Монголын ээлжит нэгэн компани гаднын улсад салбараа нээсэн баярт мэдээтэй даваа гараг эхэлж байна. Бид бүгдийн "дэлхийд гарах" хэмээх мөрөөдөл биеллээ олж эхэлснийг сануулсан энэхүү үйл явдлын талаар тоймлон хүргэе.
ХЭН ГАРАВ?
Үүсгэн байгуулагдсан 2016 оноосоо хойш тасралтгүй хөгжиж, салбарынхаа голлох тоглогчдын нэг болоод буй Инвескор ББСБ ХК нь өдгөө Монголд 14, Киргизэд дөрвөн салбараараа дамжуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй. Тэд 2019 онд Монголын хөрөнгийн биржийн гуравдугаар самбарт бүртгүүлж байсан бол 2020 онд ТОП 20 аж ахуйн нэгжид багтах болсон нь богино хугацаанд өндөр гүйцэтгэлтэй ажиллаж чадсаныг харуулах баримт билээ.
Үүгээр ч зогсохгүй 2020 онд Бүгд Найрамдах Киргиз улсын "Золотой стандарт" санхүүгийн компанид хөрөнгө оруулж, улмаар тус улсад технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой болсон нь монгол компаниудын хувьд түүхэн амжилт байв. Өдгөө тэд Киргиз улсын Бишкек хотод 3 салбар, Ош хотод 1 салбартай болоод байна.
КАЗАКСТАН УЛС
Төв болон Зүүн өмнөд Азид зах зээлээ тэлэх бодлогын хүрээнд тэд 2023 онд үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээгээ авч, 2024 оны 9-р сарын 14-нд Казакстан Улсад салбараа байгуулж, албан ёсны нээлтээ хийжээ.
Казакстан улс нь 20 сая хүн амтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Дэлхийд 43-т жагсаж, эдийн засгийн чадавхаараа Төв Азидаа тэргүүлдэг. Одоогоор тус улсад 221 ББСБ үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Инвескор Финанс охин компани нь дэвшилтэт технологи, салбарын туршлага, мэдлэг чадвараараа тус зах зээлд өрсөлдөхөд бэлэн болоод байна.
ИРЭЭДҮЙд ЯАХ ВЭ?
Цаашид Инвескор ББСБ ХК Узбекистан Улсад үйл ажиллагаа явуулах тусгай эрхээ авахаар ажиллаж байгаагаас гадна Зүүн өмнөд Азийн зах зээлд тэлэхээр шамдаж байна. Тэдний үйлчилгээ нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт систем ашигладаг төдийгүй зээлийн үнэлгээг автоматаар хийдэг зэргээрээ салбартаа ялгардаг билээ.