Таны унтаж, усанд орж эсвэл ариун цэврийн өрөөндөө сууж байгаа зургийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн сүлжээнд нийтэлнэ гэвэл таатай санагдахгүй нь лавтай. Гэтэл эцэг эхчүүд дунджаар хүүхдээ 5 нас хүрэхээс өмнө 1500 гаруй зургийг нь цахим орчинд нийтэлдэг гэх ба тэдний гуравны нэг нь хүүхдээсээ зөвшөөрөл авах тухай хэзээ ч бодож байгаагүй гэжээ. Тэгвэл хүүхдийнхээ “өхөөрдөм” зураг, бичлэгийг цахим орчинд ялангуяа олон нийтийн сүлжээнд нийтлэх нь тэдний эрхийг зөрчиж буй хэрэг мөн үү ?

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ
Майкрософт компани дэлхийн 25 орны 12 мянга гаруй өсвөр насныхныг хамруулсан судалгаа хийхэд тэдний 42 хувь нь эцэг, эхчүүд нь өөрсдийнх нь тухай цахим орчинд “хуваалцаж” байгаад сэтгэл зовдог гэсэн бол 11 хувь нь “үнэхээр том асуудал” гэжээ. Энэ төрлийн судалгааг манайд мөн хийвэл ямар үр дүн гарах бол? Саяхандаа нэгэн олны танилын хүүгийн сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн асуудалд олон нийтийн зүгээс хоёр талтай хандлаа. Нэг хэсэг нь хувийн амьдрал, хүүхдийнхээ зургийг дэлгэдэг ээжийг буруутгаж байхад нөгөө талд эцэг, эхийн үйлдлээс үл хамааран хэн ч хүүхэд дээрэлхэх ёсгүй гэв.
Хүүхдүүд нас хүйс, нийгмийн гарал, шашин шүтлэг, хаана, хэнээс төрсөн зэргээсээ үл хамааран эрүүл, аюулгүй, аз жаргалтай, бүрэн дүүрэн амьдралаар амьдрах учиртай.
Хүүхдийн эрхийн тухай конвенц
Хүүхэд бүхэн жаргалтай
18 нас хүртэлх бүх хүнийг хүүхэд гэх бөгөөд тэдний бие бялдар, оюуны хөгжил нь насанд хүрэгчдээс ялгаатай байдаг учир онцгой халамж, хамгаалал эдлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу “Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй”.
Хүүхдийн эрхийн конвенц бол дэлхийн улс орнууд хүүхдийнхээ эрхийг сахин хамгаалахаа амласан чухал хэлэлцээр бөгөөд дэлхийн бүх хүүхдэд хамаатай баримт бичиг. Үүний дагуу хүүхдийн эрх нь тэдэнд олгож буй тусгай эрх биш, харин заяагдмал зүйл бөгөөд хүүхдийн эрхийг хангана гэдэг нь нинжин сэтгэл бус, харин үүрэг хариуцлага гэдгийг хүн төрөлхтөн нийтээр санаа нэгдэн баталсан.
Sharenting буюу миний орчуулгаар “Хуваалцах дон” гэдэг нь эцэг эх, асран хамгаалагч эсвэл хамаатан садан нь хүүхдийн зураг, тэдний тухай мэдээллийг цахим орчинд түгээн дэлгэрүүлэхийн нэр юм. Харин Коллинзийн толь бичигт "Эцэг эхчүүд хүүхдийнхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээх зуршил" гэжээ. Энэ хандлага ялангуяа Барууны орнуудад түгээмэл ажиглагддаг ба Барууны 10 орныг хамруулсан судалгаагаар тэдгээр хүүхдүүдийн 82 хувь нь хоёр нас хүрэхээсээ өмнө дижитал орчинд танигдсан байдаг гэжээ.
Миний зургийг устгаач, би ичиж байна
Хуваалцах донтой холбоотой сонирхолтой нэгэн жишээ нь Австрийн 18 настай охин өөрийнх нь 500 гаруй зургийг зөвшөөрөлгүй цахим орчинд нийтэлсэн нь ичмээр санагдсан учраас эцэг, эхээ шүүхэд өгчээ. Аав, ээж нь охины амьдралын бүхий л цаг мөчийг харуулсан зургуудыг цахим орчинд нийтэлдэг байсныг охин өөрөө олон нийтийн сүлжээнд нэвтэрснээр олж мэдэн, устгахыг асуусан ч зөвшөөрөөгүй тул ийнхүү хувийн нууц, мэдээлэл хамгаалах эрхийг зөрчлөө хэмээн шүүхэд хандсан байна.

Хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй нийтлэх тухай уг асуудалд дэлхийн улс орнууд ч онцгой анхаарсаар байгаа бөгөөд жишээ нь Франц Улс хүүхдийн хувийн орон зайг дээдэлсэн дэлхийн анхны хуулийг хэлэлцэж буй. Уг хуульд хэрэв хүүхдийнхээ зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн эцэг, эхчүүд буруутай нь тогтоогдвол нэг жил хүртэл хорих, эсвэл 45 мянган еврогоор торгохоор заажээ. Хувийн нууцын тухай харьцангуй хатуу хуультай Германд 14-өөс дээш настай өсвөр насны хүүхдүүд олон нийтийн сүлжээнд хүсээгүй зургийг нь нийтэлсэн эцэг, эхээ хувийн нууцад халдсан хэмээн шүүхэд өгөх боломжтой. Харин Солонгос Улсад 19-өөс доош насны хүүхдүүдэд зориулсан “Хүүхэд, залуучуудын хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуультай бөгөөд хүүхдүүд өөрсдөө болон өөр этгээдийн оруулсан хувийн мэдээллээ устгах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой аж. Харамсалтай нь манай улсад дээрхтэй адил хууль тогтоомж байдаггүй ба одоогоор УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилсан “Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” D-Parliament сайтад боловсруулагдаж байна гэжээ. Уг хуулийн 5-р зүйлд гэр бүлийн орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай заасан боловч эцэг, эх хүүхэдтэй зөвшилцөх, тэднээс зөвшөөрөл авах тухай дурдагдаагүй байна.


Эцэг, эхчүүдээс гадна хүүхдийн талаар бэлтгэсэн мэдээ, сурвалжилга, нийтлэлээс үүдэн хүүхдэд аюул занал учрах, бусдад ялгаварлан гадуурхагдах, өш хонзонгийн золиос болох зэрэг эрсдэл үүсэх тохиолдол байдаг. Үүний нэгэн жишээ нь цар тахлын цахим хичээл хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгаа тухай нэгэн сурвалжилгад “Хичээлийн хэрэгслээ бэлдсэн боловч хичээл ороогүй” гэж хэлсэн охины яриа фэйсбүүкт нийлэгдсэн даруйдаа өндөр хандалт авсан. Найман настай охин сургууль дээр, гадуур явахдаа ч “зурагтаар гардаг охин” гэж хэлүүлэхдээ ихэд ичсэн гэжээ. Угтаа хуулийн дагуу сэтгүүлч эцэг эх, асран хамгаалагч, харгалзагч нарт хандаж мэдээ, сурвалжлага олон хүнд хүрнэ гэдгийг тайлбарлан, зөвшөөрөл авсны дараа мэдээлэл авах, түгээх ёстой. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын дагуу сэтгүүлч аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр, дуулиантайгаар түгээхээс татгалзаж, бүтээлийн агуулгыг буруугаар ойлгуулах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана гэж заасан байдаг.

Цахим орчинд асран хамгаалагчид хүүхдийнхээ зураг, мэдээллийг зөвшөөрөлгүй тавих нь хүүхдийн хувийн орон зайд халдаж буй үйлдэл. Үүнээс үргэлжлэн олон эрсдэлүүд бий болох магадлалтай. Тухайлбал, цахим орчинд тавигдсан хүүхдийн зургийг ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүүхдийн хувийн зургаас зарим тохиолдолд сурдаг сургууль, амьдардаг газар зэргийг мэдэх боломжтой учир хувийн мэдээллийг нь цуглуулах, мөрдөх, өөрийн хяналтад байлгах зорилгоор ашиглах зэрэг аливаа эрсдэлд оруулах тохиолдлууд гарч болно.
Мөн хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй нийтэлснээр үе тэнгийн дээрэлхэлт, дарамтад өртөх тохиолдлууд гарч байгаа. Үе тэнгийн дээрэлхэлт, дарамт нь суралцдаг зан үйл бөгөөд хүүхдүүд асран хамгаалагчид, багш, сурган хүмүүжүүлэгч зэрэг насанд хүрэгчдээс сурдаг. Хүүхдийн онцлог, хувийн амьдрал, гэр бүлийн олон талт, ялгаатай нөхцөл байдлыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас буруутгах, хоч өгөх, шоглох, ялгаварлан гадуурхах зэргийг эргэн тойрны насанд хүрэгчдээс хэвийн үйлдэл мэт хүлээж авснаар үе тэнгийн дээрэлхэлт, дарамт үйлдэж байна. Дээрэлхэлт, дарамтад өртсөн хүүхэд нийгмээс өөрийгөө тусгаарлах, сэтгэл гутралд орох, айдас, түгшүүр мэдрэх, хичээлдээ төвлөрөхөд бэрхшээлтэй болох, сургууль завсардах, хорт зуршилд автах зэрэг олон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд тулгарч болно.
Асран хамгаалагчид хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд тавихдаа хүүхэд ч бас хувийн орон зайтай хувь хүн гэдгийг санаж, гарч болох олон эрсдэлүүд байгаа гэдгийг санаж, дараах асуултуудыг өөрөөсөө асууж үзээрэй.
- Хэн нэгэн миний яг ийм зургийг (гэрийнхээ хувцастай, биеийн хэсгүүд ил гарсан гэх мэт) миний зөвшөөрөлгүй нийтлэвэл надад ямар санагдах бол?
- Хэрвээ хэн нэгэн хүүхдийн тань зургийг татаж авах, өөр зорилгоор хууль бус сайтуудад байршуулвал яах вэ?
Өхөөрдөм зургийн аймшигт аюул

Дөрвөн настай Врен Элеанор охин өхөөрдөм богино бичлэгүүдээрээ ТикТок ертөнцөд 17 сая дагагчтай. Гэмгүй санагдах түүний бичлэгүүдийг огт танихгүй хүмүүс хэдэн мянган удаа хадгалсныг анзаарсан ээжүүд хүүхдүүдэд учирч болзошгүй аюулаас сэрэмжлэн #SaveWren хөдөлгөөн өрнүүлжээ. Тухайлбал, Врений өргөст хэмх идэж, тампоноор тоглож байгаа бичлэгүүд нь энгийн бичлэгүүдээс илүү олон сая үзэлт авч, үзэгчид хадгалсан байна. Мөн ТикТок-ийн хайлт хэсэгт “Wren Eleanor” гэж бичихэд “Wren Eleanor hotdog", "Wren Eleanor pickle” гэх мэт илэрцүүд харагдах бөгөөд энэ нь дөрвөн настай охины хотдог болон өргөст хэмх идэж байгаа бичлэгийг олон мянган хүмүүс байнга хайдаг гэсэн үг.
Кибер аюулгүй байдлын McAfee компанийн эцэг эхчүүдийн дундах судалгаагаар хүүхдийн зургийг цахим орчинд нийтлэх нь бэлгийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдийн хулгай зэрэг олон ноцтой аюулууд дагуулна гэдгийг тодорхойлсон ч оролцогчдын тал хувь нь хүүхдийнхээ сургуулийн дүрэмт хувцастай зургийг хуваалцана гэжээ. Эцэг эхчүүдийн хувьд жирийн нэг зураг боловч түүгээр хүүхдийн сургууль, төрсөн өдөр, төрсөн газар, гэрийн хаяг, тэжээвэр амьтны нэр, дэмждэг спортын баг зэрэг олон төрлийн хувийн мэдээллийг алдах боломжтой юм. Barclays банкны тооцоолсноор эцэг эхийн санаандгүй хуваалцсан тэдгээр мэдээллүүдийг ашиглан ирээдүйд хүүхэд насанд хүрсний дараа зээл авах, зээлийн картын гүйлгээ хийх, цахим дэлгүүрийн луйвар хийхэд ашиглаж болох ба ирэх 2030 он гэхэд жилд 7.4 сая энэ төрлийн залилан мэхлэх гэмт хэрэг гарна гэжээ. Хиймэл оюун ухаан, технологи өндөр хөгжсөн энэ цагт хүүхдийн мэдээллийг цахим орчинд түгээх нь ямар аюул дагуулж буйг дараах бичлэгээс үзээрэй.
Хүүхэд бүхэн аз жаргалтай, амар тайван, аюулгүй амьдрах эрхтэй. Энэ бол тусгай эрх биш, харин заяагдмал зүйл бөгөөд хүүхдийн эрхийг хангах нь эцэг эхчүүд, асран хамгаалагчдийн үүрэг хариуцлага гэдгийг дахин анхаарууштай. Хүүхэд насандаа зодуулдаг байсан хүн богино насалдаг гэдгийн адилаар хүүхдийн хүсээгүй зураг, бичлэгийг цахим орчинд нийтлэх нь тэдний эрхэд халдаж буй үйлдэл бөгөөд, сэтгэлд нь үлдэх хар толбо болж мэднэ. Цоож цуургагүй цахим ертөнцөд хаа сайгүй аюул отох тул гишгэсэн мөр бүхнээ анхаарч явахыг уншигч танд зөвлөе.

Сэтгэгдэл бичих

