Энэ жил дэлхий дахинаа 50 гаруй оронд сонгууль болж, дэлхий даяар 2 тэрбум гаруй хүн сонгууль өгнө гэсэн тооцоо бий. Хэл, соёлоос үл хамааран сонгууль гэдэг тухайн улс орны ирээдүйг шийддэг тун чухал үйл явдал билээ.
Технологи хөгжихийн хэрээр сонгууль авах, санал тоолох явц улам бүр боловсронгуй болж буй нь сайшаалтай ч саар талууд мөн бий болж байна. Үүнд сонгуулийн талаарх хуурамч мэдээлэл, сонголтод нөлөөлөх төөрөгдүүлсэн агуулга, хуурамч бичлэг, зураг, бот хаягууд зэрэг багтана.

Манай улсын хувьд 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит сонгуулиа зохион байгуулж, түүхэндээ хамгийн олон буюу 128 парламентын гишүүн сонгох юм. Сонгуулийн үеэр тулгарах нэгэн хүндрэл бол гарцаагүй дээр дурдсан технологийн саар талууд, тэр дундаа бот хаягууд билээ.
Бот гэдэг нь автоматжуулсан сошиал хаяг бөгөөд хуурамч болон төөрөгдүүлсэн мэдээллийг санаатай түгээж байдаг. Аливаа контентыг хуваалцах, дэмжиж эсвэл эсэргүүцэж сэтгэгдэл бичих зэргээр ботуудыг олон төрлөөр ашиглах боломжтой. Энэ үзэгдэл олон улсад ч тун нийтлэг байдаг бөгөөд сонгогчдын боловсролыг дэмжих хүрээнд сошиал ботууд сонгуульд нөлөөлсөн таван бодит жишээг хуваалцаж байна.

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль
Тус сонгуулийн үеэр цахим сүлжээнд хуурамч хаяг ашиглах тохиолдол ихсэж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх оролдлогууд нэмэгдэж байв. Тэдгээр хуурамч хаягийн ихэнх нь гадаадын байгууллагатай холбоотой байсан нь хожим тогтоогдсон. Тухайлбал, ОХУ-аас тус сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор зохион байгуулалттай мэдээ, мэдээлэл тараахдаа бот буюу хуурамч хаяг олноор үүсгэж, худал гарчигтай мэдээ тарааж, улс төрийн хуваагдал үүсгэх зорилготой зар сурталчилгаа хийж, цахим сүлжээн дэх хэрэглэгчдийн саналд нөлөөлөх гэж оролдсон юм.

2017 оны Францын Ерөнхийлөгчийн сонгууль
АНУ-ын Ерөнхийлөгчийн дараа болсон нэгэн нөлөө бүхий сонгууль нь Францын Ерөнхийлөгчийн сонгууль байв. Тус сонгуулийн санал өгөх өдрөөс 48 цагийн өмнө нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макроны хувийн болон ажлын агуулгатай 20,000 цахим шуудан олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Энэхүү мэдээллийг түгээхдээ олон тооны сошиал ботууд ашигласан гэдэг нь олон судалгаагаар тогтоогдсон.

2016 оны Брекситийн бүх нийтийн санал асуулга
Их Британийн Европын холбооноос гарах олон нийтийн санал асуулгыг угтан гарах санал өгөхийг уриалсан бот хаягууд олширч байжээ. Жишээлбэл, 2018 онд Twitter энэ сэдэвтэй холбоотой нийт 10 сая гаруй хуурамч мэдээлэл бүхий жиргээ нийтэлсэн ОХУ-тай холбоотой 3,841, Ирантай холбоотой 770 хаягийг тогтоож байв. Өөр нэгэн судалгаанд, тус санал асуулгатай холбоотой hashtag агуулсан, 300,000 хаягийн нийт 1,5 сая жиргээг шинжилж үзэхэд 500,000 жиргээг нь ердөө 3,000 орчим хаягаас нийтэлсэн байжээ.

2019 оны Энэтхэгийн бүх нийтийн сонгууль
Энэхүү сонгуулийн үеэр цахим сүлжээнд олон нийтийн санаа бодлыг урвуулах зорилгоор хуурамч хаяг, бот ашигласан тухай мэдээллүүд олон байдаг. Сонгуулийн дараа улс төрийн хэд хэдэн намууд суртал ухуулга, ташаа мэдээлэл тараах, түүнчлэн өрсөлдөгчид рүүгээ дайрахын тулд бот хаяг ашигласан хэрэгт холбогдож байсан юм. Ялангуяа тодорхой нэр дэвшигчийг эерэг эсвэл сөрөг байдлаар олон нийтэд хүргэхийн тулд ийм арга хэрэглэсэн гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэсэн.

2018 оны Бразилын Ерөнхийлөгчийн сонгууль
Тус сонгуулийн үеэр хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн гол суваг нь WhatsApp байв. Тус чат аппын гол онцлог нь “end-to-end encrypted” буюу дамжиж буй мэдээллийг илгээсэн болон хүлээн авсан хоёр талаас өөр тал харах ямар ч боломжгүйд оршино. Энэхүү онцлогийг ашиглан нэр дэвшигчид бот хаягуудаас илт хуурамч болон төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн нь сонгуулийн дараах олон судалгаагаар батлагдсан бөгөөд WhatsApp ч мөн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.

БОТ ХАЯГ ШАЛГАХ ВЕБ
Олон нийтийн сүлжээн дэх бот хаягуудыг олж илрүүлэх, энэ талаарх сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Unread-ийн редакц, Tenger TV-тэй хамтран “Бот шалгагч” вебийг бүтээлээ. Энэхүү вебийн ажиллах зарчим тун энгийн.
1. Хэрэглэгч сэжигтэй гэж үзсэн сошиал хаягийн холбоосоо bot.techworm.mn веб дээр оруулна
2. Тухайн хаяг манай мэдээллийн санд (одоогоор 1,000 гаруй бот хаягийг нэгтгэсэн) бүртгэлтэй эсэхийг шалгаж, бот байх магадлалыг нь тогтооно
3. Хэрэв хэрэглэгчийн шалгасан хаяг манай мэдээллийн санд байхгүй бол шинээр бүртгүүлж болно. Ингэснээр уг мэдээллийн сангийн дата нэмэгдэж, илүү ухаалаг болох боломжтой.
Дэлгэрэнгүй унших: Сошиал ботууд баяртай: “Бот шалгагч” вебийг танилцуулах нь
bot.techworm.mn вебийг ашиглан бот хаягуудтай тэмцэхэд хувь нэмрээ оруулаарай.
Алдалгүй сонго

Сэтгэгдэл бичих

