Секс хэн бүхэнд хамааралтай, хүний амьдралын чухал нэгэн хэрэгцээ мэт боловч бодит амьдрал дээр бид энэ сэдвийн тухай ярилцахдаа яг л хууль бус гэмт хэргийн талаар хэлэлцэж буй мэт сандрах нь бий. Тэр бүү хэл мэргэжлийн хүнээс туслалцаа авахдаа ч хүртэл санаа зовдог. Гэсэн хэдий ч энэ салбар жил ирэх тусам өсөж, хэрэгцээ нь нэмэгдсээр байгаа нь чухам хэр зэрэг чухал сэдэв болохыг харуулж буй.
Бид энэ чиглэлийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд мөнгө төгрөгөө харамсах зүйлгүй зарцуулахын сацуу сексийн талаарх өч төчнөөн олон ном, нийтлэл уншиж, подкаст, ярилцлага сонсож байгаа ч хариултыг нь мэдэхгүй асуултууд байсаар л байна.
Тиймээс гэгээн хайрыг алдаршуулж буй энэ өдөр бидний зүгээс дотно харилцаа тойрсон эргэлзээтэй асуултуудад хариулт өгөх энэхүү нийтлэлээ бэлдлээ. Ганц бие нь ганцаараа, хостой нь хосоо дэргэдээ суулгаж байгаад хамтдаа уншаарай.
1. УДААН ТУСМАА АМТТАЙ

Эротик сэтгүүлийн хавтсан дээрх бүсгүйг сэтгэл татам харагдуулахын төлөө эм бэлгэ эрхтнийг байгаагаас нь илүү “дотогшоогоо хумигдсан” болгож янзалдаг гэдгийг мэдэх үү? Түүнээс гадна насанд хүрэгчдийн киноны үеэр эрэгтэй жүжигчний хөвчирсөн эрхтэнг хурдан буулгахгүйн тулд төрөл бүрийн бэлдмэл хэрэглэдэг гээд төгс сексийг харуулахыг хүссэн, орчин цагийн худал хуурмаг контентууд уршгаар бид өөрсдийн бие махбод, сэрэл мэдрэмжээ хэвийн бус гэж ташаа бодоход хүрдэг.
Олон төөрөгдсөн бодлын нэгэн жишээ нь бэлгийн харилцааны үргэлжлэх хугацаа. Насанд хүрэгчдийн зарим бүтээл хагас цагаас ч удаан хугацаанд үргэлжлэхийг үзээд хосуудын хувьд бэлгийн амьдрал хэтэрхий түргэн, хэтэрхий уйтгартай юм болов уу гэх бодол эргэлдэх нь бий.
Бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд нийт асуулгад оролцогчдын 61 хувь үүлэн борооны ажил үргэлжлэх “төгс” хугацааг 5-10 минут хэмээн тодорхойлжээ. Харин ердөө 26 хувь нь 11 минутаас удаан хугацаанд үргэлжлүүлэхийг хүсдэг хэмээн хариулсан нь тун сонирхолтой.
Өөр нэгэн баримт. 2005 онд Journal of Sexual Medicine сэтгүүл мэргэжлийн секс терапистуудаас бэлгийн харилцааны үргэлжлэх хугацааны тухай санал бодлыг нь асуухад тэд бэлгийн харьцааг хангалттай (3-7 минут), хэт богино (1-2 минут), хэт удаан (10-30 минут), хүсүүштэй (7-13 минут) гэсэн дөрвөн ангилалд хуваажээ.
Үүнээс дүгнэхэд, дотно харилцаа гэдэг марафоноос илүүтэй ойрын зайн гүйлттэй илүү төстэй гэсэн үг бөгөөд хосуудын үүлэн бороон ажил бүхэл шөнийн турш үргэлжлэхгүй байгаад огтхон ч санаа зовох шаардлагагүй аж.
2. тослох шаардлага үгүй

Та одоог хүртэл эмэгтэй хүн хангалттай хүсэхгүй байх үед л чийгшүүлэгч тос ашиглах учиртай хэмээн боддог юм биш биз? Уг төрлийн тосыг зөвхөн бэлгийн сулралтай, өндөр настай, цэвэршилтийн асуудалтай хүмүүс ашиглах зориулалттай хэмээх буруу ойлголт түгээмэл. Гэвч үнэн хэрэгтээ энэ тос нь хүн бүхэнд зориулагдсан бөгөөд ямар ч сөрөг нөлөөгүй төдийгүй гөлгөр, гулгамтгай гадаргууг бий болгосноор арьсан дээр хүрэлцэх хөдөлгөөн бүрийг илүү тааламжтай болгох ид шидтэй юм.
Эстроген, андроген, окситоцин, допамин зэрэг эмэгтэйн бэлгийн харилцааны хариу үйлдлийг дэмжих дааврын хэмжээ нэмэгдэх үед үтрээ орчим жирийн үеэс илүү чийгтэй болдог хэдий ч уг шингэний үйлдвэрлэлд нөлөөлөх хүчил зүйлс олон бий. Дааврын өөрчлөлт, цэвэршилт, хүчтэй эмийн хэрэглээ, стресс, тэр ч байтугай тухайн өдөр хангалттай шингэн уугаагүй байх нь ч нөлөөлөх боломжтой.
Судалгаанаас харахад, 18-50 насны эмэгтэйчүүдийн 17 хувь нь бэлгийн харьцааны үед үтрээ хуурайшдаг хэмээн хариулжээ. Уг мэдрэмж эмэгтэйчүүдийг хөхүүл үед эсвэл цэвэршилтийн үеэр илүү их тохиолддог бөгөөд зарим эм, түүний дотор жирэмслэлтээс хамгаалах зарим төрлийн эмүүд нь үтрээ орчмын хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулснаас үүдэн хуурайшилт үүсдэг. Тиймээс дахин сануулахад, бэлгийн харилцааны үеэр нэмэлт тос ашиглах нь ичиж, санаа зовмоор үйлдэл огт биш шүү.
3. таашаал бүхэн төлбөртэй

Эмэгтэйчүүдийн анхны бэлгийн харилцааны түүхүүд таашаал гэхээс илүүтэй өвчин, зовуурь, цус, нулимстай холбогдох нь элбэг. Магадгүй эмэгтэйчүүд энэ цаг үеэс л таагүй байдал, өвдөлт нь бэлгийн таашаалын оргилд хүрэхийн тулд төлөх ёстой төлбөр хэмээх ойлголттой болдог биз. Олон эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн харьцааны үед өвдөх нь бүхэлдээ хэвийн үзэгдэл хэмээн боддог аж. Индианагийн их сургуулийн хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 30 хувь нь хамгийн сүүлд бэлгийн харьцаанд орохдоо өвдөлт мэдэрсэн хэмээн хариулсан байна. Харин энэ тоо эрчүүдийн хувьд ердөө таван хувь байжээ.
Эмэгтэйчүүдийн 75 орчим хувь нь амьдралынхаа аль нэгэн цаг үед өвдөлттэй бэлгийн хавьталд орж үзсэн бөгөөд тогтмол давтамжтай, хэт их зовуурьтай өвдөлт нь үтрээний үрэвсэл, дааврын өөрчлөлт, үтрээний хуурайшилт, бэлгийн замын халдварт өвчин зэрэг олон шалтгаантай. Мэдээж зарим тохиолдолд үтрээний хуурайшилтаас үүдэлтэй бага зэргийн зовуурь мэдэрч болох ч харилцаанд орох тоолонд өвдөлт мэдэрч байвал эмчид хандах нь хамгийн зөв сонголт юм. Загас наадуулах бүрдээ хэвийн бус өвдөлт, зовуурийг өргөл болгон өгөх ёсгүй гэдгээ санаарай.
4. дотно харилцааг төлөвлөх нь утгагүй

Төдийгөөс өдий хүртэл үзэж, харж, уншиж өссөн поп соёл бидэнд секс гэгч зүйл гэнэтийн, санаандгүй байх тусмаа хүсэл тэмүүлэл, тачаалаар дүүрэн байдаг тухай номолж ирсэн билээ. Гэвч гэрлэсэн, олон хүүхэдтэй, карьертаа анхаарч буй хосуудын хувьд үүлэн борооны ажил жагсаалтын хамгийн адагт бичигддэг. Эрч хүчээр дүүрэн, стресс багатай үедээ л хийцгээе хэмээн хойшлуулсаар нэг мэдэхнээ бүтэн сар өнгөрсөн байх нь ч бий.
Хэрвээ уншигч танд энэ үйл явдал танил, дотно санагдаж байх аваас календарь дээрээ бэлгийн харилцаанд орох өдрийг хамтрагчтайгаа ярилцаж байгаад зоож үзээрэй. Огтхон ч тачаангуй сонсогдохгүй байгааг мэдэж байна л даа, гэхдээ л үр дүн нь чухал шүү дээ, тийм ээ.
Дотно харилцаагаа төлөвлөх нь таны харилцаа бүтэлгүйтсэн гэсэн үг биш. Эсвэл хосууд хүсэл тэмүүлэлгүй эсвэл бэлгийн амьдрал нь уйтгартай гэсэн гутаан доромжлол огтхон ч биш. Бид өөрсдийн сонирхдог, дуртай, цаг зарцуулахыг хүсч буй бүхий л зүйлсээ хувийн календарь дээрээ нэг бүрчлэн зоодог шиг үүлэн борооны ажлаа ч төлөвлөх нь харилцаандаа чин сэтгэлээсээ анхаарал хандуулдаг болохыг илтгэж буй хэрэг юм.
Бэлгийн харилцаагаа төлөвлөдөг хосууд төлөвлөдөггүй хосуудтай харьцуулахад ор дэрний ажилдаа илүү сэтгэл ханамжтай байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдгийг санаарай.
5. тоглоом тоглох нь ичмээр хэрэг

Орчин цагт насанд хүрэгчдийн тоглоом худалдан авах нь огтхон ч ичмээр үйлдэл биш. Тоглоом нь таныг хэрхэн таашаал авахаа мэддэг, төрөл бүрийн шинэ туршилтад соргог нэгэн болохыг тань харуулдаг. Сонирхуулахад, дэлхийн секс тоглоомын зах зээлийн хэмжээ 2022 онд 32.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа төдийгүй 2023-2030 он хүртэл жилийн нийлмэл өсөлтийн хурд (CAGR) 8.50 хувь байгаа юм.
Насанд хүрэгчдийн тоглоом донтуулах аюултай, тогтмол хэрэглэснээр жинхэнэ бэлгийн харилцаанаас зайлсхийж эхэлдэг гэх мэт ташаа ойлголт бидний дунд түгээмэл. Гэвч бэлгийн хавьталд тогтмол ордог хүмүүс тоглоомыг бусдаас илүү хэрэглэдэг бөгөөд мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тоглоом ашиглаж байгаад ердийн харилцаанд шилжихэд ямар ч асуудалгүй байдаг аж.
Эр эмийн ажил бие махбодоос гадна хүрэлцэхүй, сэтгэлзүй, ээнэгшил, дотно байдал, хайр сэтгэл, дааврын нөлөө гээд маш олон хэсгүүдээс бүрддэг. Ямар ч гайхалтай, ухаалаг тоглоом хайртай хүнийхээ чихэнд дулаан үгсийг шивнэх, халуун уруулаа арьсанд хүргэх тэр мэдрэмжийг гүйцэхгүй нь лавтай. Товчхондоо, зах зээл дээрх хамгийн үнэтэй, хамгийн шилдэг тоглоом ч хүн хоорондын нандин харилцааг орлох боломжгүй.
6. бэлгэвч дотно харилцааг унтраадаг

Одоог хүртэл хүн төрөлхтөн бэлгэвчнээс өөр бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг олж амжаагүй л байна. Мэдээж жирэмслэлтээс сэргийлэх түгээмэл аргууд байх ч бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалахыг хүсвэл бэлгэвчнээс өөр найдвартай арга үгүй. Боломжийн үнэтэй, худалдан авахад хялбар гээд бэлгэвчний давуу тал олон ч зарим насанд хүрэгчид бэлгэвч дотно харилцаанаас авах мэдрэмжийг бууруулдаг хэмээн бодож, хэрэглэхээс татгалзах нь олонтоо.
Гэтэл үнэн хэрэгтээ нэгэн судалгаанд оролцогчид бэлгэвчтэй сексийг бэлгэвчгүй секстэй адил тааламжтай хэмээн үнэлжээ. Хэрвээ та эрэгтэй бол дотно харилцаанд орохоосоо өмнө, бэлгэвчнийхээ дотор хэсэгт чийгшүүлэгч тос дусаагаад үзээрэй. Зарим эрчүүд энэ аргыг бэлгэвч хэрэглэхгүй байснаас ч илүү сайхан мэдрэмж төрүүлдэг гэжээ.
Зарим тохиолдолд, сексийн үеэр хангалттай таашаал авахгүй байгаа шалтгаан нь бэлгэвч биш сэтгэлзүйтэй холбоотой байдаг. Сэтгэл санаагаа тэнцвэржүүлж, хайртай нэгэндээ өгч буй таашаалаа бодон биеэ барихгүй, чөлөөтэй байх нь авах мэдрэмжийг тань хэд дахин нэмэгдүүлэх нь лавтай.
Эцэст нь дурдахад, зөвхөн хамтрагчдаа найдахын оронд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалахын тулд эмэгтэйчүүд маань ч хамгаалалт худалдан авч байгаарай.
Гэгээн хайрын баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл бичих

