15 өдрийн сурталчилгаа шувтарч, орон нутгийн сонгууль болоход ердөө хоёр өдөр үлдлээ. Иргэн таныг төлөөлөх, амьдрах илүү таатай орчинг бий болгоно хэмээн амлаж буй хүмүүсээс та сонгоно. Үүнтэй холбоотойгоор мэдээллийн сувгууд мэдүүштэй нийтлэл, контентуудыг идэвхтэй нийтэлж байна. Энэ удаа бид сонгогч таны цагийг хэмнэх, сонголтоо хийхэд туслах мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.


Их хурлын сонгууль гээд зунжин бужигнаж байтал намар залгаж, эргээд сонгууль, саналаа өг болоод явчихлаа хэмээн төвөгшөөн бодож буй хүмүүс цөөнгүй байж болох. Ойлгож байна аа, ойлгож байна. Парламентын сонгууль хэт нүсэр болдог тул орон нутгийн сонгууль энэ маягаар "золиос"-нд явчихаад, тоогдохгүй өнгөрчихдөг талтай. Гэвч эдгээр сонгууль 4 жилдээ нэг л удаа болдгийг санаж, хийх ёстой зүйлээ бид хийх л ёстой. Ардчилсан улс мөн л юм бол сонгуулиа зохион байгуулж, иргэдийг төлөөлөх улсыг сонгох учиртай билээ.

Хот, суурин газар луу шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр орон нутгийн сонгуулийн ач холбогдол нэмэгдсээр байна. Хөдөө, орон нутгаас төв суурин газрыг зоригсод нэмэгдэж байгаа нь зөвхөн манай улсын ч биш, дэлхий нийтийн хандлага. "Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ" гэх үг зах зээл тэлнэ гэдэг утгаараа онож мэдэх ч бас зарим талаараа хүн нэмэгдвэл асуудал нэмэгдэхийг илтгэнэ. Ялангуяа улаанбаатарчууд бид үүнийг дэндүү сайн мэддэг болж. Гэхдээ орон нутгийн сонгууль бол зөвхөн хот, суурин газарт суурьшигчдад зориулсан сонгууль биш гэдгийг дурдах нь зүйтэй. Чөлөөт сонгуулийг гучаад жил хийгээд буй монголчууд туршлага хуримтлуулж, УИХ, ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн ялгаа салгааг гарган, үүрэг ролийг нь ч нэг үеэ бодвол илүү ойлгодог болсон гэж найдна. Орон нутгийн сонгууль бол та бидний алхам тутамд тохиолддог, хамгийн ойрын асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллах хүмүүсийг сонгох сонгууль. Хог, орчны тохижилт, зам харгуй, цэцэрлэг сургууль гэх мэт зүйлсийг хариуцан, зөв шийдэл гаргах нь орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн ажил, үүрэг юм.

Энэ удаагийн сонгууль шинэчлэн найруулагдсан "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль"-ийн дагуу явагдах болно. Энэ шинэчлэлээр, орон нутгийн сонгуульд 25 бус 18 хүрсэн хүн нэр дэвших боломжтой хэмээн залуучуудын оролцоог дэмжсэн нь, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно хэмээн хариуцлагын тогтолцоог чангатгасан нь дэвшил болжээ. Мөн энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдаж буй. Энэ мэт орон нутгийн сонгуульд орсон өөрчлөлтүүдийг дараах холбоосоор үзээрэй.

UB.Life: Цагалбар: Сонгуулиа өгөхөөс өмнө таны мэдэх ёстой БҮХ зүйл

Нэр дэвшигчдийн нэрс

Энэ удаа орон даяар 8169 суудлын төлөө 17,161 хүн өрсөлдөж байна.

Бүх нэр дэвшигчидтэй танилцах:

iKon: ИТХ 2020

UB.Life: Тоохгүй өнгөрч боломгүй том тоонууд


Сонголтоо зөв хийх нь

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд ирцийн босго тавиагүй нь сонгууль дахиж, ихээхэн зардал гаргахаас сэргийлсэн хэрэг биз. Гэхдээ ардчилсан улсын хариуцлагатай, оролцоотой иргэн байхаа бодсон ч, амралтын өдрөөр шагнаж буйг бодсон ч, саналаа өгөх хэрэгтэй. За тэгээд сонгууль өгөх нэг хэрэг. Судалж, бодож байж саналаа өгөх өөр хэрэг гэдгийг сануулах юун билээ. Саналаа өгөхдөө юу юуг анхаарвал зохилтой талаар судлаач Д.Цэрэнжавын бичсэн нийтлэлийг уншаарай.

Baabar.mn: Есөн асуулт

Нэр дэвшигчдийн оруулж ирсэн материалыг гүйлгэж харах, нэрийг нь Google-дээд сонжиход та хэдхэн минутыг зориулаарай.

#Өглөө төслийн багаас зохион байгуулсан "Монголын нэг өглөө" визуал дизайны уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээл. Оролцогчид "Залуус, хот, амьдрах орчин, сонгууль, оролцоо" сэдвээр бүтээл туурвижээ.

Уг бүтээлийн өнгө аясын тухайд гэвэл аль болох шинэ хэв маяг турших, ретро, социалист уур амьсгал бүрдүүлэхийг бодсон. Харин санааны хувьд дээр дурсан сэдвүүдийг нэг нэг элементээр харуулж, нийгмийн бүхий л давхаргын эв нэгдэлтэй байдлыг тэгш хэмтэй, хоорондоо зохицолтой байдлаар илэрхийлэхийг зорьсон. Хэрвээ бид тийм байж нэгэн чигт харж чадвал өөрчлөлт хийх боломж бий гэсэн гол санаа агуулсан билээ.

Б.Билгүүн

Мөрийн хөтөлбөртэй танилцах

Орон нутгийн сонгуульд намуудын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг интернэтээс хайгаад үнэндээ олсонгүй. Гэхдээ залуу сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд үр дүнтэй ажиллаж буй "Өглөө" төслийнхөн гол намуудын мөрийн хөтөлбөрөөс анхуурууштай хэсгүүдийг нь түүвэрлэн танилцуулж буйг олж мэдсэн юм. Та бүхэн эндээс намуудын "амлалтууд"-тай танилцаарай:

ӨГЛӨӨ: "Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс онцолъё" цуврал:

#1: Зарим онцлох заалт

#2: Хүртээмжтэй байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө

#3: Нийтийн талбай, ногоон байгууламж

#4: Хогийн менежмент

#5: Боловсрол

Санал өгөхдөө анхаарах зүйлс


Энэ удаагийн сонгууль 07-20 цагийн хооронд явагдана. Та хаана очиж санал өгөхөө election.burtgel.gov.mn холбоосоор шалгаарай.


Залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэх зорилготой цуврал контентийн хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.