Урд шөнө Будапештын Мажорын шөвгийн наймаас The MongolZ баг мултрав. Харин үүнээс хэдхэн цагийн дараа энэ оны шилдэг видео тоглоомуудын нэрс тодорлоо. The Game Awards бол 12 дахь жилдээ зохиогдож буй, салбарын хамгийн нэр хүндтэй ёслол билээ.

Энэ жилийн хувьд дэлхийн өнцөг булан бүрд байх 154 медиа компанийн редакцаас оны шилдгүүдийг нийт 30 төрөлд нэр дэвшүүлж, олон нийтээс санал хураалт (10 хувь), шүүгчдийн санал (90 хувь)-аар шилдгүүдээ эцэслэн шалгаруулсан юм. Ингээд онцлох ялагчдыг танилцуулъя, өвлийн амралтаараа тоглох тоглоомын санаа аваарай. 

Шилдгийн шилдэг: Clair Obscur: Expedition 33

Энэ оны шилдэг тоглоомоор Франц хөгжүүлэгчдийн, JPRG төрлийн Clair Obscur: Expedition 33 хол тасархай шалгарлаа. Тэд нийт 13 төрөлд нэр дэвшиж, үүнээсээ 9-д нь ялалт байгуулсан юм. Indie буюу жижиг студийн хөгжүүлсэн уг тоглоом нь хамгийн нэр хүндтэй Game of the Year шагналаас гадна Best Game Direction, Best Narrative, Best Independent Game, Debut Indie Game, Best RPG, Best Art Direction, Best Performance (Jennifer English), Best Score & Music ангиллуудад ялав. Энэ бол уг шагнал гардуулах ёслолын түүхэнд байгаагүй өндөр амжилт билээ.

2025 оны 4-р сард худалдаанд гарч 24 цагийн дотор 500,000 хувь, 3 өдрийн дотор 1 сая хувь борлогдсон уг тоглоом өдгөө 5 сая гаруй хувь борлогдоод байна. Тэдний амжилтыг Францын Ерөнхийлөгч Макрон хүртэл “Францын бүтээлч байдлыг харуулсан” хэмээн сайшааж байсан удаатай.


Уг тоглоомын өрнөх уран зөгнөлт ертөнцөд Paintress нэртэй нэгэн биет жил бүр нэг тоо бичихэд, тэрхүү тоотой тэнцүү болон дээш настай бүх хүн алга болдог юм. Ийнхүү үүнийг зогсоохоор сайн дурын баг илгээдэг бөгөөд хамгийн сүүлчийнх нь энэхүү Expedition 33. Role playing тоглоом ч үндсэн механизм нь turn based бөгөөд Final Fantasy зэрэг цувралтай адилаар dark fantasy, японы RPG төрөлд багтана.

Тоглоом хөгжүүлэгчид уг баяраа тоглогч нартайгаа хуваалцан нэмэлт DLC-г үнэ төлбөргүй гаргажээ. Трэйлэрийг нь сонирхоод үзээрэй. Бичээч би лав өвлийн амралтаараа тоглох тоглоомоо олчих шиг боллоо.

Шагналгүй хоцорсон томчууд: Death Stranding 2: On the Beach, Ghost of Yōtei

Энэ жилийн хоёр том ААА тоглоом хоёулаа тус бүр долоон ангилалд нэр дэвшсэн ч ганц ч ялалтгүй гэртээ буцаж байна. Ghost of Yōtei нь 2020 оны хит, 10 сая гаруй хувь борлуулагдсан Ghost of Tsushima тоглоомын үргэлжлэл юм. Ghost of Tsushima дээр 13-р зууны Монголчуудын Япон руу хийсэн анхны дайралтыг сөрж буй Самурайн дүрийг харуулдаг. Харин Ghost of Yōtei нь 17-р зууны үед гэр бүлээ алдсан эмэгтэй Самурайн өшөө авалтын түүхийг өгүүлнэ.


Япон гаралтай алдарт найруулагчийн Death Stranding 2: On the Beach бүтээл нь Австрали тивд өрнөх бөгөөд үйл явдал нь эхний тоглоомоосоо 11 сарын дараа өрнөдөг. Гол дүрд нь алдарт Амьд үхдэлүүд цувралын Норман Ридус тоглодог бөгөөд тэрээр тив даяар ачаа зөөвөрлөж, амьд үлдсэн хүмүүсийг сүлжээнд холбох замаар авардаг билээ. Сонирхуулахад, уг тоглоомд монголын Magnolian уран бүтээлчийн Indigo тэргүүтэй зургаан дуу эгшиглэдэг.


Амьд үхдэлүүд гэснээс, мөн адил post apocalypse төрлийн The Last of Us тоглоомоос сэдэвлэсэн ижил нэрт цувралын 2 дахь улирал Best Adaptation төрөлд ялалт байгуулав. Уг төрөлд A Minecraft Movie мөн нэр дэвшсэн юм

Хамгийн өндөр хүлээлт: Grand Theft Auto VI

Тоглоомын хорхойтнуудын дунд хамгийн өндөр хүлээлтийг мэдээж Rockstar-ийн Grand Theft Auto VI тоглоом үүсгэв. Нийтдээ 2 тэрбум долларын төсвөөр бүтэж буй уг тоглоом нь бүх цагийн үеийн хамгийн өндөр төсөвтэй тоглоомоос гадна Холливүүдийн шилдэг кинонуудын төсвийг ч хэд дахин нугалж буй. Тоглоомын цацагдах хугацаа хойшилсоор өдгөө 2026 оны 11-р сарын 19-нд тогтоод байна. Энэ өдөр ажлаасаа чөлөө авах олон хүн байгаа гэдэгт үл эргэлзэнэ.


Тус төрөлд 007 First Light, Marvel's Wolverine, Resident Evil Requiem, The Witcher IV зэрэг аваргууд тоосоо өргөсөн билээ.

Шилдэг и-спорт болон баг: Counter-Strike 2 ба Team Vitality

Энэ оны шилдэг и-спортоор Counter-Strike 2 тодорсон бол шилдэг багаар урд шөнө The MongolZ-ийг мулталсан Team Vitality шалгарав. Харин шилдэг и-спортын тамирчнаар LoL-ийн шинэ од Chovy, шилдэг контент бүтээгчээр олны хайртай MoistCr1TiKaL нар тус тус тодорчээ.

Бусад ялагчид: 

BEST AUDIO DESIGN: Battlefield 6 (Battlefield Studios/EA)
INNOVATION IN ACCESSIBILITY: Doom: The Dark Ages (id Software/Bethesda Softworks)
GAMES FOR IMPACT: South of Midnight (Compulsion Games/Xbox Game Studios)
BEST ONGOING: No Man’s Sky (Hello Games)
BEST COMMUNITY SUPPORT: Baldur’s Gate 3 (Larian Studios)
BEST MOBILE GAME: Umamusume: Pretty Derby (Cygames Inc.)
BEST VR/AR: The Midnight Walk (MoonHood/Fast Travel Games)
BEST ACTION: Hades II (Supergiant Games)
BEST ACTION/ADVENTURE: Hollow Knight: Silksong (Team Cherry)
BEST FIGHTING: Fatal Fury: City of the Wolves (SNK Corporation)
BEST FAMILY: Donkey Kong Bananza (Nintendo EPD/Nintendo)
BEST SIM/STRATEGY: FINAL FANTASY TACTICS - The Ivalice Chronicles (Square Enix)
BEST SPORTS/RACING: Mario Kart World (Nintendo EPD/Nintendo)
BEST MULTIPLAYER: Arc Raiders (Embark Studios)
PLAYER'S VOICE: Wuthering Waves
GAME CHANGER: Girls Make Games

2026 оны The Game Awards-аар, хамгийн гол нь GTA VI-аар уулзацгаая