Монголчууд бид өөрсдийгөө “Залуус, хүүхдийн орон” хэмээн бид бахдан ярих дуртай. Статистик баримтууд ч энэхүү үгийг хангалттай батална. Зөвхөн энэ хичээлийн жилд л гэхэд нийслэл хотын ЕБС-д нийтдээ 364 мянган хүүхэд суралцаж байгаа буюу манай хотын хүн амын бараг дөрөвний нэгийг сурагчид дангаараа эзэлж байгаа юм. Харамсалтай нь, сүүлийн долоон жилийн хугацаанд ЕБС-ийн сурагчдын тоо даруй 150 мянгаар нэмэгдсэн ч эсрэгээрээ хүүхэд бие даан мэдлэг олж авах хамгийн чухал газар болох нийтийн номын сан нэмэгдэх нь бүү хэл буурчээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 247 сурагч тутамд ердөө ганцхан нийтийн номын сангийн суудал оногддог гэвэл та итгэх үү?
Тэгвэл номын сан “нүдний гэм” болсон энэ цаг үед уг салбарт цоо шинэ менежмент, үзэл санааг түгээх зорилготойгоор хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийгээд буй “Чимээтэй номын сан” төслийг бид онцолж байна.
мэдлэг бол хүч: номын сан яагаад чухал вэ?
Даруй зуун хорин жилийн түүхтэй, 53 сая гаруй номын фондтой Нью-Йорк хотын төв номын сангийн карт дээр “Мэдлэг бол хүч юм” хэмээх эшлэл бий. Ном гэдэг өөрөө мэдээллийг боловсруулах, түүнийг мэдлэг болгон хувиргах чадварт хүүхдийг багаас нь суралцуулах ид шидтэй. Харин номын санд хүүхдүүд асар их мэдээлэлтэй харьцаж, түүнийгээ цэгцтэй, оновчтой ойлголт болгоход шаардлагатай эргэцүүлэн бодох дадлыг эзэмшдэг.
Гэвч бодит байдал дээр нийслэл хотын номын сангууд орчин цагийн хүүхдүүдэд мэдээллийг интерактив, технологид суурилсан тоглоомон хэлбэрээр нь түгээх нь бүү хэл зориод очсон багачуудад суух суудал олдохгүй хэмжээний нөхцөл байдалтай байгаа нь бодит үнэн. Тэгвэл Nepko Kids-ийн хамт олон “Хүүхдийн номын сан” хэмээх ойлголтыг цоо шинэ байдлаар загварчилж, тэднийг жинхэнэ утгаар нь номонд дурлуулах зорилготой цоо шинэ төсөл санаачилсан нь “Чимээтэй номын сан” юм.
“Чишш, чимээгүй”, “Дуугай аяд”, “Битгий үймүүлээд бай”, “Тоглох хориотой” гэсэн үгсийг номын сан орох бүрийдээ сонсож өссөн миний хувьд “Чимээтэй номын сан” хэмээх нэрийг сонсоод хамгийн түрүүнд толгойд “Чимээтэй, хүүхэд шуугисан орчинд үнэхээр ном уншиж болно гэж үү?” гэх бодол зурсхийснээ нуугаад яахав.
Гэхдээ Sky Garden хотхоны Winter gardenд байрлах номын сангийн үүдээр охинтойгоо хамт ороход л анхны бодол маань толгойноос арчигдаж, үнэхээр л хүүхдийн ном унших, сурч хөгжих хүслийг бадраах цогц бүтээн байгуулалт болжээ хэмээн уулга алдсан.
Охин маань шуудхан “Нохой Хүн” цувралын шинэ дэвтрийг шүүрч аван олстой давхар ор руу авиран гарч, хэзээ язааны үйлчлүүлэгч шиг нь тухлаад авчхав. Уламжлалт номын сангаас ялгаатай нь энд хүүхэд уйлж, дуулж, хашхирч, тоглож ер хүссэн бүхнээ хийж болно. Хаа саагүй дэвссэн bean bag, зөөлөн дэвсгэр дээр хэвтэж, сууж хүссэн байрлалаараа 30 мянган номын фондоос (70 хувь нь англи хэл дээрх ном) унших боломжтой.
Төслийн хамт олны хэлснээр уг төсөл номын сангийн менежментийн шинэ концепци гэдэг утгаараа өрөлт, номын сонголтоосоо авхуулаад детайль бүрд өөрсдийн шинэ стандартыг бий болгож буйгаар онцлогтой.
Томчуудаас ялгаатай нь хүүхэд нуруугаар нь эгнүүлээд өрчихсөн номыг сонирхдоггүй тул тэд дийлэнх номоо нүүрээр нь харуулан тавьж, долоо хоног бүр номын өрөлтөө өөрчилж байх аж. Түүнчлэн уламжлалт номын сантай адил уран зохиол, шинжлэх ухаан гэж номоо ангилахаас илүүтэй хооронд нь хольж байрлуулж, уран зохиол унших дуртай хүүхдийг өөр салбарын ном унших сэдлийг нь төрүүлэхүйц байдлаар өрөлтөө шийдсэн нь үнэхээр сонирхолтой санагдсан шүү.
Манайхаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь номтой харьцаж сурааагүй нь харагддаг. Хүүхдийг номтой зөв харьцах, ном бариулж сургах гээд анхнаас нь номын соёлд сургах тал дээр бид онцгой анхаарал хандуулахаар хичээж байна. “Чимээтэй номын сан” маань зөвхөн номын сангийн үйл ажиллагаанаас гадна Оксфордын албан ёсны эрхтэй сургалтын хөтөлбөрүүд, “Creative Bamboo” төвтэй хамтарсан театрчилсан тоглолт болон үлгэр зохиох сургалт гээд олон чиглэлээр суралцах боломжийг гишүүддээ олгох болно.
Мөн компьютер дээрээс хүүхдүүд хүссэн цахим номоо унших, график дизайн, програмчлал зэрэг төлбөртэй хичээлүүдэд бие даан суралцах боломжтой. Ойрын хугацаанд бид найзууд, анги хамт олноороо шөнийн турш хичээллэх боломжтой “Шөнийн номын сан” үйлчилгээг мөн нэвтрүүлэх болно.
чимээтэй номын сангийн гишүүн болсноор ямар давуу талтай вэ?
-Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа ажил, хичээлээ хийх
-Эцэг эхчүүд улирал, хагас жил тутамдаа хүүхдүүдийнхээ хэдэн ном уншсан, хэчнээн цагийг номын санд өнгөрүүлсэн зэрэг тэдний сонирхол, идэвх оролцооны мэдээллийг аппаар дамжуулан авах
-Хүссэн номоо долоо хоногийн хугацаатай гэрээр унших
-Жилээр нь хураамжаа төлсөн тохиолдолд өдрийн 3400 төгрөгөөр 08:00-20:00 цаг хүртэл номын сангаар хязгааргүй үйлчлүүлэх боломжтой.
-Номын сангаас зарласан төрөл бүрийн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах
Үнийн хувьд хагас жилээр нь төлсөн тохиолдолд нэг сарын 120,000₮, жилээр нь төлсөн тохиолдолд нэг сарын 100,000₮-ийн хураамжтай байх юм. Тун удахгүй тэд Голомт банктай хамтран номын сангийн картаа цахим карттай хоршуулан худалдаанд гаргах гэж байгаа гэсэн шүү. Хаяг байршил, цагийн хуваарь, үнийн мэдээллийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.