Сансар судлалын түүхэнд 1957, 1961, 1969 онууд онцгой байр суурь эзэлдэг. Учир нь 1957 онд хуучин Зөвлөлт Холбоот Улс "Спутник" хөлгөө хөөргөснөөр тойрог замд хиймэл дагуул байрлуулсан анхны улс болж, улмаар 1961 онд амжилтаа ахиулан Юрий Гагарин эх дэлхийгээ тойрон ниссэнээр сансарт гарсан анхны хүн болж түүхэнд үлдэв. Харин 1969 онд АНУ-ын "Аполло 11" хөлөг саран дээр анх удаа хүн буулгаснаар арав гаруй жил үргэлжилсэн сансрын уралдааныг тухайн үед ялалтаар өндөрлүүлсэн юм.

Мэдээж эдгээр тэмдэглэлт мөчүүдийн хойноос 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр монгол хүн анх удаа сансарт хөөрч, манай улсын хувьд мартагдашгүй түүх болон үлдсэн. Даанч тэр өдрөөс хойш манай улсын сансрын амбиц намжиж, бодит үйл хэргээр үргэлжилсэнгүй.

Бид энэхүү нийтлэлдээ дэлхий дахинд 2026 онд хэрэгжсэн болон хэрэгжихээр хүлээгдэж буй сансрын төслүүдийг түүвэрлэн хүргэж байна. Учир нь энэ он сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээсэн, магадгүй шинэ эриний эхлэл гэж нэрлэгдэхүйц жил болох төлөвтэй байгаа юм.

Уг нийтлэлийг Unread Today сонины 82 дахь дугаарын голын нүүрт анхлан нийтлэв.


Хүн төрөлхтөн уудам огторгуйд Нарыг тойрон эргэлдэх наймхан гаргаас өөр зүйл байдаггүй хэмээн итгэдэг байсан цаг саяхан. Гэвч 1992 онд одон орон судлаачид Эх дэлхийгээс 2,300 гэрлийн жилийн зайд орших нэгэн пульсарыг тойрон эргэх хоёр гаргийг илрүүлснээр энэ ойлголт үндсээрээ өөрчлөгдсөн юм. Тэр цагаас хойш Экзопланет буюу Нарны аймгаас гаднах гараг гэж нэрлэгдэх 6,000 гаруй ертөнцийг нээгээд байна. Ийм олон тооны "гараг эрхсийн лаборатори”-д химийн янз бүрийн нэгдлүүд өрнөж байгаагаас үзвэл, тэдгээрийн зарим дээр нь амьдрал бүрэлдэн тогтсон байхыг ч үгүйсгэхгүй. Чухам үүнийг л бяцхан Pandora олж мэдэхээр энэ оны нэгдүгээр сарын 11-нд хөөрөөд байна.

Pandora хиймэл дагуул нь хөнгөн жингийн ангилалд багтах бөгөөд ердөө 325 кг жинтэй, 43 см орчим өргөнтэй. Олон төрлийн долгионы уртыг ашиглан урт хугацааны ажиглалт хийх замаар харийн ертөнцийн агаар мандал болон эх одны (тухайн гаргийн тойрон эргэж буй төв од буюу манайхаар бол Нар) идэвхжлийг нь судлах зорилготой. Өртөг нь 20 сая доллар. Хэдийгээр түүнийг ердөө нэг жилийн хугацаанд ажиллуулахаар төлөвлөсөн ч энэ богино хугацаанд тэрээр асар их ажил амжуулах юм.

Pandora бусад төслийн илрүүлсэн гаргуудыг транзит аргаар судална. Энэ нь тухайн гараг өөрийн эх одны урдуур дайран өнгөрөх үед одны тод гэрэл гаргийн агаар мандлыг нэвтлэн ирдэг үзэгдэл юм. Одон орон судлаачид ийнхүү агаар мандлаар шүүгдэж ирсэн гэрлийг одны үндсэн гэрэлтэй харьцуулан шинжилдэг бөгөөд ингэснээр тухайн алс холын ертөнцөд усны уур, устөрөгч зэрэг амьдрал тэтгэгч элементүүд болон хийн нэгдлүүд байгаа эсэхийг алсын зайнаас тодорхойлж чаддаг байна. Тэрээр даалгаврынхаа хүрээнд 20-иос доошгүй экзопланет гаргийг тус бүр 10 удаа ажиглах бөгөөд нэг удаагийн ажиглалт нь 24 цаг үргэлжлэх гэнэ.



Сансар судлалын эхний хэдэн арван жилд зөвхөн АНУ болон хуучин ЗХУ л хүнээ сансарт илгээх хүчин чадалтай байлаа. Хоёр гүрэн хоёулаа 1961 онд энэхүү гайхамшигт амжилтад хүрсэн ба үүнээс хойш дахин 42 жилийн дараа л гурав дахь улс болох БНХАУ тэдний эгнээнд нэгдсэн юм. Харин одоо дөрөв дэх тоглогч энэхүү эгнээнд элсэхээр зэхэж байна. Тодруулбал, Энэтхэг Улс гурван хүний суудалтай "Gaganyaan-1" хөлгөө HLVM3 пуужингийн тусламжтай энэ сард хөөргөхөөр төлөвлөжээ.

Энэхүү анхны даалгавар нь нисэгчгүй, туршилтын нислэг байх бөгөөд АНУ болон ЗХУ-ын "Меркури", "Восток" хөлгүүдээ туршиж байсантай ижил юм. Нисэгчгүй ч гэлээ "Vyomitra" нэртэй хүн дүрст роботыг тээвэрлэх аж. Энэ сард хийгдэх нислэг нь 2027 онд Энэтхэгийн Vyomanauts буюу Тэнгэрийн аялагчид хөлөг сансарт хөөрөхөөс өмнөх хүнгүй үйлдэх гурван нислэгийн эхнийх нь ажээ.

2027 онд хийгдэх хүнтэй нислэгийн тухайд Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний нисгэгчид болох Прашант Балакришнан Наир, Ажит Кришнан, Ангад Пратап, Шубханшу Шукла нар тус хөтөлбөрт сонгогдон ажиллаж байна. Тэд бэлтгэлийнхээ эхний хэсгийг 2020 оны эхээр Орос Улсад, харин үлдсэн бэлтгэлээ Энэтхэгийн Бангалор дахь ISRO-гийн сансрын нисэгчдийг бэлтгэх төвд хийж гүйцэтгэсэн юм.



Энэ оны сансар судлалын хамгийн дуулиантай мэдээ бол гарцаагүй NASA-гийн "Artemis II" даалгавар байх болно. Учир нь хүн төрөлхтөн бид Сарыг дахин зорих гэж байна. Уг нь хоёрдугаар сарын 5-нд хөөрөх товтой байсан боловч хоёр удаа хойшлуулан дөрөвдүгээр сарын эхээр хөөргөхөөр төлөвлөж буйгаа саяхан зарласан. Үүнээс өмнө гуравдугаар сард хөөргөх товтой байсан ч гелийн хий алдагдсан гэх шалтгаанаар Флорида дахь угсралтын байгууламж руу (VAB) буцсан юм.

Artemis II багийн бүрэлдэхүүнд АНУ-ын Рейд Вайзман, Виктор Гловер, Кристина Кох болон Канадын нисэгч Жереми Хансен нар багтжээ. Тэд NASA-гийн хамгийн хүчирхэг пуужин болох Space Launch System болон Orion хөлгөөр аялах анхны хүмүүс болох юм. 10 хоног үргэлжлэх энэхүү даалгаврын хүрээнд тэд Сарны цаад талыг буюу дэлхийгээс хэзээ ч харагддаггүй талыг тойрон эргэж, эх дэлхийдээ ирэх учиртай. Сонирхуулахад, энэ аялал нь Сарны цаад талаас 7,500 гаруй км-ийн зайд хүрэх төдийгүй хүн төрөлхтний түүхэнд Эх дэлхийгээс хамгийн хол зайд очсон нислэг болох аж. Ийм алс зайнаас нисэгчид Дэлхий болон Сарны дүрсийг нэг кадрт багтаасан гэрэл зургийг авах боломжтой.

Яагаад Artemis II чухал вэ гэж үү? I, II даалгавраас гарсан үр дүнд суурилан Artemis III нислэгээр сансрын хөлгүүд тойрог замд хоорондоо хэрхэн залгагдах, одоогийн сансрын өмсгөлүүд Сарны орчинд хэр тэсвэртэй байх зэрэг техникийн хамгийн эрсдэлтэй үйлдлүүдийг эцсийн удаа туршиж, улмаар 2028 онд хүн төрөлхтөн Сарны өмнөд туйлд албан ёсоор хөл тавих суурь болох юм.



NASA 2014 онд Олон улсын сансрын станц (ISS) руу нисэгч тээвэрлэх хөлөг бүтээлгэхээр хоёр компанид их хэмжээний санхүүжилт олгож байв. Тухайн үед Boeing компанитай 4.2 тэрбум, SpaceX-тэй 2.6 тэрбум долларын гэрээ үзэглэжээ. SpaceX-д оруулсан хөрөнгө оруулалт гайхалтай үр дүн өгч, 2020 оноос хойш тэдний "Crew Dragon" хөлөг 19 удаагийн нислэгээр багийн гишүүдээ сансарт хүргээд байна. Харин Boeing-ийн "Starliner" хөлгийн хувьд байдал арай өөрөөр эргэсэн юм.

Уг хөлөг 2024 оны зургаадугаар сард анхны баг болох Бутч Уилмор, Суни Уильямс нарыг тээвэрлэн ISS-д найм хоног саатах төлөвлөгөөтэй хөөрсөн ч, хөлгийн хөдөлгүүрт гарсан саатлын улмаас 8 хоног нь 9 сар болсон юм. NASA уг хөлгийг аюултай гэж үзсэн тул тус хөлгөөр буцаж ирэх ёстой байсан нисэгчид эцэст нь "SpaceX"-ийн хөлгөөр эх дэлхийдээ эргэн ирсэн билээ. Харин тэр цагаас хойш Boeing компани хөдөлгүүрийнхээ асуудлыг засахаар ажиллажээ.

Үр дүнд нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард NASA-гаас "Starliner"-ийг энэ оны дөрөвдүгээр сард хүнгүйгээр дахин хөөргөж, ачаа тээвэрлэх болон цаашид хүн тээвэрлэх боломжтой эсэхийг нь шийднэ гэдгээ зарласан юм.



ЗХУ анхны жолоодлогогүй "Луноход-1" роботыг сарны гадаргуу дээр буулгаснаас хойш хэдийн 55 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш Хятад, Энэтхэг, Япон Улсууд өөрсдийн робот хөлгүүдээр Сарны хөрсөн дээр мөрөө үлдээгээд байгаа билээ. Харин АНУ-ын хувьд Ангарагийг зорилгоо болгож, Сарыг түр хойш тавиад байсан юм. Тэгвэл ирэх долдугаар сард Питтсбургт төвтэй Astrobotic болон Калифорнид төвтэй Astrolab компаниуд хамтран FLIP нэртэй, гольфын тэрэгний хэмжээтэй роверыг Сарны өмнөд туйлын "Nobile" тогоо руу илгээх гэж байна.

FLIP нь Сар руу эргэн очих "Artemis" хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийнхнээр ровер зохион бүтээлгэж, түрээслэх NASA-гийн санаачилгын нэг хэсэг юм. Хагас тонн гаруй жинтэй, 50 орчим кг ачаа тээвэрлэх чадалтай энэхүү хөлөг нь байрандаа эргэх (zero-point turn) чадвартай тул маш давчуу орчинд ч чөлөөтэй маневрлана. Мөн хэт улаан туяаны системээрээ саад бартааг өөрөө илрүүлж, хагас автомат горимоор замаа олж явах чадвартай аж.

Энэхүү ровер нь тэдний эхний нүүдэл бөгөөд дараагийн ээлжид 1.3 тонн ачаа болон хоёр нисэгч тээвэрлэх хүчин чадалтай, 1.8 метр өндөр "FLEX" роверыг 2028 онд хөөргөхөөр төлөвлөж буй. Үндсэндээ NASA-гийн энэ арваны эцэс гэхэд "Artemis"-ийн нисэгчдийг Саран дээр буулгах төлөвлөгөөтэй яв цав нийцэж, бас өрсөлдөж байгаа юм.



Олон улсын сансрын станц (ISS) шиг нүсэр байгууламж хүн төрөлхтний түүхэнд өмнө нь байгаагүй биз ээ. Хөлбөмбөгийн талбайгаас ч том хэмжээтэй, 450 гаруй тонн жинтэй энэхүү станцыг дэлхийн гадаргаас 400 орчим км-ийн өндөрт, цагт 28,000 км-ийн хурдтайгаар тойрог замд угсарсан юм. Сүүлийн 25 жилийн турш тус станцад дэлхийн 26 орны 280 гаруй сансрын нисэгч ээлжлэн ажиллаж, амьдарсаар иржээ. Гэвч ISS хөгширч байна. Тус станцыг хамтран байгуулж, ажиллуулж буй 15 орны түншлэл 2030 он гэхэд станцыг тойрог замаас гаргаж, ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэжээ. Мэдээж энэ явдал сансарт нэгэн том орон зайг үлдээх бөгөөд Калифорни мужийн Лонг-Бич хотод төвтэй Vast хэмээх аэрокосмосын компани тэрхүү орон зайг нөхөхөөр зэхэж буй.

2021 онд NASA-гаас "Commercial Low Earth Development Program"-ийг эхлүүлж, ISS-ийн халааг авах хувийн хэвшлийн станцуудыг барьж байгуулахаар аж үйлдвэрийн салбарынхантай хамтарч эхэлсэн юм. Blue Origin, Northrop Grumman, Axiom Space зэрэг олон компани энэ хөтөлбөрт нэгдсэн ч Vast хамгийн түрүүнд гараанаас гарсан билээ.

Тэд ирэх тавдугаар сард багтаан "Haven-1" станцаа хөөргөхөөр төлөвлөж байсан ч энэ огноо 2027 оны эхэн үе рүү хойшилжээ. Тэд төлөвлөсөн хугацаагаараа явсан бол зургаадугаар сард нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийг станц дээрээ хүлээн авах амбицтай байсан юм.

"Haven-1" нь сансрын нисэгч бүрд зориулсан хувийн унтлагын хэсэг, өндөр хурдны интернэт, хамтдаа хооллох эвхэгддэг ширээ, Бүдэг цэнхэр цэгийг бүхэлд нь тольдох боломжтой бөмбөгөр орой бүхий том цонх зэрэг тав тухтай, амьдрахад зориулагдсан орчинтой байхаар бүтээгджээ. Гэсэн ч ISS-ээс даруй 8 дахин бага хэмжээтэй. Эхний ээлжид багийнхан ердөө хоёр долоо хоног ажиллах боловч 2030 он гэхэд 5 модуль нэмж хөөргөн, арилжааны зорилгоор ашиглах ба сансрыг зөвхөн зочлох бус, тогтмол амьдрах орчин болгохоор зорьж буй.



Дэлхий нийт 2026 оныг тэнгэр өөд тэмүүлэх шинэ эриний эхлэл болгон зарлаж, Энэтхэг тэргүүтэй шинэ тоглогчид шил дараалан орж ирсээр атал манай улсын сансрын амбиц хаана явна вэ?

Бид жил бүрийн гуравдугаар сарын 22-нд бид монгол хүн анх сансарт ниссэн түүхээрээ бахархсаар ирсэн. Гэвч энэ бахархал маань 1981 оны тэр нэгэн өдөртөө гацаж, цаг хугацааны хувьд зогсонги байдалтай байна.

Үнэндээ сансар судлал гэдэг бол зөвхөн эрдэмтдийн ажил биш, харин ч үндэсний аюулгүй байдал, харилцаа холбоо, хөдөө аж ахуйн салбарын алсын хараа, хамгийн гол нь шинжлэх ухаан, технологийн тусгаар тогтнолын асуудал юм. Дэлхийн улс орнууд сансрын хөтөлбөрийг зардал гэж харахаас илүүтэй ирээдүйн хөрөнгө оруулалт гэж үзэн, төсөв хөрөнгө харамгүй зарцуулсаар. Гэтэл бид өнөөдрийг хүртэл сансрын бие даасан хөтөлбөр ч үгүй, энэ салбарт төсөв гаргахаас гар татсаар сууна.

Орчлон ертөнцийн 13.8 тэрбум жилийн түүхэнд нэг жил бол ердөө нүд ирмэх хугацаа ч 2026 он хүн төрөлхтний хувьд асар том үсрэлтийн жил байх нь гарцаагүй байна. Нэг баримт дурдахад, дэлхийн сансрын төсөв 2025 онд 137.4 тэрбум долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ. Мөн 95 улс сансрын бие даасан төсөв баталж, өөрсдийн хиймэл дагуул болон судалгааны хөтөлбөртэй болсон байна. Гэтэл бидэнд төсөв байтугай төлөвлөгөө ч алга.

Тэд тэнд тэнгэрт тэмүүлж байхад бид энд дөрвөн уулаа давж сэтгэхгүй суусаар...