Бидний амьдарч буй дэлхийд уур амьсгалын өөрчлөлт, орлогын тэгш бус байдал, боловсролын хүртээмж зэрэг шийдэх шаардлагатай олон асуудал бугшсаар байгаа билээ. Мэдээж эдгээрийг ганцаараа шийдвэрлэх боломжгүй тул ижил зорилготой бусадтайгаа нэгдэн нийлэх нь хамгийн зөв.
Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага буюу ЖАЙКА-гаас санаачлан зохион байгуулж байгаа “QUEST: Co-Creation × Innovation” хөтөлбөрийг танилцуулж байна. Тэд нийгмийн асуудлуудад хамтын шийдэл санал болгох санаачилга, шинэ бизнес санаа, бүтээлч төслүүдийг эрэн хайж буй.
QUEST ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ бол хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, их дээд сургууль, Засгийн газар зэрэг олон талт оролцогчдыг нэгтгэн нийгмийн асуудлуудыг шийдэхүйц шинэлэг санаануудыг эрэн хайж буй хөтөлбөр юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шийдэл тэдний хувьд үнэ цэнтэй бөгөөд шинэ бизнес эхлүүлэх, одоо байгаа бизнесээ өргөжүүлэх, судалгаа шинжилгээгээ гүнзгийрүүлэх, нийгмийн шийдэл хэрэгжүүлэхээр зорьж буй хэн бүхэнд нээлттэй.
ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?
- Хувийн хэвшил (томоохон корпорациуд, ЖДҮ-үүд, гарааны бизнесүүд, санхүүгийн байгууллагууд)
- Академи (их дээд сургуулиуд, техникийн коллежууд, судалгааны хүрээлэнгүүд)
- Иргэний нийгэм (ТББ-ууд)
- Төрийн байгууллага (төрийн агентлагууд, орон нутгийн захиргаад)
ЯМАР ДЭМЖЛЭГ АВАХ ВЭ?
- 3 сая иенийн санхүүжилт бүхий PoC (Proof of Concept) туршилт хийх боломж
- Deloitte-ийн мэргэжилтнүүдээс санаа боловсруулах, бизнес загвар гаргах, стратегийн тал дээр зөвлөгөө авах
- Хамтын түншүүдээ олох Matching Event-үүдэд оролцох
- Шалгарсан тохиолдолд төслөө бодитоор хэрэгжүүлэх үе шатанд дэмжлэг авах
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД


QUEST хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Токио болон Нагояа хотуудад зохион байгуулагдсан ба төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсролын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй оролцогчийг хүлээн авч уулзсан юм. Тухайлбал, Токиогийн арга хэмжээнд ЖАЙКА-гийн төлөөлөгчид, Энэтхэгийн хамгийн том гарааны бизнесийн төв болох T-Hub-ийн Гүйцэтгэх захирал, Африкийн Verod-Kepple Ventures-ийн төлөөлөгч нар оролцож, Энэтхэг болон Африкт хэрэгжиж буй дэлхийн хэмжээний инновацын талаар хэлэлцжээ. Харин Нагояа хотод Японы бүс нутгаас ирсэн гурван өөр салбарын шинийг санаачлагчид дэлхий дахины тулгамдсан асуудлуудыг хэрхэн хамтран шийдвэрлэх боломжтой талаар өөрсдийн туршлага, санаачилгаа хуваалцсан аж.Мөн энэ сарын 3-нд Токиод болсон эхний Matching event-ээр 200 гаруй оролцогчийг хүлээн авч, Япон болон олон улсын оролцогчид хамтын ажиллагааны боломжуудаа өргөн хүрээнд хуваалцав.


Хөтөлбөрийн хуваарь дагуу зургаадугаар сарын 9-нд Нагоя хотод хоёр дахь Matching event зохион байгуулагдсан юм. Уг арга хэмжээнд Япон болон гадаадын орнуудаас нийт 170 оролцогч онлайн болон биетээр оролцож, дотоод, гадаадын 19 байгууллага, компанийн төлөөлөл тайзнаа гарч илтгэл тавьжээ.



ДАРААГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДЫН ХУВААРЬ
6-р сарын 23: Оролцогчдын бүртгэл хүлээж авах эцсийн хугацаа
7-р сарын 22: Бичиг баримтад суурилсан үнэлгээ ба үр дүнг мэдэгдэх хугацаа
7-р сарын 31: Санааны уралдааны эцсийн шалгаруулалт
8-р сарын 1: Сонгогдсон оролцогчдыг зарлах хугацаа
8-12-р сарын хооронд: PoC хэрэгжилтийн хугацаа (Proof of Concept)
2026 оны 1-р сар: Демо өдөр
ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
QUEST бол энгийн нэг тэмцээн бус, инновац ба түншлэлийн хүчээр илүү сайхан дэлхийг хамтдаа бүтээх хөдөлгөөн юм. Хэрэв танд санаа, шийдэхээр зорьж буй асуудал бий бол ЭНД дарж бүртгэлээ илгээгээрэй.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.
Албан ёсны вэбсайт руу ЭНД дарж зочилно уу.

Сэтгэгдэл бичих (1)


Д Долгорсүрэг 2025.06.22 202.55.188.108
Сайн байцгаана уу, JICA Mongolia-ийн хамт олонд баярлалаа. Би ахлах ангийн сурагч бөгөөд ирээдүйд олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж, дипломат болох том зорилго тавьсан. JICA-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд Монголын ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нь урам зориг өгдөг. Хэрвээ боломж олдвол сайн дурын ажил, сургалт эсвэл танай хөтөлбөрт хамрагдан, туршлага хуримтлуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүндэтгэсэн, Б.Долгорсүрэн Уянга сум, Өвөрхангай аймаг