Бүхий л салбарын байгууллага, компаниуд эх дэлхийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан үйл ажиллагаагаа явуулах болсон билээ. Үүний зэрэгцээ жил бүр энэ чиглэлд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа нэгтгэж, тайлан гаргаж буй нь тухайн жилийн чухал гүйцэтгэлүүдийнх нь нэг болжээ.
Дээрх жишгээр 15 жилийн түүхт “Төрийн банк” ХК 2023 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулаад буй. Ингээд бид энэхүү нийтлэлдээ тэдний хийж бүтээсэн ажлуудаас онцлох долоон тоог хүргэж байна.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ТӨРИЙН БАНКНЫ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Одоогоос 15 жилийн өмнө буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Төрийн банк” ХК нь орон даяар 500 орчим салбар нэгж, 350 АТМ, картаар үйлчлэгч 8698 байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд дараах зорилгуудын хүрээд үйл ажиллагаа явуулдаг.
- Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх,
- Бүх талын хамтын ажиллагааг дээдлэх,
- Харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн олон талт хэрэгцээг нь хангах
Одоогоор 5.4 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй бөгөөд хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад үзүүлэлтээрээ Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж буй. Мөн тэдний хувьд 2022 онд нийт хувьцааныхаа 5.71 хувийг олон нийтэд санал болгосноор 25.4 тэрбум төгрөгийг 7,421 хувьцаа эзэмшигчдээс амжилттай татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон билээ.
Зөвхөн банк, санхүүгийн үйлчилгээнээс гадна тэд 2014 оноос Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжиж эхэлсэн төдийгүй өнгөрсөн оны хоёрдугаар сараас Тогтвортой хөгжлийн албыг шинээр байгуулж, энэ чиглэлд анхаарал хандуулан ажиллаж буй.
1,204.8 САЯ ТӨГРӨГ ХУРИМТЛУУЛСАН
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих “Тэрбум мод сан”-д шимтгэлийн орлогоос 1,204,800,000 төгрөгийг хуримтлуулжээ. Тодруулбал, “Тэрбум мод сан”-аас нийт 34 төслийг сонгон шалгаруулж, санхүүжилт олгосон бөгөөд санд төлөвлөрүүлсэн санхүүжилтээс Төрийн банканд хамаарах хэсгийг хувьчилж тооцвол 6,075 м.кв ногоон байгууламж, 16,800 мод, 11.24 га талбайд ойжуулалт, 21 шинэ ажлын байр, нэг шинэ технологи ойн салбарт туршиж байгаа аж.
6.5 САЯ ҮЗЭГЧИД ХҮРГЭСЭН
Гэр хороололд гал түлэхгүй, утаагүй, урсгал зардалгүй, дулаахан тухтай амьдрах боломжийг олгосон технологийн шийдлийг илүү сонирхолтой шинэлэг хэлбэрээр иргэдэд таниулах зорилгоор “Шинэчилгээ” цуврал нэвтрүүлгийг МООД болон Хайбрид хаус ХХК-тай хамтран “Монгол ТВ” телевизээр орон даяар түгээсэн. Үр дүнд нь давхардсан тоогоор 6.5 үзэгч тус нэвтрүүлгийг хүлээн авч үзжээ.
6 ДАХЬ ЖИЛДЭЭ “ГЯЛС ЦЭВЭРЛЭГЭЭ АЯН”
Байгаль орчноо хамгаалах үйлсэд байгууллага, олон нийтийг уриалан дуудаж, нийгэмд эерэг хандлага түгээхээр энэхүү аяныг 2017 оноос эхлэн зохион байгуулж буй. 2023 оны байдлаар зургаа дахь жилдээ хэрэгжиж буй уг аяны хүрээнд 21 аймаг, 315 сумын гол горхи, ундны усны сав газар, Улаанбаатар хотын Туул гол, Сэлбэ голын сав газар орчмын нийт 21,500 гаруй га газрыг цэвэрлэж 2800 гаруй тонн буюу ойролцоогоор 1600 орчим автомашин хог хаягдлыг цуглуулан хаяжээ.
16,796 ЦАГИЙН СУРГАЛТ
Банкны ажилтнуудыг тогтвортой хөгжлийн чиглэлээр чадавхжуулах зорилгоор тогтвортой хөгжлийн талаар ерөнхий мэдлэг олгох сургалтыг тогтмол зохион байгуулж, 1809 ажилтанд 16796 цагийн сургалт олгов. Мөн энэ чиглэлээр гаднын байгууллагаас хүний эрхийн магадлал шинжилгээ, дохионы хэлний сургалт хэрэгжүүлсэн нь цаг үеэ олсон, ажилтнуудыг идэвх оролцоог нэмэгдүүлсэн чухал ажлуудын нэг болсон аж.
6586 ШИРХЭГ МОД
Төрийн банк байгаль дэлхийгээ хайрлах тал дээр бодитой үйлдэл үзүүлдэг бөгөөд “МОДЫГ МОД(А) БОЛГОЁ-АЖИЛТАН БҮР НЭГ МОД” аяныг 2018 оноос хойш зохион байгуулжээ. Мөн тэд 2030 он гэхэд 100,000 мод тарих зорилт тавьсан ба 2023 оны байдлаар 4000 ажилтан 34 нэр төрлийн 6586 ширхэг мод тарьсан байна.
Энгийн алхмаар эх дэлхийгээ хайрлаж буй өөр нэг жишээ нь тэд 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан цахим үйлчилгээг харилцагчдад түлхүү ашиглахыг санал болгож байгаа бөгөөд цаасан маягтыг 12 хувиар, принтер, хувилагчийн хорны зардлыг 10 хувиар бууруулжээ.
49 АЖЛЫН БАЙР
Өнгөрсөн онд чиг үүрэг, орон тоог зохистой хуваарилах замаар 49 ажлын байрыг шилжүүлэх болон шинээр нэмэгдүүлэв. Түүнчлэн ажилтнаа дэмжин ажиллах тал дээр мэргэшил дээшлүүлэх, мэргэжил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж 18 ажилтанд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлээд зогсохгүй ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 ажилтанд орон сууцны зээлийн эрх олгосон аж.
23,051 ШИРХЭГ ЭКО КАРТ
Тэд байгаль эхээ хамгаалах, хойч үеэ байгальд хайртай иргэн болгох зорилгоор “Хүрээлэн” төсөлтэй хамтран 2020 онд “Эко карт”-ыг зах зээлд нэвтрүүлсэн билээ. Тэгвэл 2023 онд 23,051 ширхэг Эко карт борлуулж, 23 сая төгрөгийг ховор амьтдыг хамгаалах үйлсэд зориулжээ.
Үүний зэрэгцээ олон нийтэд санхүүгийн боловсрол олгох зорилгынхоо дагуу Монголбанк, Монголын банкны холбооноос зохион байгуулсан “Дэлхийн мөнгөний долоо хоног 2023” аяныг “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор нийт салбар, нэгжээрээ дамжуулан 56,808 оюутан, сурагчдад “Санхүүгийн боловсрол” олгох сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.
“Төрийн банк” ХК-ийн “Тогтвортой хөгжлийн тайлан 2023”-тай дэлгэрэнгүй танилцах