Хорвоо ертөнцийг урнаар “хөдөлгөгч”, соёл, урлаг, инновациас үүдэлтэй бүтээлч эдийн засаг нь тогтвортой хөгжлийг хангах, дэлхий даяар хурдацтай хөгжиж буй салбарын нэг билээ.

Цар тахлын улмаас дэлхий даяар бүтээлч үйлдвэрлэлийн салбар уналтад орсон хэдий ч өдгөө “шинэ эгэл”-д шилжин, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй. Энэ үетэй Монгол улс ч мөн хөл нийлүүлэн соёлын салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх, өөрийн орны ялгарал чанар, өв уламжлал шингэсэн соёл, урлагийн бүтээлүүдээрээ дамжуулан баялаг бүтээх, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох, дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгохоор зорин ажиллаж буйг бид өнгөрсөн сарын турш өрнөсөн “Соёлын бүтээлч сар” аянаас харж болно.



АРВАННЭГДҮГЭЭР САР - СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР

Соёлын яам, түүний харьяа байгууллага, хувийн хэвшил хамтран “Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгээрүүлэх соёл” уриан дор “Соёлын бүтээлч сар” аяныг зохион байгуулав.

Яагаад?

2021 оныг "Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил" хэмээн НҮБ зарласан нь тохиолдолын зүйл биш. Учир нь дэлхий дахинд нүүрлэсэн эрүүл мэндийн хямрал нь соёлын салбарын эмзэг байдлыг улам доройтуулсныг олон улсын судалгаа, тоо баримт харуулж буй.

Тийм хэдий ч хөгжиж буй орнуудын хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж, экспортоо нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх хувь нэмэгдүүлэх боломж бийг Индонез улсын жишээнээс харж болно. Индонез улс 2019 онд гэхэд бүтээлч салбарын орлого ДНБ-ын 7 хувийг бүрдүүлж, 15.9 сая орчим хүнийг ажлын байраар хангасан байна. Тийм ч учраас Индонез улсын санаачлагаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дэх чуулганаар 2021 оныг "Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил" хэмээн зарласан билээ.

Цар тахлын дэгдэлт хумигдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ ч утгаар Соёлын яам тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих, бүтээлч салбарын хөгжлийн түвшнээ тодорхойлох, цаашдын алсын хараа тодорхойлох зорилгоор “Соёлын бүтээлч сар” аяныг удаан хүлээсний эцэст өрнүүлэн, өнгөрсөн сарын хуанлийн хуудсыг урлаг, соёлын үйл ажиллагаагаар дүүргэсэн билээ. Улаанбаатар хотод өрнөсөн соёл, урлагийн арга хэмжээнүүд одоо орон нутагт үргэлжилж байна.

БҮТЭЭЛЧ ЭДИЙН ЗАСГИЙН ОНЦЛОГ

"Бүтээлч эдийн засаг" нь утга учиртай хөдөлмөр эрхлэн, орлого олж, бүх нийтийн хөгжил цэцэглэлтэд туслах тогтвортой хөгжлийн чиг хандлага бөгөөд дижиталчлал, үйлчилгээний өсөлт, соёлын хандлагаар бэхжин хүчирхэг эдийн засгийн салбар болоод байна.

Тиймээс ч бүтээлч эдийн засаг нь зөвхөн арилжааны бус соёлын үнэ цэнэ давхар өгдгөөрөө онцлогтой. Бүтээлч ажил нь хүний нэр төрийг хүндэтгэх, тэгш эрх, ардчилал, үндсэн эрхийг хэрэгжүүлэх, хүн төрөлхтний зорьж буй тогтвортой хөгжлийг цогцлооход ач холбогдолтой. Бүтээлч үйлдвэрүүдийн хувьд худалдаа, оюуны өмчийн эрхээр орлого олдог нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн өмнө шинэ боломжууд нээж өгдөг ажээ.

Урлаг, гар урлал, ном, кино, уран зураг, наадам, дуу, дизайн, дижитал анимейшн эсвэл видео тоглоом гэх мэт бүтээлч салбарууд нь нийгэм, соёлын үнэт зүйлсийг түгээх хүний ​​төсөөллийн илэрхийлэл юм.



ТООГООР ИЛЭРХИЙЛЭХ НЬ

5600 – Монгол улсын соёлын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгуулагын тоо

33 000 – Монгол улсын соёлын салбарт ажилладаг хүний тоо

71 – 15-39 насны залуусын эзлэх хувь

1.3 – Монгол Улсын хэмжээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэл ДНБ-ний 1.3 хувь буюу 481.4 тэрбум төгрөг

2.2 – Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэлхийн зах зээл /их наяд ам доллар/

30 – Дэлхийн нийт 30 гаруй сая хүнийг ажлын ажлын байраар хангадаг.

253 – Дэлхийн нийт бүтээлч үйлдвэрлэлийн экспортын хэмжээ /тэрбум сая ам.доллар/

10 – Олон улсын судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн ДНБ-ний 10 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эзэлнэ гэж үзжээ.

3 – Бүтээлч үйлдвэрлэлийн дэлхийн ДНБ-д эзлэх хувь

БҮТЭЭЛЧ БАЙДЛААС ГАДНА

Бүтээлч эдийн засгийг хөгжүүлэхэд зөвхөн бүтээлч байдал чухал биш. Соёлын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тогтвортой нэгдсэн бодлогоор дэмжих, олон улсын соёл, худалдааны харилцааг сайжруулах, Монгол соёлоо брэнд болгох, өөрсдийн ялгарал чанар, онцлогоор бахархан цор ганц өв, соёл, урлагийн бүтээлүүдийг дэвшилттэйгээр бүтээх, түгээх гээд олон төрлийн цогц үйл ажиллагаа шаардагдана.

Мөн оюуны өмч, зохиогчийн эрх, дижиталчлал, цахим худалдааны платформ, худалдааны нөхцөл, түгээлтийн сүлжээтэй холбоотой олон үйл явц шаардагддаг байна.

Лондонгийн их сургуулийн Сити хотын соёлын эдийн засгийн профессор Энди Праттын хөгжиж буй орнуудын хувьд гурван үндсэн чиглэлийг анхааран үзэх хэрэгтэй гэжээ. Үүнд:

  • Дижитал платформоор гүнзгийрсэн худалдааны тэгш бус байдал
  • Соёл, бүтээлч үйлдвэрлэл дэх ажлын мөн чанар
  • Байгаль орчны асуудал ба тогтвортой байдал

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

Энэхүү соёлын зөөлөн хүчийг эргэлтэд оруулах нь эдийн засгийн болон соёлын өндөр ач холбогдолтой. Хөгжиж буй орнууд бүтээлч үйлдвэрлэл, экспортоо нэмэгдүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийнхээ зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх боломж их бөгөөд төр, хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал.

“Бүтээлч эдийн засаг, түүний салбарууд нь стратегийн ач холбогдолтой салбар бөгөөд үүнийг хөгжүүлж чадвал өрсөлдөх чадвар, бүтээмж, тогтвортой өсөлт, ажил эрхлэлт, экспортын чадавхыг нэмэгдүүлэх боломжтой.”

UNCTAD-ийн олон улсын худалдаа, түүхий эдийн захирал Памела Кок-Хэмилтон

МОНГОЛ УЛСЫН БОДЛОГО

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн монгол брэндийг хөгжүүлэхээр тусгасан байна.

Монгол улс 24 жилд анх удаа Соёлын асуудлыг эрхлэх бие даасан яамтай болсон. Харин Соёлын тухай хуульд 15 жил өөрчлөлт оруулаагүй байжээ.

Өнгөрсөн долоодугаар сард манай улс Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан.



“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ” ФОРУМ

Засгийн газар, УИХ-ын гишүүд, ЮНЕСКО, Швейцарын хөгжлийн агентлагийн мэргэжилтнүүд, дотоодын эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл, Америк болон Австралийн элчин сайдын яамны төлөөлөл цуглан бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр, урлаг ба эдийн засаг гэсэн сэдвүүдээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлжээ.

ЭХНИЙ ДОЛОО ХОНОГ

“Соёлын бүтээлч сар”-ын эхний долоо хоног Соёлын яам салбар хоорондын хэлэлцүүлэг, бодлогын хуралдаануудаар эхэлсэн. “Бүтээлч хот Улаанбаатар” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Соёлын яамны бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг нийслэл хотын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөртэй хэрхэн уялдуулан тусгах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцсэн билээ.

СЭРЖ САНАХ ТҮҮХ

Соёлын бүтээлч сарын хоёр дахь долоо хоногт соёлын өвийг олон нийтэд таниулах арга хэмжээ зохион байгууллаа. Монголын түүх, соёлын хосгүй үнэт өв болох Өндөр Гэгээн Занабазарын урласан цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг дэлгэв. XVII зууны монгол цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг, Монголын ард түмний түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлагийг агуулсан дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүдийг нэгэн чуулган болгож анх удаа дэлгэсэн нь энэ билээ.



ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ

Цар тахлын нөлөөгөөр дижитал урлагийн шинэ эрин эхэлж, онлайн борлуулалт ч төдий чинээгээр өссөн байна. Хөл хорионд иргэд урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр соёлын контентыг онлайнаар худалдаж авчээ. Жишээлбэл, энэ оны эхний хагас жилийн байдлаар урлагийн онлайн борлуулалт дэлхий дахинд 6.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 2.5 тэрбум ам.долларын NFT худалдаалагджээ. Уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийг NFT болгох сонирхол их болсон бөгөөд Монгол улсад Монгол NFT хүртэл гараад удаагүй байна.

Соёлын яамны зүгээс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг дэвшилтэт технологитой хослуулан экспортлох бодлого баримталж буйг дуулгая. Уран зургийн галерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбар танилцуулжээ. Энэхүү бүтээл нь 21 метр урт, 2.5 метр өргөн нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан нүсэр бүтээл юм. Уг уран зурагт 193 улсыг тив, тивээр нь онцлогийг гарган нэг хавтгайд багтаан зуржээ. Зураг 5000 гаруй дүр дүрслэлтэй. Бүтээлийг олон улсын зах зээлд NFT технологиор дамжуулан борлуулж, эх хувийг нь Монгол Улсдаа үлдээх технологийн боломж бий болохыг харуулсан үйл явдал сарын аяны хүрээнд болж өнгөрлөө.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын дөрөв дэх долоо хоногт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Дижитал музей”-д VR, AR нүдний шилний тусламжтайгаар музейг хийсвэр болон баяжуулсан бодит орчинд (2D, 3D) үзэх боломж бүрдсэн.



ХАМГИЙН ОЙР СОЁЛЫН САЛБАР

Соёлын ертөнцийн салшгүй хэсэг – бидэнтэй хамгийн ойр дижитал инновацын контент, брендинг, коммуникац, дизайны салбаруудын үйл ажиллагаа эл аяны хүрээнд зохион байгуулагдлаа. “Кино ба бизнес” форум, Michel&Amazonka-гийн “Winter2022” загварын нэгдсэн арга хэмжээ, “Spikes Asia” олон улсын маркетингийн уралдаан, “Playtime Аrtist Management Workshop”, анимэйшний төсөл шалгаруулах уралдаан, “Advertiser’s night” зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдав.