Манай улсад өдгөө 6000 гаруй стандарт байгаа ч өнгөрсөн жилүүдэд болсон гамшгуудаас харахад энэ бүхэн ердөө тунхаг төдий байгаа гэлтэй. Тухайлбал, өнгөрсөн онд болсон үерийн улмаас нийслэл хот усанд автаж, олон мянган хүн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохироод барахгүй дөрвөн хүн амиа алдсан юм. Энэ онд гэхэд стандартаа баримтлаагүй аж ахуй нэгжүүдийн алдаанаас болж хийн дэлбэрэлтийн улмаас долоон хүн харамсалтайгаар амиа алдаж, 67 айл өрх дүн өвлийн хүйтэнд орон гэргүй болж, одоог хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй байгаа юм.
"Тэнгэр ТВ"-ээс 2024 оны УИХ-ын сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдийн дунд зохион байгуулж буй бодлогын мэтгэлцээний дөрөвдүгээр дугаарын сэдэв бол “Гамшгийн бэлэн байдал ба Хотын стандарт”. Тодруулбал дараагийн учирч болзошгүй гамшигт бид бэлэн үү? гэх асуулт байлаа.
1-р дугаарын тойм: “Боловсролыг дахин томьёолох нь”
2-р дугаарын тойм: “Хөдөлмөрийн зах зээл ба залуусын дайжилт”
3-р дугаарын тойм: “Эрчим хүчний бодлого”
Тэд ямар дүрмээр мэтгэлцэх вэ?
Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.
1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.
4-Р ДУГААР "ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДАЛ БА ХОТЫН СТАНДАРТ"
ХЭН МЭТГЭЛЦЭВ?
“Монголын Социал Демократ нам”-аас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Р.Олонбаяр- Бизнесийн удирдлагын магистр, АНУ-д олон улсын худалдаа, үл хөдлөх хөрөнгө, барилгын бүтээн байгуулалтын удирдлагын чиглэлээр суралцсан. “Үндэсний үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн нийгэмлэг”-ийн тэргүүнээр ажиллаж байсан.
“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-аас 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Ш.Төмөрсүх- Хөдөө аж ахуйн ухааны доктор, Хууль зүйн ухааны магистр, Москвагийн Их сургуулийн Олон улсын эрх зүйн танхимд үндсэн хууль ба хүний эрхийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын Дарга.
"ХҮН нам"-аас 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч П.Наранбаяр- Япон улсын Киотогийн ИХ сургуулийн эрх зүйн магистр, МУИС-ийн олон улс судлалын доктор. "Шинэ Монгол" сургуулийн захирал, Токиогийн гадаад судлалын их сургуулийн судлаачаар ажиллаж байсан. НИТХ-ын төлөөлөгч.
АН-аас жагсаалтын 37 дугаарт нэр дэвшигч О.Чулуунбилэг- МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн ба түүхийн ухааны магистр. АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуульд улс төр судлалын чиглэлээр магистраа хамгаалсан.
МАН-аас 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Н.Батсүмбэрэл- МУБИС-ийг улс төр судлалаар докторант, боловсролын удирдлага, түүх нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. “Монгол Наадам” цогцолборын дарга асан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга.
“Иргэний Зориг Ногоон нам”-аас жагсаалтын 6 дугаарт нэр дэвшигч Д.Дэжидмаа- АНУ-ын Рэдландсын Их сургуульд газарзүй мэдээллийн чиглэлээр магистр, Япон улсын Сайтамагийн Их сургуульд байгаль орчны менежмент, дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
юу ярив?
1-р үе: Нээлттэй индэр.
Манай намын хөтөлбөрт “Улаанбаатар хот” гэсэн тусдаа бүлэг бий. Үүнд, гамшгийн эрсдэлд тэсвэртэй хот, ногоон технологи, дэд бүтцийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийг авч үзсэн заалтуудыг оруулж өгснөөрөө онцлог. Миний хувьд газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд газарзүй, орон зайн мэдээллийн дүн шинжилгээн дээр ажилласан туршлагатай.
2-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Яг өнөөгийн нөхцөлд хамгийн түрүүнд хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа хотын стандарт юу вэ? Яагаад гэдгийг тайлбарлана уу?
Мэтгэлцэгч тал: ХҮН намын нэр дэвшигч П.Наранбаяр
Улаанбаатар бол үер болон газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй хот. Харин хөдөө орон нутагт ган ба зуд зэрэг гамшиг байна. Бидний үзэж буйгаар Улаанбаатар хот эхлээд эрсдэлийн үнэлгээнд анхаарах ёстой. Ингэснээр л байгаа мөнгөө зөв газартаа хөрөнгө оруулах боломжтой болох юм. Нарийвчилбал, эрсдэлийн үнэлгээ дотроо аюулын ойлголт байна. Юуг аюул, юуг эрсдэл, юуг гамшиг гэж үзэх вэ гэдэг тодорхойлолтоо гаргаж ирнэ гэсэн үг. Ерөөс нөхцөл байдал хүчрэхгүй хэмжээнд хүрсэн тохиолдолд гамшиг гэж үзнэ шүү дээ. Аюул, гамшиг, эрсдэл зэргээ салгаж ойлгох хэрэгтэй. Үүнд үндэслээд аюулын зураглал, эмзэг байдлын үнэлгээгээ хийнэ. Ингэж мэдээллээ цуглуулж байж л эрсдэлийн үнэлгээ хийх нь зүй.
Дараа нь, хариуцлагын систем байна. Жишээ нь, Улаанбаатар хотын замыг тендэрт шалгарсан компаниудтай гэрээ байгуулж хийлгэдэг. Гэтэл замын эдэлгээ, баталгаан дээр тухайн компанид хариуцах хариуцлагыг гэрээнд хангалттай тусгаж өгөөгүй байдаг талтай. Тэгэхээр гэрээний хугацаа дуусахад л эвдэрдэг замуудыг жил бүр хийж, хийсэн компани ч үүндээ хариуцлага хүлээлгүй дараагийн ажилруугаа ордог. Үр дүнд нь, монголын автозамын аюулгүй байдал дэлхийн хэмжээнд муудаа тооцогддог. Тийм ч учраас үүнийг бид мөрийн хөтөлбөртөө хамгийн түрүүнд хийх ажлын жагсаалтад оруулсан. Учир нь газрын доорх шугам сүлжээгээ цэгцлэхгүй бол цаашид шинэ зам харгуй, дэд бүтцийн ажил хийх маш хүндрэлтэй.
3-р үе: Иргэдийн асуулт.
Асуулт: Онцгой байдлын хүний нөөцийг тогтворжуулж, чадавхжуулах, хангамжийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Хангамж мэдээж чухал. Үүнийг хийхэд гол нь инженерийн төлөвлөлт дутаад байдаг талтай. Өнгөрсөн жил болсон хийн дэлбэрэлтийн үеэр гэхэд Онцгой байдлын алба маш хурдтай очсон ч тухайн хэсгийн дэд бүтэц, хаана юу байдаг зэрэг нийслэл хотын инженерингийн мэдээлэл тэдэнд байгаагүй. Алба хаагчид мэдрэмжээрээ л ажлаа хийдэг. Уг нь ийм нөхцөлд инженер, судалгааны багуудыг нэмж ажиллуулж байж эрсдэлийг бууруулах боломжтой болно. Ер нь болзошгүй эрсдэлийн асуудал дээр мэргэжлийн дүгнэлтийг албаны ахлагч биш инженер өгөх хэрэгтэй. Үүнд бид боловсон хүчнээ сургах хэрэгтэй байна.
4-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Стандартыг хэрхэн мөрдүүлэх вэ? Торгуулийн тогтолцоо ярих нь зөв үү?
Мэтгэлцэгч тал: “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын нэр дэвшигч Ш.Төмөрсүх
Гамшгийн эрсдэл бол байнга “Дэд бүтцийн стандартаа хангасан уу?” гэдэг асуултыг л тавьдаг. Гэтэл бид энэ чиглэлд хариуцлага тооцохдоо ч тун сул. Жишээ нь, аливаа ажилд ТЭЗҮ-г нь хараад зөвшөөрөл өгөөд л орхидог ба бүр дууссан хойно нь байцаагч л стандарт ярьж, араас нь явдаг шүү дээ. Уг нь бидний хувьд стандарт бүү хэл түүнийг хэрэгжүүлэх хууль нь ч байгаа. Гэхдээ энд яаж хэрэгжүүлэх биш яагаад хэрэгжихгүй байна вэ? гэдгийг асуухгүй байгаа юм.
Тэгэхээр энэ бүх стандартын асуудал нь, өнөөдөр мөрдөгдөж байгаа стандартууд хэдийн хуучирчихсан, энэ хотод зохицохоо больчихсонд байгаа юм. Учир нь өнгөрсөн хугацаанд хотын ачаалал, хүн ам эрс нэмэгдсэн ба уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ч байна. Бид бол хөгжиж буй улс. Нөөц хязгаарлагдмал. Энэ нөөцийг одоо байгаа нөхцөл байдлаа сайн үнэлж байж үр дүнтэй зарцуулж чадна. Түүнээс биш газрын хэлбэр, төлөвлөлт нь шал өөр болсон хотод өмнөх далан, шугамын зураглалаар нь юм хийх гээд үр дүн гарахгүй. Одоогийн нөхцөл байдлын судалгаа, симуляц хийж байж стандартын тухай ярих хэрэгтэй.
5-р үе: Хаалтын илтгэл.
Онцгой байдлын тухай ойлголтод урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох гээд таван чиг үүрэг байдаг. Бид энэ мэтгэлцээнд зөвхөн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах тухай ярилаа. Хуулинд гамшгаас урьдчилан сэргийлэх төсөв тухайн аймаг, хот, сумын төсвийн нэгээс доошгүй хувийг эзлэх ёстой гэж заасан ба одоогоор энэ хувь хэмжээ аймаг бүрд өөр байгаа. Угтаа энэ төсвийг зөв зарцуулахын тулд бид эхлээд хаана, ямар аюул дээр илүү их хүн өртөөд байна, учирсан аюул эрсдэлийг нийгмийн ямар бүлэг хурдтай даван туулж байгаа зэргийг нарийвчлан тоолох хэрэгтэй байна. Статистик мэдээллийн сан дээр гэхэд “Иргэдийн гамшигт хандах хандлага” (олон улсын параметр) ямар байгааг суддахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бидэнд мэдээллийн сангийн бүрэн бүтэн байдал маш чухал байна. Иймд бид чухал дэд бүтцийн асуудал дээр холбогдох бүх тооллогыг хийнэ гэж мөрийн хөтөлбөрийнхөө тавдугаар бүлэгт оруулж өгсөн.
Түүний илтгэлээс баримтыг шалгаж үзэхэд нэг зүйл худал байв. Тэрээр “Монгол улсад онцгой байдлын талаарх мэдээллийн сан байдаггүй” гэсэн нь худал бөгөөд шалгаж үзэхэд, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 14.2-т (эх сурвалж: legalinfo.mn) гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх гэж зааснаас гадна ОБЕГ-ын албан ёсны сайтад гамшгийн мэдээллийн нэгдсэн сан гэсэн цэс байгаа юм.
1-р үе: Нээлттэй индэр.
“Гамшгийн тухай хууль”, “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”, “Дайчилгааны хууль”-иар гамшгийн үед авч хэрэгжүүлэх бодлогуудыг зааж өгсөн байдаг ч яг гамшиг тулах үед бид олон сорилтуудтай нүүр тулдаг. Өнгөрсөн жилийн үйл явдлууд бидэнд гамшгийн урьдчилсан тооцоолол, түүнд бэлтгэх, холбогдох нөөцүүдийг зайлшгүй бэлдэх ёстойг сануулсан. Тиймдээ ч МАН-ын хувьд мөрийн хөтөлбөртөө “Гамшигт тэсвэртэй хот” гэсэн таван заалттай бүлэг болон “Гамшгийн үеийн бэлэн байдал” гэсэн найман заалттай бүлгүүдийг оруулж ирэн, дэвшүүлж байгаа.
2-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Улаанбаатар хот дараагийн байгалийн гамшигт бэлэн үү? Бэлэн байдлыг хангахад танай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа вэ?
Мэтгэлцэгч тал: АН-аас нэр дэвшигч О.Чулуунбилэг
Өнгөрсөн жилүүдэд тохиосон байгаль цаг уурын шалгууруудаас сургамж авч, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй гэж бид үзсэн. Тиймдээ ч “Гамшгийн тэсвэртэй хот” таван заалт бүхий энэ бүлэгт, ирээдүйд цахим технологи ашиглан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерээс хамгаалах далан барьж байгуулах ажлууд багтаж байна. Энэ нь ч Сэлбэ голын далан дээр хэдийн хийгдээд эхэлсэн байгаа. Цаашлаад Улаанбаатар хотын орчим дөрвөн нуур цөөрөм байгуулж, усны тогтоомжыг барих ажил төлөвлөгдсөн. Мөн байгалиас гадна цар тахлын эрсдэл бий. Үүнд, аж ахуй нэгж байгууллагуудын бэлэн байдал чухал ба үүнийг хангахаар ажиллаж байна.
Миний хувьд АН-ын гамшгийн эрсдэлд зориулсан тусдаа яам байгуулна гэсэнтэй санал нэгдэхгүй. Энэ чиглэлд ажиллах үүрэгтэй Шадар сайд, ЗГ-ын бүтэц байна. Цаашлаад ОБЕГ, ЭМЯ, түүнийг дагасан цагдаа, хяналтын байгууллагууд ч бий. Энэ тал дээр бид байгаа техник технологио нэмэгдүүлэх, мэргэжлийн байгууллагын чадавх, бүтэц системиэ бэхжүүлэх ёстой гэж үзэж байна. Тиймдээ ч “И-Монголиа” аппыг агаарын бохирдлын анхааруулга өгдөг болгосон. Энэ технологи цаашлаад газ, усны аюулын дохиолол болон өргөжиж болно.
3-р үе: Иргэдийн асуулт.
Асуулт: Онцгой байдлын хүний нөөцийг тогтворжуулж, чадавхжуулах, хангамжийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар сайтай, сайн ч ажилладаг гэж боддог. Үүнийг бид Турк улсад болсон газар хөдлөлт болон Онцгой байдлынхны олон улсын тэмцээнд явсан алба хаагчдаасаа харж болно. Энэ тал дээр бид алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, цаашлаад инфляцтай уялдуулж ажиллахыг мөрийн хөтөлбөртөө тусгаж өгсөн. Мөн тэдний ажлын ачааллыг бууруулах ёстой ба үүний тулд шинэ анги алба байгуулах хэрэгтэй гэж үздэг. Тиймдээ ч Чингэлтэй дүүргийн Засаг даргын хувьд дүүргийн хөрөнгөөр Дэнжийн 1000-д шинэ анги байгуулж байгаа. Энэ нь улс дахь 85-р анги болох ба ингэснээр Чингэлтэй дүүргийн 10-р ангид ирдэг ачаалал буурах юм.
Дүгнээд хэлэхэд, цалин нэмэх, ажлын нөхцөлийг сайжруулах, ачааллыг бууруулах, мэргэжлийн ур чадварыг хүндэтгэх, үнэлэх зэрэг ажлууд багтана.
4-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалтын тасралтгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Мэтгэлцэгч тал: “Монголын Социал Демократ нам”-аас нэр дэвшигч Р.Олонбаяр
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ жил бид онцгой байдлын төсөвт 30 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас албанд ашиглах шинэ робот, Франц улстай хамтарсан төсөл хөтөлбөрүүд, аврах ажиллагаанд нисдэг тэрэг ашиглаж эхэлснээр 149 хүний амь насыг аварсан зэргийг дурдаж болох ч энэ бүхэн нийлээд ч одоогийн эрэлт хэрэгцээг хангаж хүрэхгүй байгаа юм. Өнөөдрийн зарж байгаа 1 ам.доллар, ирээдүйд эрсдэл болох 40 ам.долларын ажлыг хийдэг гэдэг. Тиймдээ ч энэ асуудал дан ганц төр биш, хамтын ажиллагааг бий болгох хэрэгтэй.
Энэ тал дээр “Гамшгийн эрсдэлийн сан байгуулна” гэж манай намын мөрийн хөтөлбөрт багтсан. Гамшгийг даван гарах, сэргээн босгохын тулд заавал сан байлгах шаардлагатай. Тэгж байж, хийн дэлбэрэлтэд өртсөн айл өрхийн хохирлыг барагдуулах гэх мэтээр гамшигт өртсөн ААН, иргэдийн хохирлыг хурдтай барагдуулж чадна.
Энэ хэсгийн баримтыг шалгаж үзэхэд Онцгой байдлын төсөвт 30 тэрбум төгрөг нэмж тусгасан нь худлаа байсан ба ОБЕГ-ын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, техник бааз суурийг нэмэгдүүлэхээр 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт оруулж батлуулсан гэсэн ба ОБЕГ-ын 2024 оны нийт төсөв 426 тэрбум төгрөг байна.
5-р үе: Хаалтын илтгэл.
Бидний хувьд энэ тал дээр одоо байгаа бүтцээ сайжруулж, бэхжүүлэх бодлогыг баримтална. Өөрөөр хэлбэл ямар нэг дарга, сайд, яам нэмэхгүй. Бид энэ бүхэнд хэдийн хийгээд эхэлсэн, ажилдаа орсон судалгаатай, үндэслэлтэй мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаа ба мөрийн хөтөлбөрийн “Гамшигт тэсвэртэй хот” гэдэг бүлэгт багтсан байгаа.
1-р үе: Нээлттэй индэр.
Гамшиг бол ганц Улаанбаатарын асуудал биш. Нэг л удаа болоод өнгөрөх ч зүйл биш, давтамжтай тохиолдоно. Иймд үүнийг бүх түвшиндээ ярих ёстой. Энэ тохиолдолд “Гамшгаас хамгаалах үндэсний хамтын тогтолцоо” бий юу гэдэг л чухал.
Бид энэ тал дээр урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ, сэргээн босгох цогц ажиллагааны хүрээнд олон улсын жишгийн дагуу гамшигтай тэмцэх гурван суурь шинэчлэлийн бодлогыг дэвшүүлж байгаа. Нэгт, үндэсний нэгдсэн стандарттай болох. Бид одоог хүртэл үндэсний стандартдаа орос хэлээр бичсэн, томьёолсон стандартыг тэр чигээр нь хуулаад хэрэглэж байгаа нь үүний нэг үндэслэл. Дараагаар нь, Онцгой байдлын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх зэрэг ажлууд орно.
2-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Улаанбаатар хот дараагийн байгалийн гамшигт бэлэн үү? Бэлэн байдлыг хангахад танай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа вэ?
Мэтгэлцэгч тал: МАН-аас нэр дэвшигч Н.Батсүмбэрэл
Одоогийн эрх баригчид зөвхөн гамшигтай л тэмцээд байгаа. Харин баруун төвийн үзэл баримтлалтай АН иргэнээ гамшгаас хамгаалах бүтэц рүү чиглэх болно. Үүнтэй холбоотойгоор хэрвээ бид олонх болвол “Иргэний аюулгүй байдлын яам”-ыг байгуулах болно. Улаанбаатар өөрөө гамшигт бэлэн биш хот. Үүний гол асуудал нь удирдлагын тогтолцоо, мэдээллийн нэгдсэн бус байдал юм. Жишээ нь, гамшгийн дохиолол байна. Хэдий гамшгаас хамгаалах сургалтууд дээр дохиолол дуугаргаж, нэг цэгт цуглуулдаг ч дараа нь яах нь ойлгомжгүй байсаар байгаа. Ер нь энэ мэт нэгдсэн системийг нийслэл, төр засаг дангаараа хийж чадахгүй шүү дээ. Тийм болохоор бид олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах ба хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд энэ чиглэлийн яам байлгана.
3-р үе: Иргэдийн асуулт.
Асуулт: Онцгой байдлын хүний нөөцийг тогтворжуулж, чадавхжуулах, хангамжийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Гамшгийн бэлэн байдлын индексээр бид 134 орноос 86-д эрэмбэлэгдэж байгаа нь одоогийн эрх баригчдад өгч байгаа дохио болов уу. Онцгой байдлын алба хаагчдын хүний нөөцийн асуудал нь үнэндээ удирдлагын асуудал гэж үзэж байгаа. Тэдний цагийг ХАБ-ын сургалтуудаас илүү жагсаал, баярын ёслолд зориулж байна шүү дээ.
Мөн нэг асуудал нь нийгмийн асуудал. Онцгой байдлын алба хаагчдын 70 хувь нь өөрийн орон сууцгүй байгаа. Манай намын хувьд ажлын байрыг нь дагасан орон сууцны жижиг хороолол барих бодлогыг хэрэгжүүлж энэ асуудалд шийдэл болгоно.
Энэ хэсэгт дурдсан баримтыг шалгаж үзэхэд Монгол улс Гамшгийн бэлэн байдлын индексээр дэлхийн 134 орноос 86-д жагсаж байна гэсэн нь худлаа байсан ба 2022 оны индексээр 182 орноос 110 дугаарт жагсаж байна.
4-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Бүх нийтийн бэлэн байдлыг хангахад төрийн ямар бодлого хэрэгжих ёстой вэ?
Мэтгэлцэгч тал: "ХҮН нам"-аас нэр дэвшигч П.Наранбаяр
Бүх нийтийн бэлэн байдал бол иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа гамшгийн үеийг даван туулах чадавхийг хэлж байгаа. Энэ чадавхийг зохион байгуулдаг тогтолцоо байх ёстой. Гэсэн ч байхгүй болохоор бид Иргэний аюулгүй байдлын яамтай болъё гэдэг саналыг мөрийн хөтөлбөртөө оруулж ирж байгаа юм. Мөн энэ чиглэлийн боловсролыг “Оюутан цэрэг” болон “Улаан загалмай”-н хөтөлбөрөөр оюутан, сурагчдад олгоно. Дараа нь, төр цэргийн бодлогынхоо хүрээнд гамшгийн сургалтууд, авран хамгаалах сургалтыг хийнэ. Ер нь ямар нэг асуудал гарахад цагдаа, эмнэлэг, түргэн, гамшгийн авран хамгаалах баг зэрэг очиж байх ёстой шүү дээ. Тэгэж байж тусламж нэгдмэл болно. Одоо бол анхнаасаа холбогдож ажиллаж чадахгүй байхаар зохион байгуулалттай байгаа. Энэ асуудлыг хариуцсан яам шийдэх боломжийг бид бий болгоно.
5-р үе. Хаалтын илтгэл.
АН бол либерал шинэчлэлийг байнга хийдэг нам. Тийм ч болохоор энэ бүр дээр иргэдээс шок ирдэг нь нууц биш.
Өнөөдрийн сэдэв дээр бид нэн тэргүүнд Үндэсний стандарттай болох хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэрвээ АН энэ сонгуулиар олонх болвол бид мөрийн хөтөлбөрөөрөө санал болгож байгаа Үндэсний стандартыг долоодугаар сарын 15 гэхэд батлахаа амалж байна.
Бас бид Онцгой байдлын алба хаагчдын ажлын байрыг орон сууцтай нь хамт шийддэг болох тогтолцоог хийнэ. Цаашлаад сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх, урамшуулах, иргэний боловсролыг чухалчлах болно. Үндсэндээ АН “Гамшгийн тухай хууль”-ийг шинэчилнэ.
1-р үе: Нээлттэй индэр.
Манай улсын хувьд Сендайн санаачилгад элсэж орсон улс. Үүнтэй холбоотойгоор төрийн аврах баг ирэх хооронд цаг алдалгүй хөршийн холбоо ажиллаж иргэн иргэнээ аврах тэр хандлагыг бий болгох хэрэгтэй. Аливаа гамшгийн үед иргэн л иргэнээ авардаг. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг шүү дээ.
Хоёрдугаар асуудал нь өнгөрсөн жилийн үер. ХҮН намын хувьд гамшгийн асуудал дээр төсөв хангалттай тавигдсан уу гэдэг дээр байнга байр сууриа илэрхийлж ирсэн. Жишээ нь, НИТХ-ын 2024 оны эхний хэлэлцүүлэг дээр Сэлбэ гол дагууд төсөв тавиагүй. Ганцхан Туул голын Жаргалантын аманд таван тэрбумыг төсөвлөсөн байсныг ХҮН намынхан хууль дээрээ үндэслээд, засаг даргын нөөц хөрөнгөөс нийлүүлж төсвөөс 20 тэрбум төгрөгийг гамшгаас хамгаалах чиглэлд тавиулж чадсан юм. Нэмээд Улаанбаатар хотын дотоодын бондоос 18.5 тэрбум төгрөг тавиулж чадсан. Гэвч одоо НИТХ төсвийн нэмэлт өөрчлөлт хэлэлцээд үүнийг 6 тэрбум болгож буулгасан. Үүнийг ч бид эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн жилийн сургамжаас харахад байж боломгүй зүйл шүү дээ. Иргэдийг эрсдэлээс хамгаалах нь төрийн үүрэг. Энийг хийж чадахгүй байгаад сэтгэл эмзэглэж байгаа.
2-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Яг өнөөгийн нөхцөлд хамгийн түрүүнд хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа хотын стандарт юу вэ? Яагаад гэдгийг тайлбарлана уу?
Мэтгэлцэгч тал: “Иргэний Зориг Ногоон нам”-аас нэр дэвшигч Д.Дэжидмаа
Хотын стандартыг НИТХ дээр баталдаг болсон. Гэвч тэдгээр батлагдсан стандарт хэрэгжихгүй байгаа нь төсвийн болон эдийн засгийн асуудалтай холбоотой. Жишээ нь бид, Баянзүрх дүүргийн 43-р хорооныг зам засварыг хийхдээ ус зайлуулах хоолойтой хийхээр төлөвлөсөн ч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болоод чадаагүй. Тайлбарлавал, зам засахад газар доорх олон цахилгаан, цэвэр бохирын шугам дайрдаг ба тэр бүрийг засахад холбогдох байгууллагуудаас нь тус тусдаа зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Гэтэл тендэр зарласан төр засаг энэ бүх ажлыг гүйцэтгэгч байгууллагад тэр чигт нь орхидгоос үүдэж маш их цаг алдаж, төлөвлөсөн ажлууд нурахад хүрдэг. Угтаа зам засахад гарах шаардлагатай бүхий л зөвшөөрлийг тендэрт ялахад нь л өгөх нь зүйн хэрэг шүү дээ. Хүүхдээ түрээд явж байгаа ээжид таатай замыг бий болгох гэхэд ийм их асуудал тулгардаг.
Хоёрдугаарт, хотын стандартаас болж хүүхдийн хөгжлийн ялгаа дээд цэгтээ хүрлээ. Хотын төвд сургуульд явдаг хүүхэдтэй харьцуулахад Шархадны сургуульд сурдаг хүүхэд хэд дахин хэцүү, аюултай, их цаг орох замаар өдөр тутамдаа зорчиж байна. Энэ мэт стандартаа хэрэгжүүлэхэд төрийн цогц бодлого маш их хэрэгтэй байна. Манай намын хувьд энэ асуудлыг мөрийн хөтөлбөрийнхөө Төрийн хүнд суртлын бууруулах хэсэгт оруулж ирсэн. Жишээ нь, хот дээр эрсдэлийн үнэлгээ, гамшгийн зураглал гарсан байдаг ч түүнийгээ ил тод болгодоггүй юм билээ. Уг нь ил болгочихвол үүн дээр даатгалын компаниуд орж ирээд, арга хэмжээ авах боломж бүрдэнэ шүү дээ. Иймд төр гамшгийн зураглалаа ил болгож, үүний эсрэг арга хэмжээ авахад бүх нийтийн анхаарлын хандуулах, мэдээлэл өгөхийг уриалмаар байна.
3-р үе: Иргэдийн асуулт.
Асуулт: Онцгой байдлын хүний нөөцийг тогтворжуулж, чадавхжуулах, хангамжийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Энэ оны эхэнд болсон хийн дэлбэрэлтийн дараа нэг залуу айхтар мэдэгдэл хийсэн байдаг. Түүнд, Онцгой байдлын алба хаагчдад галын хувцасны хангалт хүрэлцээгүй, хэрэв хувцсанд асуудал үүсвэл хувиасаа төлдөг, цалин маш багаас болж зориулалтын хувцасгүй гал руу орох тохиолдол их байдаг гэхчлэн ноцтой мэдээллүүд багтсан.
Ерөөс үүнийг нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Ер нь Онцгой байдлын ажилтнуудад цэргийн цол өгөөд байдгийг би ойлгодоггүй. Цол нэмэгдэхэд цалин нэмдэг байж болох ч үүнийг цэргийн цолоор биш ажлын байрны бүтцэд нь шингээх хэрэгтэй шүү дээ. Армийн соёл армид л байх ёстой.
4-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Бүх нийтийн бэлэн байдлыг хангахад төрийн ямар бодлого хэрэгжих ёстой вэ?
Мэтгэлцэгч тал: АН-аас нэр дэвшигч О.Чулуунбилэг
АН энэ тал дээр тусдаа нам байгуулах гээд байгааг бид эсэргүүцэж байна. Барууны төвтэй хэр нь төрийг улам данхайлгах бодлого байна шүү дээ. Одоогийн ЗГ-ын сайдын тоог л гэхэд тоолохын аргагүй олон боллоо. Харин манай мөрийн хөтөлбөрт ЗГ-ын 10-аас хэтрүүлэхгүй гэж заасан.
Бүх нийтийн бэлэн байдал гэдэг бол яаралтай авах арга хэмжээний дээд зэрэглэл. Өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэдэг зэрэглэлтэй байдаг. Энэ тохиолдолд асуудал маш хурц, амь настай холбогддог болохоор бүх нийтийн бэлэн байдлын үед хийх нэн тэргүүний ажил нь холбоо, харилцааг бүх шатандаа маш хурдтай авахад байгаа юм. Үүнийг ЕБС-ийн орчноос эхлэн сургалтуудаар шийдэх боломжтой. Харин төрийн талаас ажиллагааны анхан шат дээрээс л алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Жишээ нь, Япон улсад гал команд түргэнтэйгээ хамт байж байдаг. Учир нь, энэ хоёр үйлчилгээ хамт байж л хүнээ хамгаалж чаддаг. Энэ мэт зохицуулалтыг хийх учиртай.
5-р үе. Хаалтын илтгэл.
Гамшгийн үед хүнээ л нэгдүгээрт тавьдаг байх хэрэгтэй. Иймд аюулгүй дэд бүтцийг чухалчилдаг байх ёстой. Энэ дээр “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг санааг давтъя. Гамшгийн яаралтай үед иргэн л иргэнээ хамгаалдаг. Үүнтэй холбоотойгоор сануулахад Улаанбаатар хотод айл хөршийн холбоо байхгүй болж байгаа нь гамшигт биднийг илүү эмзэг болгож байна.
Мөн Улаанбаатар хотыг үерээс хамгаалахад нийт 4 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэтэл энэ жил л гэхэд Улаанбаатар хотын дотоод бондоос үерийн далан байгууламж барьж байгуулахад 18.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг одоогийн байдлаар 6 тэрбум болтол бууруулсан байна. Энэ хурдаар явбал бид 416 жилийн дараа л үерээс айхгүй болно. Гэтэл төлөвлөлтөөрөө 2040 онд багтаана гэж байгаа. Энэ ялгааг яах вэ?
1-р үе: Нээлттэй индэр.
“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам” энэ сонгуульд “Хүчирхэг Монголыг бүтээхийн тулд ард түмнээрээ шийдүүлнэ. Бид хийнэ. Бид бүтээнэ” уриатай оролцож байна.
Бидний хувьд энэ сэдэв дээр сүүлийн 34 жил засаглалыг барьсан намуудад шүүмжлэлтэй хандаж байгаа. Стандарттай холбогдох Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл тэргүүтэй эдгээр асуудал нь үндсэндээ төрд бугшиж ирсэн олон сан болон төсвийн хулгайн үр дүн юм. Үндсэндээ иргэдийнхээ боломжийг хулгайлсан тэдгээр үйлдлүүд одоогийн энэ нөхцөл байдлыг үүсгээд байна.
2-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Цар тахлаас сурсан хамгийн чухал зүйл юу вэ? Цаашийд юун дээр анхаарч бэлтгэх вэ?
Мэтгэлцэгч тал: “Монголын Социал Демократ нам”-аас нэр дэвшигч Р.Олонбаяр
Мэтгэлцээнд оролцож буй бусад таван нам бүгд өнгөрсөн хугацаанд төр барилцаж байсан ба бид тэднийг хангалтгүй ажилласан гэж үздэг. Тэд үйл явцад хэт их анхаараад байгаа юм. Жишээ нь, цар тахлын үеэр төр зөв менежменттэй ажилласан бол олон асуудал гарахгүй байж болох байсан. Өмнө нь бид өөрсдаа вакцинаа хийдэг чадвартай байсан ч төр барилцаж буй намууд уг чадавхийг үгүй хийснээс болж, тэр үеэр бид арга буюу импортын эм бэлдмэл хэрэглэсэн. Түүнийг нь олон монгол залуу эрүүл мэндээрээ төлж байна. Тэгэхээр төр засгаас эхлээд хүн бүр гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээдэг тэр тогтолцоонд шилжих ёстой. Бид энэ тал дээр ажиллах болно.
Энэ хэсэг тэрээр “Цар тахлын үед олон улсад зөвшөөрөөгүй вакцин хийсэн” гэсэн нь худал байсан буюу Монгол улсад хийж байсан файзер тэргүүтэй вакциныг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн байдаг.
3-р үе: Иргэдийн асуулт.
Асуулт: Онцгой байдлын хүний нөөцийг тогтворжуулж, чадавхжуулах, хангамжийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Эрх зүйн орчныг дэлхийн жишигт хүргэх ёстой. Жишээ нь, олон улсад галыг дроноор унтраадаг болж байна шүү дээ. Гэтэл алба хаагчид одоо ч чанарын шаардлага хангаагүй хувцастай л гал руу орж байгаа. Цаашлаад, хэрвээ үнэхээр онцгой байдлынхан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барвал үлдэж байгаа үр хүүхдийг нь эцэг эх нь байсан бол яаж авч явах байсан тэр түвшинд байлгах, цалин хангамжаар таслахгүй байх хэрэгтэй. Гэтэл одоо нэг өрөө байр өгөөд л өнгөрөөж байна шүү дээ. Ийм байж болохгүй.
4-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Стандартыг хэрхэн мөрдүүлэх вэ? Торгуулийн тогтолцоо ярих нь зөв үү?
Мэтгэлцэгч тал: “Иргэний Зориг Ногоон нам”-аас нэр дэвшигч Д.Дэжидмаа
Буруу гэх байна. Манай намын хувьд тус асуудал дээр гурван бодлого баримтална. Нэгдүгээрт, уламжлалт аргыг хэрэгжүүлнэ. Хоёдугаарт, хариуцлагын тогтолцоог чангатгана, гуравдугаарт, үйлдвэрлэлийг бий болгоно. Үүн дээр Үндэстний бодлого боловсруулах буюу монгол судлаач, эрдэмтэдтэйгээ хамтран ажиллаж, тэдний гаргаж ирэх, монголчуудад л тохирох стандартыг бий болгож барих ёстой.
5-р үе. Хаалтын илтгэл.
Монгол улсад гамшгаас сэргийлэх хууль эрх зүйн орчин маш дутмаг байна. Монголын ард түмэнд тохирох бус орчуулгын стандарт мөрдөгддөг нь харамсалтай. Бид Монголын онцлогт тохирсон хууль эрх зүйтэй болъё, хариуцлагын тогтолцоог чангатгая гэж байгаа. Ер нь гамшгаас сэргийлэхийн тулд дотоодын нөөц боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Дараа нь ОБЕГ-ын хангамж маш бага байна. Энэ чиглэлд хийгдэх шинэчлэл, инновац, технологийг сайн ярих хэрэгтэй. Эрх баригчдад тооцох хариуцлагын тогтолцоог сайжруулснаар бид гамшгаас хамгаалах чиглэлд хангалттай хөрөнгө оруулж чаддаг болно.
1-р үе: Нээлттэй индэр.
Манай намын мөрийн хөтөлбөрийн гол агуулга хүний эрүүл мэнд, амь нас, сайн сайхан байдлыг хамгаалах 12 хуулийн төслийг санал болгож байгаагаараа онцлог. Бид тэдгээр үзэл баримтлалыг сонгуулийн сурталчилгааны хугацаанд өдөр бүр нэг нэгээр танилцуулах болно. Үндсэн хууль батлагдсанаас хойш 32 жилийн хугацаанд нийгэмд үүсэн гажуудлыг засаж залруулах, хийгдээгүй, хийгдэж амжаагүй Хүний эрхийн хууль, Олон нийтийн аюулгүй байдлын хууль зэрэг суурь хуулиудыг боловсруулахад анхаарлаа хандуулсан. Иймд сонгогчид бидний мөрийн хөтөлбөрт анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
2-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Цар тахлаас сурсан хамгийн чухал зүйл юу вэ? Цаашид юун дээр анхаарч, бэлтгэх вэ?
Мэтгэлцэгч тал: “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын нэр дэвшигч Ш.Төмөрсүх
Бид цар тахлыг хор хохирлыг эдийн засгийн хувьд туулж дуусаагүй л байна. Энэ үйл явдал бидэнд олон сургамж өгснөөс эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдал, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, дэлхийн хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн нөлөөлөл ба уян хатан байдал, боловсрол ба дижитал өөрчлөлт, нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд, бодлого ба засаглал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргийг дурдаж болно.
Үүний дотроос бидний анхаарах гол зүйл бол хүний эрхийн ялгаварлал байсан. Өөрөөр хэлбэл цар тахлын үеэр төр засгийн зүгээс иргэддээ маш ялгавартай үйлчилгээ үзүүлсэн. Хэдий онцгой үе байсан ч үндсэн хууль сууриараа хэрэгжих ёстой байсан шүү дээ. Манай намаас баримталж буй бодлого бол Монгол улсын одоог хүртэл хийж чадаагүй Хүний эрхийн тухай хуулийг боловсруулах явдал. Хэрвээ үүнийг хийж чадсан бол тэр үед хариуцлагын механизм ажиллах байсан, ялгаварлан гадуурхалт байхгүй байж болох байсан. Бидний бас нэг алдсан зүйл нь цар тахлын үеэр сул зогссон явдал. Гэтэл тэр үеэр бусад улс орнууд ажлаа явуулсаар л байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэр үеийг бид хотоо төлөвлөхөд, болзошгүй гамшгаас хамгаалахад зориулах боломж байсан.
Энэ үеийн баримтыг шалгаж үзэхэд Монгол улс 1992 оны нэгдүгээр сарын 13-нд үндсэн хуулиа баталсан ч одоог хүртэл 32 жилийн хугацаанд хүний эрхийн хуулиа хийж чадаагүй гэдэг нь худлаа байсан буюу 1992 оны үндсэн хуулийн 16 дугаар зүйлд манай улс хүний эрх, эрх чөлөөг хангах хамгаалахыг төрийн үүрэг болгон зааж өгсөн.
3-р үе: Иргэдийн асуулт.
Асуулт: Онцгой байдлын хүний нөөцийг тогтворжуулж, чадавхжуулах, хангамжийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Бид олон хуулийг хийж амжаагүй байна. Түүний нэг нь “Барилгын хяналтын тухай хууль”. Хийн дэлбэрэлтээр орон сууц шатсан нь зөв байсан уу? гэдэг асуудлыг авч үзье. Энэ үйл явдлын дараа монголчууд ийм нөхцөлд бэлэн биш байгааг бид ч, Онцгой байдлын албаны дарга ч хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Гамшиг тохиолдсон үед ямар хариу арга хэмжээ авах вэ гэдэг зураглал, хууль гарах ёстой.
4-р үе: Халз мэтгэлцээн.
Асуулт: Онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалтын тасралтгүй байдлыг хэрхэн хангах вэ?
Мэтгэлцэгч тал: МАН-аас нэр дэвшигч Н.Батсүмбэрэл
Энэ сэдвийн гол асуудал нь гамшигт үйл явцад дүн шинжилгээ хийх, эрсдэлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авах явдал. Үүний тулд Онцгой байдлын алба 24/7 бэлэн байх ёстой нь тодорхой. Тэр чинээгээр хөрөнгө оруулалт бас хангалттай, тасралтгүй байх ёстой. Тэгэхээр үүнд заавал технологийн шийдэл нэвтрүүлэх хэрэгцээтэй болж байгаа юм. Энэ салбар өөрөө уламжлалт биш нөү-хаутай болж, технологийн сайн жишигрүү чиглэх хэрэгтэй.
Харин зөв хөрөнгө оруулалт хийхийн тулд судалгаанд суурилах хэрэгтэй. Үүнийг төр өөрөө хийх гэлгүй хувийн хэвшилтэй хамтрах нь зүйтэй. Үүндээ тулгуурлаж зөв механизмыг бий болгож болно. МАН-ын хувьд сан байгуулна гэж байгаа ч бидэнд сан байгуулснаар үүссэн олон гашуун туршлага бий бөгөөд миний хувьд үүнийг төсвөөр шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
5-р үе. Хаалтын илтгэл.
Нээлтийн илтгэлд дурдсанчлан бид мөрийн хөтөлбөрөрөөрөө 12 хууль, үзэл баримтлал санал болгож байгаа. Үүний хамгийн чухал хэсэг монгол хүний эрүүл мэнд, амь нас, сайн сайхан байдлыг сахин хамгаалах “Олон нийтийн аюулгүй байдлын тухай хууль” болон “Барилгын хяналтын тухай хууль”-ийг гарган тавьж байгаа явдал юм. Гамшиг олон төрөлтэй ч бид хүн дээр яаж ирж байна вэ? гэдгийг л бодох ёстой. Жишээ нь, түрүү жил гэнэтийн ослоор гамшгаас олон хүн буюу 3360 хүн эндсэн байна. Үүнийг бид жинлэх хэрэгтэй шүү.
Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.