Ковер зургийн тайлбар: Зүүн гар талаас НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Ай Ти Зон компанийн Гүйцэтгэх захирал У.Эрдэнэбямба

Өдгөө манай улсад нийт 36,000 гаруй хүүхэд сургуульд хамрагдахын тулд тухайн жилийн есдүгээр сард нь гэрээсээ хол дотуур байр эсвэл хамаатнындаа амьдарч буй. Нэг талаараа боловсрол эзэмших хэрэгцээ шаардлагаа биелүүлэн сум, аймаг, хотын төвийн сургуулийг зорьж байгаа ч нөгөө талаас энэ нөхцөл байдал нь бага насны хүүхдүүдийг гэр бүлийн харилцаанаас хөндийрөх, сэтгэл санаагаар унах, ганцаардах эрсдэлд оруулж байна. Тэр ч бүү хэл зарим гэр бүл хүүхдээ сургуульд сургахын тулд тусдаа амьдрах хүртэл арга хэмжээ авдаг ба үүний цаана ихэвчлэн аав нь хөдөө мал маллаад, ээж нь хүүхдээ дагаж төв газар барааддаг аж. 

Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Боловсролын Яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү санаачилгад хувийн хэвшлийн цөөнгүй байгууллага хувь нэмрээ оруулж буй бөгөөд тэдний нэг нь Ай Ти Зон компани юм.

“БАГИЙН БАГА СУРГУУЛЬ” САНААЧИЛГЫН ТУХАЙ

Уг санаачилгыг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, хөрөнгө оруулагч компаниуд болон орон нутгийн холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн үр дүнд 2025 ондоо Увс, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул, Төв аймагт бага сургуулиуд байгуулах, цахим анги тохижуулах, хичээлийн хоцрогдлыг арилгахад чиглэсэн цогц ажлууд хийгдэх аж. Үр дүнд нь хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй сургуулийн цогцолбор байгуулж, 2-10 насны 600 гаруй хүүхэд гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломжтой болох юм.



ДИЖИТАЛ БОЛОВСРОЛТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ

Алслагдсан бүс нутгийн сургуулиудын сургалтын орчин хот суурин газрын сургуулиудтай харьцуулахад нөөц бололцоо хомс байдаг нь хүүхдийн суралцах боломж, боловсролын чанарт томоохон зөрүү үүсгэдэг. Ялангуяа өнөөгийн дижитал эрин үед анги танхим, багш, сургалтын материал төдийгүй дижитал боловсролын орчин нөхцөл хангалтгүй байх нь ирээдүйд боловсролын ялгааг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Харин Ай Ти Зон компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд уг санаачилгад нэгдэн, бага сургуулийн дижитал орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж буй нь энэ юм.



ХЭРХЭН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА ВЭ?

Ай Ти Зон компани “Дижитал боловсролтой ирээдүй” уриан дор уг санаачилгын гурав дахь сургууль болох Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай багийн бага сургууль үүд хаалгаа нээхэд дэмжлэг үзүүлжээ. Тус сургуулийг Номин Холдинг ХХК, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Төв аймгийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан ба энэ сарын 9-ний өдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Ай Ти Зон компанийн зүгээс дижитал болон STEM сургалтын орчныг бүрдүүлэх ажилд оролцож, олон улсын стандартад нийцсэн компьютер, иж бүрэн тоног төхөөрөмж, технологийн шийдлээр дэмжсэн аж. Ингэснээр алслагдсан багийн хүүхдүүд багаасаа орчин үеийн технологи, дижитал ур чадварт суралцах боломжтой болж буй.



ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭРГЭДЭЭСЭЭ

Хүүхэд гэр бүлийнхээ дэргэд, аюулгүй орчинд сурч хөгжих нь тэдний эрүүл, бүтээлч, хариуцлагатай иргэн болон төлөвших гол үндэс болдог. Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн нийт 500 гаруй өрхийн хүүхдүүд өдөр бүр доод тал нь 7 км зам туулж сургуульдаа явдаг байсан бол энэхүү шинэ сургууль ашиглалтад орсноор бага ангийн сурагчид гэртээ ойр, аюулгүй орчинд чанартай боловсрол эзэмших нөхцөл бүрдлээ.

Энэ нь “Багийн бага сургууль” санаачилгын бодит үнэ цэн, хамгийн чухал өгөөж болж байна. Мөн Ай Ти Зон компани нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол тэр дундаа технологийн боловсролыг дэмжихэд онцгой анхаарсаар ирсэн төдийгүй цаашид ч боловсролын салбарын дижитал шилжилтийг дэмжиж, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй, чанартай сургалтын орчин бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулан ажиллахаа тус сургуулийн нээлтийн үйл ажиллагааны үеэр илэрхийлж байв.