Сар шинийн өдрүүдэд зохистой хооллолтын тухайд дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Баярын ширээн дээрх бууз, салад, мах, төрөл бүрийн амттан шимттэнийг хэрхэн зохицуулан хэрэглэх тухайд "хөдөөний айл"-ын гэргий, олон улсын шим судлаач С.Буянтогтохын зөвлөгөөг хүргэе. 

Нэг төрлийн хоолоор дагнах нь

Цагаан сарын баярын өдрүүдээр түргэн тусламжийн 103 утсанд хоолны хордлогын дуудлага 30-50 хувь нэмэгддэг гэдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд олон янзын хүнс хольж идсэнээр ходоод шингээж чадахгүй хямардаг байна. Чихэр бол хүүхдийн хоол боловсруулах системийг хамгийн их ачааллуулдаг уршигтай хүнс.

Тиймээс баярын өдрүүдэд хүүхэд, том хүн алин ч бай нэг төрлийн хоол хүнс, идээ ундаа хэрэглэх нь чухал. Жишээ нь айлд ороод давстай, сүүтэй цай уусан бол хүйтэн ундаа, чихэрлэг зүйлс идэх хэрэггүй. Тэдгээр нь махан хоолны шингэцийг удаашруулдаг. Адуу, хонины мах халуун чанартай, илчлэг ихтэй тул хүйтэн чанарын хүнстэй хольж идэж болохгүй. Хүйтэн ундаа ууснаар өмнөх идсэн хоол царцаж, гэдэс гэнэт базлах, гүйлгэх шинж илэрдэг.

идэх дарааллыг баримтлах нь

Дундаж эрэгтэй хүн өдөрт 2400 ккал эмэгтэй хүн 2100 ккал илчлэгтэй хоол хүнс идэх хэрэгтэй байдаг бол баярын өдрүүдээр +4000ккал аас дээш иддэг гэсэн судалгаа бий. Манай гэр бүл шинийн нэгний өдөр 3-4 айлаар зочилдог. Айлд ороод хамгийн түрүүнд сүүтэй цай ууна. Ходоодонд халуун шингэн зүйлс орсноор удахгүй хоол иднэ гэдгийг мэдээлж буй юм. Түүний дараа бууз, хачир салад идэж айлаас гарах хүртлээ өөр шингэн зүйл уудаггүй. Учир нь хоол идэх үед ходоодноос хүчил ялгаран шингээхэд бэлддэг. Харин шингэн зүйл ууснаар өнөөх хүчил сарнин хоол шингэх үйл явц удааширч гэдэс дүүрэх, цанхайх гэх мэт таагүй мэдрэмж төрж, дотор гэдэс хямрах эрсдэлтэй.

Амаар орсон хоол бүрэн шингэж, биедээ шим болон тархах хүртлээ тодорхой хугацаа зарцуулдаг. Дунджаар насанд хүрсэн хүн махан хоолыг шингээхэд дор хаяж 4-5 цагийн хугацаа зарцуулдаг. Энэ хугацаанд өөр зүйл идэхгүй байх нь эрүүл мэнддээ оруулж буй том хувь нэмэр юм. Ногоо жимс, жимсгэнэ зэрэг ислэгтэй хүнсийг махнаас урьдаар идсэнээр ходоод тодорхой хэмжээнд дүүрч, бага ачаалал үүснэ. Түүнчлэн аливаа хоолыг тааруулан хүртэх нь чухал тул хүн нэг удаадаа хэр хэмжээний хоол идвэл зохилтойг доорх зурагт харуулав.


Шим тэжээл 

Хүн өдөр тутмын хүнснээсээ уураг, нүүрс ус, өөх тосны шим тэжээл болон ашигтай бактерийг авах хэрэгтэй. Ашигтай бактери нь бие махбодод ямар витамин хаана дутагдаж байна вэ, хоол хэрхэн шингэх вэ, дархлааны эсийг ямар түвшинд байлгах вэ зэргийг хариуцдаг. Манай гэр бүл өвөлдөө ингэний хоормог, бусад улиралд тараг уудаг. Хоормог нь айргаас илүү өтгөн тослогтой, таргаас илүү шингэн бөгөөд биед хэрэгтэй уураг, амин хүчлийг цогцоор нь агуулдаг. Тиймээс уламжлалт, ашигт бактериар баялаг хүнс хэрэглэж дадсанаар биеийн бохирдлыг гадагшлуулж, дархлаа дэмжих сайн талтай.

Та бүхэн сар шинэдээ уламжлалт идээ ундаагаа тааваараа хүртэн сайхан шинэлээрэй~