Баг хамт олны нүсэр их хөдөлмөр, гар нийлсэн ажлын дүнд өдгөө Харвард, Корнелл, Стэнфордын их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах урилга авсан гурван сурагчийг бид өнөөдрийн нийтлэлдээ онцлон урьж, тэдний түүхтэй танилцсан юм. Ийн сонгох болсон учир нь тэд “Томүжин” алтернатив сургуульд суралцах тэтгэлэгт тэнцэн, орон нутгаас их хотыг зорьж ирсэн сурагчид байсантай холбоотой билээ. Сурч боловсрох чин хүсэл эрмэлзлээ нэрийн хуудас болгосон тэдний орон нутгаас Улаанбаатарыг, Улаанбаатараас дэлхийг зорьсон аяллын туршлагыг хуваалцаж байна.
Орон нутгаас Улаанбаатар, Улаанбаатараас дэлхийг зорьсон аялал
Олон улсад чансаагаараа дээгүүрт бичигддэг топ сургуулиудад Монголоос элсэн сурагчид мэдэгдэхүйц нэмэгдсэн нь санамсаргүй зүйл биш болохыг “Томүжин” алтернатив сургуулийн сургалтын систем, суралцагчдаа дэмжих төрөл бүрийн хөтөлбөрүүдээс жишээлэн харж болдог. Тэдний хамт олон он гарснаас хойш өнгөрсөн гурван сарын хугацаанд гэхэд нийт 132 сургуульд, 110 гаруй сурагчдынхаа, 1560 материалыг илгээж, үүний тулд 1000 гаруй цагийн ганцаарчилсан зөвлөгөөг төгсөгчдөдөө өгснийг харахад боловсролын үнэ цэн, түүнд тэмүүлэх хөдөлмөр зүтгэл ямар хэмжээнд байх ёстойг үлгэрлэх ажээ.
Б.Ганди
Харвардын их сургуулийн 2024 оны элсэгч, “Томүжин” алтернатив сургуулийн 2024 оны төгсөгч

Би Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрж өсөөд, долоодугаар анги хүртлээ сумынхаа сургуульд суралцсан энгийн нэг малчин айлын охин. Багаасаа л аав ээжийгээ дагаад жилийн дөрвөн улиралд ахуйгаа дагаад нүүдэллэж өссөн миний хувьд хотод ирэх хүртлээ нэлээд хязгаарлагдмал нөхцөлд суралцсан. Харин наймдугаар ангиасаа хотод шилжин ирж, улмаар “Томүжин” алтернатив сургуулийн тэтгэлэгт материалаа явуулж, тэнцсэний ачаар сурч хөгжихийг урьтал болгодог хүрээлэлтэй болж, түүнийг маань ч хоёргүй сэтгэлээр дэмждэг багш нартай учирсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сургалтын орчин, багш нарын ур чадвараас хамаарч өөртөө итгэх итгэл маань нэмэгдэж, цаашлаад би дэлхийн шилдэг их сургуульд хүсэлтээ явуулж болох юм байна хэмээх итгэлтэй болсон юм.
Ингээд энэ зорилгодоо бүрэн төвлөрч, шалгалтууддаа бэлтгэж, сургуулийнхаа багш нар, захирлаас олон цагийн ганцаарчилсан зөвлөгөө чиглүүлэг авч, эсээнүүдээ цаг гарган нухсан. Миний хувьд анхнаасаа “Харвардад л орно” гэж зорихоос илүүтэй, би юу хийж чадах вэ? Ямар онцлогтой билээ? Надад ямар давуу тал байгаа билээ? хэмээх асуултууд дээр төвлөрсөн юм. Тэр нь Харвардын эсээний сэдэв, хайж байгаа хүнтэй нь илүү тохирсон болохоор тэнцсэн гэж боддог. Цаашид хүний эрхээр суралцахаар ирэх намар Харвардыг зорих гэж байна. Их догдолж, айж сандарч байгаа ч сургуулийнхан маань байнга зоригжуулж, урам хайрладаг. Түүнээс гадна дэлхийн олон оронд сургуулийн төгсөгчид маань суралцаж, яг энэ замаар явж байгаа болохоор ганцаараа юм шиг тухгүй мэдрэмж авахгүй байгаа.
Өргөдөл илгээсэн хугацаандаа би багш нараасаа сайтар зөвлөгөө авч, багаар ажиллаж, ирээдүйд ямар сургуульд элсэхэд биш харин юу хийж, ямар нөлөөлөл үүсгэмээр байгаагаа л өөрөө сайн ойлгох ёстой байдгийг ойлгосон.
э.билгүүн
Корнеллийн их сургуулийн 2023 оны элсэгч, “Томүжин” алтернатив сургуулийн 2021 оны төгсөгч

Би Дархан-Уул аймагт төрж өсөн, аравдугаар анги хүртлээ нутагтаа сурч байгаад ахлах ангидаа Томүжингийн тэтгэлэгт хөтөлбөрт материалаа илгээж тэнцээд, анхны 200 сурагчийн нэг болж байсан юм. Миний хувьд багадаа нэлээн махлаг хүүхэд байж байгаад шим тэжээлийн талаар гүнзгийрүүлэн судалснаар богино хугацаанд илүүдэл жингээ эрүүлээр хассаны сацуу энэ чиглэлд дур сонирхолтойгоо олж мэдсэн л дээ. Үүний ачаар сонирхлоо төсөл болгож, туршлага хуримтлуулахад төвлөрснөөс гадна англи хэл, физик, хими, биологи зэрэг хичээлээ гүнзгийрүүлэн судалснаар ирээдүйн зорилго ч илүү тодроод ирсэн. Ингээд өргөдөл хаах сүүлийн сар гаруйн хугацаанд нэг л зүйлдээ үр дүнтэй төвлөрөхөөр шийдээд тухайн үед бэлдэж байсан таван сургуулиа орхиж, Корнеллийн их сургуульд шим тэжээлийн чиглэлээр суралцах зорилго тавьж, нэмэлт эсээндээ л гол анхаарлаа хандуулсан нь зөв шийдвэр болсон шүү.
Мэдээж ахлах ангид сурч байх хугацаандаа боломж бүрээс атгаж, дур сонирхлоо олж нээн, түүндээ цаг зарцуулсан нь сургуульдаа тэнцэх голлох шалтгаан болсон. Түүнчлэн өөрийнхөө зорилгыг Корнеллийн элсэлтийн албаныханд зөвөөр ойлгуулахад сургуулийн маань зүгээс харамгүй зөвлөж тусалсанд гол нууц бий. Учир нь бараг л бүтэн жил хамаг цагаа зарцуулж бэлдсэн материалыг минь элсэлтийн комиссынхон 10 минут орчим л хардаг. Хэчнээн хүсээд ч тэр олон мянган эсээн дундаас ялгарч гарахад хэцүү болохоор туршлагатай хүмүүсийн зөвлөгөө үнэхээр чухал. Үүнийг л Томүжингийн багш нар маань олгож чадсан болохоор одоо мөрөөдлийн сургуульдаа сурч байна.
Өргөдөл илгээсэн хугацаандаа би хийхийг чин сэтгэлээсээ хүссэн зүйлээ олж, түүнийгээ эсээндээ зөв тусгахын тулд дахин дахин оролдож, бичиж төлөвлөхдөө цаг гаргах ёстойг ойлгосон.
Н.Анужин
Стэнфордын их сургуулийн 2023 оны элсэгч, “Томүжин” алтернатив сургуулийн 2022 оны төгсөгч

Одоогоос дөрвөн жилийн өмнө Сүхбаатар аймагтаа сурч байхад "Томүжин" сургуулийн “21 мөрөөдөл” гээд төсөл 21 аймгийн дунд, ахлах ангийн сурагчидтай уулзаж, орон нутагт суралцаж байгаа бидэн шиг хүүхдүүд ч дэлхийн шилдэг их сургуульд тэнцэн орох боломжтойг таниулсан уулзалтад орсон юм. Миний хувьд нийгмийн идэвх өндөртэй, хэрэндээ байгаа боломжоо бүгдийг нь л ашиглахыг боддог хүн л дээ. Тийм ч болохоор тэр уулзалтын дараа өөрийгөө чадах болов уу, үгүй болов уу гэж олон юм бодолгүй сургуулийнхаа тэтгэлэгт өргөдлөө илгээж, ярилцлаганд орж байлаа. Учир нь надад сайн боловсрол эзэмших, сайн сургуульд сурах хүсэл маш хүчтэй байсан. Ирээдүйд сайн их сургуульд орохын тулд ахлах ангид суралцах жилүүдээ зүгээр өнгөрүүлж болохгүйг маш сайн ойлгосон гэх үү дээ.
Бодсоноор ч болж, хотод шилжиж ирсний дараа үеийнхэн маань ямар том зорилготой, түүнийхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөдгийг бодитоор харснаас гадна дэлхийн их сургуулиудын элсэлтийн онцлог, материал явуулах үйл явцтай багш нарынхаа тусламжтай танилцаж эхэлсэн. Тэр цагаас хойш гол зорилгоо марталгүй байнга хичээж, материал дээрээ уйгагүй ажилласны дүнд өөрийнхөө мөрөөдөж ч чаддаггүй байсан Стэнфордын их сургуульд 100 хувийн тэтгэлэг авч чадсандаа баяртай байгаа. Дараа үеийн дүү нартаа энэ бүхэн боломжтой шүү гэдгийг илүү их мэдүүлмээр, ойлгуулмаар санагдсан болохоор Стэнфордод ирэхээс өмнө миний ч бас ирээдүйг бүтээлцсэн “21 мөрөөдөл” төслийнхөө багт орж, орон нутгаар явж ажилласан. Энэ үе амьдралын минь хамгийн жаргалтай дурсамжуудын нэг.
Өргөдөл илгээсэн хугацаандаа би хичээж чадвал хүүхэд бүрд боломж байдгийг бас дэлхийн шилдэг их сургуулиуд ганцхан сурлага биш харин түүнээс илүүтэй хүсэл тэмүүллийг олж дэмжихээр хичээдгийг ойлгосон.
“Томүжин” алтернатив сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн тухай

Томүжинг тодорхойлдог хамгийн чухал зүйл бол бүтээлч, хөдөлмөрч, хүсэл эрмэлзэлтэй сурагчдын хүрээлэл. Тийм ч учраас, сурагчдын санхүүгийн чадамж болон академик түвшинг үл хамаарч гагцхүү хүсэл эрмэлзэлтэй эсэх, түүнийхээ араас хөдөлмөрлөж чадах эсэхийг чухалчилдаг ажээ. Иймд, тэдний зүгээс элсэхийг хүссэн өргөдөл гаргагчдын санхүүгийн дэмжлэгийн өргөдөл, санхүүгийн дэмжлэг шийдвэрлэх комиссын тооцсон тооцоолол дээр тулгуурлаж хэрэгцээт санхүүгийн дэмжлэгийг 100 хувь хүртэл олгодог байна.
Нийт сурагчдынхаа 99.4 хувийг тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгтэй сургадаг тус сургуулийн сурагчдын 20 хувь нь 21 аймгаас шилжин ирсэн байдгийг онцлууштай. Хэрвээ дэлхийн шилдэг их сургуульд элсэхээр зэхэж, энэ аялалд тусалж дэмжих мэргэжлийн багш нар хайж байгаа бол гуравдугаар сарын 22-нд дуусах “Томүжин” алтернатив сургуулийн элсэлтийн мэдээлэлтэй танилцахыг санал болгоё.

Сэтгэгдэл бичих

