"Оюу толгой" компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 100 сая мод тарих амлалт өгч, 2022 оноос хойш “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тэд өнөөдрийн байдлаар 1.3 сая модыг бодитоор тарьж ургуулан, 19.2 сая модтой дүйцэхүйц хөрөнгө оруулалтыг ойн салбарт хийжээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь ойн мэргэжилтэн бэлтгэх, судалгаа хөгжүүлэлт хийх, дэд бүтэц байгуулах гэсэн гурван үндсэн хэсэгт чиглэж байгаа юм.    
 
“100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж байна. Энэ удаагийн нийтлэлдээ бид эдгээр хөтөлбөрөөс ойн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулъя.


ойн инженер юу хийдэг вэ?

Ойн инженер гэдэг нь модыг үр байхаас нь эхлэн тарьц суулгац болтол нь үржүүлгийн газарт бойжуулж, дараа нь ойжуулалтад гаргах, энэ хугацаан дахь арчилгаа тордолгоог хийх, ой модыг хүний буруутай үйл ажиллагаа, хортон шавжнаас хамгаалах, нөөцийг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргах зэрэг олон чиг үүргийн дагуу өндөр түвшид бэлтгэгдсэн мэргэжилтэн юм.



тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

Хэрвээ чи ...

- Их хотын чимээ шуугианаас ангид, байгальтай ойр ажиллахыг хүсдэг бол

- Судалгаа хийх, дата боловсруулах сонирхолтой бол

- Байгаль орчинд ээлтэй бөгөөд баталгаат ажлын байртай болохыг хүсэж байвал

- Шинжлэх ухаан, байгаль, технологи эдгээрт бүгдэд нь сонирхолтой бол ойн инженер мэргэжлийг сонгоход нэн тохиромжтой. Мөн эрэлттэй мэргэжлийг өндөр цалин, өсөн дэвших боломж, ажлын таатай орчин ямагт дагалдаж байдгийг мартуузай.

Ерөнхий шаардлага:

- Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутан байх

- 2, 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх

- Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх

Шалгарсан таван оюутны сургалтын төлбөр, амьжиргааны зардал, хэрэв орон нутгийн оюутан бол дотуур байрны төлбөрийг бүрэн хариуцахаас гадна хувь хүний хөгжлийн сургалт, “Оюу толгой” компанийн байгаль орчны салбарт дадлага хийх боломжоор хангана. Мөн энэ жилээс тэтгэлэгт хамрагдагсдын тоог 5 болгон нэмэгдүүлжээ.



"Ойн инженер мэргэжлийг сурталчлах" аялал 

Өнгөрөгч сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ахлах ангийн 60 сурагч "Ойн инженер мэргэжлийг сурталчлах аялал"-д оролцож, Тужийн нарсны цогцолбор газартай танилцан, “Оюу толгой” компанийн ойжуулалтын гэрээт гүйцэтгэгч байгууллагууд болох “Ой баясах, “Шаамар Питомник, “Агрофорест” компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тэд мод хэрхэн тарьж ургуулдаг талаар бодитоор үзэж сонирхохын зэрэгцээ ойн инженер мэргэжлийн үнэ цэн, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авав.

Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 10б ангийн сурагч А.Дөлгөөн

Аймаг орон нутаг маань үзэсгэлэнтэй байгальтай гэдгийг мэддэг байсан ч үүнийг хэрхэн хайрлах, мөн энэ байгалийг өдий зэрэгт хүргэхийн тулд ямар хүмүүс, хэрхэн ажилладаг, хүүхдүүд бид тэдэнд яаж тусалж болох талаар энэхүү аяллаас мэдэж авч, байгальтай илүү ойртсон мэт мэдрэмж авлаа.

Мод ургамал бидний амьсгалж буй агаарыг цэвэршүүлэх, усны хомсдолоос сэргийлж, нөөцийг хадгалах зэрэг маш олон ач тустай тул адаглаад байгальд хог хаяхгүй байж ойн салбарын мэргэжилтнүүддээ дэм болох хэрэгтэй юм шиг санагдлаа.



"Агрофорест" мод үржүүлгийн газрын ажилтан Д.Раднаабаяр

Мод үржүүлгийн хамгийн хариуцлагатай үе шат бол эхний нэг жил. Энэ хугацаанд суулгасан үрээ хатааж үхүүлэлгүй, тогтмол усалж, хортон шавжнаас хамгаалж, суулгацын хэмжээ болон хоорондын зайн дээр стандартыг баримталж ажиллах хэрэгтэй. Бид “Оюу толгой” компанитай хамтарч ажилласнаас хойш үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, техник тоног төхөөрөмжөө ч шинэчлэн сайжруулж байгаадаа баяртай байна.