Манай улсад номын сангийн үйл ажиллагаа явагдаж эхлээд хэдийн 103 жилийн нүүрийг үзжээ. Ялангуяа 1951 онд одоогийн Төв номын сангийн барилга ашиглалтад орсноор олон нийтийн уншлага, номын сангийн соёл төгөлдөржиж эхэлсэн түүхтэй. Энэ удаагийн нийтлэлдээ бид Үндэсний номын сангийн түүх, тус барилгын үл хуучрах тансаг дүр төрхийг уншигчдадаа харуулахыг зорилоо.



ХX зуун: Монголчууд нийтийн номын сантай болсон нь
Өнөөдрөөс 103 жилийн өмнө, 1921 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр нийслэл Улаанбаатар хотод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол улсад орчин цагийн номын сан дэлгэрсэн түүхтэй. Түүнээс өмнө ном бүтээл унших, хураан цуглуулах тухай ойлголт зөвхөн айл гэр, сүм хийд, хутагт хувилгаад, ноёд түшмэдийн хувийн хэрэгцээгээр хязгаарлагддаг байсан нь 1923 онд хүрээлэнгийн сан хөмрөгийн бүтээлийг олон нийтэд нээлттэй уншуулахаар нийтийн уншлагын танхимыг албан ёсоор нээснээр эцэс болгожээ.
Тэр цагаас хойш эгэл ардууд ч ном бүтээлийг уншин судалж, гадаад дотоодын эрдэмтэн, судлаачид түүхийн эх сурвалжуудыг нээлттэй ашиглах болсноор энэ үетэй золгов. 1940-өөд оноос аймаг, орон нутгуудад нийтийн номын санг дэлгэрүүлж, бүр цаашлаад сум, нэгдэл, сангийн аж ахуйн суурин газруудад номын сан байгуулж эхэлсэн байдаг бол өдгөө Монгол Улсын хэмжээнд 1509 номын сан үйл ажиллагаагаа явуулж буй.
Таван тивээс заламуй: Сан хөмрөгөө бий болгосон нь
Түүхийн хуудсыг сөхвөл VIII Богд Жавзандамба хутагт бээр Ази, Монголын түүх, хэл соёлын хосгүй үнэт дурсгалуудыг цуглуулдаг нэгэн байжээ. Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны дараа 1924 онд Богд хааны ордон музейгээс түүний цуглуулгын ном судрыг өвлөн авахын сацуу бусад сүм хийд, хөдөө орон нутгийн музейд хадгалагдсан болон гадаад хэл дээрх Монголын тухай бичигдсэн зэрэг төрөл бүрийн бүтээлүүдийг 1990 он хүртэл газар бүрээс цуглуулжээ.
Үүний дүнд өдгөө энд “Өрнө, Дорно, Төвөд, Монгол судлал, гар бичмэл, Монгол ном, тогтмол хэвлэлийн архивын сан хөмрөг” гэх үндсэн зургаан фондод 3.5 сая гаруй ном, бүтээл, судар бичгүүд хадгалагдаж буй. Гэхдээ Үндэсний номын сангийн сан хөмрөг энэ тоогоор хязгаарлагдахгүй аж. Жишээ нь, ном хэвлэлийн тал хувийг эзлэх Төвөд номын санд 1.1 сая ном бий гэх. Төвөд хэл дээрх ганц хуудас тарни, мэгзэм нь агуулга утгаараа нэгэн бүхэл номын дайтай гүнзгий тул одоо хэр судлагдаж, бүртгэгдэж амжаагүй зуу зуун баринтагтай бүтээлүүд байх ажээ. Энэ мэт тоонд ороогүй олон сая ном энд бас бий.



Өнөөдөр ч туурвигдан буй ном, өдөр тутмын тогтмол хэвлэл, эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлүүд хойшдын ирээдүйд чухал эх сурвалж, үргэлжлүүлэн судлах баримт болох тул зохиолч, хэвлэн нийтлэгч, судлаачдын хувьд ном бүрдүүлэлтийн бодлогод нийцсэн, ач холбогдолтой бүтээлийн гурав хүртэлх хувийг Үндэсний номын санд өгч, тийнхүү заавал авах эх хувиар бүх ном хэвлэлийн архивын санг бүрдүүлдэг байна. Үүгээр ч зогсохгүй их сургуульд эрдмийн зэрэг хамгаалж буй хүн бүр өөрийн судалгааны бүтээлийн нэг хувийг номын санд хураалгаж, албан ёсоор хүлээлгэн өгсөн гэх тодорхойлолт авсны дараа судалгааны ажлаа хамгаалах эрхтэй болдог тухай анх удаа сонсов.
Нууцын нууц: Төвөд номын сан хөмрөг
“Өөрсдөө даалимба хөдөс өмсдөг
Үр ачаа нэхийд өлгийддөг
Номыг харин торгоор баринтаглаж бурхныхаа дээр залдаг
Монгол түмний минь заншил гайхамшигтай”
Киноноос л үзэж харсан эртний судар бичгүүд хэдэн зуун, хэдэн мянган жилийн түүхийг хадгалан, хэзээ, хэн ирж нууцыг нь задлахыг хүлээж буй мэт амгалан эгнэнэ. Төвөд хэл дээрх бүтээлүүд ихэнх нь шашны агуулгатай хэмээн ойлгогдох боловч түүх, намтар, хэл зүй, толь бичиг, зан үйл, биет, биет бус соёлын өвүүдийг багтаасан арвин агуулгатай байдаг аж. XVII-XVII зууны үед Түмэдийн Алтан Хан, Төвөдийн далай лам нартай холбоо тогтоож бурхны шашныг Монголд оруулж ирснээр Төвөд хэл дээрх уран зохиол, гүн ухаан, анагаах ухааны зохиолууд монголчуудын гарт ирсэн гэдэг.
Энд баринтгаар нь тоолбол 41 мянга, ойролцоогоор 1.1 сая ном бүтээл бий гэнэ. Танигдаж, мэдэгдээгүй эдгээр бүтээлүүдийг Америкийн Asian Legacy Library гэх эртний ном судрыг хадгалж, дижиталд хөрвүүлэн, бүртгэдэг олон улсын ТББ-ын санхүүжилтээр судар номын хуудас нэг бүрийг цахимжуулан The Buddhist Digital Archives-д оруулан ажиллаж байна. Буйдхан энэ өрөөнөөс тэд Үндэсний номын сан дахь сан хөмрөгийг дэлхийн эрдэмтэн, судлаачид судлах боломж олгож, монгол өв, монгол судлалыг хөгжүүлэх онцгой ажил хийж байгааг харахад бахархмаар.


Анх 1990 оноос Төвөд судар номуудыг зөвхөн бүртгэдэг байсан бол 2018 оноос дижитал хэлбэрт хөрвүүлснээр буддын судлал, төвөд хэлээр ном бүтээл уншдаг эрдэмтэн, судлаачид дэлхийн хаанаас ч Үндэсний номын сангийн сан хөмрөгөөс цахимаар үнэгүй уншиж танилцах, татаж авах боломжтой болсон.



Хадгалалт хамгаалалт: Хойч үедээ залгамжлах өв
Үндэсний номын сан жилдээ 3600 орчим ном бүтээл хүлээн авдаг. Ном бүрийг ангилан ялгаж, каталогт бүртгээд, сан хөмрөгт шилжүүлнэ. Зөвхөн нэр, гарчгаас гадна түлхүүр үгийг ялган бичих нь учиртай. Учир нь уншигч аль нэг бүтээлийг сэдэв, үйл явдал, гол дүрийн баатрын нэрээр нь бүдэг бадаг санаж хайдаг учраас ном бүртгэх ажил хамгийн чухал аж. Тогтмол хэвлэлийн сан хөмрөгт гэхэд сонин, сэтгүүлийг улирал, сараар нь нэгжилж хураан хадгалдаг бөгөөд 1921 оноос хойш гарсан сая орчим тогтмол хэвлэлийн архив энд бий.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нэрэмжит танхим
Номын сангийн нийтийн уншлага болон “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Нэрэмжит танхим”-аар өдөрт 120-200 гаруй хүн үйлчлүүлдэг. Гадна, дотнын судлаачид элбэг үзэгдэх эл танхимын интерьерийг бор, алтан шаргал, цагаан монументаль тавилга, болор гэрэлтүүлэг, неоклассик хэв маягаар тохижуулсан нь тун ч донжтой.




Монгол номын сан хөмрөг ба хадгалалтын технологи
Уншлагын ихэнх хэрэгцээг хангах Монгол номын сан хөмрөгт орчин үеийн 200 мянга орчим монгол ном, муутуу цаасан дээр бичигдсэн гар бичмэл номууд, дэвтэрчлэн үдсэн, сударчилсан баринтагтай, дэлгэмэл, хуйлмал янз бүрийн хэлбэртэй номууд үзэгдэнэ. Судар бичгийн хүрээлэнгийн тэр үеийн эрдэмтэд өөр хэлний сурвалж бичгүүдийг орчуулж, ховор үнэт бүтээлүүдийг хуулан авч, үр хойчдоо өвлүүлэхийн тулд ихэд нандигнан хадгалсан нь нүдэнд илхэн.
Судар номын хуудас шарласан байдгийн учир нь цаас чийгээ алдсан тохиолдолд гар хүрээгүй байсан ч эмтрэн үйрдэг тул баринтаглан, хавтаслах нь агаар нэвтрүүлэхгүй, цаасны чийгийг хадгалах нүүдэлчин монголчуудын онцгой технологи аж. Олон зуун жилийн настай түүхэн сурвалжуудыг сэвтээхгүй хадгалах нь онцгой чухал тул сан хөмрөгийн дотоод орчин 22-24 хэм, чийгшил 50-60 байх стандарттай байдаг.
Өв соёлыг хамгаалагчид
Номын санчийг өдөржин ном унших боломжтой ажил хийдэг хүсүүштэй мэргэжил хэмээн санасан нь том эндүүрэл байсныг энд ирээд ойлгов. Учир нь сан хөмрөгийн онцлогоос шалтгаалан монгол бичиг, гадаад хэл, эх бичиг судлалын өргөн мэдлэгтэй мэргэжлийн 66 номын санч энд ажиллах ба өдөржин ном унших нь бүү хэл, хүссэн номоо хайн, тухлан дэлгэх завдал тун бага. Шинэ номыг хэрхэн ангилах вэ, аль тавиур дээр байвал уншигч хялбархан үзэж, танилцах вэ? гэдэг нь хүртэл нарийн учиртай. Жишээ нь, уншигч Засагт хан аймгийн тэр хошууны угийн бичгийн судалгааг үзье гэж хүсэхэд архивын нэгдсэн бүртгэлээс хайлттай холбоотой ном бүтээл, сонин хэвлэл, сурвалж бичгүүдийг нэгбүрчлэн эрж, иж бүрэн лавлагаа гаргаж өгнө. Тиймээс л бүтээл бүрийг уншиж судлан, катологт бүртгэж, хялбархан олохоор байрлуулах нь чухал. Номын санчийн ажлын сайхан, басхүү мэдлэг, ур чадвартай байхыг сорьдог тухай Ерөнхий номын санч Т.Баярлах хуваалцсан юм.




“Монголчуудын бичиг үсгийн соёлыг хэдэн зуун жил бус хэдэн мянган жилийн өмнөөс эхтэй гэж ярина. Дэлхийд бидэн шиг олон бичиг үсэг зохиож, засаж, сайжруулж ирсэн түүхтэй ард түмэн байхгүй” хэмээн номын санч, монгол судлаач Ч.Гансүхийн хуучилсан нь бидний бичиг үсэг, ном бүтээлийн язгуур уламжлал ямар төгөлдөр гэдгийг гүнзгий бодогдуулав. Үүгээр бид Үндэсний номын санг зорин очсон аяллаа өндөрлөлөө.

Редакцын залруулга (2024 оны гуравдугаар сарын 1, 16:00)
Энэхүү нийтлэлийн анхны гарчиг "Бууриа сэлгэж буй Үндэсний номын сангийн үл мартагдах дүр зураг" байсан нь тус номын сангийн түүхэн барилга нурна гэдэг төөрөгдүүлсэн, ташаа ойлголт өгсөн тул гарчгийг "Үндэсний номын сангийн үл мартагдах дүр зураг" болгон өөрчлөв.

Сэтгэгдэл бичих

