Санхүүгийн зохицуулах хороо, Unread Media-тай хамтран санхүү, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдэд зориулан анх удаа "Санхүүгийн инновац" текспринт уралдааныг өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Санхүүгийн салбар дахь инновацыг дэмжих, олон нийтэд технологид суурилсан санхүүгийн зах зээл болон сэндбокс зохицуулалтын үйл ажиллагааг таниулах зорилготой уг текспринтийн сүүлийн шатанд нийт есөн баг оролцож, хөгжүүлсэн шийдлээ танилцуулсныг уншигчдадаа эмхэтгэн хүргэж байна.

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ

"Санхүүгийн инновац" текспринтийн тухай
Санхүүгийн зах зээлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цахим технологид суурилсан ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд технологийн дэвшлийг ухаалгаар ашиглах шинэ санаа, инновац шийдлийг тодруулахыг зорьсон тус текспринт нь:
Арваннэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сар гаруйн хугацаанд
1. Бүртгэлийн шат
2. Санаа илгээх шат
3. Цахим менторинг шат
4. 72 цагийн хөгжүүлэлт
5. Илтгэлийн шат
гэсэн дарааллаар амжилттай зохиогдсон юм. Текспринтэд нийт 22 баг, 15 хувь хүн бүртгүүлснээс сүүлийн шатанд есөн багийн 34 оролцогч оролцов. Багууд долоон өдрийн хугацаанд боловсруулан хөгжүүлсэн шийдлээ арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны Хүндэтгэлийн танхимд тэмцээний шүүгчид, ивээн тэтгэгчдийн өмнө танилцуулж, шилдгүүдээ тодруулснаар анх удаагийн "Санхүүгийн инновац" текспринт албан ёсоор өндөрлөлөө.
Шүүгчдийн бүрэлдэхүүн


Менторын бүрэлдэхүүн

72 цагийн хөгжүүлэлт
Текспринтийн 72 цагийн хөгжүүлэлтийн шат Moffice хамтын оффист гурван өдрийн турш үргэлжилж, багууд байрлан ажилласан юм. Энэ үеэр мөн тэмцээний зочин менторууд Moffice хамтын оффист хүрэлцэн ирж, баг бүрд биечлэн менторлож шийдлээ хөгжүүлэхэд нь мэргэжлийн талаас зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан нь онцлог байлаа.


Нэгдүгээр байр: Stood баг
Шийдэл: Дундын хуримтлалын данс
Монгол Улсын хэмжээнд зээлийн үйлчилгээ явуулагч 479 ББСБ байдаг бол үүнээс итгэлцэл буюу хадлагамжийн үйлчилгээ үзүүлдэг 82 ББСБ л байдаг аж. Шууд утгаараа бол манай улсын иргэдийн 64 хувь нь зээлтэй боловч 22 хувь нь л хадгаламжтай хэмээн үзэж болох юм хэмээн Stood багийнхан илтгэлээ эхлүүлсэн нь сонирхол татаж байлаа. Иймд улсын эдийн засаг болон хувь хүний санхүүгийн эрүүл мэндийг дэмжих хамгийн үр дүнтэй арга нь хуримтлалын сэтгэл зүйг нийтээр суулгах, сурагч ахуй үеэс энэ төрлийн боловсрол олгож, хуримтлалтай болохыг дэмжих, уриалах явдал гэж тус багийнхан үзжээ.
Иймээс тэд хуримтлалыг илүү сонирхолтой, хялбар бас тууштай бий болгох сахилга баттай хандлагыг төлөвшүүлэхийн тулд "Дундын хуримтлалын апп-RPG"-г танилцуулав. Энэхүү апп нь залууст тоглоомын аргаар хуримтлалын бүтээгдэхүүнийг ашиглах, нэгнээ уриалах, өрсөлдөх боломжийг олгох юм. Ингэхдээ хэрэглэгч өөрийн апп доторх дүрийг хөгжүүлж явах ба богино хугацааны, олон зорилготой хуримтлал үүсгэж, хамт олон, гэр бүл, найз нөхөдтэйгээ хамтарснаар илүү өгөөжтэй болох учиртай. Хэрэглэгч бүртгүүлэх, хуримтлалдаа мөнгө нэмэх, өдөр бүрийн уралдаанд нэгдсэнээр урамшууллын оноо авах ба үүгээрээ өөрийн дүрээ хөгжүүлэх эсвэл хадлгаламжийн хүүгээ өсгөх боломжтой аж.

хоёрдугаар байр: visionaries баг
Шийдлийн нэр: Цахим луйвар илрүүлэгч туслах
Visionaries багийнхан машин сургалт, хиймэл оюун ухаан дээр суурилсан Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк, арилжааны банкууд, сошиал платформуудын өгөгдөл, мөн дэлхий нийтэд нээлттэй луйврын өгөгдлийн сан зэрэг мэдээллүүд дээр суурилсан луйврын магадлалыг тогтоох платформ, луйвар илрүүлэгч туслахыг бүтээв. Платформын ажиллах зарчмыг жишээ болговол хэрэглэгч сэжигтэй гэж үзсэн мэдээлэл буюу текст, зурвас, зураг, холбоос зэрэг өгөгдлийг вэб платформд оруулж, тухайн мэдээллийг өгөгдлийн санд байгаа эсэхийг мэдэхээс гадна эрсдэлтэй этгээдүүдийн мэдээлэл, олон давтагддаг луйврын онцлогуудтай таарч байгааг шалгаж болох юм.
Жишээ болговол, хэрэглэгч “one coin”-ын талаар мэдээлэл явуулахад чатбот дараах хариуг илгээнэ.
“Сайн байна уу? One coin нь дэлхий даяар луйвар гэдэг нь батлагдсан луйврын крипто схем юм. Энэхүү мэдээлэл нь 100 хувь луйвар байх магадлалтай. Энэхүү хаягийг report хийх үү?” Түгээмэл луйврын нэг болох хуурамч хаягаас ирсэн мэдээллийг тус алгоритм нь адил хаяг байгаа эсэх, хэзээ нээгдсэн, и-мэйл хаяг нь баталгаатай эсэх, хэдэн найзтай зэрэг фэйсбүүк дээрх мэдээллүүдийг шинжлэн луйвар байж болох магадлалыг гаргана. Түүнчлэн, хиймэл оюун ухаан бүхий луйвар тогтоогч нь нэмэлтээр хэрэглэгч аль хэдийн луйварт өртсөн тохиолдолд хэрэгтэй мэдээллийг, мөн авах ёстой алхмуудыг зааж өгөх, түүнчлэн залилангийн хаягуудыг report хийх, сэжигтэй дансыг арилжааны банкуудад мэдээллэх зэрэг функцуудыг автоматаар хийх юм.

гуравдугаар байр: AI Rookies баг
Шийдлийн нэр: Promo апп
Тэд уг текспринтэд мэдээ мэдээллийг хүртээмжтэй түгээх боломж бүхий Promo апп-ыг танилцууллаа. Санхүүгийн салбарт ажиллаж буй бүхий л төрлийн байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхэд хүндрэлтэй, зохион байгуулалтгүй хэвээр байсаар байгаа нь AI Rookies багийнханд уг асуудлыг интерактив байдлаар шийдэх санааг өгчээ. Энэхүү аппыг ашиглан хэрэглэгчид асуултуудад хариулах, эсвэл худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ зургийг явуулан урамшуулалд оролцох, оноо цуглуулах боломжтой байх ба нийт цугларсан мэдээллийг зохион байгуулсан албан байгууллагуудад хүргэх боломжийг олгох аж.

Vision баг
Төслийн нэр: AI-д суурилсан ухаалаг санхүүгийн туслах
Тус багийн танилцуулж буй апп дараах онцлогуудыг агуулах юм:
1. Харилцагчийн гүйлгээ ангилах үйлдэл дээр суралцан автоматаар гүйлгээ ангилах
2. Хувийн санхүүгийн хянах самбар (Орлого/Зарлага)
3. Санхүүгийн зөвлөгөө
4. Санхүүгийн эрүүл мэнд, зан төлвийн оноо
5. Санхүүгийн төлөвлөгөө (Зорилго/Хянах)
N-Max баг
Төслийн нэр: FINSCOPE
Санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээг бодит цагийн горимоор цуглуулах, цуглуулсан өгөгдөлд тоон шинжилгээг автоматаар хийх технологийн шийдэл болох "Finscope" нь тайлангийн нэгдсэн системийн демо хувилбар юм.
Centro баг
Шийдлийн хүрээ: E-KYC ба Цахим залилан
Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбар болон харилцагчийн тоо олон тул Centro баг тэдгээрт бүрэн хүрч ажиллах боломжийг нэмэгдүүлэх үүднээс E-KYC зайнаас хяналтын систем болох хиймэл оюунд суурилсан AML monitoring /Regtech/ болон санхүүгийн залилангаас сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээх SCAR ботыг танилцуулсан юм.
TEAM KB баг
Төслийн нэр: DEM P2P платформ
Team KB багийн зүгээс санхүүгийн байгууллагуудын тэр бүр хүрч үйлчлэх боломжгүй байдаг иргэд болон аж ахуй нэгжүүдэд үзүүлэх батлан даалтын үйлчилгээг хөгжүүлжээ. Тэд уг шийдлээ зээлийн дахин санхүүжилтийг шийдвэрлэх тусгайлсан онооны систем, машин сургалтын технологийн боломж бүхий P2P үйлчилгээний дараагийн үе гэж тодорхойлоод буй.
Ctrl-Z баг
Төслийн нэр: BioAccess царай таних технологи
Тэд хиймэл оюуны ухааны тусламжтайгаар хэрэглэгчийн биометрик мэдээллийг хурдтай танин бүртгэл хийх системийг хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл харилцагчид өөрийн хүссэн санхүүгийн байгууллагад бүртгүүлэхдээ зөвхөн царайгаа таниулахад хангалттай бөгөөд тэдний хөгжүүлсэн систем биометрик өгөгдлийг улсын бүртгэлийн дата сангийн мэдээлэлтэй харьцуулан илрүүлж, автоматаар баталгаажуулах юм. Үүний үр дүнд харилцагчийн цаг хугацаа болон байгууллагын үйл явцыг хөнгөвчлөнө. АНУ-д 2015 оноос хойш царай таних системийг банк, санхүүгийн салбар ашиглаж эхэлсэн бөгөөд царай таних технологийн зах зээл 2030 он хүртэл 15 хувиар өсөх хүлээлттэй байгаа гэнэ.
Micro баг
Төслийн нэр: Өгөгдлийн нэгдсэн систем
Тэд одоогийн санхүүгийн зах зээлийн анхаарах чухал зүйлсийн нэг нь өгөгдөл, мэдээллийн олон талт байдал болон өгөгдлийн зөөвөрлөлт гэж дүгнэжээ. Иймд машин сургалт ашиглан уг үйлдлийг сайжруулах шийдэл боловсруулсан юм.

Талархал:
"Санхүүгийн инновац-2023" текспринтийг сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ туршиж буй компаниуд болох "Мобифинанс ББСБ" ХХК, "Мони маркет фанд" ХХК, "Монре даатгал" ХХК, "Зээл эм эн платформ ББСБ" ХХК, "Финберри" ХХК-иудын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Дараагийн Текспринтээр уулзацгаая.

Сэтгэгдэл бичих

