Бид "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулахад чиглэсэн үлгэр жишээ ажлуудыг онцоллоо. 

НҮБ-ээс жил бүрийн 12 сарын 3-нийг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгон тэмдэглэхээр тунхагласнаас хойш өдгөө 30 дахь жилтэйгээ золгож буй. Энэ жилийн хувьд  “Хүртээмжтэй хөгжлийн өөрчлөлтийн шийдлүүд, эрх тэгш дэлхийг дэмжих инновацын үүрэг" уриан дор зохион байгуулах гэж байна.

106 мянган иргэн 

Монгол Улсын Үндсэн хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамруулна гэж заасан байдаг.

Зөвхөн бие эрхтний бэрхшээл бус нийгэмд ижил тэгш оролцох оролцоог хязгаарлаж буй бүх л зүйлс нь саад тотгор юм. Дэлхийн олон орноо хөгжлийн бэрхшээлийг орчны саад бэрхшээлтэй холбон тодорхойлдог ба НҮБ-ын конвенцоор “Нийгмийн амьдралд бүрэн дүүрэн чөлөөтэй оролцоход саад тотгор учруулахуйц бие эрхтний согог, нийгмийн хандлагын болон орчны хязгаарлалтыг хэлнэ” гэжээ.

Манай улсад өдгөө 106 мянга гаруй буюу нийт хүн амын гурван хувь нь тэрхүү саад тотгороос үүдэж нийгмийн харилцаанд тэгш хүртээмжтэй хамрагдаж чадахгүй хэвээр байна.


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Угтаа тэгш хүртээмжтэй орчин гэдэг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамааралтай асуудал биш юм.

Хүүхдээ тэргэнд түрж яваа ээжүүд, өндөр настнууд, гэмтэж бэртсэн иргэд олон нийтийн газраар саадгүй зорчиж, сурч боловсрох, эрүүл мэндийн халамж үйлчилгээнд хамрагдах, дэлгүүр худалдааны төвөөр чөлөөтэй үйлчлүүлэх нь барилга сууцны дизайн, технологийн дэвшилтэй салшгүй холбоотой.

Тэргэнцэртэй хүн стандартын шаардлага хангаагүй налуу замтай тулгарах үедээ саад бэрхшээлийг мэдэрч, бусдын тусламж шаардлагатай болдог.

сайн жишээ + Тусламжийн хонх

Түгээмэл хөгжил төв нь хүртээмжтэй байдлыг сайжруулах нийгэмд хэрэгтэй олон ажлуудыг хийж буйгаас “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд СХД-ийн XI хороо болон БГД-ийн VI хороонд угтах үйлчилгээний ажилтан дуудах тусламжийн хонх суурилуулжээ.

Уг төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн санаачилгаар 2010 онд байгуулагдаж, хөгжлийн бэрхшээлийн хүндрэлээс үл хамааран бие даасан, эрх тэгш амьдрах боломжтой, хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилго дор ажиллаж буй юм.

Хорооны байрны налуу зам нь стандарт бус, орц гарц ээлгүй байгаа нь иргэдэд төрийн үйлчилгээ хүртээмжгүй, нээлтгүй хэвээр байх нөхцөлийг бүрдүүлсээр. Тусламж хүсэх хонхыг суурилуулснаар тэргэнцэртэй иргэн, хүүхдээ тэргэнд түрсэн эцэг, эх, өндөр настай иргэд үйлчилгээний ажилтнаас дэмжлэг авч хорооны байр луу нэвтрэн, үйлчилгээ авах боломжтой юм.

Угтаа Хот байгуулалтын тухай хуульд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний саадгүй хүрч үйлчлүүлэх нөхцөлийг хангаагүй хот төлөвлөлт болон барилгажилтын шийдэл, зураг төсөл, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах аливаа төсөлд зөвшөөрөл олгохыг хориглоно", Барилгын тухай хуульд ..."хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байна" гэжээ.

Түүнчлэн тус төвөөс хөтөлбөрийн хүрээнд СЕХ, сонгууль зохион байгуулагч, олон нийтэд зориулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах арга техникийн сургалт зохион байгуулж, хэрхэн дэмжлэг үзүүлэх тухай товч гарын авлага бүтээсэн нь онцлууштай ажил байлаа.


Тэгш оролцоо + Дохионы хэлний тайлбар толь

Монгол Улсад одоогоор 8000 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэн бий. Дохионы хэл нь сонсголгүй хүний тэгш эрхийг хангах суурь үзүүлэлт бөгөөд тэд сурч боловсрох, хөдөлмөрлөх, олон нийттэй харилцах, өөрийгөө илэрхийлэх зэрэг нийгмийн аливаа харилцаанд дохионы хэлээр харилцах эрхтэй юм.

Дэлхий даяар хаана ашиглаж байгаагаасаа хамааран дохионы хэл нь өөр өөр байдаг. Харин зарим оронд стандарт дохионы хэл байдаггүй тул сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж хоёр хувь нь дохионы хэлээр боловсрол эзэмшдэг гэжээ.

Монголын багш, эцэг эхийн холбооноос монголд анх удаа сонгуулийн нэр томьёоны дохионы хэлний тайлбар толийг ASL буюу Америк болон MLS Монгол дохионы хэлээр гаргасан байна.


Dictionary

Уг толь бичигт сонгуультай холбоотой түгээмэл хэрэглэдэг монгол дохионы хэлээрх 130 үг, олон улсын дохионы хэлээрх 80 үгийн сантай. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа олон улсын болон монгол дохионы хэлний хос синхрон орчуулгатайгаар СЕХ-ны үйл явцыг улс орон даяар сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэйгээр хүргэсэн нь онцлууштай ажил юм.

Сонирхуулахад, дэлхий дахинаа дохионы хэлийг олон нийтэд хүргэх хамгийн бүтээлч төсөл бол Giphy-ийн санаачилга юм. Дохионы хэлийг дэлгэрүүлэх, олон нийтийн дунд мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой Sign With Robert төсөл олон их, дээд сургуулиуд, төрөл бүрийн байгууллагууд дунд өргөн тархжээ.

Роберт ДиМэйо хэмээх сонсголын бэрхшээлтэй жүжигчний гол дүрд нь тоглож, зааж буй видео цуврал хичээл Giphy буюу хөдөлгөөнт зургийн хамгийн том сантай хамтран энгийн иргэдэд хүрэх бүр том сувгийг нээсэн байна.
Үгсийн сангийн жагсаалт болон цагаан толгойг ЭНД-ээс үзээрэй.

Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэн + Сонгуулийн ажиглалт 


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүх шатны сонгуульд саналаа бие даан, чөлөөтэй, нууцаар өгөх нөхцөлийг бүрдүүлсэн байх хуультай.

Сонгуулийн үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэр дэвших болон сонгох эрхээ эдэлж чадахгүй байгаа нь өнөө цагт илэрхий боловч тодорхой судалгаа баримт хангалтгүй байдаг тул хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэн” төсөл хэрэгжүүлж анх удаа сонгуулийн ажиглалт хийсэн нь онцлууштай.

Сонгуулийн үйл явцад иргэд хяналт тавих боломжтой байх нь сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх болзошгүй зөрчил будилаанаас сэргийлж, сонгуульд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд онцгой чухал нөлөөтэй.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын бие даан санал өгөх эрхийг хангаж чадсан эсэхэд хараат бус хөндлөнгийн хяналт хийхээр 15 хөгжлийн бэрхшээлтэй ажиглагч, найман хөтөч, хувийн туслах, дохионы хэлний хэлмэрч бүхий нийт 23 хүн 38 сонгуулийн хэсгийн хороонд ажиглагч хийсэн нь тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд дэвшилтэй ажил болсон.

Ажиглалтаар:

  • Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын мэдээлэл хүлээн авах телевиз, нийгмийн сүлжээ, хэвлэмэл сурталчилгааны мэдээллийн хүртээмж
  • Санал авах байрны орчны хүртээмж
  • Санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй сонгогчид туслах үйлчилгээ
  • Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчид бие даан санал өгөх тохируулах хэрэглэгдэхүүн хангасан байдал
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхээ хэрэгжүүлсэн туршлага зэргийг дүгнэж үр дүнг танилцуулсан юм.
  • Тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс танилцаарай

Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Бидний дундаас тусгаарлагдсан 106 мянга гаруй иргэн тэгш, хүртээмжтэй нөхцөлд эрхээ эдлэх боломжийг иргэний нийгмийн байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн үр дүнтэй ажлууд харуулж буй юм.

Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.

Алдалгүй сонго