Саяхныг хүртэл улс гүрнүүдийн хооронд л өрнөж байсан сансрын өрсөлдөөн өдгөө хувийн компаниуд, тэр ч бүү хэл тэрбумтан эрхмүүдийн хооронд ширүүсэж байна. Энэ бол сансрын уудам бидэнтэй улам бүр ойртож буйн бодит жишээ юм.
Тодруулбал, Элон Маскын SpaceX анх 2010 оны зургаадугаар сарын 4-ний өдөр “Falcon 9” пуужингаа хөөргөж байсан бол энэ сарын 17-ны өдөр “Falcon Heavy”-ийн нислэгтэй нийлээд 500 дахь хөөргөлтөө амжилттай үйлдлээ. Үүний зэрэгцээ салбарын гол тоглогч, Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын Blue Origin энэ сарын 13-ны өдөр “New Glenn” хэмээх зөөгч пуужингаа амжилттай хөөргөснөөр, эргэлт буцалтгүй дахин ашиглагдах пуужингийн салбарт хөл тавив.
Ингээд энэ нийтлэлээс тус бүрийн онцлог, давуу тал, ирээдүйд авчрах үр дүнгийн тухай болон Элон Маск, Жефф Безос нарын өрсөлдөөн сансраас өөр ямар салбарт өрнөж буйг дэлгэрүүлэн уншина уу.
Энэхүү нийтлэлийн гарчгийг монголчуудын хэлж заншсанаар “ховорхон аз завшаан тохиох” утга бүхий “Тэнгэрийн умдаг атгах” хэмээх хэлц үгээс санаа авсан болно.
Unread media

SPACEX-ИЙН “FALCON 9”
2002 онд Элон Маск SpaceX компанийг байгуулахдаа үндсэн нэг зорилготой байсан нь одоо ч хэвээр. Энэ бол хүн төрөлхтнийг дэлхийгээс өөр гараг дээр аж төрөх боломж бий болгох буюу гараг хоорондын (interplanet) соёл иргэншлийг цогцлоох юм. Үүнд хүрэхийн тулд өнгөрсөн хугацаанд Falcon 9, Falcon Heavy (Falcon 9-өөс гурав дахин хүнд ачаа зөөх чадвартай), Starship тэргүүтэй төслийг хэрэгжүүлсэн бөгөөд эдгээрээс Falcon пуужингуудын нийт амжилттай хөөрсөн тоо 500 хүрээд буй нь энэ.
“Falcon 9”-ийн хувьд сансрын тээврийн салбарт хувьсгал хийж, пуужинг дахин ашиглах боломжтой гэдгийг харуулсан том оврын зөөгч пуужин билээ. Өөрөөр хэлбэл, сансрын нислэгийн өртгийг үлэмж хэмжээгээр бууруулах, хөөргөлтийн давтамжийг нэмэгдүүлсэн нь уг пуужингийн хамгийн том гавьяа. Зориулалтын тухайд сансрын станц руу хүн болон ачаа тээвэрлэх ба жишээ нь л гэхэд сансрын тойрог замд Starlink интернэтийн хиймэл дагуулыг бүгдийг нь уг пуужингаар байршуулсан билээ. Доорх графикаас сүүлийн таван жилийн хөөргөлтийн тоо хэр хурдтай өссөнийг харж болно.

Сонирхуулахад, доорх графикаас сансрын тээврийн өртөг SpaceX-ийн ачаар хэрхэн буурсныг харж болно.

Тэгвэл 500 дахь нислэгээр юу тээвэрлэсэн бэ?
Эл түүхэн нислэгээр Европын Холбооны уур амьсгал, далайн түвшнийг хэмжих зорилготой Sentinel-6B хиймэл дагуулыг тээвэрлэн хөөрчээ. Уг хиймэл дагуул нь дэлхийн далайн түвшний өөрчлөлтийг миллиметрийн нарийвчлалтай хэмжиж, сүүлийн 40 орчим жилийн хэмжилтийг үргэлжлүүлэх чухал үүрэгтэй. Улмаар дэлхийн дулаарал, мөсөн бүрхүүлийн хайлалт, далайн температурын өөрчлөлт зэрэг уур амьсгалын эрсдэлтэй холбоотой гол үзүүлэлтийг бодит цаг хугацаанд мэдээлэх юм. Мөн усны түвшин, давлагаа, салхины хурдыг тодорхойлох төдийгүй энэ нь үер, далайн эргийн элэгдэл, усны гарцыг урьдчилан таамаглахад онцгой үүрэгтэй аж. Эл хиймэл дагуулыг багадаа таван жил ажиллана хэмээн тооцоолж буй.

Хэрэв уншигч та бүхэн Элон Маскын сансрын амбицын тухай дэлгэрүүлэн уншихыг хүсвэл манай уг нийтлэлийг сонирхоорой.
BLUE ORIGIN-ИЙН “NEW GLENN”
Жефф Безос Амазоныг байгуулснаас зургаан жилийн дараа буюу 2000 онд хувийн хөрөнгөөрөө Blue Origin компанийг эхлүүлж байв. Элонтой л ижил хүн төрөлхтөнд сансарт ажиллаж, амьдрах боломжийг олгох зорилготой тэрээр компанийн эхэн үеийг олон нийтээс ихээхэн нууцалж байсан гэдэг. Чимээгүйхэн урагшилсаар 2015 онд олны анхаарлыг татсан нэгэн төсөл танилцуулсан нь “New Shepard” сансрын аялал байлаа.
Та бидний мэдэж байгаачлан тус аяллын NS-31 дэх нислэгээр Жефф Безосын эхнэр Лорен Санчес, дуучин Кэти Перри, Айша Боув, Гейл Кинг, Аманда Нгуэн, Керианн Флинн гэсэн долоон хүний бүрэлдэхүүн дэлхийн гадаргаас 100 гаруй км-ийн өндөрт хөөрч, цэнхэр гаргаа сансраас тольдсон билээ.
Тухайн нислэгийн дараа манай редакц нийтлэл бэлтгэн хүргэж байсан билээ.
Сонирхуулахад, тус нислэгийн багийн гишүүн Айша Боув 2022 онд Монгол Улсад зочилсон ба манай редакц тэр үеэр “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагыг хийж байсан юм.
Тэгвэл Жефф Безосын дараагийн алхам юу байв?
Энэ бол албан ёсоор дахин ашиглагддаг пуужингийн өрсөлдөөнд хөл тавьсан явдал байлаа. Тодруулбал, “New Glenn” нэртэй, том оврын зөөгч пуужинд Ангарагийг судлах зорилготой NASA-ийн “ESCAPADE” автомат станцыг тээвэрлэн хөөргөсөн юм. Хамгийн гол нь сансрын тээврийн өндөр өртгийг бууруулахад чухал үүрэгтэй 1-р шатны хүчлүүр (first-stage booster) хэсгийг далайн хөвөгч тавцан дээр эргүүлэн буулгаж чадсан нь онцлох үйл явдал болов. Тус зөөгч пуужийнгийн тухайд SpaceX-ийн Falcon Heavy-тэй ижил хүнд жинтэй ачаа тээвэрлэх зориулалттай. Тухайлбал, нам орбит (Low Earth Orbit) руу Falcon Heavy 64 тонн хүртэлх ачаа тээвэрлэх даацтай бол New Glenn-ийн хувьд 45 тонн хүртэл ачаа тээвэрлэх боломжтой.
ЭНЭ ХОЁРООС ГАДНА?
Дахин ашиглагдах боломжтой пуужин үйлдвэрлэлээс БНХАУ хоцрохгүй нь мэдээж. Тус улсын сансрын стартап Space Epoch компани 2024 оны зун Yanxingzhe-1 нэртэй жижиг хэмжээний дахин ашиглагдах боломжтой пуужинг хөөргөж, 1-р шатны бүүстэрийг амжилттай буулгасан байдаг.
Мөн Шинэ Зеландын Rocket Lab компанийг дурдах хэрэгтэй. Тус компани нь Electron хэмээх жижиг хэмжээний пуужинтай бөгөөд илүү том оврын ачаа тээвэрлэх зориулалттай Neutron пуужинг 2026 онд хөөргөх төлөвлөгөөтэй байгаа аж. Мэдээж энэ пуужин SpaceX-ийн Falcon 9 тэргүүтэй бусад дахин ашиглагддаг пуужинтай өрсөлдөнө.

ТЭД ӨӨР ЯМАР САЛБАРТ ӨРСӨЛДӨЖ БАЙНА?
Энэ нийтлэлийн гол дүрүүдийг сонгох болсон өөр нэг шалтгаан нь Элон Маскын X дээрх пост байсан юм. Тэрээр Project Prometheus нэртэй хиймэл оюуны компанийн хамтарсан гүйцэтгэх захирлаар Жефф Безос ажиллах тухай мэдээллийг Copy ???? гэх тайлбартайгаар repost хийжээ.

Ингэснээр дахин ашиглагдах пуужингийн өрсөлдөөнөөс гадна Элоны xAI хиймэл оюуны компанитай нь хүч үзэх өрсөлдөгч гарч ирж буй. Тус компанийн хувьд хэдийн 6.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт аваад байгаа ба (тодорхой хэмжээг Жефф Безос өөрөөсөө гаргасан гэх мэдээлэл бий) 100 орчим ажилтантай болоод амжжээ. Тэдний дунд Google, Meta, OpenAI зэрэг технологийн аваргуудаас ирсэн туршлагатай мэргэжилтнүүд олон байгаа нь Project Prometheus-ийн амбиц хэр том болохыг харуулж байгаа биз ээ.
Мөн Амазон компани Zoox нэртэй өөрөө жолоодлоготой цахилгаан автомашины стартапыг 2020 онд худалдан авч байв. Zoox-ийн хувьд Tesla-гийн Autopilot болон Full Self-Driving технологитой шууд өрсөлдөх хэмжээний амбицтай бөгөөд роботаксины зах зээлд өрсөлдөж буй.

ДҮГНЭН ХЭЛЭХЭД…
Элон Маск, Жефф Безос нарын эхлүүлсэн энэ өрсөлдөөн бол сансрын салбарт шинэ эрин эхэлснийг гэрчилж байна. Falcon 9-ийн амжилт сансрын нислэгийн өртөг буурах боломжийг улам нэмэгдүүлж, New Glenn-ийн анхны буулт дахин ашиглагдах пуужингийн өрсөлдөөнийг илүү эрчимжүүлсээр. Үүний зэрэгцээ Хятад, Шинэ Зеланд зэрэг шинэ тоглогч сансрын зах зээлд хүч түрэн орж ирж буй нь энэ салбар улам л өргөн хүрээтэй болж байгааг илэрхийлнэ.
Хэдхэн арван жилийн өмнө мөрөөдөл төдий байсан сансрын тээвэр, сансрын аялал өдгөө ээлж дараалан амжилттай болж байгаа нь хүн төрөлхтөн биднийг ямар гайхалтай ирээдүй хүлээж байгааг тодхон харуулах мэт. Хамгийн гол нь сансрын умдгийг түрүүлж атгах нэгэн хэн байх бол? Шинэхэн мэдээлэл гарсан даруйд шинэ нийтлэлээрээ эргэн уулзъя.

Сэтгэгдэл бичих (2)


w wtf 4 өдрийн өмнө 103.229.121.88
Elon Musk sexually assaulted 8 women, and you thought putting his pic and putting that title was a good idea? Didn't realize UNREAD was pro-sexual assault
З Зочин 4 өдрийн өмнө 103.229.121.88
Өөр үгээр нэрдэх гэсэн хэцүүдээд заавал эмэгтэй хүн хүчирхийлж байгаа нь гоё санагдаад байгаа юм уу?