Залууст шинэ санаа гаргаж, төсөл боловсруулаxад нь туслах, ажлын таатай орчноор хангах, гарааны бизнесүүдийг хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой НUB Innovation төв үүсгэн байгуулагдаад хэдийнээ таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд болж өнгөрсөн гол үйл явдлууд болон тэдний ойрын төлөвлөгөөтэй цаг хугацааны дарааллын дагуу танилцъя.  

HUB Innovation төвийн тухай 

570 м.кв талбай бүхий хоёр давхар “дэгжин” барилгад 2018 оны зургаадугаар сараас HUB Innovation төвийн үйл ажиллагаа эхэлсэн билээ. Энд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж болох уужим цэлгэр танхим болон инкубатор, дундын оффис бий. Ажлын арга барил, тухайн үеийн сэтгэл санаа, нөхцөл байдалд тохируулан энгийн ширээг сонгон суух, босоо ширээн дээр ажиллах, хэлбэрждэг буйдан дээр тухлах, вакум өрөөнд тусгаарлагдан төвлөрөх зэргээр тав тухтай ажиллах боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Түүнчлэн өнгөлөг хана, тасалгааны цэцэг, амралтын хэсэг, гал тогоо гэх зэргийг багтаадаг.

2019 оны Улаанбаатарын хамгийн таатай оффис жагсаалтад багтсаныг сонирхон унших бол энд дараарай.

Unread

Инкубатор хөтөлбөр 

Тус төв дээр нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зөв зүйтэй санал санаачилга, төсөл стартапуудыг дэмжих, шаардлагатай нөөцөөр хангах зорилготой Инкубатор хөтөлбөрийг 2019 оноос хойш гурван удаа хэрэгжүүлжээ. Энэ жил дөрөв дэх удаагаа зарлагдаж, 17 стартап тэнцэж, өнгөрсөн сараас шинэ оффистоо ороод буй. Тэдгээр стартапуудтай ирэх долоо хоногт орох Долдугаар сарын онцлох стартапууд нийтлэлээс танилцаарай.

Таван жилийн зураглал  


2018/6 - Нээлт: Инновацлаг санаа хөгжүүлэх, үүнтэй холбоотой экосистемийг бүрдүүлэх, шинэ санаанд суурилсан гарааны бизнесийг дэмжих зорилгоор HUB Innovation төв нээгдэв.

2018/09 HUB коммюнити: Hardware Club нэрээр Math Matters, Machine learning, Hack Night, React Native гэх анхны таван коммюнити байгуулагдав.

2019/01 Инкубатор 1: Гарааны бизнесүүдийг дэмжих Инкубатор хөтөлбөрийн анхны элсэлтийг эхлүүлэв.

2020/01 Инкубатор 2: Тус хөтөлбөр хоёр дахь удаа зохион байгуулагдав.

2020/04 10K: Залууст программ хангамж, код бичих ур чадварыг олгож, чадварлаг хүний нөөц бэлтгэхээр 10 мянган программист сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

2020/05 Startup Blink: Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас эрхлэн гаргадаг Дэлхийн инновацын индексэд топ 100 улсын тоонд багтаж, 88-т эрэмбэлэгдлээ.

2020/05 Баянхошуу инновацын төв: Гарааны бизнес болон энтрепренер оюутан, залууст дундын оффис, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, шинийг эрэлхийлэх орчноор хангах зорилгоор Баянхошууд 2081 мк.в талбай бүхий бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв нээгдэв.

2020/11 Ковид-19: Цар тахлын үеэр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб 2020 оны арваннэгдүгээр дүгээр сарын 13-ны өдөр, Нийслэлийн эрүүл мэндийн газар 2021 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс уг инновацын төвийн байранд байршин ажиллах болсноор төвийн үйл ажиллагаа түр хугацаанд зогсов.

2021/04 Инкубатор 3: Инкубатор хөтөлбөрийн гурав дахь элсэлтийг зарлав.

2022/09 Google Street View төсөл: Google Street View-д Улаанбаатар хотын гудамж, талбайн зураглалыг шинэчлэн оруулах ажлыг эхлүүлэв.

2022/10 Эргэн нээлт: Төв эргэн нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

2022/11 HUB коммюнити: Science, Technology, SDG, Blockchain гэсэн дөрвөн чиглэлийн коммюнити байгуулагдав.

2022/12 Toastmasters: Шилдэг илтгэгч нарыг шалгаруулдаг олон улсын Toastmasters клубийн коммюнити байгуулагдав.

2022/12 Сoworker.com: Дэлхийн 172 улсын 25 мянга гаруй хамтын оффисуудын нэгдсэн 5.5 сая хэрэглэгчтэй Сoworker.com сайтад нэгдэв.

2023/04 Инкубатор 4: Инкубатор хөтөлбөрийн дөрөх дэх элсэлтийн хүрээнд нийт 17 байгууллагад бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов.

2023/06 HUB 5 жилийн ой: Дотоод заслаа шинэчилж, таван жилийн ойгоо угтав.

2023/06 Метахаб: Метаверсэд албан ёсоор нэгдэж, виртуал хувилбар болох Метахаб платформ бий болов.

2023/06 Science кафе: Шинжлэх ухаан сонирхогчдын цуглах цэг, Монголын анхны Science Café байгуулагдав.

Ирээдүйд 

Google My Business төсөл: Бизнесүүдийг дэмжих, чанар хүртээмжийг сайжруулах "Google business" төслийг хэрэгжүүлнэ.

Maker’Space: Технологид суурилсан гарааны бизнесүүдийн анхны загварыг турших “Бүтээгчдийн талбар” төслийн үйл ажиллагаа эхэлнэ.

HUB Garden: Инновац, технологийн шийдлийг ашиглан Innovation HUB төвийн гадаа талбайд хотын хөрс, агаар, орчны бохирдол, тоосжилтыг бууруулах судалгаа, хөгжүүлэлт хийх боломжтой жишиг орон зай бий болгоно.

Unread-ийн хамт олон энэхүү төслийг цаасан дээрх санаа байхаас эхлээд үүд хаалгаа нээхээс анхны комьюнитигээ өлгийдөх хүртэл, эхний арга хэмжээгээ зохион байгуулахаас анхны инкубаторын компаниа хүлээн авах хүртэл нь хамтдаа байсандаа бахархдаг билээ.

Монголын стартапын экосистемд үнэтэй хувь нэмрээ оруулж, олон мянган залууст гарааны бизнесийн соёлыг дэлгэрүүлж, олон зуун бизнесийн дараагийн шатандаа хүрэх талбар болсон HUB-ийн хамт олондоо таван жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Unread