“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэс 20 жилийнхээ хүрээнд Unread медиа компанитай хамтран зохион байгуулж буй “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна. Бид хариуцлагатай уул уурхайн сайн туршлагыг хуваалцахаар ээлжит үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Оюу толгой уурхайтай танилцсан юм.
Уул уурхайн салбарт амжилттай карьер бүтээж яваа 20 ментий-оролцогчийн хувьд энэхүү танилцах аялал тун өгөөжтэй байсны зэрэгцээ манай редакцын хувьд ч эх оронд маань хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалтыг нүдээр үзэх гайхалтай боломж байлаа. Ингээд “Оюу толгой” компани байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй онцлох төслүүдтэй танилцъя.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ ТОВЧХОН САНАХУЙ
“Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр” нь “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал, нөхөн сэргээлтийг хэрхэн хийж буй арвин туршлагаа хуваалцах зорилгоор энэ оны хоёрдугаар сард эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд ажил мэргэжлийн болон хувь хүний хөгжилд зориулсан сургалт, менторшип уулзалтууд тогтмол зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрийн нэн чухал хэсэг болох уурхайтай танилцах аяллыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулаад байна.
20 ментий-оролцогчийн хувьд өөрсдийн ажилладаг, сонирхдог чиглэлээр тус бүр нэг ментортой хамтран ажиллаж байгаа ба хариуцлагатай уул уурхайн сайн туршлагаас суралцах, ажлын талбарт тулгардаг асуудалд бодит шийдэл олох, байгаль орчны талаар мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх, салбарын танилын хүрээгээ тэлэх зэрэг эерэг үр дүн гарсаар буйг онцлууштай.
ТАНИЛЦАХ АЯЛАЛ ИНГЭЖ ЭХЛЭВ
Бид дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Оюу толгой” компанийн төв оффист аюулгүй ажиллагааны заавар, зөвлөгөөний сургалт авч, 50 минутын нислэгээр Ханбогд сумын нутагт байрлах уурхайн бүсэд ирсэн юм. Өглөө ургах нартай зэрэгцэн алдарт “Мазаалай” ресторанд өег өглөөний цай ууж, уурхайн талбайд ямар дүрмийг баримтлан ажиллах талаар дахин нэг заавар авлаа. Энэ өдрийн туршид бид баяжуулах үйлдвэрийн цогцолбор, химийн бодисын агуулах, шинэ Бор-Овоо булаг, ил уурхай, хаягдлын нэгдсэн сан, ус цэвэршүүлэх ба савлах үйлдвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, байгалийн ургамал үржүүлэх газартай тус тус танилцах юм.
Энд аюулгүй ажиллагаа бүхнээс дээгүүрт тул зохион байгуулагчид ямагт сонор сэрэмжтэй байхыг захиж байв. Ингээд бид хамгаалалтын дуулга, нүдний шил, зочны хантааз, зориулалтын гутлаа өмсөөд эхний зогсоол болох Баяжуулах үйлдвэрийн цогцолборт хүрэлцэн ирлээ.
“Өнөөдөр бид уурхайн үйл ажиллагаанаас гарч буй эрдсийн бус хог хаягдлыг хэрхэн ангилж ялгах, тэдгээрийг яаж дахин боловсруулж ашиглах, булж устгаж буй хогоо хэрхэн хамгийн бага хэмжээнд барьж байгаа зэрэг аливаа үйл ажиллагаатай шууд холбоотой олон туршлагыг танилцуулах юм. Мөн зөвхөн бид туршлагаа хуваалцахаас гадна энд хүрэлцэн ирсэн оролцогчдоос байгаль орчныг хамгаалах тал дээр санал солилцож, харилцан бие биедээ заан зөвлөж байгаа нь тун олзуурхууштай санагдаж байна.”
“Оюу толгой” компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд
ЗОГСООЛ 1. БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР
Үйлдвэр чанга дуу чимээтэй тул орохын өмнө бидэнд чихний бөглөөс өглөө. Оюу толгой уурхайн Баяжуулах үйлдвэр нь Гүний уурхайгаас жилд 35 сая тонн буюу хоногт 100 мянган тонн хүдэр олборлон баяжуулж, зэсалт агуулах баяжмал үйлдвэрлэх зориулалттай бөгөөд энэ оны хувьд 41.7 сая тонн хүдэр баяжуулах зорилттой байгаа аж. Одоогоор 17 орчим хувийг нь далд уурхайгаас гарган авч байгаа ба хамгийн сонирхолтой нь нэг тонн савлагаатай хүдрийн баяжмалын 1-2 хувь нь л зэсийн агууламжтай байдаг гэнэ.
Цаашлаад бид Баяжуулах үйлдвэрийн оффисын хэсгээр зочилж, үйлдвэрийн шат дамжлагын талаар нарийн тайлбар сонсон нэгдсэн удирдлагын өрөөтэй танилцсан юм.
ЗОГСООЛ 2. ХИМИЙН БОДИСЫН АГУУЛАХ
Дараагийн зогсоол бол Баяжуулах үйлдвэрийн Химийн бодисын агуулах байв. 2022 оны зургаадугаар сараас үйл ажиллагаагаа явуулж буй уг байгууламж нь уурхайн бетон зуурмагийн үйлдвэрт шаардлагатай химийн бодисыг хангах зорилгоор ашиглалтад орсон бөгөөд хоорондын нийцлээс хамаарч арав гаруй төрлийн бодисыг есөн кабинетэд стандартын дагуу хадгалж байна. Энд нэг кабинетэд хадгалах химийн бодисын хэмжээ 50 тонноос хэтрэх ёсгүй бөгөөд нийт 16,632 м.куб талбайд 3,840 м.куб шингэн бодис агуулах багтаамжтай.
“Агуулахын стандартыг ханган ажиллахад хамгийн гол үзүүлэлт нь асгаралтаас хамгаалах инженерийн шийдэл байдаг. Тасалгаанд хадгалагдаж байгаа нийт бодисын 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний хоёрдогч агууламж буюу тосгуурын байгууламжийг доор нь суурилуулж өгөх ёстой гэсэн үг. Манай агуулахын хувьд тасалгаа бүрийн доор тосгууртайгаас гадна тасалгааны гадаах заалны дунд хэсэгт дахин тосгуур суурилуулж өгсөн. Энэ нь элдэв эрсдэл гарч, химийн бодис асгарахад тусгай мэдрэгчийн өгсөн дохиогоор цаг алдалгүй арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм.”
“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн Хууль эрхзүйн хэрэгжилт хариуцсан зөвлөх Ж.Баярзаяа
ЗОГСООЛ 3. ШИНЭ БОР ОВОО БУЛАГ
Хөтөлбөрийн багийн хувьд хамгийн сонирхол татсан хэсэг нь шинэ Бор Овоо булгийн төсөл байлаа. Хуучнаар Ундайн сайрын үндсэн голдирол нь уурхайн ажлын төлөвлөгөөний дагуу ил уурхай болон хаягдал чулуулгийн овоолго байгуулах талбайн баруун хэсгээр дайран өнгөрч байсан бөгөөд ил уурхайн олборлолтын үед уг сайрын голдирлын хөрсний ус болон гадаргын урсац ил уурхай руу шүүрэн алдагдах эрсдэлтэй байсан аж. Иймд сайрын голдиролд хэсэгчлэн тохируулга хийх төслийг 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн ба ил уурхай руу ус алдагдахаас бүрэн сэргийлэх, Ундайн сайрын голдирлын доод хэсгийг аливаа нөлөөлөлд өртүүлэхгүй байхад төвлөрөн ажиллажээ. Энэхүү төслийн хүрээнд шинэ Бор Овоогийн задгайг урд далангийн өмнө талд амжилттай байгуулсан төдийгүй 2023 онд Шинэ Бор Овоо булгийн хувьд жилийн турш устай байсан аж.
ЗОГСООЛ 4. ИЛ УУРХАЙ
Ил уурхайг өөрсдийн нүдээр үзэх боломж гарав. Газрын гадаргаас 450 метрийн гүнд ил уурхай нь Оюутын бүлэг ордыг олборлодог. Эндэх ил уурхайн ашиглалтыг экскаватор-автосамосвалын хослол бүхий технологи хэрэглэн 34 м.куб багтаамжтай утгуурт гидравлик экскаватор хоёр, шууд утгуурт CAT 495HR цахилгаан экскаватор хоёр, урвуу утгуурт 9400 Liebherr Гидравлик дизель утгуурт ачигч хоёр, Автосамосвал 290 тонны 930E-4SE загварын автосамосвал 30 ширхэгийг ашиглаж буй. Хөгжилтэй нь, хүнээс гурав дахин том дугуйтай 930E-4SE загварын автосамосвал нь ил уурхайн хэсэгт тоглоомон автомашин шиг л харагдаж байлаа.
ЗОГСООЛ 5. ХАЯГДЛЫН НЭГДСЭН САН
Ийм их хэмжээний бүтээн байгуулалтын үр дүнд багагүй хэмжээний хаягдал гарах нь ойлгомжтой. Тиймдээ ч тэд Хаягдлын нэгдсэн санг байгуулсан бөгөөд уг санг уурхайгаас олборлосон хүдрийг боловсруулах явцад үүссэн хаягдал материалыг удаан хугацаанд хадгалах зориулалтаар ашиглаж байна. Энэ байгууламж тус бүр ойролцоогоор хоёр км-ийн харьцаатай (4км.кв) талбайтай ба өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар баяжуулах үйлдвэрээс ирж буй дунджаар 59.8 хувийн нягттай хүдрийн хаягдал зутан бүхий 29,685,235 тонн хаягдал энд иржээ.
“Зөвхөн үйлдвэрийн хаягдлаас гадна маш олон төрлийн хог хаягдал уурхайн орчинд бий болж байдаг. Тиймээс бид хог хаягдлын бодлогыг хэрэгжүүлэхдээ урвуу пирамид аргачлалыг ашигладаг юм. Уг зарчмын хүрээнд нэн тэргүүнд хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах буюу худалдан авалтын үеэс эхлээд аль болох хог хаягдал бага гарах бүтээгдэхүүнийг анхнаасаа сонгодог. Үүний дараа дахин ашиглах болон дахин боловсруулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг зорилго болгон ажилладаг бөгөөд хамгийн сүүлд нь хадгалах эсвэл устгах арга замаар хог хаягдлаа зохицуулж байна.”
“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн Хог хаягдлын асуудал хариуцсан зөвлөх Н.Мөнхбаяр
ЗОГСООЛ 6. УС ЦЭВЭРШҮҮЛЭХ БА САВЛАХ ҮЙЛДВЭР
“Оюу толгой” компанийн уурхайгаар зочилсон хэн бүхэнд хамгийн эхэнд мэдрэгдэж, ойлгогдох зүйл нь усны үнэ цэн. Тэд бүхий л үйл ажиллагаандаа усны менежментийг хэрхэн зөв зохистой зохицуулах тал дээр онцгой ач холбогдол өгч ажиллдаг. Тухайлбал, ажиллагсдын унд, ахуйн хэрэгцээний усыг хангах зорилгоор гүний хоолойн газрын доорх усны ордоос олборлосон усыг хоёр төрлийн шүүлтүүрээр шүүж, хэрэгцээнд шууд нийлүүлж байгаа юм.
Бидний зочилсон уг үйлдвэрийн барилга нь цагт 200 баллон ус савлах 400 м.куб хэмжээтэй дөрвөн ширхэг усан сантай усан насос станц, ус цэвэршүүлэн савлах үйлдвэр гэсэн үндсэн хоёр танхимтай. Тодруулбал, тэд гүний хоолойн өндөр давсжилттай усыг зөөлрүүлэн цэвэршүүлж, савлахдаа орчин үеийн урвуу осмосын нано шүүлтүүрээр шүүж, ундны зориулалттай усыг озоноор ариутгадаг бөгөөд ахуйн усыг хлоржуулан ариутгадаг аж. Одоогоор ундны усыг 18,9 литрийн багтаамжтай баллонд савлан кемпийн дотоод ундны усны хэрэгцээнд ашиглаж байгаа гэнэ.
“Манай уурхай үйлдвэрлэл, технологи, менежментийн бүхий л үе шатанд усны зөв зохистой, хэмнэлттэй хэрэглээг эрхэмлэж ажилладаг. Жишээлбэл, нэг тонн хүдэр баяжуулахад дэлхийн дунджаас ойролцоогоор гурав дахин бага усыг гүний хоолойгоос авч зарцуулдаг. Үүний зэрэгцээ уг үйлдвэрлэлд ашиглаж буй нийт усны 86 орчим хувийг Хаягдлын сангаас гарсан дахин боловсруулсан усыг ашиглаж байна.”
“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн Усны харилцаа, хяналт шинжилгээ хариуцсан зөвлөх Б.Ууганхүү
ЗОГСООЛ 7. БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ
Уурхайн талбайд өнгөрсөн оны байдлаар нийт дөрвөн ширхэг ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж ажилласан бөгөөд нийт хүчин чадал нь 2,840 м.куб. Эдгээр байгууламжаас цэвэрлэгдэн гарсан усыг зам талбайн усалгаа, баяжуулах үйлдвэрийн технологийн усны хэрэгцээнд нийлүүлэн 100 хувь эргүүлэн ашиглаж буй. Түүнчлэн бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дунджаар 97 хувь ба ингэхдээ дөрвөн шатлал бүхий механик, биологийн аргаар цэвэрлэдэг аж. Ийнхүү эцсийн бүтээгдэхүүн нь цэвэрлэсэн ус болон тунаж үлдэх лаг байдаг.
Эндээс гарсан усыг ашиглан уурхайн дотор болон гаднах дэд бүтцийн шугамын дагуу замуудыг дулааны улиралд өдөр бүр, түгээмэл ашиглагддаг замуудад өдөрт 2-3 удаа усалгаа хийж гүйцэтгэдэг. Жишээлбэл, 2023 оны эхний есөн сарын турш цэвэршүүлсэн нийт 193,862 шоо метр цэвэршүүлсэн усыг замын усалгаанд ашиглажээ.
ЗОГСООЛ 8. БАЙГАЛИЙН УРГАМАЛ ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР
Бүтэн өдрийн турш үргэлжилсэн хөтөлбөрийн сүүлийн хэсэгт бид 12 дахь жилдээ говийн бүс нутагт ургадаг 41 зүйлийн ургамлыг үрээр амжилттай тарьж, нөхөн сэргээлтэд ашиглаж буй Байгалийн ургамал үржүүлгийн газартай танилцлаа. Энд говийн бүсийн олон төрлийн ургамлыг үржүүлж буй бөгөөд улирлын онцлогоос хамаарч бид цөөн хэдийг нь нүдээр үзсэн юм.
МЕНТИЙ НАРЫН СЭТГЭГДЭЛ
“Өнөөдрийн аяллаар өөрийн сонирхож буй хог хаягдлын чиглэлээр маш олон сайн туршлагыг олж харлаа. Нэн ялангуяа хог хаягдлын цэгүүд, аюултай хог хаягдлыг хадгалах цэг буюу ландфилл болон хоолны үлдэгдэл хаягдлыг бордоо болгон ашиглаж байгааг нүдээр үзсэн нь уул уурхайн салбарт шинэхэн мэргэжилтний хувьд туйлын олзуурхууштай байв.”
“Тавантолгой” ХК-ийн Байгаль орчны ажилтан О.Хоролмаа
“Миний хувьд усны менежментийн чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай нягт танилцлаа. Жишээлбэл, Баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдал усыг зохицуулах зорилгоор барьсан далангууд, унд, ахуйн хэрэглээнд газрын доорх усыг цэвэршүүлэн хүн амыг аюулгүй усаар хангах үйлдвэр зэрэг туршлага судалж, компанидаа хэрэгжүүлэхүйц олон сайн жишиг энд байна.”
“Хүрэн толгой коал майнинг” ХХК-ийн Усны мэргэжилтэн Б.Баярманлай
“Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтуудаар яригдсан бүх зүйлийг өнөөдөр нүдээр харсан. Байгаль орчны сегмент тус бүр дээр онцлох ажлуудтай танилцсанаас хамгийн сэтгэлд үлдсэн нь хиймэл булаг гарган авах, хог хаягдлын менежмент, ус цэвэржүүлэх байгууламж байлаа.”
"Эгийн голын УЦС" ТӨХХК-ийн Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цэрэнханд
ЭЦЭСТ НЬ
Нэг өдрийн турш үргэлжилсан танилцах аялал маань оройн 21 цагт албан ёсоор өндөрлөж, 22 цагт бид нийслэлийг зорьсон юм. “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-т оролцож буй уул уурхайн салбарын мэргэжилтнүүдээс гадна манай редакцыг төлөөлөн явсан багийн хувьд ч туйлын өгөөжтэй, сонирхолтой, авууштай нэг өдөр болж өнгөрлөө. Энэ ташрамд манай улсад хийгдэж буй хамгийн том бүтээн байгуулалтыг өөрсдийн нүдээр үзэх боломж олгосон “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. Цаашид уг хөтөлбөрийн үр дүнд уул уурхайн олон компани үйл ажиллагаагаа чанаржуулан илүү хариуцлагатай уул уурхайг цогцлооно гэдэгт эргэлзэхгүй байна.