Бидний гаднах дүр төрхийг тодорхойлж, өөртөө итгэлтэй байдалд асар чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бол гарцаагүй үс билээ. Гэвч олон шалтгааны улмаас үс унаж тасрах, хуйх хагтаж тослогтох, үсний ширхэг нарийсах, цагаан үс ургах зэрэг асуудалтай бид нүүр тулдаг. Ялангуяа үс уналт гэдэг хүн бүрийн толгойны өвчин болсон гэдэгтэй уншигч та санал нийлэх биз.
Канадын Арьс судлалын нийгэмлэгийн судалгаагаар 70 нас хүртлээ таван эрэгтэй тутмын дөрөв нь тодорхой хэмжээний үс уналттай байдаг бол 50 нас хүртлээ эмэгтэйчүүдийн 40 орчим хувьд нь үс шингэрэх шинж тэмдэг илэрдэг аж. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ үс уналт болон түүнийг үүсгэж буй шалтгаануудыг тайлбарлан үс уналтын эсрэг идэвхтэй таван орц найрлагыг танилцуулахаар бэлдлээ.
ӨДӨРТ ТАНЫ ҮС 100-ААС ДЭЭШ ШИРХЭГ УНАДАГ БОЛ…
Үс унах үзэгдэл нь бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст өдөр тутамд тохиолддог ч хэр хэмжээгээр унаж байгаагаас шалтгаалан анхааралдаа авах эсэх нь хамаарна. Үс ургах үйл явцыг товчхон тайлбарлахад үндсэн дөрвөн үе шаттай.
Anagen: Энэ бол үс ургалтын дөрвөн үе шатны хамгийн урт нь буюу дунджаар 2-5 жил үргэлжилдэг. Уг шатанд таны үсний уутанцар үс гарч ирэхэд бэлтгэж, шинэ эс үйлдвэрлэж эхэлдэг аж.
Catagen: Шилжилтийн үе бөгөөд үргэлжлэх хугацаа нь арав хоног. Энэ үеэр үсний уг хэсэг цусны хангамжаас салж, идэвхтэй ургахаа болино.
Telogen: 100 хоног үргэлжлэх уг шатанд үсний уутанцар идэвхгүй болж, доороос нь "шинэ" үс гарч эхэлдэг.
Exogen: Хуучин үс унаж, шинэ үс ургаснаар үс ургалтын мөчлөгийн эхний үе шат руу эргэн шилжинэ. Энэ шатанд өдөрт дунджаар 100 ширхэг үс унах нь хэвийн гэж үздэг бөгөөд үүнээс илүү буюу их хэмжээгээр унаж байвал яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
ЮУН ТҮРҮҮНД ҮС УНАЛТЫН ШАЛТГААНАА ОЛОХ ХЭРЭГТЭЙ
Өдөр тутмын харилцаанаас үүдэлтэй стрессээс эхлээд удамшлын онцлог, дааврын өөрчлөлт хүртэлх олон янзын шалтгаан үс уналтын суурь болдог. Тиймээс таны үс мэдэгдэхүйц их хэмжээгээр унаж эхэлсэн бол юун түрүүнд шалтгаанаа зөв тодорхойлох хэрэгтэй.
Удамшил: Үс уналтын хамгийн түгээмэл шалтгаан нь хөгшрөлтийн үед тохиолддог удамшлын эмгэг юм. Жишээ нь, АНУ-д 50 сая гаруй эрэгтэй, 30 сая орчим эмэгтэй удамшлын гаралтай үс уналт, халзралд өртөж байгаа аж. Эрчүүдийн хувьд ихэнхдээ орой хэсгээс халзарч эхэлдэг бол эмэгтэйчүүдийн тухайд үсээ хагалж, хуваасан хэсгээс эхлэн үс шингэрдэг байна. Ихэнхдээ удаан хугацаанд, аажим аажмаар халзарч эхэлдэг учраас эрт оношилж, даруй арга хэмжээ авах боломж харьцангуй өндөр байдаг.
Дааврын өөрчлөлт: Жирэмслэлт, төрөлт, цэвэршилт, бамбай булчирхайн эмгэг зэргээс үүдэлтэй дааврын өөрчлөлт үс уналтын суурь шалтгаан болж болно. Удаан хугацаанд эсвэл хэсэг хугацаанд үргэлжилдэг бөгөөд тохирсон нэмэлт витамин, бүтээгдэхүүн хэрэглэн асуудлаа шийдэх боломжтой.
Стресс: Амьдралын буруу хэв маяг, сэтгэлзүйн тогтворгүй байдал, эргэн тойрны эрүүл бус харилцаа, гэнэтийн цочирдом үйл явдал, байнгын сэтгэл зовнил зэрэг бидний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйл бий. Эдгээр тааламжгүй үйл явдалд бидний бие 2-3 сарын дараа үс унах хэлбэрээр хариу үйлдэл үзүүлдэг байна.
Шим тэжээлийн дутагдал: Зарим тохиолдолд биед хэрэгтэй шим тэжээлээ авч чадаагүйгээс үс унаж болно. Ихэвчлэн төмөр, Д витамин, цайр дутсан тохиолдолд үс их хэмжээгээр унадаг аж.
Бүтээгдэхүүний буруу сонголт: Үсний бүтээгдэхүүний орц найрлагыг шалгаж аваагүйгээс болж үс гэмтэх тохиолдол бий. Ялангуяа химийн орц найрлагатай шампунь нь үс ихээр унах шалтгаан болох магадлалтай учраас хэрэглэж буй бүтээгдэхүүнээ сайтар шалгах хэрэгтэй.
ТЭГВЭЛ ҮС УНАЛТЫН ЭСРЭГ ИДЭВХТЭЙ ОРЦ НАЙРЛАГУУД ЮУ ВЭ?
Кафейн - Арай та кафейныг зөвхөн сэргэх зорилгоор хэрэглэдэг гэж боддог юм биш биз? Түүнд маш олон ашиг тус бий бөгөөд үсний ургалтад сайнаар нөлөөлдөг аж. Яаж вэ гэвэл, кафейн нь цусны эргэлтийг сайжруулж, үсний уутанцрыг ашигтай шим тэжээл, хүчилтөрөгчөөр хангадаг ба ингэснээр үсийг эрүүлжүүлж, хурдан ургахад тусалдаг. Мөн найрлагандаа антиоксидант агуулсан учраас хуйхыг хэт ягаан туяа, орчны бохирдлоос хамгаалж чаддаг гэнэ.
Ниацинамид - Витамин B3 гэгдэх ниацинамид нь үсэнд үзүүлэх нөлөөгөөрөө гоо сайхан, эрүүл мэндийн салбарт тун алдартай. Хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулж, үсний уутанцарыг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангадаг тул үсний ургалтыг түргэсгэдэг. Түүнчлэн үсний ширхэгийг бүдүүрүүлж, үсийг өтгөн болгох ашиг тустай.
Кератин - Үс арчилгааны бүтээгдэхүүнүүд дундаас ядаж нэг удаа кератины орцыг харж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэмтэлтэй үсний “аврагч” гэгддэг энэхүү байгалийн гаралтай уураг нь үс, арьс, хумсыг бэхжүүлэх, тэр тусмаа үсний хугарлыг эмчлэх шидтэй. Ялангуяа буржгар, өтгөн үстэй хүмүүс кератинтай үсний арчилгааг сонговол тохиромжтой аж.
Салицилын хүчил - Арьсны үхэжсэн эсийг задлахад тусалдаг учраас хуйхны эмчилгээний үед чухал үүрэгтэй. Илүү тодруулбал, хуйхны бохирдол, тослогжилт, хаг, загатнааг багасган зөөлөн гуужуулах төдийгүй чийгшлийг дэмжиж, үсийг зөөлрүүлэн гэрэлтүүлэх юм.
Ментол - Хуйхан дахь цусны эргэлтийг нэмэгдүүлж, үсний уутанцрыг нээж өгснөөр үсэнд хэрэгцээт нэмэлт тэжээлийг элдэв саадгүй хүлээн авах нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн хуйханд цугларсан тос, хагийг арилгахын зэрэгцээ хуйхны үрэвслийг намдааж, хоргүйжүүлэх чадвартай.
ЭДГЭЭР НАЙРЛАГЫГ ХААНААС АВАХ ВЭ?
30 гаруй жилийн түүхтэй, клиникийн туршилтаар батлагдаж, АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраар (FDA) хүлээн зөвшөөрөгдсөн Америкийн Nioxin брэндийн бүтээгдэхүүнүүдээс дээрх найрлагуудыг авах боломжтой. Дөнгөж унаж эхэлж байгаа болон эрчимтэй унаж буй гэсэн хоёр төрлийн үсэнд тохирох бүтээгдэхүүнүүдийг санал болгодог ба натурал, будагтай, химитэй үсэнд тус тус зориулан бүтээжээ.
Бүтээгдэхүүнүүдийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Сэтгэгдэл бичих