Орчин цагт техник, технологийн салхины чигийг даган дэлхий дахинд төдийгүй манай оронд ч мэдээллийн технологийн чиглэлээр суралцах оюутны тоо хурдацтай өсөх болж. Өдөр хоногоор хэмжигдэх технологийн хурдацтай хөгжлийг суурь онол бүхий сурах бичиг, заавал судлах сургалтын материал төдийхнөөр хязгаарлаж болохгүй. Тиймээс мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, хамгийн дэвшилтэт программ хангамжийг эзэмшүүлэх, ирээдүйн чанартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор ХААН Банкны зүгээс “Цалинтай дадлагын хөтөлбөр”-ийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ.  

Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудад цогц мэдээлэл өгөх зорилгоор тэд “DIGI X” өдөрлөгийг өнгөрөгч бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 06-ны өдөр ХААН Банк цамхагт зохион байгуулсан бөгөөд энэхүү өдөрлөгийн цогц мэдээллийг бид тоймлон хүргэж байна.  


digi x өдөрлөгийн тухай

“Цалинтай дадлагын хөтөлбөр” нь товчхондоо Монголын хамгийн том банкны мэдээллийн технологийн 350 гаруй мэргэжилтний ур чадвар, арга барилаас суралцаж, тэдэнтэй хамтран ажиллах боломж юм. Тодруулбал, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус уг хөтөлбөрт материалаа илгээж, тэдгээрээс тодорхой шалгуурыг хангасан залуус хөгжүүлэлт, автоматжуулалт, системийн тест, кибер аюулгүй байдал, төсөл болон бизнес аналист зэрэг арван чиглэлээс сонгон дөрвөн сарын хугацаанд цалинтай дадлагажих юм.

“DIGI X” өдөрлөгт нийт 200 гаруй оюутан залуус цугларч, хөтөлбөрийн талаарх цогц мэдээллийг нэг дороос аван, ХААН Банкны удирдах түвшний эрхмүүдийн туршлага, зөвлөгөөг сонсохын зэрэгцээ техник, технологийн дэвшлийг ажлын орчин, арга барилдаа шингээн ажиллаж буй салбар, чиглэлүүдийн мэдээлэл бүхий бүүтүүдээр зочлон нэг өдрийг өнгөрөөсөн юм.


хөтөлбөрийн хүрээнд эзэмших зөөлөн ур чадвар

Бидний хувьд шинэ ажилтанд тавигдах үндсэн академик шаардлагуудаас гадна зан төлөв, хандлагын тал дээр зохих хэмжээний шалгуур тавьдаг. Банк, санхүүгийн салбар нь итгэлцэл дээр тогтдог учраас манай банкны бүхий л ажилтан мэргэжлийн ёс зүйтэй, үнэнч шударга байхыг удиртгал болгон ажилладаг. Түүнээс гадна баг, хамт олон дотроо идэвх, санаачилгатай, бусадтайгаа нэгдэн нийлж ажиллах нь чухал.

Түүнчлэн хөтөлбөрт хамрагдаж буй залуус технологийн эрин зууны уугуул иргэд гэдэг утгаараа цахим сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Нэгтгээд хэлэхэд, энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар манай хамт олны нэг хэсэг болж, дээрх зөөлөн ур чадваруудыг эзэмшээд зогсохгүй шинэ техник, технологийн дэвшлийг туршиж, ур чадварынхаа урын санг нэмэгдүүлэх боломжтой.

ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба


хөтөлбөрийн хүрээнд олж авах мэдлэг, чадвар

Энэхүү хөтөлбөр нь оюутны ширээнээс хараахан холдоогүй байгаа залууст лекцээс олж авсан мэдээллээ боловсруулан ажлын байран дээр туршиж, мэдлэг болгон өөриймшүүлэх талбар. Нөгөөтээгүүр олон жилийн туршлагатай хамт олноос суралцаж, сургалтын материал дээрх онолын бодит амьдрал дээрх тусгалыг олж харах боломж юм.

Аливаа салбар шинжлэх ухаан хөгжихийн хэрээр нарийн мэргэжлийн ажлын байрууд тэр чинээгээр нэмэгддэг зүй тогтолтой. Тэр дундаа мэдээллийн технологийн салбар орчин цагт асар хурдтай хөгжиж буй. Үүнтэй холбогдуулан дурдахад, бид банкны салбар дахь хамгийн дэвшилтэт технологиудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг тул энэ нь уг хөтөлбөрт хамрагдах залуусын олж авах хамгийн том үнэ цэн билээ.

Мэдээлэл технологи, Энтерпрайз платформ удирдлагын газрын захирал Г.Хуягбаатар


“Цалинтай дадлагын хөтөлбөр - 2023”-ын оролцогч Б.Нямбаяр


Сурч буй мэргэжлээрээ цаашдаа ажиллаж чадах болов уу? гэдгээ тодорхойлох шаардлага тулгарсан тэр үед цахим орчноос ХААН Банкны цалинтай дадлагажигч хөтөлбөрийн зарыг олж харсан. Тийнхүү мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож, өөрийгөө сорих, хэрвээ дадлагын хугацаанд тулгарсан сорилт, бэрхшээлийг даван туулж чадахгүй бол дараагийн сонголтоо хийх төлөвлөгөөтэйгөөр уг хөтөлбөрт хамрагдаж байлаа.

Дадлагажигч ажилтнаар ажиллаж эхэлсэн эхний нэг сарын хугацаанд ажлаа сайн хийж чадаж байгаа болов уу? гэдэгт эргэлзэж, бага зэрэг санаа зовж байсан ч хоёрдахь сараас эхлэн өөрт оногдсон үүрэг даалгаврыг биелүүлэх явцдаа шинэ зүйлс сурч, өөрийгөө ямар түвшинд явж байгааг бодитоор дүгнэх боломж олдож, нэг үгээр бол ажилдаа илүү дасах болсон.

Хичээлийнхээ хажуугаар мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаагийн хувьд анзаарсан зүйл гэвэл, тэр бүр шинэчлээд байдаггүй сургалтын материал ажлын байран дээр тун ялгаатай хэрэгждэг юм байналээ. Тухайлбал, хичээлийн үеэр шинэ техник технологийн талаар товч дурдаад өнгөрдөг бол ажил дээрээ тэдгээрийг хэрэглээндээ нэвтрүүлж, эзэмшиж сурч байгаа нь хамгийн авууштай. Одоо бол анх эргэлзэж байсан асуултынхаа хариуг олж, энэ мэргэжлээр цаашдаа сурч хөгжин, өсөж дэвших боломжтой юм байна гэдэгтээ бүрэн итгэлтэй болсон.

“Цалинтай дадлагын хөтөлбөр - 2023”-ын оролцогч Б.Хонгорзул 


Дадлагын эхний өдөр ажиллах газрын маань захирал биднийг хүлээн авч уулзаад бүх алба нэгжүүдтэй танилцуулан хийх ажлын маань талаар товч мэдээлэл өгч байлаа. Ажиллаад эхлэх үед хичээл дээрээ үзээд ойлгочихсон гэж бодсон зүйлээ хангалттай сайн ойлгоогүй байж шүү дээ гэдгээ олж мэдээд гайхаж билээ. Лекцийн үеэр багшийн заасан хичээлийг ойлгож, шинэ мэдээллээр тархиа цэнэглэж байгаа ч мэдлэг болгон ой ухаандаа гүн суулгах тал дээр яалт ч үгүй бодит туршлага дутагдаж байсан юм билээ.

Онол, практикийг хослуулан суралцаж буйн давуу тал нь хичээлээс олж авсан мэдээллийг толгойдоо тогтоогоод зогсохгүй бодит биелэлийг нь олж харах, өөрөө ажиллуулж үзэх боломж олдож байгаа нь энэ хөтөлбөрөөс авч буй хамгийн чухал үнэ цэн гэж бодож байна. Нөгөөтээгүүр, өнөөдрийн үзсэн шинэ хичээлийг өчигдөр ажил дээрээ туршаад, хийгээд үзчихсэн байх тохиолдол цөөнгүй тул ажил дээрээ хийсэн дадлагаа хичээлээрээ улам илүү бататгаад явах боломжтой.

Дээрх хөтөлбөрийн материалыг дөрөвдүгээр сарын 12-ныг дуустал хүлээн авах бөгөөд энд дарж материалаа илгээгээрэй. Цалинтай дадлагын хугацаа тавдугаар сараас наймдугаар сарын хооронд үргэлжилнэ.