Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, хяналтад иргэдийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилго дор иргэний нийгмийн байгууллагууд болон "Стартап Монгол", "Анрид"-ийн багууд "Дэлхийн Банк"-тай хамтран, “Public Investment for the People - Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах нь” хакатоныг энэ сарын 15-17 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус хакатон нь цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан юм.

Энэхүү хакатоноор дамжуулан Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа иргэдэд төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг ил тод, ээлтэй хэлбэрээр хүргэх, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, үнэлгээ өгөх боломж бүхий платформын загварыг гаргахаар зорьжээ. Уг зорилтын хүрээнд оролцогч багууд санхүү, технологийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, хэрхэн өөрсдийн шинэ санааг хөгжүүлэн, бүтээлч шийдэл дэвшүүлснийг онцлон хүргэхээр бэлтгэлээ.

ХАКАТОНЫ ТУХАЙ

Энэхүү хакатоныг "Швейцарын хөгжлийн агентлаг", "Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)"-ийн санхүүжилтээр "Дэлхийн Банк"-наас хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хоёрдугаар шатны хүрээнд зохион байгуулсан юм. Хамтран хэрэгжүүлэгчээр иргэний нийгмийн байгууллагууд болох “Дэлхийн Зөн Монгол”, “Save the Children”, “Globe International” нар ажиллажээ.

Төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг иргэд үнэлэх, санал хүсэлтээ өгөх, чанар хүртээмжид хяналт тавих, гүйцэтгэлийг үнэлэхэд иргэдийн оролцоог хангах байв.

Эхний шатанд 100 гаруй баг, оролцогчид бүртгүүлснээс II шатанд шалгарсан найман багийн төлөөлөл 54 цагийн турш асуудлаа тодорхойлон, санаагаа хөгжүүлэн ажилласан юм. Технологи хөгжүүлэгч, дизайнер, санхүүгийн салбарын мэргэжилтэн, судлаач, дата аналист, сонирхогчид гэх мэт төрөл бүрийн салбарын төлөөллүүдээс бүрдсэн багууд өгөгдсөн сэдвийн хүрээнд шинэ санаа, шийдлээ уралдуулжээ. Оролцогчдыг хакатонд оролцох хугацаанд тус салбарын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөж, дэмжин ажилласан бөгөөд оролцогчид төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангахтай холбоотой асуудлыг хэрхэн тодорхойлж, ямар бүтээлч шийдлүүдийг боловсруулан шүүгчдэд танилцуулсныг хүргэе.

I байр: “Бид” баг


Тэд энэхүү тэмцээнд орохын өмнө төсвийн хөрөнгө оруулалтын талаар төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд энэхүү хакатонд оролцсоноор санаагаа илүү төгөлдөржүүлэн, ахиулж чадсанаа илэрхийлсэн юм.

Багийн шийдвэрлэхээр сонгож авсан асуудлууд:

  • Төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоо хязгаарлагдмал
  • Мэдээлэл ил тод биш
  • Мэдээллийн эх үүсвэр ойлгомжгүй
  • Иргэдийн хяналт сул

Тэдний санал болгож буй шийдэл:

Нээлттэй хялбар мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг e-mongolia, ebarimt системээр танин байршлыг нь тодорхойлох, апп ашиглан улсын төсвийн хөрөнгө оруулалтын үе шатуудад иргэдийн саналыг авах, хэрэгжиж дууссан төсөл арга хэмжээнд үнэлгээ өгөх боломжийг бүрдүүлэх шийдэл дэвшүүлжээ.

"Бид" баг

Тэдний санал болгож буй шийдэл нь гар утасны апп болон вэб хэлбэрээр ашиглагдах боломжтой. Мөн төсвийн цаглабартай нягт уялдан ажиллахаараа онцлог. Төсвийн жагсаалт гаран, шийдвэрлэх түвшний хүнд хүрэхээс өмнө хэрэглэгчдээс санал хүсэлт аван, хэрэгцээг нь тодорхойлох, тэдгээр дэвшигдсэн төслүүдэд иргэд хоорондоо санал солилцохоос өгсүүлээд төсөв батлагдтал үргэлжлэх үйл явцыг тухайн цаг мөч бүрд хэрэглэгчдэд мэдэгдэхээс гадна гүйцэтгэлийн үе шатыг ч дэлгэрэнгүй мэдээлэх аж. Тодруулбал, тендерийн шалгаруулалтад оролцсон компанийн нэрс, шалгарсан компанийн мэдээлэл​, гүйцэтгэлийн явцын талаарх мэдээлэл, санхүүжилтийн мэдээлэл, гүйцэтгэлийн хяналт, баталгаажуулалтын талаарх мэдээлэл, санал гомдлын талаарх мэдээлэл, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай зэрэг бүхий л мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх юм. Мөн иргэдийн тавьсан санал хүсэлт, гомдлыг үндэсний аудитын газарт хүргүүлэх боломжийг ч оруулаад буй. Нэмэлтээр хэрэгжсэн төсөлд хэрэглэгчид үнэлгээ өгч болно.

“Bid” апп нь нэг кодоор бүх платформд ажиллах боломжтойгоос гадна QR уншуулан төсвийн хөрөнгө оруулалтын талаарх бүхий л мэдээллийг авч болдгоороо маш хялбар, зардал багатай шийдэл болоод буй.

II байр: “Faith and Tech” баг


Тус баг анхны хакатондоо өрсөлдсөн нь энэ бөгөөд богино хугацаанд бүтээлч, инновацлаг санаа хөгжүүлж, өөрсдийгөө сорьсонд баяртай байгаагаа хуваалцаж байлаа.

Багийн шийдвэрлэхээр сонгож авсан асуудлууд:

  • Монгол хүмүүс өөрсдийнхөө төлөө дуугарч сураагүй
  • Санал гомдлоо гаргах, ухаалаг, инновацлаг нэгдсэн хэрэгсэл байхгүй
  • Санал гомдлын явцыг хянадаг эргэх холбооны шийдэл, мэдээллийн хангамж, уялдаа дутмаг

Тэдний санал болгож буй шийдэл:

Тэд иргэдийн санал хүсэлтийн тандалт судалгааны “Shiid” аппыг хөгжүүлээд буй. Энэхүү аппын үндсэн зорилго нь төрийн болон хувийн байгууллагуудын талаарх иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд оршино.

"Faith and Tech" баг

Хэрэглэгчид гар утасны "Shiid" аппыг ашиглан төрийн болон хувийн бүхий л байгууллагуудад санал хүсэлт, гомдлоо зураг, текст, аудио хэлбэрээр илгээх боломжтой ба эргээд тухайн санал, гомдлынхоо явцыг графикаар харах боломжтой. Тус апп нь хэрэглэгчийн хувийн мэдээлэлд тулгуурлан зөвхөн өөрт нь хамаарал бүхий төслүүдийг санал болгохоороо онцлог. Мөн аппд байрших бүхий л статистик, аналитик мэдээллүүд нь хэрэглээнд тохирсон, хурдан ойлгогдохуйц нэгж, хэлбэрээр байх тул хэрэглэхэд хүндрэл гарахгүй хэмээн үзэж байна.

Аппын зорилго нь иргэдийн санал өгөх зан төлвийг нэмэгдүүлэх, иргэдийг төрөөс хэрэгжүүлж буй төслийн талаарх мэдээлэл хүлээн авахад сургах, саналын явцаа бодит цагт мөшгөх, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын шударга өрсөлдөөний үйл явцыг ил тод болгоход оршиж байгаа юм.


III байр: “Growth” баг


Тус баг нь Unread Growth Program-ийн 2019 оны төгсөгчдөөс бүрдсэн баг гэдгээрээ онцлог. Иймд өсөн дэвжихийг бэлгэдэж багийнхаа нэрийг "Growth" хэмээн нэрлэсэн нь энэ.

Багийн шийдвэрлэхээр сонгож авсан асуудлууд:

  • Төр иргэдийн эгэх холбоо сул
  • Иргэдийн мэдээлэлгүй, бэлэн бус байдал
  • Иргэд төрийг холбосон шийдэл дутмаг

Тэдний санал болгож буй шийдэл:

Тэд иргэн, төр, иргэний нийгмийн байгууллагуудын эргэх холбоог бэхжүүлэх зорилгын хүрээнд шийдлээ боловсруулаад буй. Тэдний хөгжүүлсэн гар утасны аппыг ашиглан иргэн ямар нэгэн үйл ажиллагааг санаачлахаар саналаа өгөх, иргэд хоорондоо дэвшүүлсэн санаанууддаа харилцан санал өгөх, батлагдаагүй төслүүд дээр санал, дүгнэлт өгөх боломжтой болох юм.

"Growth" баг

Уг апп-д төр, иргэдээс гадна ИНБ-ууд оролцон, байр сууриа илэрхийлэх боломжтой ба гурвалсан эгэх хариуцлагыг бэхжүүлэх боломж бүрдүүлснээрээ онцлог. Иргэд e-mongolia системд бүртгүүлсэн дугаараараа бүртгүүлэх боломжтой байх бол, ИНБ-ууд төрөөс олгосон гэрчилгээний дугаараараа нэвтрэх боломжтой. Иргэд апп-аар дамжуулан төрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдэд саналаа өгөх, хэрэгжүүлсэн төслүүдэд хяналт тавих боломжтойгоос гадна өөрөө төсөл санаачилж, бусдын санаачилсан төслүүдэд саналаа өгөх боломжтой аж. Мөн иргэд нэмэлтээр төсөвт батлагдаагүй үлдсэн жагсаалтад санал хүсэлт өгөх боломжийг бүрдүүлж өгч буйгаараа онцлог.

Түүнчлэн тэд монгол орны өнцөг булан бүрээс *1111# дугаар руу аль ч үүрэн телефоноос залган, төсвийн хөрөнгө оруулалтын талаарх шаардлагатай мэдээллийг авах шийдлийг боловсруулаад буй.

ХАКАТОНЫГ ДҮГНЭХ НЬ

Ийнхүү оролцогчид төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангахтай холбоотой асуудлыг шийдэх төрөл бүрийн шинэ санаануудыг дэвшүүлж, богино хугацаанд бүтээлчээр ажиллалаа. Мэдээж иргэдийн оролцоотойгоор төрийн үйлчилгээг сайжруулах, үр дүнтэй, чанартай төрийн үйлчилгээг хэвшүүлэхэд цахим шийдэл тун чухал. Оролцогч багууд ч төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах, төр, иргэн, ИНБ-ын эгэх холбоог бэхжүүлэх, дата мэдээллийг нэгдсэн системд оруулахад чиглэсэн олон сонирхолтой шийдэл гаргаж чаджээ.

"Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд уг хакатоноор гарсан шилдэг шийдлүүдийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, холбогдох чадавх бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна.

Шилдэг багуудыг танилцуулах нь

"Эгэл эгэх" баг

"Be Positive" баг

"Холбоос" багийн гишүүн И.Батбаяр

"Wasabi" баг

"Trailer Park" баг