Улаанбаатарыг зорин ирсэн жуулчин бүр төв талбайгаар зочилж, Чингис хааны музейд саатаж, Галлерей дахь ГОВЬ-ийн нэрийн дэлгүүрээс гоёмсог ноолууран бүтээгдэхүүн худалдан авдаг нь нэг ёсны уламжлал болсныг уншигч та ч гэсэн анзаарсан байх.    

Өдгөө 42 жилийн түүхтэй ГОВЬ нь ноолуурыг түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг, монголын цор ганц цогц, дэлхийн цөөхөн үйлдвэрийн нэг. Тэдний зүгээс GOBI Experience буюу үйлдвэртэй танилцах аяллыг жуулчид, олон нийтэд санал болгосоор ирсэн бөгөөд уг аяллаар монгол ноолуурын чанарыг нүдээр үзэж, түүхий эдийг боловсруулан загварлаг бүтээгдэхүүн болгон урлаж буйтай танилцах боломжтой аж.       

Оёдол, сүлжмэлийн эргэлдэгч машины сүртэй дуу хадах энэ үйлдвэрт 1700 гаруй ажилчид жилдээ 2.3 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улсынхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй тэдний ажил, арга барил, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан аяллаа хүргэе. 

40 жилийн түүх

Тэртээ 1981 онд Япон, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнд ГОВЬ компанийг үүсгэн байгуулж, дэлхийд анхлан ноолуурын үйлдвэрлэлийг эхлүүлсэн түүхтэй. Товчхондоо бид одоогоос 40 гаруй жилийн тэртээгээс л монгол ямааны нарийн ширхэгтэй утсаар нэхсэн нимгэн ноолуураар гангарч байв. ГОВЬ ХК нь ISO 9000 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж, олон улсын чанарын гэрчилгээг бататгасан Монголын анхны үйлдвэр болсноор тэдний баялаг түүх, бахдам амжилт эхэлжээ.

Монголын уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан ямааны ноолуурыг боловсруулж, хоёр талаараа өмсдөг ноолууран пальто, анхны нимгэн даавуун эрэгтэй хослол, анхны ноолууран гутал зэрэг инновац шингэсэн шинэлэг бүтээгдэхүүнийг дэлхий дахинаа хүргэж буй тэд улам ч алсад тэмүүлсээр.


Gobicashmere.com

Аюултай санагдвал ажлаа зогсоо  

Үйлдвэртэй бүрэн танилцахад нэг цаг гаруй болно хэмээн Үйлдвэр удирдлага хариуцсан захирал Э.Золзаяа биднийг угтаж аялал эхлэв. Энд ХАБ-ийн дэглэм онцгой чухал. Тиймдээ ч үйлдвэр рүү орохоос өмнө аюулгүй ажиллагааны зөвлөгөөг сайтар сануулж, эрүүл ахуйн журам баримтлахыг анхаарууллаа. “Аюултай санагдвал ажлаа зогсоо” гэх үгийг нүдэнд тусахуйц олон газар байршуулсан байгаа нь 1700 гаруй ажилчдыг болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлж, хянамгай болгоомжтой байхыг цаг ямагт сануулна.

Үндсэн таван үйлдвэр байх бөгөөд анхан шатны үйлдвэрт ноолуурын түүхий эдийг цэвэрлэж, хагас боловсруулаад ээрмэлийн үйлдвэрт шилжүүлнэ. Энэхүү үйлдвэр нь хагас боловсруулсан ноолуурыг ээрч, бүдүүн, нарийн утас болгон гаргах үүрэгтэй. Дараа нь утсыг сүлжмэл болон нэхмэлийн үйлдвэрт шилжүүлснээр даавуу, драф зэрэг материалыг бэлтгэнэ. Бэлэн болсон даавуугаар оёмлын үйлдвэрт бүх төрлийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно. Гоёмсог ноолууран бүтээгдэхүүнүүд төрөл, хэлбэрээсээ хамааран 70-130 гаруй шат дамжлага дамжин байж хэрэглэгч бидний гарт ирдэг байна.



Энэ дундаас малчдаас ирсэн ноолуурыг өнгөний дагуу гараараа ангилан ялгаж байгаа нь сонирхол татав. Монгол ноолуур цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор дөрвөн өнгөтэй. Одоогоор ангилан ялгах технологийн шийдэл хараахан гараагүй тул ийнхүү нүдний хараа, гарын торгон мэдрэмжээрээ ангилдаг байна.

Сүлжмэлийн үйлдвэрт Германы Indupress, оёх дамжлага дээр Италийн Complett K&S шидээсний машин, Японы SHIMA SEIKI MACH2XS-ийн оёдолгүй сүлжих машин зэрэг утсыг эдлэл болгох орчин үеийн технологиуд хоршин ажиллаж буй боловч хамгийн чухал нь ГОВЬ компаниар овоглосон ажилчид шүү дээ хэмээн Үйлдвэр удирдлага хариуцсан захирал Э.Золзаяа онцолсон юм.

Хамгийн сайн түүхий эд, хамгийн сайн бүтээгдэхүүн  

Монгол ямааны ноолуур ямар ч химийн будаг, хольцгүйн дээр маш нарийн ширхэгтэй. Хүний үс ойролцоогоор 50-100 микрон диаметртэй байдаг бол монгол ямааны ноолуурын диаметр түүнээс ч нарийн буюу 13-16 микрон байдаг гэнэ.

Бид дэлхийн түүхий эдийн ноолуурын зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг боловч ердөө 10 орчим хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгон борлуулдаг. ГОВЬ нь монгол ноолуураар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн урлаж, дэлхийн зах зээлд гаргах зорилгодоо сүүлийн таван жил төвлөрөн ажиллаж байгаа тухай Тэргүүн дэд захирал Б.Ариунаа танилцуулав. Түүнчлэн салбарын залгамж халаа, боловсон хүчнийг бэлдэх, хөдөө орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлэхээр Хэнтий аймагт анхны салбар үйлдвэрээ энэ цаг мөчид нээж буй гэдгийг дуулгалаа.


Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал Б. Амарсайхан

Бид чанартай, тогтвортой байдал, нийцэмжит үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ амладаг. Ноолуураар шинэлэг, инновацлаг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой гэдгийг дэлхий дахинаа харуулахыг зорьж өнгөрсөн сард ноолууран гутал бүтээсэн. Түүнчлэн технологийн илүүдлийг дахин боловсруулж “Cashmere Reborn” коллекцийг гаргалаа. Үйлдвэрлэлийн явцад ноолуурын 50 гаруй хувь хаягддаг бөгөөд бид тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэхийг зорин ажиллаж буйн жишээ нь энэ юм.

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө ХБНГУ-ын Дюссельдорф хотноо Жоржио Армани брэндийн зэргэлдээ нэрийн дэлгүүрээ нээлээ. Үргэлжлүүлэн олон улсын хэрэглэгч нартаа ойртохоор Англи, Герман, Франц, Итали, АНУ зэрэг улсуудад салбар дэлгүүрүүдээ нээхээр төлөвлөж байна.

ГОВЬ-ийн үйлдвэртэй танилцах аялал ҮЗЭХ

“Монголд үйлдвэрлэв” гэх шошгоны ардах бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 1700 гаруй ажилтны хөдөлмөр, бүтээмжтэй танилцлаа. Дотоодын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар эзэлж буй тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс гадна олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь дэлхийн хэрэглэгчдэд монгол ноолуурын чанарыг таниулахаар онлайн дэлгүүрээ 24 хэлээр хөгжүүлэн ажиллаж буй гэв.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг уул уурхай эзэлдэг. Нэг салбараас хараат орших эдийн засгийг солонгоруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зэх зээлд нийлүүлж буй тэд илүү алсад тэмүүлж шинэ санаа, бүтээгдэхүүнд төвлөрөн ажилласаар.