Бенжамин Франклин, Альберт Эйнштейн, Стив Жобс, Леонардо Да Винчи зэрэг түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхмүүдийн намтрыг бичсэн Уолтер Исааксоны ээлжит бүтээл энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийв. Хүн төрөлхтний түүхэнд тод мөр үлдээсэн болон үлдээж буй эрхмүүдийн талаар бичдэг түүнийг ээлжит бай нь Элон Маск байлаа. Тус номыг бүтээхийн тулд тэрээр Элон Масктай хоёр жилийн хугацаанд хамт байж, компаниудаар нь зочлон хурлуудад нь сууж, түүний ойр дотнын хүмүүстэй олон тооны ярилцлага хийсэн гэнэ.


Элон Маск бас сансар

Энэхүү ном Элон Маскийн ээдрээтэй хүүхэд нас, гэр бүлийн хүндрэл, бэрхшээлийн талаар эхлэх ч хэдхэн бүлгийн дараагаас түүний амбиц, алсын харааны тухай өгүүлнэ. Тэрээр хүндхэн жилүүдийг туулсаар өсвөр насанд хүрэх үедээ “Амьдралын утга учир юу юм бэ?” гэх асуулттай нүүр тулжээ. Угаас унших дуртай байсан учир хүн бүрийн амьдралд дор хаяж нэг удаа тулгардаг уг асуултын хариултуудыг номоос хайж эхлэв. Харамсалтай нь философийн номууд түүнд тус болсонгүй. Харин ч бүр дордуулсан тул хожим нь тэрээр тэдгээр номыг өсвөр насандаа бүү уншаарай хэмээн хошигнон ярьж байлаа. Гэхдээ нэгэн ном түүнд хариулт өгөв.

18 настай Элон Маск

Энэ ном бол 1979 онд хэвлэгдэж байсан The Hitchhiker's Guide to the Galaxy юм. Уг номд Дэлхийн сүүлчийн иргэн болох Артур Дентийн хорвоо ертөнцөөр аялж, олон төрлийн адал явдлыг туулж байгаа тухай гардаг. Гэхдээ уг номоос Элон Маск “Амьдралын утга учир юу юм бэ?” гэх асуулт нь өөрөө зөв, оновчтой асуулт биш болохыг ойлгосон гэнэ. Тэр ч байтугай хүн төрөлхтөн одоогоор тэрхүү зөв асуултыг ч мэдэхгүй. Тиймээс л хорвоотой илүү сайн танилцаж, мэдлэгээ тэлэн зөв асуултыг олох учиртай. Нөгөөтэйгүүр, хариулт нь “ертөнц” байх асуултыг олох нь бидний гэрийн даалгавар гэж ойлгож болно.

Ийнхүү хүн төрөлхтний мэдлэг, оюун санааны царыг тэлэх хүсэл нь түүний гэр бүлд уламжлагдсан ирсэн нисэх хүсэлтэй нь нэгдсэнээр сансартай холбогдож, тэрхүү сонирхол нь явсаар өдгөө бидний мэдэх SpaceX-ийн эхлэл болжээ.

SpaceX

Тэрээр хүн төрөлхтнийг сансарт гарч, хорвоо ертөнцийн нууцуудыг тайлж, олон гараг дамнан оршин суудаг болгох том мөрөөдөлд хүрэхийн тулд хамгийн түрүүнд Ангараг гарагт хүрэх ёстой хэмээн үзжээ. Ингээд энэ төрлийн хурал, зөвлөгөөнд тогтмол оролцож, сансарын аяллын салбарт оруулах хөрөнгө оруулалт болон олон нийтийн сонирхлыг нэмэгдүүлэхийг хичээх болов. Удалгүй NASA буюу Америкийн сансар судлалын хүрээлэнгийн вебээр орж үзтэл энэ талаар ямар ч төлөвлөгөө байгаагүй гэнэ. Товчхондоо, олон нийт ч тэр, засгийн газар ч тэр Ангараг гараг руу очих ямар ч хүсэлгүй бөгөөд бэлтгэлгүй байв. Zip2, PayPal гэсэн хоёр томоохон интернэт бизнесийг амжилттай босгосон байсан тэрээр бууж өгөхийг хүссэнгүй. Аугаа хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэхийн тулд юун түрүүнд жижиг хэмжээтэй сансрын төхөөрөмж хөөргөх ёстой гэж үзэв.

SpaceX-ийг эхлүүлж байх үеийн Элон Маск

Удалгүй тэрээр ОХУ руу очиж Ангараг гараг руу сансрын төхөөрөмж хөөргөхөд шаардлагатай хөөргөгч пуужин авахыг хүссэн ч тохиролцоонд хүрч чадалгүй буцсан гэдэг. Ийнхүү бүхнийг өөрөө хийхээр зориглож, PayPal-ийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд сансарын технологийг уйгагүй судалж эхэлснээр 2002 онд SpaceX-ийг үүсгэн байгуулав. Худалдаж авах бус өөрөө пуужин бүтээнэ гэдгийг нь сонсоод эргэн тойрны найзууд нь болиулахыг ятгаж, дэлбэрч байгаа пуужингуудын бичлэгийг хүртэл үзүүлсэн ч нэмэр болоогүй юм.

Falcon 1

Тэрээр PayPal компанийн хувьцаагаа зарснаар 90 орчим сая ам.долларыг шинэхэн байгуулсан SpaceX-дээ хөрөнгө оруулав. Хэдийгээр хэтийн зорилго нь Ангараг гараг дээр хүн төрөлхтний колони байгуулах хэдий ч үүнд хүрэхийн тул жижиг зүйлээс эхлэх ёстойгоо сайн мэдэж байлаа. Ингээд зөвхөн томоохон улс орнуудын засгийн газрын хийж чаддаг нүсэр ажлыг хийх зорилго дор нэгдсэн мэргэжилтнүүд Дэлхийн тойрог замд хүрэх пуужин бүтээх ажилдаа орлоо. Анхны пуужин болох Falcon 1-ийг 2003 онд багтаан хөөргөх төлөвлөгөөтэй байсан ч олон саад бэрхшээл тулгарсаар 2005 онд Falcon 1-ийг хөөргөх боломжтой болов.


Falcon 1 пуужин

Гэхдээ бүх зүйл амархан байсангүй. Тус пуужинг хөөргөх эхний гурван оролдлого бүтэлгүйтэж, хэдэн сая ам.доллар салхинд хийслээ.

Falcon 1-ийн эхний бүтэлгүйтлийн дараа

Ийнхүү SpaceX дампуурахын ирмэгт Falcon 1-ийн дөрөв дэх удаагийн хөөргөлтөө амжилттай хийж, Дэлхийн тойрог замд хүрсэн хамгийн анхны хувийн компани болсноор санхүүгийн хувьд ч тогтвортой байх боломж бүрдсэн юм. Хэрэв тус оролдлого бүтэлгүйтсэн бол SpaceX дампуурлаа зарлах байсан тухай Элон Маск олон жилийн дараа ярьсан байдаг.

Falcon 9

Ийнхүү тэд олон хүний таамгийг эвдсэн, боломжгүй мөрөөдөлдөө нэг алхам ойртож, үйл ажиллагаагаа үргэжлүүлэх хөрөнгө оруулалт болон захиалгуудыг авлаа. Анхны пуужин болох Falcon 1 2009 онд тэтгэвэртээ гарснаар тэдний дараагийн хөлөг болох Dragon 1-ийн “алба” эхлэв. Энэхүү пуужин ч ажлаа амжилттай гүйцэтгэж, 2012 онд SpaceX Олон улсын сансрын төвд (ISS) ачаа хүргэсэн анхны хувийн компани болов. Удалгүй тэд алдарт Falcon 9 пуужингаа хөгжүүлж, өнөөдрийг хүртэл 266 удаа сансарт хөөргөснөөс 264 нь амжилттай болж, сансарын тээвэрт үнэнхүү хувьсгал авчирсан билээ.

2020 онд тэд Falcon 9 пуужингаа ашиглан хоёр сансрын нисгэгчтэй Crew Dragon хөлгийг Олон улсын сансрын төвд амжилттай хүргэснээр АНУ-ын сансрын технологийн түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. Энэ үеийн түүхийг өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Return to Space” буюу “Сансар руу буцсан” нь Netflix-ийн баримтат киноноос үзээрэй.

SpaceX ба Монгол

Цаг хугацааг бага зэрэг ухраавал, моод Монголоор дуусдаггүйн баталгаа болсон нэгэн үйл явдал 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр тохиосон юм. Falcon 9 зөөгч пуужин 14 удаа дарааллан амжилттай хөөрч, буугаад байв. 15 дахь удаагийн нислэгийн зөөвөрлөх ачаа нь БНСУ-ын Koreasat 5A нэртэй хиймэл дагуул байлаа. Тус хиймэл дагуулын долоон чиглэсэн цацрагийн нэгийг нь Монгол Улсаас ДДЭШ компани захиалсан бөгөөд тус хиймэл дагуул задгай сансарт амжилттай гарснаар манай улс анх удаа газар нутаг руугаа чиглэсэн цацрагтай болсон түүхтэй.

Koreasat 5A хиймэл дагуул

Үүний ачаар ДДЭШ-ийн хэрэглэгчид илүү жижиг тавган антеннаар илүү олон сувгийг илүү өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой болсон юм. Малчны хойморт HBO тэргүүтэй дэлхийн шилдэг сувгууд гарч, хүссэн контентоо ухрааж үзэх боломжууд ингэж л бүрдсэн хэрэг. ДДЭШ-ийн хамт олон энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд тэдний оролцсон “10 ертөнц 10 өнцөг” нийтлэлийг уншиж энэхүү компанид ажиллаж буй залуустай танилцаарай.

Хиймэл дагуулаар хоймор гэрэлтүүлэгч хамт олон

unread

Starship

SpaceX-ийн эцсийн зорилго бол мэдээж Ангараг. Тэр дундаа Ангараг гараг дээр хүн төрөлхтний колонийг байгуулах юм. Өдгөө тэдний ашиг орлогыг бүрдүүлж буй сансарын тээвэр нь энэхүү том төлөвлөгөөнд хүрэх нэгэн шат гэж хэлж болно. Элон Маскийн хувьд асар өндөр зорилго тавиад түүндээ шат дараатай хүрдгээрээ алдартай.

2006 онд тэрээр Tesla компанийхаа тухай “Эхлээд спорт машин бүтээнэ. Түүнийгээ зарж олсон мөнгөөр хямдхан цахилгаан автомашин бүтээнэ. Тэр цахилгаан автомашинаасаа олсон орлогоороо бүр ч хямдхан цахилгаан автомашин бүтээнэ” гэж бичиж байв. Энэ зорилго нь ч биеллээ олж анхны Tesla 100,000 орчим ам.долларын үнэтэй байсан бол одоогоор хамгийн хямд загварын Tesla 40,000 орчим ам.доллароор борлуулагдаж байна. Тэгвэл өдгөө сансрын тээврийг эзэгнэж буй Falcon 9-ийн дараагийн хөзөр юу вэ?

Starship хөлөг

Тэр бол Дэлхийн иргэдийг алс холын Ангараг гарагт хүргэх, хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчирхэг Starship хөлөг юм. Ойролцоогоор 30 давхар байшинтай дүйцэх 120 метр өндөртэй, 5 тонн жинтэй, гараг хооронд аялах чадамжтай уг хөлөг нийт 100 хүний багтаамжтай бөгөөд Саран дээр суурин байгуулах, цаашлаад Ангараг гарагт Дэлхийн иргэдийг хүргэх зорилготой.

Starship хөлгийг хөөргөх анхны оролдлого санаа нь гарснаас долоон жилийн дараа буюу энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд тохиосон ч хөөрснөөс хойш дөрвөн минутын дотор тодорхой шалтгаануудын улмаас дэлбэрсэн билээ. Одоогоор дараагийн хөөргөх тов гараагүй байгаа ч SpaceX-ийн түүхээс харвал тэдний хувьд алдаа гэдэг бүхний төгсгөл бус амжилтад хүрэх нэгэн шат байсаар иржээ. Тэд 2029 он гэхэд уг хөлгөө ашиглан Ангараг гарагт хүрнэ хэмээн төлөвлөөд буй.

Холын мөрөөдөл

Өнгөрсөн зуунд суут яруу найрагч Д.Нацагдорж “Од” нэртэй шүлэгтээ ийн бичсэн байдаг.

“Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээ хүсэв.
Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?”

Д.Нацагдорж найрагч энэхүү шүлгээ бичиж байх үед бид Ангараг гараг дээр уулс, ус, цэцэг мод байхгүй гэдгийг ч мэддэггүй байлаа. Харин өнөөдөр тус гарагийн газар нутгийг тэр чигт нь судалж таниад байна. Ингээд бодвол Ангараг дээр хөл тавих, цаашлаад суурьших нь цаг хугацааны л хэрэг биз. Энэхүү “сансрын” бөгөөд сүрлэг мөрөөдөл бий болоход Элон Маскийн SpaceX том нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Харин бид хүлээх л үлдлээ. Дараагийн нийтлэлийг Ангараг гараг дээрээс ч бичиж магадгүй шүү.