2019 оноос хойш цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор түр завсарлаад байсан Монголын эдийн засгийн чуулган “Шинэ сэргэлт” уриан дор Төрийн ордноо 2022 оны 4-р сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт нийт 16 яам болон холбогдох байгууллагуудаас оролцон ажиллажээ.
Чуулганы хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулсан ба төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын 1,000 гаруй төлөөлөгч нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн энэхүү хоёр өдрийн арга хэмжээг тоймлон хүргэж байна.

Эхлэхийн өмнө: “Шинэ сэргэлтийн бодлого” гэж юу вэ?
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12-р сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дараах байдлаар тодорхойлон баталсан.
“Шинэ сэргэлтийн бодлого” нь Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр болон хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа юм. Тус хязгаарлагчид нь:
- Эрчим хүчний сэргэлт
- Боомтын сэргэлт
- Аж үйлдвэржилтийн сэргэлт
- Хот, хөдөөгийн сэргэлт
- Ногоон хөгжлийн сэргэлт
- Төрийн бүтээмжийн сэргэлт зэрэг хүчин зүйлс ажээ.
Чуулганаар юу хэлэлцэв?
Энэ оны 3-р сарын 21-нээс 30-ны өдрүүдэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтын хүрээнд салбар бүрийн төлөөллийг оролцуулсан чуулганы урьдчилсан хэлэлцүүлгүүд болж өнгөрсөн. Тус хэлэлцүүлгүүдээс гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн энэ удаагийн эдийн засгийн чуулганаар хуралдсан билээ.
Өмнөх жилүүдийн эдийн засгийн чуулгатай харьцуулахад зорилго, ирээдүйн чиг хандлагаас гадна төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шийдэл, цаашид хийгдэх ажил хэрэгт чиглэсэн уулзалт, хэлэлцүүлгүүд түлхүү болсноороо ялгарч байв.

Эдийн засгийн чуулганы эхний өдөр Дэлхийн Банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Марселло Эстевао хүндэт зочноор уригдан оролцож, үндсэн илтгэлийг тавьсан юм. Хоёр дахь өдрийг Бостон Консалтинг Группийн партнер Майкл Макадуу-ийн илтгэлээр нээснээр гаднын мэргэжилтнүүд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж буйтай танилцах завшаан тохиолоо.
... Монголын хувьд уул уурхайн олборлолт, нийлүүлэлтээс боловсруулалт руу шилжих хэрэгтэй байна.
Марселло Эстевао
Эдийн засгийн чуулганаар хоёр өдрийн турш төрийн бүтээмж, тээвэр логистик, үнэ ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо, хөрөнгө оруулалтын орчин, төр хувийн хэвшлийн түншлэл, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил гэх мэт сэдвүүдээр нийт гурван үндсэн илтгэл, дөрвөн нэгдсэн хуралдаан, 12 салбар хуралдаан болж өнгөрлөө. Бидний зүгээс дараах хуралдааныг онцлон, хэлэлцүүлгийн тоймыг хүргэж байна.
Малчны хотноос цахим үндэстэн болох нь
Хоёр өдрийн 20 гаруй хуралдаанаас хамгийн сонирхолтой, эрч хүч, хүсэл зориг мэдрэгдсэн, цагийг ягштал мөрдсөн, багагүй хөгжөөнтэй хэлэлцүүлэг болж өрнөсөн нь “Дижитал шилжилт” сэдэвт салбар хуралдаан байлаа. Модератор В.Баярсайханы нэрлэснээр “технологийн салбарын баатрууд” болон төр, засгийн газрын төлөөллүүд, олон улсын төлөөлөл оролцсон тус хуралдаанаар мэдээллийн технологийн салбарт тулгамдаж буй асуудлуудад шийдэл эрэлхийлж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чиглэлээр хэлэлцсэн юм.

Хуралдааны панелистаар оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд мэдээллийн технологийн салбарын ирээдүйг хүний нөөц бий болгох, мэргэжилтнүүдийг системтэйгээр бага түвшнээс нь эхлэн бэлтгэх, их сургууль, коллеж, цаашлаад Монголын "Silicon Valley"-г бий болгох алсын хараатай ажиллаж байгаагаа илэрхийлсэн нь одоогийн болон ирээдүйн мэргэжилтнүүдэд дуулгах сайхан мэдээ байв.
Түүнчлэн нийт зардлын 80 хувийг хүний нөөцийн зардал бүрдүүлдэг онцлогтой тус салбарыг цар тахлын сөрөг нөлөө, олон улсын геополитикийн тогтворгүй байдал, хил гаалийн хаалт зэргээс үүдэлтэй валютын ханшийн эрсдлээс ангид орших боломжтой гэдгийг онцолсон юм.
Манай улсын олон улсад нүүр тахалдаг салбар нь мэдээллийн технологийн салбар гэж хардаг. ...Үүний шалтгаан нь мэдээллийн технологийн салбар дахь төрийн оролцоо маш бага байсан явдал юм.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Монгол Улсын Засгийн газрын зүгээс дижитал шилжилтийг дэмжих зорилгоор энэ оны 1-р сард Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан тухай та дуулсан байх. Тус яамны үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн аюулгүй байдал, кибер гэмт хэрэг зэрэг холбогдох эрх зүйн шинэчлэлүүдийг хийж байгаа аж.
Цаашлаад монголчуудын цахим үндэстэн болох гол хүчин зүйл нь үндэсний хиймэл дагуулыг хөөргөх явдал гэж үзэж байгааг илэрхийлэв. Ингэснээр Монгол Улсын 330 сумдыг шилэн кабельд холбох, алслагдсан бүсийн малчин иргэдийг цахимжуулах боломж нээгдэх юм.
Хуралдаанд оролцогчдоос бизнес эрхлэгчид Монгол улсын төр, засгийн газартай бус гадаад орны байгууллагатай хамтран ажиллах нь илүү хурдан шуурхай, амар хялбар байгааг дурдсан юм.
оролцогчдын тав тухтай байдлын төлөө
Эдийн засгийн чуулган тэр чигтээ албан дипломат хэв шинжтэй, цагаан болон цэнхэр өнгө давамгайлсан төрхтэйгээр нийт гурван танхимд явагдаж өнгөрлөө. Хоёрдугаар давхарт чуулганы ивээн тэтгэгчдийн булан байх агаад тэдний танилцуулга, бүтээгдэхүүний дээжийг зочдод санал болгож байв.
Чуулганы явцад зарим үүрэн телефоны сүлжээ тогтворгүй байсныг эс тооцвол техникийн саатал, доголдол гараагүйгээс ажлын хэсэг бэлтгэл ажлаа сайн хангажээ гэх сэтгэгдэлтэй үлдэв. Хэвлэл мэдээллийн хэсгийг тусад нь гаргаж өгснөөр чуулганы бусад оролцогчдод хүндрэл учруулахгүйгээр ярилцлага өгөх, авах боломж бүрдсэн байлаа.

Бүх оролцогчдод “Ногоон хөгжил” сэтгүүл, “Хаан найрал” эмхэтгэл, Эдийн засгийн чуулганы нэрийн дэвтэр, үзэг, даавуун цүнх бүхий гарын бэлгээс гадна хоёр дахь өдрийн үндсэн хуралдааны үеэр Соёлын Яамнаас эрхлэн гаргасан “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаа”-г хүргэсэн юм.
төрийн үйл ажиллагааг таны гарт
Чуулганы хоёр дахь өдрийн үндсэн илтгэлийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын шинэчлэлийн “Цахим Парламент” буюу “D Parliament” төслийг танилцуулав. Төслийн суурь систем 4-р сарын 5-ны өдөр нийтэд нээлтээ хийжээ. Тус төслийн хүрээнд ард иргэд, хувийн хэвшлүүд аливаа төрийн үйл хэрэгт буюу хууль боловсруулах үйл ажиллагаанд шууд оролцох, хүсэлт өгөх, өргөдөл, гомдол хүргүүлэх, санал асуулгад оролцох боломж бүрдэх юм. Мөн "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийг цахим хэлбэрээр гаргах бөгөөд төрийн хэлэлцүүлгийн бүх шатны үйл явцыг ил тод мэдээлэх ажээ.
УИХ-ын даргын хэлснээр "ямар ч troll-гүй" уг цахим системд ХУР системийн мэдээллээр зөвхөн иргэдийг бүртгэх тул хуурамч хаяг нээх эрсдэлгүй, иргэдийн өгсөн санал хүсэлт нь хэрэглэгчийн бүртгэлтэйгээ шууд холбоотой байх юм. Иргэд аливаа хуулийн төслийн зүйл заалт бүр дээр Like, Dislike товч дарах, сэтгэгдэл бичих, дагах боломжтой. Цаашид хиймэл оюун ухаан ашиглан хамгийн олон давтагдаж буй санал хүсэлтүүдийг ялгадаг систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тухай дурдлаа.

Ирэх жилийн чуулган хүртэл
Чуулганы хаалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн эдийн засгийн чуулганыг цар тахал, Орос-Украины геополитикийн тодорхойгүй байдлын үеэр улс орныхоо ирээдүйн зорилго, тулгамдаж буй бэрхшээлүүдийг хэлэлцсэн Монголын түүхэнд үлдэх, цаг үеэ олсон чуулган болсныг дурдсан юм. Түүнчлэн дараагийн эдийн засгийн чуулганыг 2023 оны 4-р сарын 6-нд зохион байгуулахаар товлосныг зарлалаа.
Нэг жилийн дараа 2022 оны чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг шийдвэрлэсэн байх, үр дүнтэй арга хэмжээ авсан байх эсэхийг хараад хүлээх л үлдлээ.

Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 2022.04.15 202.131.226.86
Яг энэ үеэр жагсаал болдог нь гадныханд бодит байдлыг сайхан харууллаадаа. Энх-амгалан гишүүн маань сайхан хэлжээ хэхэ.