Өнгөрсөн долоо хоногт Тесла компани хоёр дахь удаагийн AI Day арга хэмжээгээ зохион байгуулж, олон сонирхолтой зүйл танилцуулсны дотор олны анхаарлыг хамгийн ихээр татсан нь гарцаагүй Оптимус (Optimus) нэртэй хүн дүрст робот байв. Тус робот нь гурваас таван жилийн дараа 20,000 орчим ам.долларын үнээр хэрэглэгчдийн гарт очих аж.
https://t.co/EzxImHtqBP
Sat Oct 01 03:04:39 +0000 2022
Арга хэмжээний үеэр Оптимусыг ачаа зөөх, цэцэг услах зэрэг өдөр тутмын ажлуудыг гүйцэтгэж буй дүрсийг мөн харуулсан бөгөөд ийм чадвартай робот бүтээхэд ердөө хагас жилийг зарцуулсан гэнэ.
Түүний дараа Оптимус роботын хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байгаа хувилбарыг харуулсан юм. Хэдийгээр тус загвар нь өмнөхөөсөө үзэмжийн хувьд илүү ч хараахан бүрэн ажиллагаатай болгож амжаагүй байгаа гэжээ.

Элон Маск энэхүү роботоо ирээдүйд цахилгаан автомашины бизнесээс ч том болох магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд “Оптимусыг соёл иргэншлийг сууриар нь өөрчлөх өөрчлөлт байх болно” хэмээн дурджээ.
https://t.co/PHa7kKhFoT
Sat Oct 01 03:08:48 +0000 2022
Роботын үүсэл гарал
Хиймэл оюун ухаанаар удирдуулсан, хүнтэй адил харагдах робот хүн дүрст робот гэнэт л гараад ирээгүй. Түүхийн баримтуудыг харвал хүн төрөлхтөн эрт дээр үеэс л хийж буй ажлаа автоматжуулж болох талаар боддог байсан бололтой.
Манай эриний өмнөх 3-р зуунд Хятадын философич Лие Юкоугийн Liezi бичигт нэгэн зохион бүтээгч улсынхаа эзэн хаанд арьс, модноос бүтсэн алхаж, дуулж чаддаг хүн дүрст робот бүтээж өгсөн тухай гардаг. Түүнээс хойш хэдэн зуун жилийн дараа, манай эриний 50 онд Грекийн математикч Hero of Alexandria зочдодоо автоматаар дарс хундагалж өгдөг машиныг дүрсэлжээ.
Ийнхүү 2000 жилийн тэртээгээс роботын талаар бодож эхэлсэн ч роботууд 1400 оноос бодит биеллээ олж эхэлсэн байдаг. Хамгийн том жишээ нь 1495 онд алдарт Леонардо да Винчигийн бүтээсэн “Leonardo's robot” юм. Хэдийгээр уг робот бүрэн бүтнээрээ олдоогүй ч тухайн үедээ босож, сууж, гараах хөдөлгөх чадвар байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

1921 онд Чехийн зохиолч Карел Чапек Польш хэлний ажил, хөдөлмөр гэсэн утгатай “robota” гэсэн үгнээс санаа авсан “robot” гэх үгийг зохиожээ. Сонирхуулахад, 1942 онд зохиолч Исаак Азимов “Runaround" нэртэй богино өгүүллэгтээ “Three Laws of Robotics” буюу Роботын гурван хуулийг дурдсан байдаг.
Нэгдүгээр хууль: Робот хүнийг гэмтээх болон гэмтэх нөхцөлд оруулж болохгүй.
Хоёрдугаар хууль: Робот хүний өгсөн, Эхний хуультай зөрчилдөхгүй бүх үүргийг биелүүлэх ёстой.
Гуравдугаар хууль: Нэгдүгээр болон Хоёрдугаар хуультай зөрчилдөхгүй бол робот өөрийгөө хамгаалах ёстой.

Үүнээс хойш робот гэх ойлголт кино урлаг, ном зохиолд өргөнөөр ашиглагдаж бараг л хүн бүрийн мэддэг зүйл болж хувирсан юм. 2010 оноос роботууд үйлдвэр, үйлчилгээ зэргээр хүний ажлыг асар олноороо орлож эхэлсэн ч Тесла Оптимус шиг хямд үнээр олныг үйлдвэрлэх боломжтой анхны хүн дүрс робот бараг л байхгүй.
Роботуудын ирээдүй
Хүн төрөлхтөн эхлээд галыг нээж илрүүлчхээд дараа нь хор уршгийг нь дарах гэж гал унтраагч зохион бүтээсэн гэдэг шиг бүх нээлт үргэлж сайн үр дүн авчирдаггүй, араасаа шинэ асуудлуудыг дагуулдаг. Роботуудтай холбоотой анхны хуульд л гэхэд хүнийг гэмтээж болохгүй гэсэн заалт хамгийн чухал байгааг харвал роботуудыг хүн төрөлхтөн үргэлж сайнаар харж байгаагүй бололтой.
DART: Дэлхийг солироос аврах анхны туршилт амжилттай болов нийтлэлдээ дурдаж байсанчлан Оксфордын их сургуулиас дэлхийг сүйрүүлж болох 12 үйл явдлыг, тэдгээрийн тохиох магадлалын хамтаар тодорхойлоход Хиймэл оюун ухаан 0-10% гэсэн үнэлгээ авсан юм.
Товчхондоо, хүн дүрст ухаалаг роботуудыг бодит болгож буй хиймэл оюун ухаан гэх технологийг тун анхааралтай хөгжүүлэхгүй бол "тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ" гэх зүйр үг бодит болох ч магадлал бий. Элон Маск хүртэл хиймэл оюун ухаан цөмийн зэвсгээс илүү аюултай байх магадлалтай хэмээн жиргэж байсан удаатай.
Worth reading Superintelligence by Bostrom. We need to be super careful with AI. Potentially more dangerous than nukes.
Sun Aug 03 02:33:24 +0000 2014
Роботуудын үүсэл гарал, одоогийн нөхцөл байдлыг харвал уран зөгнөлт кинонд гардаг шиг ухаалаг роботуудтай хамтран амьдрах цаг хаяанд ирснийг мэдэж болно. Хэдийгээр роботууд улам ухаалаг болж, олон ажлыг орлон эерэг үр дүнг гаргасаар байгаа ч түүнийг дагаад учирч болох сөрөг талуудыг ч гэсэн тооцоолж байх ёстой болов уу.

