Бид яг одоо түүхэнд хамгийн олон хүн нэгэн зэрэг зайнаас ажиллаж буйг гэрчилж байна. Саяхныг хүртэл дэлхийн хэмжээнд зайнаас ажиллаж буй хүмүүсийн тоог 5 сая орчим хэмээж байсан бол COVID-19 цар тахлын хэмжээнд хүрснээр энэ тоо огцом нэмэгдээд байна. Монгол Улсад эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш олон байгууллага зайнаас ажиллах горимд шилжээд байна. Гэхдээ зайнаас үр дүнтэй ажиллахад анхаарах зүйлс цөөнгүй байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь технологийн шийдлүүд юм. Өнөөдрийн нийтлэлдээ бид байгууллагын харилцаа холбоо, ажил төлөвлөх ба хянах үйл явцад туслах шилдэг шийдлүүдийг танилцуулъя.
Хурлын шийдэл - Meeting.MN
Яагаад чухал гэж?
Төрөл бүрийн хурал, уулзалтууд бол ямар ч байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэсэг. Зайнаас ажиллах болсноор энэ бүхэн өөрчлөгдөхгүй. Хэдий видео дуудлагаар энэ асуудлыг шийдэхэд амархан мэт санагдах ч яг цаг нь болж олон хүн дуудлагад нэвтрэх гэхэд холболт, техникийн төрөл бүрийн хүндрэл учирдаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх хурлын шийдэл бол Meeting.mn юм.
Яагаад Meeting.mn гэж?
Учир нь энэ сайтыг ашиглахад маш хялбар. Та хурлын өрөөний дугаараа мэддэг байхад ямар нэг бүртгэл шаардахгүйгээр шууд холбогдох аж. Ингэхдээ ухаалаг утас, компьютерийн аль алинаас холбогдох боломжтой. Дээд тал нь 17 хүн нэг зэрэг оролцох боломжтой бөгөөд ямар ч дата хадгалагдахгүй гэдгээрээ онцлог юм. Мөн дэлгэцээ хуваалцаж болдог тул шууд танилцуулга хийж, сургалт ч орох боломжтой ажээ. Зах зээлд нэвтрээд удаагүй байгаа энэхүү үйлчилгээг цаг үеийн нөхцөл байдалтай холбон үнэ төлбөргүй санал болгож байгаа юм байна. Үнэхээр заавал турших ёстой үйлчилгээ шүү.
Туршиж үзэх: Meeting.mn
Meeting.mn
Байгууллагын харилцаа - Slack
Яагаад чухал гэж?
Байгууллагын харилцаа холбоо ямар ч үед тасалдах учиргүй. Танай байгууллага зайнаас ажиллахдаа байгууллагын харилцаагаа хэрхэн шийдэж байна? Арай мессенжер дээр групп чат үүсгэж байгаа юм биш биз? Эсвэл зөвхөн имэйл бичиж байна уу? Хэрвээ эдгээр аргуудыг ашиглаж байгаа бол бид танд нэн хялбар бөгөөд тун цэгцтэй хувилбар болох Slack-ийг санал болгоё.
Яагаад Slack гэж?
Дэлхийн сая сая мэргэжилтнүүдийн "миний фэворит апп" хэмээдэг Slack бол зүгээр нэг групп биш бөгөөд channel буюу сэдвүүд үүсгэн тун цэгцтэй харилцах боломжийг олгодог. Жишээлбэл, манай Unread-ийн баг контент, сошиал медиа зэрэг хэд хэдэн суваг үүсгэсэн. Үүнээс гадна багийн гишүүд хувийн чат, групп чатаар хоорондоо харилцах боломжтой. Ашиглалтын хувьд файл хуваалцах, бичсэнээ устгах буюу засах, бичсэнээ сувгийн хамгийн дээр харагдахаар онцлох (pin хийх), стикер илгээх гэх мэт боломжуудтай. Үнэгүй хувилбар дээр чат нэг сар л хадгалагддаг бөгөөд шаардлагатай гэвэл үнэтэй хувилбарыг авч болно.
Дэлгэрэнгүй судлах: Апп тойм - Slack: Багийн тоглолтоо сайжруул
Unread
БАЙГУУЛЛАГЫН ДУУДЛАГАД ХАРИУЛАХ - CALLPRO
Яагаад чухал гэж?
Оффис дээр хэн ч үлдээгүй үед хэрэглэгчээс дуудлага ирвэл танай байгууллага хэрхдэг вэ? Харилцагч, хэрэглэгчдээ үргэлж нэгт тавьдаг компанид дуудлага бүрийг алдахгүй хүлээж авах нь юу юунаас чухал байдаг. Одоогийн нөхцөл байдалд бол хүмүүстэй уулзалгүй имэйл бичиж, мессеж явуулан, видео дуудлага хийн зохицуулах л хамгийн зөв сонголт болоод байна. Гэхдээ үүнээс болж та ажлын дугаараа бус хувийн дугаараа хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ тараах шаардлагагүй. Илүү мэргэжлийн байх үүднээс CallPro үйлчилгээг ашиглаад үзээрэй.
Яагаад CallPro гэж?
2019 оны Unplug Awards-ийн шилдэг стартап шагналыг хүртсэн CallPro-ийн үйлчилгээ "хямралын" энэ үед олон бизнесийн аврагч болж байгаа нь санаандгүй хэрэг биш. Энэ үйлчилгээ байршил харгалзахгүйгээр байгууллагын дуудлага хүлээн авах боломжийг олгож, таныг амарсан үед хэрэглэгчдэд автомат хариулагчаас мэдээлэл өгөх болно. Дуудлага шилжүүлэх процесс нь тун хялбар. Та компьютероор дуудлага авах бол хүлээн авах програм татаж, гар утсаар дуудлага авах бол шилжүүлэх хүсэлт өгөх хэрэгтэй. Мөн ажилтанд хяналт тавих талаар сонирхож байгаа бол энэ үйлчилгээ ярианы бичлэг хадгалах модультай төдийгүй гүйцэтгэлийг хянах тайлан статистик боловсруулж өгдөг.
Дэлгэрэнгүй танилцах- Онцлох: CallPro - Тэднийг маркетингаасаа асуу
Unread
Ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл - Trello
Яагаад чухал гэж?
Ажлын төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлээ хянах нь ямар ч байгуулагын хувьд нэн чухал байдаг. Энэ чиглэлд хамгийн сайндаа тооцогддог апп бол Trello юм.
Яагаад Trello гэж?
Trello бол компанийн хэмжээ, онцлог, салбараас үл хамааран өөрийн хүссэнээр үйл ажиллагаагаа төлөвлөж болдог "төгс" хэрэгсэл. Trello нь ажлын хуваарилалтыг нарийн гаргахад тусалдаг төдийгүй тухайн ажлаа томоор ерөнхийлөн харах боломжийг олгодог гэдгээрээ онцлог.
Ерөнхийдөө board-list-card хэмээн томоос жижгэрдэг бүтэцтэй. Жишээлбэл та “board”-оо оноор нь хувааж, “list”-ээ долоо хоногоор хязгаарлан, “card” дээрээ ажлаа тэмдэглэн, дотор нь “checklist” буюу жагсаалт үүсгэж болно. Хүссэнээрээ зохион байгуулахад ядах юмгүй хялбар. Багаар ажиллаж буй үед ажлуудыг хүмүүст оноон, дуусгах хугацааг тавьчихдаг нь тун зүгээр. Гишүүд явцынхаа мэдээллийг энгийн текстээр, зургаар, линкээр гээд янз бүрээр оруулж болно. Та Trello-г гар утас, компьютерийн аль алинаас ашиглах боломжтой.
Дэлгэрэнгүй ухах- Trello: Төслөө ухаалгаар удирд
Unread
Санал болгох: Ажлын байрны ирээдүй: Дижитал нүүдэлчид
Unread
Z Zoloo 2020.03.18 49.0.167.14
Yg heregtei niitlel baina. Odoo bas remote ajillahdaa herhen ooriigoo udirdaj ymaa hiih, yaj ajildaa tovloroh, bas yaj ajlaasaa hondiirch amrah tsagtaa amrah talaar zovlogoo ogvol ih heregtei bainaa.
З Зочин 2020.03.15 66.181.180.107
Meeting.mn-iig erthen meddeg boloosoi gej bodloo daanch manaih gsuite-iig butneer ni avchihsan tsagaa olson saihan sanaa baina shuu