Энэхүү нийтлэл нь Unread Today сонины 17 дахь дугаарын 12-р нүүрт анхлан нийтлэгдсэн.
Шинэ жил бол албан байгууллагуудын хувьд бүтэн жилийн турш хамгийн сайнаараа хичээн ажилласан ажилтнууддаа талархал илэрхийлж, урам зориг өгдөг онцгой мөч юм. Дэлхийн тэргүүлэгч компаниуд баярын энэ үеэр бүтээлч, ухаалаг санаачилгаар багийнхаа гишүүдийн сэтгэл ханамжийг дээшлүүлж, шинэ оныг илүү эрч хүчтэй угтах боломжийг олгодог билээ. Бид энэ удаад хамгийн онцлох таван бэлгийн санааг танилцуулж байна.
Германы алдарт автомашин үйлдвэрлэгч Daimler-ийн шинэ жилийн баярын үеэрх имэйл, харилцааны бодлого маш алдартай. Тэд “Mail on Holiday” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж, баярын үеэр ирж буй бүх имэйлийг автоматаар устгадаг тохиргоог хийжээ. Энэ нь ажилчдад баярын үеэр ажилдаа сатаарч, санаа зоволгүй, зөвхөн хайртай хүмүүстээ цагаа зарцуулах боломжийг олгодог гэдгээрээ онцлогтой юм.
600 гаруй сая хэрэглэгчтэй хөгжмийн аварга платформ Spotify шинэ жилийн баярын бэлгээрээ дамжуулж ажилчдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжихийг зорьдог. Тэд ажилчдадаа сэтгэлзүйн зөвлөгөө, хувь хүний хөгжлийн сургалт, фитнесс хөтөлбөрт суралцах эрхийн бичгийг сонголтоор тараадаг. Энэ нь багийн уур амьсгалыг сайжруулж, ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлдэг гол хөшүүргийг нэг болдог гэнэ.
Хамтдаа түрүүлж алхана уриатай Юнител группийн хамт олон шинэ жилийн бэлэг дээр ч үлгэр жишээ санаачлага нэвтрүүлжээ. Энэ бол оны сүүлийн өдрүүд болох 12-р сарын 30, 31-ний ажлын өдрүүдийг компанийн зүгээс цалинтай амралтын өдөр болгон бэлэглэсэн явдал юм. Эдгээр өдрүүдэд бэлгийн эзэд хайртай дотнын хүмүүстэйгээ хамт шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж, бөөн бөөн дурсамжийг бүтээх нь гарцаагүй биз ээ. Сонирхуулахад, Юнител групп ажилтнууддаа зориулсан арга хэмжээнүүдээ зөвхөн ажлын өдөр зохион байгуулж, амралтын өдрүүдийг зөвхөн гэр бүлдээ эсвэл өөртөө зориулах боломжийг олгодог.
Дэлхийн хамгийн бүтээлч компаниудын нэг Adobe-ийн шинэ жилийн бэлэг маш сонирхолтой. Тэд ажилчдынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах үүднээс ирэх жил сурахыг хүсэж буй хичээл, хөгжүүлмээр байгаа хоббиг нь дэмжих тэтгэлэг гардуулдаг гэнэ. Тэдний дийлэнх нь ямар нэгэн сургалт, хөтөлбөрт хамрагдах эрхийн бичиг авдаг бол зарим нь ажлын хажуугаар хэрэгжүүлж болох нийгмийн төслүүддээ санхүүжилт болгож тэтгэлгээ зарцуулдаг ажээ.
Европын хамгийн том технологийн компаниудын нэг SAP нийгмийн хариуцлагын бодлогоо ажилчидтайгаа хамтдаа тодорхойлсоор иржээ. Тэд “Wish for a Cause” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж, шинэ жилийн эцсээр ажилтан бүрд тодорхой төсөв хуваарилж, өөрсдийн сонгосон төсөлдөө хандивлах боломж олгодог. Ажилчин өөрийн нэрийн дор нийгэмд тустай ажлууд, сайн дурын аян гээд юунд ч төсвөө зарцуулж болдог нь компанийн уур амьсгалыг эрс нэмэгдүүлдэг гэнэ шүү.