Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд шинээр нээгдэж буй Энтрепренершип бакалаврын хөтөлбөрийг энэ долоо хоногийн нийтлэлээрээ онцолж байна. Бакалаврын сургалтын стратегидаа шинэчлэлт хийгээд буй СЭЗИС гурван жилийн хугацаатай, менторууд удирдан тэр чигтээ практикт суурилах, уламжлалт бус цоо шинэ Энтрепренершип бакалаврын хөтөлбөртөө элсэлт авч эхэлжээ. Ингээд шинэ хөтөлбөрийн талаар СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, Доктор Б.Мөнхзаяатай ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

Нэр: Энтрепренершип бакалаврын хөтөлбөр
Хаяг: БЗД 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 5
Чиглэл: Боловсрол
Хөгжүүлэгч: Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
Хөтөлбөр эхэлсэн хугацаа: 2022 он
Холбоос: ufe.edu.mn (Вэб), Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics (Фэйсбүүк)


СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, Доктор Б.Мөнхзаяа


сэдэл

Бид зах зээлийн эрэлт, хэрэгцээнд үндэслэн Энтрепренершип бакалаврын хөтөлбөрийг эхлүүлэхээр шийдсэн. Ажил олгогчид нь бүтээлч, шинийг санаачлагч, асуудал шийдвэрлэх чадвартай, бэрхшээлийг боломж болгож хардаг, хурдацтай хөгжиж буй орчинд дасан зохицож ажиллах чадвартай боловсон хүчнийг хүсэж байна. Эдгээр ур чадварыг олгохын тулд хичээлийн хөтөлбөр, заах арга зүй, сургалтын орчин гээд олон зүйлд шинэчлэлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Олон улсад бакалаврын хөтөлбөр 3-3.5 жил рүү шилжээд эхэллээ. Оюутнууд ч богино хугацаанд сурах эрмэлзэлтэй байдаг. Түүнчлэн Монгол Улсын өсөж буй эдийн засагт бизнес эрхлэх ур чадвартай хүмүүсийн хэрэгцээ их байгаа гэх мэтчилэн шинэчлэлт хийх шаардлагуудтай тулгарлаа. Тийм учраас СЭЗИС шинэчилсэн стратегийн зорилгодоо хүрэхийн тулд 2022 оны 5 сард хөтөлбөрөө шинэчилж, түүнийгээ “Бакалавр 2.0” гэж нэрлэн олон нийтэд танилцуулсан. Уг ажлын нэг хэсэг нь энэхүү “Энтрепренершип” хөтөлбөр юм.

Энтрепренер гэх нэр томьёо манай улсад харьцангуй шинэлэг. Хүмүүс гарааны бизнес бүтээгч гэж л ойлгодог. Гэтэл энтрепренершипийг олон түвшинд авч үзэж болно. Гарааны бизнес эрхлэхээс гадна байгууллагад шинэ бизнес хөгжүүлэх, үндсэн бизнесийг шинэчлэх, хөгжүүлэх гэх мэт энтрепренерийн олон төрөл бий. Үндсэн бизнес нь төлөвлөгөөний дагуу ажиллаж байхад, тухайн бизнесийг өргөжүүлэх асуудал дээр тусдаа баг ажилладаг. Түүнчлэн "Корпорати Энтрепренершип" буюу байгууллагууд дотоод хязгаарлагдмал нөөцөө бие биедээ хуваалцан хамтдаа хөгжих, үнэ цэн бүтээх олон улсын жишиг байдаг.

Манай сургуулийн эрхэм зорилго бол олон улсын жишигт нийцсэн дижитал, энтрепренер сургууль болох юм. Дижитал, энтрепренер сургууль болохын тулд технологийг сургалтын үйл ажиллагаандаа ашиглан бакалавр, магистр гээд бүхий л түвшинд ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч байна.



ялгарал

Уламжлалт сургалтын зарчим нь энтрепренер ур чадвартай боловсон хүчнийг бэлдэхэд тохиромжгүй гэж бид үзсэн учир шинэ хөтөлбөр маань зорилго, олгож буй мэдлэг, ур чадвар, заах арга барилын хувьд уламжлалт сургалтаас ихээхэн ялгаатай. Уг хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай. Мөн менторууд хичээл орох бөгөөд багш нар зөвхөн багаараа хамтарч хичээлүүдээ заах юм. Жишээлбэл, нягтлан бодох бүртгэл, санхүү менежментийн хичээлийг хоёр багш тусдаа заадаг байсан бол энэ хөтөлбөрт "team teaching" хэлбэрээр буюу багаараа хичээл заан нэг агуулгыг цогцоор нь олгож, богино хугацаанд үр дүнд хүргэх боломж олгоно. Түүнээс гадна тодорхой бодит амьдрал, зах зээлд тулгардаг асуудалд суурилсан буюу problem-based learning хэмээх сургалтын арга зүйгээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэсэн.

Уламжлалт сургалтын хөтөлбөрүүд ихэвчлэн онолын сурах бичиг дээр суурилдаг. Харин шинэ хөтөлбөрийн хувьд шалгалт өгөхгүй, бодит кейс дээр ажиллаж, төсөл хэрэгжүүлнэ. Нэг семестрт үзсэн 4-5 хичээлээс эзэмшсэн мэдлэг, ур чадваруудаа нэгтгээд нэг төсөл дээр ажиллаж, түүнийгээ хамгаалах гэх мэт зарчмаар явагдах юм. Ингэснээр яг л монголын өнөөгийн нөхцөлд тулгардаг бэрхшээлүүдтэй нүүр тулах учир асуудал шийдвэрлэх ур чадварыг эзэмшинэ гэж харж байна. Менторууд болон багш нараар заалгасан мэдлэгээ тухай бүрд нь хэрэгжүүлээд явах юм.

Өөр нэг онцлог нь энтрепренер оюутнууд өөрсдөө компани байгуулан, өөрсдийн компанидаа дадлага хийх боломжийг олгоно. Мөн дадлагын ажилд гадаад болон дотоодын бизнесүүдтэй танилцах аялал-сургалт багтсан билээ. Уг аялал-сургалтын зохион байгуулалтыг сургууль хариуцна.

Түүнчлэн гурван жил суралцсаны эцэст төгсөх, үргэлжлүүлэн хоёр чиглэлийн аль нэгээр мэргэших зэрэг сонголтууд бий. Старт-ап Энтрепренершип буюу өөрийн бизнесээ эхлүүлж, тухайн процесстой холбоотой асуудлууд дээр нэг жилийн хугацаанд багш, менторуудаасаа зөвлөгөө аван цааш өргөжүүлэх боломжтой.

Аль эсвэл нэг жилийн турш Корпорати Энтрепренершип чиглэлээр мэргэшээд бизнесийн байгууллагуудад цалинтай дадлага хийх, ажиллах боломжтой. Ийнхүү нэг оюутанд олон хүн төвлөрч ажилласнаар оюутнууд богино хугацаанд үр дүнтэйгээр практик ур чадваруудыг эзэмшинэ гэж харж байна.

Гэр бүлийн бизнесээ өвлүүлж үлдээх сонирхолтой эцэг эхчүүд цөөнгүй байдаг. Энтрепренершип хөтөлбөр маань гэр бүлийн бизнесээ өвлөн авах гэж буй хүмүүст их тохиромжтой. Гэр бүлийн бизнесээ хөгжүүлэнгээ суралцаад явна гэсэн үг. Мөн өөрөө бизнес эрхлэх сонирхолтой залууст энэхүү хөтөлбөр тохирно. Түүнчлэн томоохон групп компаниудад бизнес хөгжил хариуцаж ажиллах сонирхолтой хүмүүст бас тохиромжтой.

Энтрепренершип хөтөлбөрийн бас нэг онцлог нь хэрхэн инновац нэвтрүүлж, шинэлэг, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загвар хөгжүүлэхэд төвлөрөх явдал юм. Бидний зүгээс уг хөтөлбөрийн хүрээнд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бизнесийг үүсгэн байгуулагчдыг бэлтгэхэд түлхүү анхаарна. Түүнчлэн хөтөлбөрийг оюутнуудад зөвхөн бизнес, технологийн орчин үеийн мэдлэг, чадвар олгохоос гадна хувь хүний хөгжилд нь давхар анхаарахаар зохион байгуулсан билээ.



ЭНТРЕПРЕНЕРШИП ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ

Асуудал, бэрхшээлийг боломж болгож хардаг, дижитал технологийг ашиглан бүхий л оролцогч талуудад үнэ цэнтэй, инновацилаг бизнесийн загварыг бүтээдэг, бизнесийн өсөлтийг бий болгох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, өндөр ёс суртахуунтай, манлайлагчдыг бэлтгэх хөтөлбөр.

одоо

Энтрепренершип, бизнесийн чиглэлээр мэргэшиж байгаа хорь гаруй багшаас бүрдсэн баг энэхүү хөтөлбөр дээр ажиллаж байна. Олон улсад хэрэгжүүлдэг энэ төрлийн хөтөлбөр, зах зээлийн онцлог дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулсан. Одоогоор элсэлтээ авч, намраас хичээл заах бэлтгэлээ хийж байна. Энтрепренершип хөтөлбөртөө энэ жил хоёр анги авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

СЭЗИС-ийн элсэлт орон даяар зургаадугаар сарын 29-ний өдрөөс долдугаар сарын нэгний хооронд явагдана. Энэхүү хөтөлбөр нь математик, англи хэлний ЭЕШ-ийн оноо 620-иос дээш байх шалгууртай. Зөвхөн ЭЕШ-ийн оноо гэлтгүй ур чадварын шалгалтыг ярилцлагын хэлбэрээр авдаг. Энэ нь оюутанд нэмэлт оноо авах боломжийг олгоно. СЭЗИС-ийн нэгдсэн жагсаалтад өндөр оноо авсан хүүхдүүд түрүүлж ангиа сонгох юм. Онооны эрэмбэ энэ хөтөлбөрийг сонгоход чухал тул ур чадварын шалгалтаа эрт өгөөд ярилцлагад ороход бэлэн байх хэрэгтэй. Хөдөө орон нутагт байгаа болон биеэр ирэх боломжгүй хүмүүс цахимаар ярилцлага өгч болно. Мөн элсэлтийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл авах, эсвэл сонирхсон асуултаа "UFE Connect” онлайн оффисоос авах боломжтой.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудсаас аваарай.



баг

Миний бие хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байна. Манай баг 20 гаруй багшаас гадна Австрали улсад Энтрепренершип ба инновацийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, энэхүү салбарын эрдэмтэн судлаач, дэд профессор Г.Батхуяг зөвлөхөөр ажилладаг. Тэрээр СЭЗИС-ийн магистрын хөтөлбөрийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж, энэ жил анхны төгсөлтөө хийсэн. Бидэнд 2019 оноос Энтрепренершип ба инновацийн магистрын хөтөлбөр, 2020 оноос Инкубатор хөтөлбөр буюу “Оюутан бус бизнес элсүүлдэг” хөтөлбөрийг СЭЗИС дээр амжилттай хэрэгжүүлээд явж буй туршлага бий.

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс багш нараа энэ чиглэлээр сургах, менторын арга барил эзэмшүүлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэж байна. Оюутнууд болон багийн гишүүдээ тогтвортой ажиллуулах үүднээс "Энтрепренер Академи"-ийг удахгүй байгуулна. Энтрепренершип хөтөлбөрт суралцаж буй оюутнууд, төгсөгчид болон хичээл зааж байгаа багш нар нэгдэн энэхүү академиа байгуулах юм. Академийн гишүүд насан туршдаа хоорондоо холбоотой, хамтын ажиллагаатай байна гэж хардаг. Дэлхийн аль ч улсад бизнесээ хөгжүүлэхэд "networking" маш чухал байдаг. Үүнийг академи маань бий болгоно гэдэгт итгэлтэй дүүрэн байна.

Түүнчлэн оюутнуудын үүсгэн байгуулах компанийн тодорхой хувийг академи эзэмших юм. Гарааны бизнесүүдээ амжилттай явуулахын төлөө академи өөрөө ажиллана гэсэн зарчимтай. Оюутнуудыг элсүүлж аваад, компани байгуулаад хаячих биш эргээд академиасаа насан туршийн зөвлөгөө, мэдээлэл авах, хүсвэл ментор авах боломж олгоно.

ирээдүй

Энтрепренершип хөтөлбөрөө олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөө бий. Одоогоор 19 орны 40 гаруй их сургууль, институттэй хамтарч ажилладаг. Эдгээр сургуулиудтай Энтрепренершип хөтөлбөрөө холбох, Монголоор хязгаарлагдахгүй олон улсын компани байгуулах боломжийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Түүнчлэн сургалтын зарим хэсгийг англи хэл дээр явуулах, оюутнууд англи хэлээр төсөл бичих, хамгаалах зэргээр хэлний мэдлэгээ практикт хэрэгжүүлэх бодит боломж олгоно.



эрсдэл

Дэлхий нийтээр тулгарсан гол асуудал бол цар тахал. Коронавирустэй холбоотойгоор сургалтын үйл ажиллагаа 100 хувь цахимд шилжих шаардлага үүссэн. Хоёр жил орчим цахимаар амжилттай хичээлүүдээ орж, сургалтаа тасралтгүй явуулсны эцэст энэ оны хоёрдугаар сараас эргээд 100 хувь танхимын сургалт руу шилжлээ. Ингэснээр оюутнуудаа дахин танхимын сургалт руу, амьд харилцаа руу чиглүүлэх цоо шинэ бэрхшээлтэй тулгарсан. Сүүлийн жилийн төгсөгчдөд албан харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх байдал, багаараа хамтарч ажиллах гэх мэтчилэн өмнө нь байгаагүй шинэ бэрхшээлүүд үүссэн юм. Албан харилцааг цахим болон танхимын орчинд аль алинд нь үр дүнтэй хэрэгжүүлэх ур чадварыг бий болгох нь бидний хувьд шинэ сорилт байна.

Түүнчлэн Энтрепренершип хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахын тулд оюутнуудыг анх элсэж орсон шиг нь өөдрөг байх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх тууштай зан чанарыг суулгах, аливаа асуудалд шантрахгүй байх, улам урагш тэмүүлдэг урам зоригтой байх тал дээр сэтгэлзүйн хувьд бэлдэх нь бидний хувьд шинэ сорилт болох болов уу.