Арван жилийн багш маань “Амьдралд хийх хамгийн чухал хоёр сонголт байдаг. Нэг нь эхнэр/нөхрөө сонгох, нөгөө нь ажил мэргэжлээ сонгох” гэж хэлж байсан нь өнөө хэр санаанаас гардаггүй юм. Хэдийгээр мэргэжлээ сонгоно гэдэг хүний амьдралын чухал шийдвэрүүдийн нэг мөн боловч өнөө цагт хүн хүссэнээрээ карьераа өөрчлөх боломжтой болсон нь бас үнэн. 

2023 онд хийгдсэн, 1000 төгсөгчийг хамарсан нэгэн асуулгын дүнгээр, тэдний талаас илүү хувь нь сурсан мэргэжлээсээ өөр чиглэлд ажиллаж байгаа хэмээсэн нь үүний нэгэн нотолгоо болов уу.

Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж, мэргэжлээ сонгох эгзэгтэй мөчид тулж ирээд буй хэн бүрд зориулж, тэр бүр түгээмэл байдаггүй, ховор, сонирхолтой зургаан мэргэжлийг энэхүү нийтлэлээрээ хүргэж байна. Эдгээр нь цөм дотоодын их сургуулиудад идэвхтэй хэрэгжиж байгаа бакалаврын түвшний хөтөлбөрүүд бөгөөд зарим нь ганцхан их сургуульд, зарим нь хэд хэдэн их сургуульд байдаг. Иймд бид зөвхөн нэг их сургуулийн хөтөлбөрийг төлөөлөл болгон сонгосон гэдгийг дуулгая.


1. СУИС: ТҮҮХ СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧ

  • Хөтөлбөрийн нэр: Соёлын биет өвийн хамгаалалт, хадгалалтын технологи
  • ЭЕШ-ын босго оноо: Суурь хичээл – Математик, Физик /490 оноо/, Дагалдах хичээл – Түүх, Нийгэм судлал /450 оноо/
  • Боломжит ажлын байр: Соёлын салбарын байгууллагууд, музей, түүх археологийн байгууллагууд

Улс орон бүрд соёлын биет өвийг хадгалж хамгаалах, эвдэрч гэмтсэн бол дахин засварлах ажил хийгддэг. Үүнийг гардан гүйцэтгэх хүнийг “соёлын биет өвийг сэргээн засварлагч” гэдэг. Энэ төрлийн хөтөлбөрт суралцсанаар соёлын өвийн болон түүх, археологи, материал судлал зэрэг хавсарсан шинжлэх ухааны суурь мэдлэгийг эзэмшиж, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн анхан шатны туршилт, судалгаа хийх чадвартай болдог байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл


2. МУИС: ГЕОФИЗИКЧ

  • Хөтөлбөрийн нэр: Геофизик
  • ЭЕШ-ын босго оноо: Суурь хичээл – Математик, Физик /490 оноо/, Дагалдах хичээл – Газар зүй, Англи хэл /490 оноо/
  • Судлах кредит: 122
  • Боломжит ажлын байр: Одон орон, геофизикийн хүрээлэн; Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар; их сургуулиуд, геофизикийн гадаад, дотоод компаниуд; уул уурхай, зам гүүр, барилга, архитектурын компаниудад геофизикийн инженер

Манай улсын уул уурхайн салбар нь ДНБ-ий 28 хувь, нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг дангаар бүрдүүлдэг. Судалгаагаар, 2018 онд л гэхэд уул уурхайн салбар нь эдийн засгийн 17 салбарт 30,544 байнгын болон түр ажлын байрыг бий болгосон байна. Цаашлаад, тус судалгаанд “Уул уурхайн салбарын хөгжил дэвшил нь Монголын эдийн засгийн тэлэлтэд хүчтэй нэмэр оруулсан. Эдийн засгийн гадаад, дотоод орчин нөхцөл тогтвортой байгаа үед нэг хүнд ногдох уул уурхайн салбарын бодит ДНБ цаашид өсөх хандлагатай” хэмээн дүгнэсэн байгааг онцлууштай.

Тэгвэл энэ салбарт чухал хувь нэмэртэй нэгэн мэргэжил бол “геофизикч” юм. Дэлхийн дотоод цөмөөс сансар огторгуйн од гараг хүртэл бүхий л биетийн физик шинж чанарыг судалдаг шинжлэх ухааны салбарыг геофизик гэдэг. Дэлхийн бүтэц, хэлбэр хэмжээ, газар хөдлөлт, гүний судалгааг геофизикчид хийх бөгөөд ингэхийн тулд физик, математик, геологи, компьютерын шинжлэх ухаанд тулгуурладаг байна. Сүүлийн үед Монгол оронд бага гүний илэрцтэй ордууд дуусаж, их гүний буюу зөвхөн геофизикчид нээх ордууд үлдээд байгаа бөгөөд тийм ч учраас энэ салбарт геофизикчид улам эрэлттэй болоод буй.

Дэлгэрэнгүй мэдээлэл


3. ШУТИС: РОБОТ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН /ХӨТӨЛБӨР/

  • ЭЕШ-ын босго оноо: Суурь хичээл – Математик, Физик /490 оноо/, Дагалдах хичээл – Нийгэм судлал, Англи хэл /490 оноо/
  • Суралцах хугацаа: 4 жил
  • Судлах кредит: 128
  • Боломжит ажлын байр: Робот системийн инженер; робот, эмбэддэд систем хөгжүүлэгч; робот системийн програм хангамжийн инженер; электроникийн инженер; автоматжуулалтын инженер; эмбэддэд системийн инженер; электрон системийг зохион бүтээгч; ᠋᠋профессор багш, судлаач, эрдэмтэн; зохион бүтээгч инженер; бүх салбарын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч мэргэшсэн инженер

Түүхэн цаг хугацаанаас хиймэл оюуны үр хөврөлийг нэхэн эрвэл 1940-өөд онтой золгоно. Хэдийгээр хиймэл оюун гэдэг нэр томьёо 1956 оноос эхлэлтэй ч "бодож сэтгэдэг" технологийн талаарх ойлголт тэрнээс ч өмнө үүссэн байдаг. Америкийн инженер, зохион бүтээгч Ванневар Буш 1945 онд "Бидний бодож байгаагаар" хэмээх нэртэй нэгэн эсээ хэвлүүлжээ. Тэрхүү эсээнд ирээдүйг зөгнөсөн аятай, эх захгүй их мэдээллийг эмхлэх олон технологийн санааг дэвшүүлсэн байдаг. Тухайн үед санаа төдий байсан зүйл өдгөө бидний амьдралыг хэдий чинээ өөрчилж байгааг та бид харж байна. Цаашдаа ч өөрчилсөөр байх бөгөөд түүний нэг илрэл нь хиймэл оюун ойрын хугацаанд 300 сая ажлын байрыг устгах эсвэл орлоно гэсэн тооцоолол юм.

Санал болгох: Хиймэл оюуныг A-Я үсэгт

Харин роботыг хийх санаа хүн төрөлхтөнд хэдэн мянган жилийн өмнөөс л төрж эхэлсэн бөгөөд хамгийн тод жишээ нь Леонардо Да Винчигийн робот билээ. Тэр цаг үеэс технологийн хувьд сайжирсаар өдгөө шал угааж, машин барих зэрэг өдөр тутмын ажлаас авхуулаад үйлдвэрт эд анги угсарч, тэсрэх бөмбөг илрүүлж, мэс засал хийж, далайд шумбаж байна.

Санал болгох: Тесла Оптимус + Хүн дүрст роботын өнгөрсөн ба ирээдүй

Дээрх хоёр технологид суралцахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг заах “Робот ба хиймэл оюун ухаан” хөтөлбөр ШУТИС-д элсэлт авдаг бөгөөд ухаалаг удирдлагын системийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион бүтээх мэдлэгтэй инженер бэлтгэхийг зорьдог байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл


4. МУИС: МУЛЬТИМЕДИА ТЕХНОЛОГИ /ХӨТӨЛБӨР/

  • ЭЕШ-ын босго оноо: Суурь хичээл – Математик, Физик /490 оноо/, Дагалдах хичээл – Нийгэм судлал, Англи хэл /490 оноо/
  • Суралцах хугацаа: 4 жил
  • Судлах кредит: 126
  • Боломжит ажлын байр: Мультимедиа дизайнер, видео эвлүүлэгч, 2D/3D график дизайнер, AR/VR хөгжүүлэгч, анимэйшн хөгжүүлэгч, студийн инженер, телевизийн инженер, дууны инженер гэх мэт.

“The HU” хамтлаг метаверс дээр тоглолтоо хийж байсныг санаж байна уу? Бидний амьдрал, хүн хоорондын харилцаанд хэдийн нэвтэрсэн метаверс буюу олон хэмжээст виртуал ертөнц нь сошиал медиа, онлайн тоглоом, AR, VR зэргийг дотроо багтаадаг. Тэгвэл энэхүү виртуал ертөнцөд зориулсан төрөл бүрийн дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэх мэргэжилтнийг тус хөтөлбөрөөр бэлтгэдэг байна. Хөтөлбөрийн хүрээнд, мультимедиа технологи, дизайн, програмчлал, веб, мэдээлэл түгээлт, зураг, дүрс, видео, дууны талаар суурь мэдлэг эзэмшиж, өндөр чанартай мультимедиа бүтээгдэхүүн бүтээхэд шаардлагатай ур чадварт суралцах аж.

Дэлгэрэнгүй мэдээлэл


5. ХААИС: МОРИН СПОРТЫН МЕНЕЖЕР

  • Хөтөлбөрийн нэр: Морин спорт
  • ЭЕШ-ын босго оноо: Нийгэм судлал, Монгол хэл /480 оноо/
  • Ур чадварын шалгалт: Өгөгдсөн сэдвүүдээс сонгон эсээ бичих
  • Суралцах хугацаа: 4 жил
  • Боломжит ажлын байр: адуу үржүүлэг, технологийн нэгжид удирдах ажилтан, мэргэжилтэн; төрийн болон төрийн бус байгууллагад удирдах ажилтан, мэргэжилтэн; морин тойруулга, морин спортын цогцолбор, төвийн менежер, мэргэжилтэн; Япон, БНХАУ зэрэг гадаад оронд морин спортын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, мэргэжилтэн; олон улсын болон дотоодын сургалт, судалгааны байгууллагад судлаач, сургагч багш

Адууг уналга ачлага, цэрэг дайны хэрэгсэл төдийгүй баяр цэнгэлийн нэгэн хэрэгсэл болгосон нь даруй Хүннүгийн үеэс эхтэй хэмээн зарим судлаачид үздэг. Учир нь Сы-Ма Цины тэмдэглэлд, хүннүчүүд намарт цуглан, өвөг дээдэс, тэнгэр, газар, чөтгөр сахиусыг тахих буюу хүн ам, мал унаагаа бүртгэн үзэж, хуримлан найрлаж морь давхиулан, тэмээ уралдан нааддаг гэж өгүүлсэн нь бий. Энэ соёл цаг хугацааны шуурганд тасралгүйгээр өнөө бидэнд уламжлагдан ирсэн бөгөөд саяхан Монгол Улсын санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг жил бүрийн 7-р сарын 11-ний өдөр тэмдэглэхээр болсон билээ.

Энэ уламжлалыг цааш үргэлжлүүлэхийн сацуу шинжлэх ухааны нотолгоонд үндэслэж мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах хүсэлтэй хүмүүст ХААИС-ийн “Морин спорт” хөтөлбөрийг санал болгож байна. Тус хөтөлбөрт элссэнээр, адууны аж ахуй эрхлэх, адууг арчлах, маллах, тэжээх, үржүүлэх, шинжих, шилэн сонгох, дасгал сургуулилт хийлгэх, уяа засал хийх, үнэлэх, шүдлэх, зүслэх, тоноглох, уралдуулах, уралдааны дараах арчилгаа нөхөн сэргээлт хийх, морин спорт зохион байгуулах, тайлбарлах, цоллох, унаачийг бэлтгэх, сонгох, аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээг авч явуулах, мэргэжлийн ур чадваруудыг олгодог байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл


6. СЭЗИС: ЭНТРЕПРЕНЕРШИП /ХӨТӨЛБӨР/

  • Судлах кредит: 120
  • ЭЕШ-ын босго оноо: Нийгэм судлал, Математикийн дундаж /580/
  • Суралцах хугацаа: 3 жил

Сургуулиа төгсөхөөс өмнө гарааны бизнестэй болох боломжийг олгодог хөтөлбөр Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд бий. Тус хөтөлбөрийг “Энтрепренершип” гэдэг бөгөөд нийт гурван жилийн хугацаанд бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг горилохын сацуу практикт суурилсан хөтөлбөрийн дагуу академик болон бизнесийн зөвлөх багш нараас суралцахыг энэхүү хөтөлбөр санал болгодог байна.
Уламжлалт сургалтын хөтөлбөрөөс ялгаатай нь бодит кейс дээр ажиллаж, төсөл хэрэгжүүлэх замаар Монголын өнөөгийн нөхцөлд тулгардаг бэрхшээлүүдтэй нүүр тулж, асуудал шийдвэрлэх ур чадварыг эзэмших боломжтой аж.

Тус хөтөлбөрийн ахлагч Б.Мөнхзаяагийн хэлснээр, бизнес эрхлэх сонирхолтой хүнд, групп компанийн бизнес хөгжил хариуцан ажиллах хүнд, эсвэл гэр бүлийн бизнесээ өвлөн авах гэж буй хүмүүст энэ хөтөлбөр тохиромжтой гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Санал болгох: СЭЗИС - Энтрепренершип бакалаврын хөтөлбөр


Сонирхуулахад, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон “Монголын Электрон Спортын Холбоо” ТББ, “ИФАЙВ ХАБ” ХХК нар хамтран и-спорт менежментийн нэг жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөр нь электрон спортын боловсролыг академик түвшинд эзэмшүүлэх зорилготой бөгөөд тус хөтөлбөрт элсэгчид и-спорт менежментийн маркетинг хийх, үйл ажиллагаа зохион байгуулж сурахын сацуу медиа контент, стриминг шууд дамжуулалтын талаар мэдлэгтэй болох аж.

Дэлгэрэнгүй мэдээлэл