Эмээ өвөө, аав ээжийн үеийнхний нөр их хөдөлмөрөөр бүтсэн өнөөдрийн энэ нийгэмд “шинэ үеийнхэн” гэх нэрийг залгамжилж яваа залуу мэргэжилтнүүд бид ахмад үеийнхээ бодит туршлага, үнэт зөвлөгөөг үгүйсгэх учиргүй билээ. 

Иймд энэ удаагийн нийтлэлдээ бид ахмад ажилтнуудын ажлын байран дахь давуу чанар болон залуу үетэйгээ мөр зэрэгцэн ажиллаж буй сайн жишээнүүдийг хуваалцахаар бэлтгэлээ.   

1. бодит туршлага

Салбартаа олон жил ажилласан бол арвин туршлага хуримтлагдах нь гарцаагүй. Тиймдээ ч ахмад ажилтнууд цуглуулсан мэдлэг, хураасан туршлагаа гол давуу талаа болгодог. Тэр дундаа үйлдвэрлэл, анагаах ухаан, инженерчлэл зэрэг нарийн мэргэжилд ахмад ажилтнуудын хуучраагүй туршлага өндрөөр үнэлэгдэх нь олонтоо.

Судалгаанаас харахад, ахмад ажилтантай байгууллагуудын ажлын бүтээмж 17 хувиар өссөн байна. Учир нь ахмад ажилтнууд залуу мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгч, туршлага хуваалцах замаар тэдний ур чадварыг хөгжүүлж, алдаа гаргах эрсдэлийг багасган ажлын үр ашгийг дээшлүүлдэг. Тиймдээ ч, ахмад ажилтнуудын өндөр оролцоотой байгууллагын ашиг нь 25 хүртэлх хувиар нэмэгддэг байна.


Манай орны тухайд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2023 оноос эхлэн ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийг дэмжигч компаниуд дундаас хүний нөөцийн бодлогодоо олон улсын ISO:30400 стандартыг амжилттай нэвтрүүлсэн анхны Монгол компаниудын нэг болох “Номин Холдинг” ХХК-ийн хөтөлбөрийг онцлон танилцуулъя. Энэ оны байдлаар тус компанид өндөр насны тэтгэвэртээ гараад үргэлжлүүлэн ажиллаж байгаа, мөн шинээр ажилд орсон 300 гаруй ахмад ажилтан дэлгүүрийн менежер, нягтлан бодогч, туслах мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан, тээшийн ажилтан зэрэг албан тушаалд ажиллаж байна.

“Номин холдинг” ХХК ахмад ажилтнууддаа, гэртэйгээ ойр салбарт цагийн болон гэрээт ажилтнаар ажиллах, уян хатан цагийн хуваарь, өрсөлдөхүйц цалин хөлс, нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог.

Тус компанийн ажилтнууд “Номин Холдинг” группийн худалдаа, барилга, технологи, санхүү, гадаад худалдаа гэсэн таван чиглэлд хөрвөн ажиллах боломжтой. Мөн карьер хөгжлийн хөтөлбөр, боловсролыг дэмжих хөтөлбөр, бие, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, ажил, амьдралын зохистой харилцааг хадгалах хөтөлбөрт хамрагдаж болно.


2. технологийн цоорхойг даван туулагч

Ахмад ажилтнууд компьютер, интернэтийн эрин үед өсөөгүй ч аливаад тууштай, тэвчээртэй зан байдлаараа шинэ зүйлсэд тун соргогоор хандаж, ажлын байрны технологийн шилжилтэд дасан зохицдог төдийгүй хоцрогдолд өртөлгүй ажиллаж чаддаг.

AARP(АНУ-ын тэтгэврийн насныхны нэгдсэн нийгэмлэг)-ийн судалгаагаар 50-аас дээш насны ажилчдын бараг 60 хувь нь ажилд шаардлагатай шинэ ур чадвар, тэр дундаа технологийн ур чадвар эзэмших өндөр сонирхолтой гэдгээ илэрхийлжээ.


3. багийн холбон тоглогч

Янз бүрийн насны ажилтнуудаас бүрдсэн баг, дан залуу бүрэлдэхүүнтэй багаас илүү өндөр бүтээмжтэй ажиллах хандлагатай байдаг. Харвардын Бизнесийн тойм сэтгүүлээс гаргасан судалгаагаар холимог насны баг асуудал шийдвэрлэх чадвар болон инновацлаг байдлын үр дүнд 19 хувиар илүү орлого олдог болохыг нотолжээ. Үндсэндээ ахмад ажилтны туршлага залуу ажилтны шинэлэг үзэл бодолтой хосолсноор бүтээлч шийдэлд хүрдэг байх нь.


4. залгамж халаагаа бэлдэгч

Судалгаанаас үзэхэд ахмад ажилтнуудын 50 орчим хувь нь зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, шинэ ажилтнуудад мэдлэг, ур чадвараа хуваалцдаг. Ингэснээр тэдний бүтээмж 17-25 хувиар дээшлээд зогсохгүй хурдан суралцаж, ажилдаа идэвхтэй байх хандлагатай байдаг аж.

Жишээ дурдахад, өндөр зэрэглэлийн үнэт эдлэл үйлдвэрлэгч Riva Precision Jewelry-д чадварлаг ажилтны хомсдол үүсээд байгаа ба ахмад ажилтнуудаа нас залуу, туршлагагүй ажилтнуудыг сургахад ашиглаж байгаа гэнэ. Үүгээр ч барахгүй ахмад ажилтнууд шинэчүүдээ сургах ажлаас болоод үүрэгт ажлаа давуулан биелүүлж чадаагүй тохиолдолд компанийн зүгээс урамшуулал хүртэл олгохоор зохицуулжээ.


5. бизнесийн нүүр царай

Rudy's Music Stop-ийн ахмад ажилтнууд хөгжмийн салбарт хэдэн арван жилийн турш гарсан өөрчлөлт, хөгжмийн зэмсгүүдийн сонирхолтой түүхийн талаар бусадтай хуваалцдаг бөгөөд энэ нь ч үйлчлүүлэгчдийн хувьд тухайн дэлгүүрийг зорин очих шалтгаан болдог гэв.

Өөр нэг жишээ нь, Бруклин хотын төвд байрлах The Shadowbox театр жил бүр 27 мянган хүүхдэд үзүүлэх тоглолт үзүүлдэг бөгөөд тухайн тоглолтод зориулж янз бүрийн насны уран бүтээлчдийг зориуд ажилд авдаг гэнэ. Тухайлбал, театрт 20 жил ажилласан 50 гаруй насны хөгжимчин, 20-30 насны жүжигчид, 70 гаруй насны Африк бөмбөрчин гэх мэт. Театрын үүсгэн байгуулагч энэ талаар хэлэхдээ, урлагийн үе дамжин уламжлагдах шинж чанарыг үзэгчдэд харуулахын тулд ийнхүү нас насны уран бүтээлчдийг нэг дор цуглуулдаг хэмээн тайлбарлажээ.

Тэгэхээр ахмад ажилтнуудын мэдлэг, туршлагаас гадна үйлчлүүлэгчийн сэтгэлд дасал болсон халуун дулаан энерги нь тухайн бизнесийг тодорхойлох брэндийн нэг хэсэг болдог байх нь.

Хэрэв уншигч та аливаа байгууллагын залуу ажилтнуудын тоонд ордог бол ид насандаа ихийг хийж бүтээж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан ахмад ажилтнууддаа (албан тушаал үл харгалзан) хүндэтгэлтэй хандахыг уриалж байна. Мөн өөрсдийн чаддаг мэддэг бүхнээ харамгүй хуваалцаж, хамтран ажиллахыг хүсье.