Хоёр жилийн өмнөх өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Энэ бол Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. Тэр өдөр Итали улсад дөнгөж ирээд байсан би монгол дээлээ өмсөөд хичээлдээ очсон юм. Тэгэхэд зөрсөн хүн бүр над руу харж, гайхаж басхүү сонирхож байсан бөгөөд профессор маань ч надтай манай түүх, соёлын тухай яриа дэлгэлээ. Тэгээд манай улсын талаар төдийлөн сайн мэдэхгүйгээ, оюутан ахуйдаа буюу олон жилийн өмнө л шалгалт, судалгааны шаардлагаар бага зэрэг уншиж байснаа илэн далангүй ярьж өгөв. Тэр ярианы дараа надад дэлхий ертөнцийн хувьд Монгол Улс хэрхэн харагддаг бол? Хэрхэн харагдсаар ирсэн бол? Монгол хүнийг дэлхий хэрхэн төсөөлдөг бол? Биднийг аль эрт Дундад зууны тэртээ хэсэгхэн хугацаанд л эзлэн түрэмгийлж асан, өдгөө харин Орос эсвэл Хятад улсын аль нэгийн цөөнх үндэстэн мэт үздэг болов уу? гэсэн олон асуулт төрж байлаа. 

Тэдгээр асуултуудынхаа хариуг олохоор янз бүрийн ном уншиж судлан олж мэдсэн бага сага зүйлсээ нэгтгэсээр нэгэн сонирхолтой асуултын сэжмээс атгаад авсан нь энэ удаагийн нийтлэлийн сэдэв болох “Дэлхий монгол хүнийг 800 жилийн турш хэрхэн харж ирсэн бэ?” билээ. Уг асуулт магадгүй хэтэрхий өргөн, далайцтай учир нэг дор хариулах боломжгүй ч байж мэднэ. Гэсэн ч асуултынхаа хариултын зах үзүүрээс ч болтугай атгахаар олон зууны туршид олон арван судлаач, аялагчдын амь насаа эрсдүүлэн хичээж, тэртээх үеийн “монгол хүн”-ий тухай бичиж үлдээсэн түүх, зуун зууны дэлхий ертөнцийн биднийг харж асан “өнцөг”-ийг уншигч танд хүргэхийг зорилоо.

Жованни Да Пиан дел Карпини

XIII зуун

Монголчуудыг зорьж, үл мэдэх нүүдэлчдийн тухай бичсэн анхны Өрнийн эрхмүүдийн нэг бол Жованни Да Пиан дел Карпини - товчдоо Карпини юм. Энэ хүний бидний тухай бичсэн “Historia Mongalorum” буюу Монголын түүх хэмээх бүтээлийн тухай, түүнд монголчуудыг хэрхэн дүрслэн бичсэнийг ярихын тулд та бид найман зууны өмнөх рүү буцах шаардлагатай.

Хэзээнээсээ Загалмайтны аян дайнаас эхлээд олон арван дайн тулаанд бие биетэйгээ байлдсаар ирсэн Загалмайтны ертөнц болон Исламын ертөнц хоёрын дундуур алс холын, хэний ч мэдэхгүй “Тар-тар” хэмээн ярьцгаадаг гэгдэх нууцлагдмал нүүдэлчид гэнэтхэн орж ирсэн байна. Тэдгээр нүүдэлчдийг Дорно дахины хэн нь ч зогсоож чадаагүй бөгөөд түрэмгийллийн мэдээ Ромын Пап ламд хүрсэн нь Загалмайтны ертөнцөд айдас хүйдэс дагуулжээ. Гэхдээ хачирхалтай нь, тэрхүү нүүдэлчид ямар ч шашинд хүндэтгэлтэй хандаж, төвийг сахидаг гэдэг нь Пап ламд хэзээ мөдгүй халдах эрсдэлтэй Исламын ертөнцөөс хамгаалах түнш болж болох юм хэмээх итгэл найдвар төрүүлсэн бөгөөд үүний үр дүнд Ромын зүгээс уг үл таних, алс нутгийн нүүдэлчид рүү илчээ довтолгох болсон аж. Ийнхүү Пап лам өөрийн итгэлт хүнээрээ Карпиниг сонгожээ.

Карпини Пап ламын захиаг өвөртлөн хэсэг хүмүүс дагуулан 1245 оны дөрөвдүгээр сарын 16-нд өнөөгийн Франц улсын Лион хотоос хөдөлсөн санж. Тэрээр явсаар 1246 оны хоёрдугаар сард Их Монгол улсын мэдлийн газар нутагт нэвтрэн ороод Өрнийн ертөнцтэй сураг тасран ахин жил орчим хугацааны дараа нутагтаа эргэж ирсэн байдаг. Карпини ирээд өрнө дахины өнцгөөс монголчуудын талаар анх удаа бичиж таниулсан байна. Түүний өгүүлснээр:

Хархорум хот

Дараагийн XIII зуунд хамаарах, бидний тухай бичиж тэмдэглэсэн нэгэн бол Уильям де Рубрук билээ. Тэрээр Францийн хаан IX Луигийн зарлигаар монголчуудыг загалмайтны шашинд “оруулахаар” Их Монгол улсын нийслэл Хархорум хотыг зорьжээ. Тийн явахдаа тэр бээр Карпинигийн аялсан замаар замчилсан бөгөөд Дон мөрнийг гаталсаар ес хоносны дараа Бат хааны хүү Сартаг хантай учирсан гэдэг. Хэрэг явдлаа хэлсэнд Сартаг түүнийг аавынхаа сууж асан Сарай хот руу явуулсан бөгөөд тэндээс Бат хаан Мөнх хаан руу явуулсан байна. Ийнхүү Их Монгол улсын нутгаар аялж явахдаа Рубрук монголчуудын талаар өөрийн харсан, ажигласан бүхнээ бичиж тэмдэглэжээ. Түүний бичиж тэмдэглэсэн зүйлс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн бөгөөд Дундад зууны хамгийн аугаа газар зүйн бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Түүний бичсэнээр:

Сонирхолтой нь, Рубрук Хархорум хотод ирээд Мөнх хааны зарлигаар шашин хоорондын мэтгэлцээнд Христийн шашныг төлөөлөн оролцож байсан түүхтэй. Тэрхүү мэтгэлцээнд Буддизм, Ислам зэрэг олон шашны төлөөлөл байсан бөгөөд Монголын удирдагчид түүнийг тун анхааралтай сонссон талаар өгүүлсэн байдаг. Уг мэтгэлцээн ямар нэгэн зөрчил, муудалцаан бус харин ч тун оюунлаг үйл явдал байсныг Рубрук тусгайлан тэмдэглэн үлдээжээ.

Марко Поло

Мэдээж XIII зууны монголчуудын талаар өрнө дахинд яриа дэлгэсэн хамгийн алдартай нэгэн бол Италийн Венец хотын худалдаачин Марко Поло юм. Тэр бээр 17 насандаа аав, авга ах хоёроо даган Юань гүрнийг зорьсон бөгөөд их хаан Хубилайн тааллыг хүртэн 23 жил түүнд хүчин зүтгээд 1295 онд эх нутагтаа буцсан аж. Түүнийг буцаж ирэхэд Венецийн Бүгд Найрамдах улс Женевийн Бүгд Найрамдах улстай дайтсан бөгөөд уг дайнд Марко Поло оройлон оролцож яваад 1296 онд Женевийн шоронд хоригджээ. Тэгэхдээ тэр бээр цуг хоригдож асан Пизагийн Рустикеллод өөрийн үзэж харсан бүхнээ ярьж бичүүлсэн гэдэг. Тэрхүү номоо Марко Поло “Хорвоогийн сонин хачин” (Devisiment dou monde) хэмээн нэрийдсэн ч Италид “il Milione” буюу “сая” хэмээн алдаршжээ. Учир нь түүний ярианд хэн ч үнэмшээгүй тул “сая худал” (манай “Далан худалч”-тай ижил утга бүхий хэллэг) хэмээх утгаар дуудаж заншсан гэнэ. Тэрээр:

"The departure of Odoric" зураг

XIV зуун

XIV зуунд Монголыг зорьсон нэгэн бол Порденоны Одорик хэмээх Христийн лам юм. Тэрээр Хубилай хааны гуч Есөнтөмөр хааны үед Юань гүрэнд ирсэн ажээ. Түүний тэмдэглэн үлдээсэн бичигт монголчуудын талаар өмнөх аялагчдын ярьж, бичсэнийг давтан өгүүлсэн байдгийн зэрэгцээ төдийлөн нарийн, дэлгэрэнгүй дүрслээгүй байдаг.

Мөн энэ зуунд Монгол руу хүлгийн жолоо залсан нэгэн бол Италийн католик лам Жованни дэй Мариньолли. Тэр бээр Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр хааны үед Монголын эзэнт гүрнийг зорьсон бөгөөд Юань гүрний монголчуудын зохион байгуулалт, өргөн уудам гүрнээ хянах тогтолцоо, басхүү хот суурины хөгжил дэвшил тун өндөр түвшинд байсныг бахдан тэмдэглэсэн байдаг. Түүний өгүүлснээр мөн Юань гүрний монголчууд нь суурин соёлд нэлээдгүй дассан ч өөрсдийн уугуул нүүдэлчин уламжлалаа хадгалан авч үлдсэн хэмээжээ.

XV-ХVIII зуун

Монголын эзэнт гүрний дэлхий дахины нөлөө хумигдахын хэрээр Өрнө, Дорныг холбосон Торгоны зам аюулд өртөж аялагч, судлаач, худалдаачид нааш цааш чөлөөтэй зорчих нь багасаж эхэлжээ. Улмаар Монголын эзэнт гүрэн болон монголчуудыг зорин аялж, тэмдэглэн бичих хүмүүс эл зуунаас эхлэн XIX зуун хүртэл ахин төрөөгүй аж. Ийм учир өрнийн эл үеийн түүхч, судлаачдын монголчуудын талаар бичсэн бүтээл туурвил тун хомс байдаг бөгөөд уг гурван зууны хугацаанд монголчууд дотоодын хагарал, бутралд тамирдан улмаар Манж Чин гүрний эрхшээлд орсныг бид мэднэ. Чухам энэ үеэс л “Монгол” хэмээх нэр дэлхий дахины чихэнд дуулдахаа больж түүхийн хуудсанд мартагдан дарагджээ.

Август Ларсон

XIX зуун

Дэлхий дахиныг доргиож асан Монголчууд нэгэнт газрын зургаас арчигдан алга болсон энэ зуунд хоёр онцлох эрхэм Монголд ирсэн байдаг. Тэдний нэг нь Монгол гүн Ларсон юм. Тэр бээр Швед улсаас Монголд Христийн шашин номлохоор ирсэн нэгэн бөгөөд Богд хаанаас “гүн” цол хүртсэн тул түүхэнд Монгол гүн Ларсон хэмээн үлджээ. Тэрээр өөрийн номдоо:

Николай Пржевальский

Нөгөө эрхэм нь Оросын аялагч, дорно дахин судлалын нэрт эрдэмтэн, газар зүйч Николай Пржевальский. Н.Пржевальский монголын нутгаар аялан, судалгаа явуулж зэрлэг тахийг анх олж нээн шинжлэх ухаанд бүртгэгдсэн билээ. Улмаар түүнээ өөрийн нэрээр нэрлэсэн нь өдгөө шинжлэх ухаанд албан ёсоор “Пржевальскийн адуу” хэмээн бүтгэгдсэн байдаг. Гүн Ларсонаас ялгаатай нь Н. Пржевальский монголчуудын хүн зон, соёлын талаас тэмдэглэн үлдээхээс илүүтэйгээр тухайн үеийн засаг захиргааны байр байдал, шашин зэргийн тухай дэлгэрэнгүй бичиж тэмдэгэлсэн байдаг. Тэрээр өөрийн номдоо:

Рой Чапмэн Эндрюс

XX зуун

“... Тэр орой, түм түмэн оддын доор, их Говьд би хэвтэж байхдаа Хубилай хааны аугаа Монголын тухай төсөөлөн бодож байв…” хэмээн бичиж асан хүн бол бидний сайн таних Рой Чапмэн Эндрюс юм. Тэрээр Монголын говиос үлэг гүрвэлийн өндөг олсон алдарт палеонтологич, судлаач билээ. Энэхүү олдворын ачаар дэлхийн шинжлэх ухаанд үлэг гүрвэл өндөглөдөг байсан гэдгийг хөдөлшгүй нотлох баримтаар баталсан байдаг. Р.Ч.Эндрюс өөрийн номдоо:

Хэнри Уаллес

Мөн энэ зуунд Монгол улсад ирсэн эрхэм бол АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри Уаллес байв. Тэрээр монгол улсад 1944 онд албан ёсоор айлчилсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт руу илгээсэн тайландаа:

Товчхондоо дэлхий Монгол улсыг, монгол хүнийг өнгөрсөн 800 зууны туршид ийм байдлаар харж, ойлгож, бодож иржээ. Бидний өвөг дээдсийн үлдээсэн үндэсний үнэ цэн, бахархал өдгөө ч оршсоор буй. Харин яг одоо басхүү ирээдүйд биднийг дэлхий ертөнц хэрхэн харахыг зөвхөн бид, бидний үйлдэл л тодорхойлно. Шинэ цаг үеийн монгол хүний “ондоошил” (identity), эрхэм дээд чанаруудыг дэлхий дахин өнөөдрийн та биднээс л харах билээ.