нь хүртэл дутуу үнэлсэндээ ажил хийлгэхгүй байсаар байгаа нөөц бололцоог нь бүр үгүй хийж орхидог. Бид энэ хандлагыг л зусландаа түшиглэсэн бичил үйлдвэрлэл, фермерийн орчноор дамжуулан өөрчлөхийг зорьж байна.

Энэ сэдэл, зоригийг мөн л дүү минь надад өгсөн. Дүү Сэргээн засах үндэсний төвд тогоочоор сурч төгссөн. Энгийн хүүхдүүдийг бодвол сурахдаа удаан л даа. Гэхдээ ойлгоод, дэмжээд, хамтраад өгвөл тэд хамгийн үнэнч, нямбай, хөдөлмөрч хүмүүс байдаг юм. Тэд хэзээ ч хаяж явахгүй, худлаа ярихгүй, ажил хийдүүлэхгүй гэгээхэн ертөнцтэй. Үүнийг л өнөөгийн хөдөлмөрийн зах зээл ойлгож, үнэлээсэй. Гэр бүл, хүүхэд, хамт олны хичээл зүтгэлээр одоо дүү минь Шангри-Ла зочид буудалд ажилчдын цайны газрын бэлтгэгчээр ажилладаг. Бие даан ажил гэрийнхээ хооронд зорчиж, хуримтлал үүсгэснээр зогсохгүй байгууллагынхаа шилдэг ажилтнаар хүртэл тодорч байсан гээч.

Би дүүд минь олдсон энэ боломжийг л бусад бүх хүмүүст хүргэхийг зорьдог. Жижигхэн зүйл маш том зүйлийн эхлэл байдаг. Сайн дурын ажил хийж байна гэхээр өнөөдөр цалингүй ажилд цагаа зарцуулаад байгаа мэт боловч ирээдүйд сайхан амьдрах нийгмээ бүтээж байгаа юугаар ч үнэлэшгүй хөдөлмөр юм. Бид саяхан ХБНГУ-ын Элчин сайдын яамны тусламжтай зуны зуслангаа жилийн дөрвөн улиралд ажиллуулах боломжтой болгож хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Ингэснээр жилийн дөрвөн улиралд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийнхэнд амралт сувиллын үйлчилгээг үзүүлж, зусланг дагасан бичил үйлдвэрлэлээ тогтвортой явуулж, улмаар тэдэнд зориулсан байнгын ажлын байр бий болгох боломж бүрдэж байгаа юм. Санаа зөв байхад амьдрал чамайг дэмжиж туслах хүмүүсийг бэлэглэж байдаг юм шүү.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байрны сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах

Миний хувьд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажиллаад 10 жил болж байна. Өдөр тутамдаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдтэй тулж харилцан, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилладаг. Байнга амьдралын хүнд хэцүү кэйсүүд дээр ажиллах нь хувь хүний хувьд хэцүү л дээ. Гэхдээ хийж байгаа ажлын минь зорилго, үр дүн сэтгэлийг минь дүүргэдэг. Миний оршихуй өөр нэг хүнд тус болж байна гэж бодохоор болих бодол төрүүлдэггүй. Одоо бодоход би ирээдүйд энэ чиглэлээр ажиллах нь тодорхой байсан юм шиг санагддаг. Багаасаа л өөрөөсөө илүү хүнийг гэдэг, ямар ч эргэлзээ, харамсалгүйгээр бусдад зай тавьж өгдөг тийм л хүүхэд байсан. Шалгалтын үеийн надад шипи ирвэл өөрөө хуулаагүй байж огтхон ч бодолгүй өөр хүүхдэд өгч л орхино.

Угаас ийм хандлагатай хүүхдийн бодол санаа, ирээдүйнх нь хүсэл зорилгыг хүмүүнлэгийн чиглэлрүү нэг мөр хандуулсан үйл явдал ахлах ангид минь тохиолдсон. Ангийн охин маань жирэмсэн болсон байлаа. Гэтэл ангийн найзууд нь бүү хэл, насанд хүрсэн томчууд, тэр дундаа ангийн багш маань хүртэл гоочилж гадуурхан, зөвхөн ангийн нэр хүндийн тухай л санаа зовж байлаа. Хэн ч охины үгийг сонсохыг хүсээгүй, жинхэнэ шалтгааныг тодруулалгүй байсан тэр охин сургуулиасаа гарсан юм. Үүнээс хойш нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийг сонгоод суралцах явцдаа энэ чиглэлд улам л их татагдсан. Хүүхэд бүр адил гараан дээр байхгүй байгаад, түүнээсээ болж өөртөө итгэх итгэлээ алдаж байгаад их эмзэглэдэг. Санхүүгийн хараат байдлаасаа болоод өдөр бүрийг хүчирхийлэлтэй орчинд өнгөрүүлж байгаа юунд ч буруугүй эмэгтэйчүүдтэй ярилцахад ямар их зүйл бодогддог гээч. "Ядуугийн тойрог" гэгч зүйлээс гарах нь олон нийтийн ярьдаг шиг тийм ч амархан зүйл биш.

Тэгш гарааг хангаж өгч чадахгүй ч ядаж тэгш боломж олгохын төлөө ажилладаг. Бид бүгд нэг нийгэмд, нэг улсад амьдарч байна шүү дээ. Тиймээс илүү сайхан нийгмийг бүтээхийн тулд ирээдүйн боловсон хүчин, мэргэжилтнүүдийг сайн дурын ажил хийж, бодит амьдралтай нүүр тулж, танилцахад цаг гаргаасай гэж боддог. Нийтээрээ бодит нөхцөл байдлыг ойлгож байж л хүндээ чиглэсэн сайхан нийгмийг бүтээж чадна шүү дээ. Одоо бид хүчирхийлэлд өртөж, өөртөө итгэх итгэлээ алдсан эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, орлоготой болгох замаар сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна. Үүний тулд ХБНГУ-ын Элчин сайдын яамтай хамтран 5-7 хүн ажиллах боломжтой оёдлын цехийг саяхан ашиглалтад оруулсан.

People in need оуТББ-ын монгол дахь суурин төлөөлөгч Tim Jenkins

Үндсэн мэргэжил маань яг ч хүмүүнлэгийн чиглэлийнх биш л дээ, гэхдээ ажлын гараа, хуримтлуулсан туршлага маань нийгмийн салбартай нягт холбоотой. Энэ чиглэлээр ажилласан нь надад олон улсад гарч ажиллах боломжийг олгосон юм. Одоогоор Тайланд, Камбож, Бутан, Монгол зэрэг орнуудад ажиллаж, туршлага хуримтлуулан, нийгмийн анзаардаггүй, орхигдсон хэсэгт туслах, тэд ч мөн адил чухал хүмүүс шүү гэдгийг тухайн улсын Засгийн Газар, удирдах түвшнийхэнд сануулахыг зорьж ажилладаг.

Монгол Улсын Засгийн Газар цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хийж чадах зүйлсээ хийсээр байна. Гэсэн ч хөл хорионы энэ үед ажиллахыг хэчнээн хүссэн ч ажиллах боломжгүй болсноор амьжиргааны хувьд хүнд байдалд орсон олон хүмүүс байгаа юм. Одоогоор бид тэр гэр бүлүүд, тэдгээр залуусын өмнөөс бид маш их хичээж ажиллаж байна. Үүнийг хийхэд миний болон манай байгууллагын нөлөө, байр суурь тийм ч хангалттай биш л дээ, гэхдээ л хэрэгцээ шаардлага үүссэн олон айл өрхүүдийг харахад ямар нэг зүйл хийх ёстой маань ойлгогдоод ирдэг. Тиймээс ч бид үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хэд хэдэн төслийг хийж хэрэгжүүлсэн. Эхний удаа амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой 1500 гаруй өрхөд, хоёрдах удаа 4000 орчим өрхөд хэрэгцээт хоол хүнсний туслалцааг үзүүлсэн юм.

Харин энэ удаа бид "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам"-тай хамтрын ХБНГУ-ын Элчин сайдын яамны тусламжтайгаар төслийнхөө хүрээг илүү томруулан хүүхэд багачуудад давхардсан тоогоор 20 мянган удаагийн халуун хоолоор үйлчилж, 1300 гаруй хэрэглээний багцийг бэлтгэн шаардлагатай өрхүүдэд тараагаад байна. Энэ мэтээр хоол хүнсэнд гол анхаарлаа хандуулж буй учир нь хөл хорио тавигдаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссоноор үдийн цай хөтөлбөрөөр хүнсний хэрэгцээгээ хангадаг байсан олон хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох өндөр эрсдэл үүссэнд байгаа юм. Хоол хүнс бол хүний анхдагч хэрэгцээ шүү дээ.

Мөн үүгээр зогсолгүй ахин 1700 гаруй иргэнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний авах 100 мянган төгрөгийн эрх бүхий худалдааны талон тараагаад байна. Аль өрх бүрд хувийн, онцлог хэрэгцээ байгаа шүү дээ. Тэр болгоныг бид мэдэх боломжгүй. Тиймээс иргэдэд өөрсдийн сонголтоороо худалдан авалтаа хийх, илүү бодитой тусламж үзүүлэхийн тулд уг аргыг сонгосон юм. Ингэхдээ тус талоныг гар утас болон бусад технологийг ашиглан ямар нэг хавьталд орж, эрсдэл үүсгэхгүй байдлаар тарааснаараа онцлогтой. Бидний хийж буй эдгээр зүйлс нийгэмд багахан ч гэсэн гэрэл гэгээ болж, хэрэгтэй хүмүүстээ хүрч чадсан гэдэгт итгэж байгаа. Төгсгөлд нь ХБНГУ-ын Элчин сайдын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарын дэмжлэг туслалцаа, хурдан шуурхай хамтын ажиллагаанд нь талархал илэрхийлмээр байна.

Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын ерөнхий менежер Д.Буянтогтох

Уг байгууллагын нэг хэсэг болоод арваад жил болж байна. Үүнээс өмнө Германы нэгэн олон улсын байгууллагад ажиллаж байсан юм. Ажлын шугамаар хэд хэдэн удаа холбогдон, дэмжиж ажилласнаар "Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор"-той танилцаж байлаа. Тэр үед л хүүхдүүдтэй ажиллахын онцлог, энэ чиглэлийн ажил ямар чухал болохыг ойлгосон юм шиг байгаа юм. Төсөл дууссаны дараа шууд л уг байгууллагад ажилд орсон. Төсвийн байгууллага тул хүүхдүүдээ хүлээж авахдаа ямар нэг шалгуур тавилгүй, дотоод нөөц бололцоондоо тааруулаад ирсэн хүүхэд, залуус бүрийг авахыг хичээдэг. Гэр бүлийн хүнд нөхцөлд өссөн, сэтгэл болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн, гадуур тэнэдэг, бусдад өөрийгөө нээхээ больсон, тамхи татдаг, мансуурдаг гээд л эцэг эх, асран хамгаалагчид нь анхаарал халамж тавихаа больсон, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүд ирнэ дээ. Тэдгээр хүүхэд бүртэй ажиллаж, нийгэмд хэрэгтэй хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө манай нийгмийн ажилтнууд 24 цагаар ажилладаг.

Хүүхэд бол аливаа нийгмийн хамгийн том өв хөрөнгө, тухайн улсын ирээдүй юм. Хүүхдэд ээлтэй байдаг, хүүхэд нь аюулгүй эрүүл саруул өсөж торнидог нийгэм л хамгийн сайхан байдаг шүү дээ. Манай байгууллагын зорилго энэ боломжийг л бүрдүүлэхэд чиглэдэг. Хэдийгээр харилцан адилгүй хүмүүжилтэй өөр өөр хүүхдүүдийн арга эвийг олох, хооронд нь эвтэй байлгах, сурч хөгжих боломжийг бүрдүүлэхэд олон хүндрэлтэй асуудал тулгардаг ч хүүхэд өөрөө цагаан энергитэй болохоор ямар нэг байдлаар л болдог. Коронавирусийн халдварын энэ хүнд хэцүү үед ХБНГУ-ын Элчин сайдын яамны бичил төслийн санхүүжилтэнд хамрагдаж цогцолборын гал тогоо, эмнэлгийн хэсгийнхээ олон жил хэрэглэсэн хуучин тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх боломж олдож байгаа нь бидэнд үзүүлж байгаа хүмүүнлэгийн маш том туслалцаа төдийгүй холбогдох удирдах шатныханд үлгэр жишээ болж байгаа ажил юм.

Ер нь хүн өөртөө байгаа зүйлийн үнэ цэнийг мэддэггүй. Чиний хувьд байдаг л зүйл нь өөр хэн нэгэнд хамгийн том мөрөөдөл нь байх ч бий. Тиймээс байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чадсан хүн аливаа стресс, дарамтгүй амьдардаг гэж боддог юм. Үүнийг ойлгосон хүн л сайн дурын ажил хийж эхэлдэг. Тиймээс ч манай байгууллага сайн дурын ажлын чиглэлд аль болох нээлттэй ханддаг. Хүүхдүүд маань ч шинэ хүрээлэлд орох маш дуртай. Нийгмийн үнэ цэн гэдэг бол байгаагаа хайрлаж, түүнийгээ тордож хөгжүүлэхэд байдаг. Хүүхдүүдийн маань хувьд өдөр бүрийг халуун хоолтой, хөгжиж төлөвших орон зайтай, дулаан орчинд өнгөрүүлнэ гэдэг том боломж юм. Энэ боломжийг хүүхдүүдэд олгохын тулд томчууд бид хамтран ажиллах хэрэгтэй.

Ротари Гэрэгэ клубийн төслийн зохицуулагч Б.Намуун

"Ротари" хөдөлгөөн нь анх 1905 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан олон улсын хүмүүнлэгийн байгууллага бөгөөд өдгөө 35 мянга гаруй клубийн 1.2 сая гишүүнтэй болж өргөжөөд байна. Монгол Улсад 1999 онд анхны "Ротари" клуб буюу "Улаанбаатар Ротари" үүсгэн байгуулагдаж, түүнээс хойш олон клубүүд үүсгэн байгуулагдсаар өргөжин тэлж, нийгэмд чиглэсэн маш олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү том гэр бүлийн 18 дахь буюу хамгийн отгон нь болон мэндэлсэн "Гэрэгэ Ротари" клуб маань энэ онд байгуулагдаж, 18-30 насны 25 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөр, хүмүүнлэгийн үйлс хийх тухай ойлголттой, үүнийг амьдралынхаа нэг хэсэг болгосон залуусаас бүрдсэн. Эх хүүхэд, эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, цэвэр усны хангамж, эдийн засгийн хөгжил, залуучуудын хөгжил, боловсрол зэрэг долоон чиглэлд төслүүдээ санаачлан гаргаж, хэрэгжүүлдэг.

Энэ жилийн хувьд бидний хийх ажил харьцангуй тодорхой байлаа. Цар тахлын хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоо эрс нэмэгдсэнийг та бүхэн ч мэдэж байгаа байх. Тиймээс бид гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, ойрын хугацаанд гэртээ эргээд харих боломжгүй болсон хүмүүст шаардлагатай хугацаанд, хэрэгцээт зүйлсээр тусламж хүргэхийг зорьсон юм. Ингэхдээ тусламж хүргэх бараа бүтээгдэхүүнүүд маань бүгд үндэсний үйлдвэр, тэр дундаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжихэд чиглэсэн. Дэмжлэгээ хоёр талт байдлаар ашигтай болгох гэж бодсон нь энэ л дээ. Тусламжийн бүтээгдэхүүнээ бэлдэж байх хугацаанд үйлдвэр эрхлэгчид маань бидний зорилгыг сонсоод өөрсдөө санхүүгийн хүнд байдалд байж хандив өгч байсанд үнэхээр их сэтгэл хөдөлсөн.

Энэ мэтчилэн сайн дурын ажлаар дамжуулан бид нийгмийнхээ онцлогийг олж харан, цааш урагшлах итгэлийг олж авдаг нь хамгийн том цалин шиг санагддаг. Клубийнхэн маань бүгд л бүтэн цагийн ажилтай ч эдгээр ажлуудыг амралтынхаа өдрүүдээр огтхон ч төвөгшөөхгүй хийдэг. Зав гарахаар хийдэг биш, харин зав гаргаад хийдэг ажил болгосон. Сэтгэл санаа нэгдэж, нэг зүйлд зорин, багаар ажиллаад эхлэхээр боломжууд бий болоод л байдаг. Ер нь цалингаар хэмжигдэхгүй үнэ цэн маш их байдаг шүү. Ташрамд хэлэхэд бидний уг ээлжит төслийг санхүүжүүлж, хамтран ажилласан ХБНГУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархсанаа илэрхийлмээр байна.

ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ хариуцсан захирал Ц.Алтантуяа 

Олны хэлж заншсанаар Эх нялхас буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) бол хүүхдүүд болон эх, эмэгтэйчүүдэд үйлчилдэг улсын томоохон эмнэлгүүдийн нэг. Манай байгууллагын 1200 гаруй ажилтан өдөр тутамдаа эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө зав чөлөөгүй ажилладаг. Ялангуяа энэ жил цар тахал гарснаас хойш бид зөвхөн эмнэлгийн үйл ажиллагаанаасаа гадна тусгаарлах байрууд болон бусад шаардлагатай газруудад хүрч ажиллах болсон л доо. Нийгмийн энэ цаг үед эрүүл мэндийн байгууллагуудын ариун цэврийн стандарт, бэлэн байдал хамгийн чухал сэдэв болдог. Тиймээс ч бид эмнэлгийн дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажиллахын сацуу бусад нөөц боломжуудыг ашиглахыг эрмэлзсэн нь ХБНГУ-ын Элчин сайдын яамны бичил төслийг дэмжих сангийн дэмжлэгт хамрагдахаар төслөө илгээсэн явдал юм. ЭСЯ бидний ажил, хэрэгцээ шаардлагыг бүрэн ойлгож, санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд бид тун сэтгэл хангалуун байгаа.

Үүний дүнд бид халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлаа нэмэгдүүлж, эмнэлгийн ажилтнуудад нэн шаардлагатай хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэглэл худалдаж авахаас гадна Германы Kärcher болон бусад брендийн ариутгалын тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ нэвтрүүлсэн билээ. Ингэснээр манай эмнэлэг COVID-19 халдварын өргөн тархалтаас болон улирлын томуугийн дэгдэлтээс эмнэлгийн баг хамт олон болон үйлчлүүлэгчдээ илүү сайн хамгаалж, хүнд цаг үеийг амжилттай даван туулах нөөц бололцоо нь нэмэгдэж байгаа юм.
Олон нийтийн төлөө чиглэсэн нийгмийн хариуцлага, идэвхи санаачилга санаснаас л олон хүнд хүрдэг шүү.

Улс орон хоорондын дипломат харилцааг хөгжүүлэхэд нийгэм хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал. Тийм ч учраас ХБНГУ-ын Элчин сайдын яам бичил төслийн сангаараа дамжуулан Монгол Улсын нийгэмд нэн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг байна.