ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 3.2 сая хүн зөвхөн хөдөлгөөний дутагдлаас болж нас бардаг гэнэ. Угтаа бид өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн хийж хэвшихийн тулд заавал өглөө эрт гүйж, ямар нэгэн спортоор хичээллэх шаардлагагүй бөгөөд ердөө л алхахад хангалттай.
Хүн өдөрт 10 мянга алхах нь эрүүл амьдралын энгийн нууц гэдэг байсан бол саяхан төрөл бүрийн нас, ажил мэргэжлийн 226 мянган хүнийг хамруулсан судалгаагаар өдөрт дөрвөн мянга алхах нь эрүүл мэндийг тэтгэж, элдэв өвчлөлөөс хамгаалах хамгийн сайн жор гэжээ.
Тиймээс бид уншигч та бүхнийг айлчлан буй дулаан улиралдаа алхаж хэвшихийг уриалан, үр дүнтэй алхахад тань туслах 5 аппыг онцлон танилцуулж байна. Гэрээсээ ажил, ажлаасаа заал, заалаас гэр лүүгээ явахдаа хэр их алхаж, хэр их цаг зарцуулж, хэр их калори шатааж байгаагаа хянаж, идэвхтэй, үр дүнтэй алхахад тань гарцаагүй туслах болно.
Гар утасны аппууд нь зүүдэг төхөөрөмжүүдийн адил бие махбодын нарийн мэдээллийг харуулахгүй боловч GPS мэдрэгчээр дамжуулан халаас, цүнх, гартаа хаанаа ч авч явсан таны алхмыг хэмжих өртөг багатай, үр өгөөжтэй технологи билээ. Эдгээр аппуудын алхах хэмжигч функцууд бүгд үнэ төлбөргүй бөгөөд хэрэв хүсвэл төлбөр төлж нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой.
PACER
Pacer нь ухаалаг цаг мэтийн зүүдэг төхөөрөмж шаардагдахгүй хамгийн өргөн хэрэглэгддэг апп. Алхалт, авиралт, гүйлт, дасгал, дугуй унах гэсэн олон төрлийн ангилалтай гэдгээрээ давуу талтай. Аппын хянах хэсэгт таны хэр хугацаанд хэдэн алхмаар, ямар зайг туулсан, ингэхдээ хэдэн калори зарцуулсныг харуулна. Таны явсан зам онлайн бус үед ч GPS-ээр тэмдэглэгдэнэ.
Бас энэ бүгдийг нэгтгэсэн мэдээллийг долоо хоног, нэг сар, зургаан сар, нэг жилээр нь авах боломжтой. Мөн өөрийн профайл үүсгэж хүмүүстэй найз болон гүйлтийн хөтөлбөр, бүлэг хүмүүстэй нэгдэн гүйж, өөрийн бүлгийг шинээр үүсгэсэн ч болно. Харин сул тал нь зөвхөн алхмаа хянах гэж байгаа хүмүүст хэтэрхий олон функцтэй санагдах вий.
Аctivity tracker
Цөөхөн функцтэй тул олон үйлдэл хийлгүй зөвхөн алхалтын мэдээллийг өнгөлөг график, дизайнтайгаар харуулна Тухайн өдөр, долоо хоног, сарын алхалтын дундаж мэдээллийг ерөнхий, нарийн мэдээллийг цэгцтэй тооцож, GPS асаах шаардлагагүй тул утасныхаа батарейг үрэлгүйгээр хэзээд алхмаа хэмжинэ. Харин төлбөртэй хувилбарыг ашиглаж цуглуулсан өгөгдлөө хуулж авах, чухал нэмэлт мэдээллүүдээ гар утасны дэлгэц дээрээ виджетээр \widget\ харах боломжтой.
ACCUPEDO
Хүн 20 минутанд 1,5 км явган алхах чадвартай. Accupedo нь утсаа хаана авч яваагаас үл хамааран таны алхам бүрийг тоолно. Давуу тал нь гар утасны цэнэг хадгалах горимтой, утасны дэлгэц дээрээ алхам, зай, минут, калорийн мэдээллээ виджетээр хадгалснаар өдөр тутмын мэдээллийг тогтмол харуулна. Мөн аппаасаа дуртай хөгжмөө сонсонгоо алхаж болно.
Walk with Мap My Walk
Under Armour-ийн уг апп нь энгийн дизайнтай, өдөр тутмын үйл хөдлөлийнхөө зургийг харж, харьцуулах боломжтой онцлогтой. Гэрээсээ ажил руугаа, ажлаасаа заал руу, заалаас гэр лүүгээ явахдаа хэр их алхаж, хэр их цаг зарцуулж, хэр их калори шатааж байгаагаа мэдэж болно. Өөрийн мэдээллээ FitBit, Garmin-тай холбож, алхаж явахдаа мэдээллээ сонсож болно. Мөн MyFitnessPal-д холбосноор хоол тэжээл, калорийн хэрэглээгээ ч шалгах боломжтой.
Google Fit
Google-ийн бүтээсэн энэхүү апп ашиглахад хамгийн хялбар алхам хэмжигч. Тэд Америкийн Зүрхний Ассоциацтай хамтран ДЭМБ-аас гаргасан хүн бүр эрүүл байж, зүрхээ хайрлахын тулд өдөрт ердөө 30 минут алхах зөвлөмжийг аппдаа шингээсэн онцлогтой. Таны алхалт, дасгалын мэдээллийг тооцож эрчимтэй дасгал хийх минут тутамд зүрхний оноо өгнө. Мөн алхах үедээ зөөлөн ая сонсож хурдан, удаан, жигд хэмнэлээ тааруулж болно.
Танд эдгээрээс өөр санал болгох ямар аппууд байна вэ? Хэрэглэж үзээд ямар сэтгэгдэл төрсөн, яагаад хэрэглэх болсон тухайгаа бидэнтэй хуваалцаж, бусад уншигчидтай хэлэлцүүлэг үүсгээрэй.