Нэг шилэн савыг дахин боловсруулснаар бид 100 ватт гэрлийн чийдэнг дөрвөн цагийн турш ажиллуулахад хангалттай эрчим хүч хэмнэх боломжтой гэдгийг та мэдэх үү? Өнгөрсөн зууны төгсгөл хүртэл хүн төрөлхтөн өөрт хэрэггүй бүхнээ хог хаягдал хэмээн үзэж, аливаа нөөц баялгийг дуусашгүй мэт үрэлгэн ханддаг байсныхаа горыг өдгөө хангалттай хүртэж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэх зэрэг олон асуудалтай нүүр тулж буй. Тиймдээ ч орчин үед дэлхийн тэргүүлэгч гүрнүүд хаягдлыг дахин боловсруулах замаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн ашиг тус хүртэх төдийгүй эх дэлхийгээ хамгаалах боломжийг эрэлхийлдэг болсон билээ.
Тэгвэл бид энэ удаагийнхаа нийтлэлд дахивар хаягдлынхаа асуудлыг амжилттай шийдэж чадсан улсуудын жишээг онцолж байна. Тэд ямар технологи, арга барил ашиглан хаягдлаа ангилах дадлыг иргэддээ суулгаж чадсан юм бол?
ГЕРМАН
Германчууд нийт ашигласан хуванцрынхаа 99 хувийг дахин боловсруулдаг гэвэл та итгэх үү? Нэг хүнд ноогдох хаягдал нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин бага төдийгүй 66 хувийг нь дахин боловсруулалтад оруулж чаддаг тус улсын амжилтын нууц юу вэ?
XX зууны сүүлчээс дэлхий даяар эрчээ авсан хуванцрын давлагаа Герман улсыг ч тойрч бус дайрч өнгөрсөн юм. Бүх төрлийн шингэн хүнс, ус, ундааг нэг удаагийн хуванцарт савлах явдал тэрхүү цаг үед газар саагүй түгэн дэлгэрч, шилэн савны үйлдвэрлэл 1990 он гэхэд 72 хувь хүртэл буурсан аж. Энэхүү шинэчлэлт үйлдвэрлэл талдаа олон давуу талтай байсан хэдий ч нөгөө талаас хуванцрын хаягдал гэх цоо шинэ дайсантай Германы Засгийн газар нүүр тулах нь тэр. Тэр үеэс эрх баригчид нь хог хаягдлын менежментийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхэлжээ.

Өнгө өнгийн хогны сав
Германы хаягдал дахин боловсруулах систем нь зургаан өнгийн хогны сав ашигладаг бөгөөд энэхүү аргачлалын тусламжтай оршин суугч бүр төвөггүйхэн хогоо хаана, хэрхэн ангилахаа таних боломжтой.
Шар нь хуванцар, цэнхэр нь цаас болон картон, цагаан нь тунгалаг шил, бор нь өнгөт шил байдаг бол зургаа дахь хогны сав хүнсний хог хаягдал, органик зүйлс хаях зориулалттай. Түүнчлэн хүнсний үлдэгдэлтэй пиццаны хайрцгийг цэнхэр саванд хаях, химийн хорт бодис агуулсан баттерей, гэрлийн чийдэн зэргийг энгийн хаягдал руу ангилж хэрхэвч болохгүй.
Хүнсний үлдэгдэл нь дахин боловсруулах үйлдвэрлэлд саад учруулах магадлалтай байдаг тул зайлшгүй тусад нь ангилан хаях шаардлагатай байдаг бол ганцхан ширхэг хуруу зай нэг метр квадрат хөрс, 8000 литр усыг хордуулах эрсдэлтэй учраас зөвхөн тусгай цэг дээр хаях ёстой.
Хэдийгээр хогоо ангилж хэвшээгүй бидний хувьд дээрх олон өнгийн сав, дүрэм журмууд толгой эргэм мэт санагдаж болох ч германчуудын хувьд бага сургуулийн сурагчдадаа хүртэл бие даан хогоо ангилж чадахуйц дадал хэвшүүлж чадсанаараа онцлогтой.
Хэрэв та буруу саванд хогоо ангилах аваас хогны машин танай хотхоны хаягдлыг ачихаас татгалзах бүрэн эрхтэй. Үүнээс шалтгаалан дараагийн ачилтын өдөр буюу хагас сар хүртэлх хугацаанд хөршүүд тань хогоо гэртээ байлгахаас аргагүйд хүрдэг тул иргэн бүхэн хог ангилах үйл явцад өндөр ач холбогдол байх нь. Дээрх шаардлага нь албан байгууллагуудын хувьд бүр ч өндөр байх ба хогоо буруу ангилж, цаг тухай бүрд нь ачуулаагүй тохиолдолд торгууль төлөх, хуулийн хариуцлага ч хүлээх аюултай.

PFAND хөтөлбөр
Ташрамд дурдахад, бүх төрлийн хуванцар, шил дахин боловсруулах зорилготойгоор 2003 оноос хэрэгжиж эхэлсэн PFAND хөтөлбөрийн ачаар Герман улс нийт хуванцрынхаа 99 хувийг буцаан төвлөрүүлж чаддаг. Улс даяар байршсан 48 мянга гаруй дахиврыг төлбөртэй хүлээн авагч машинд дунджаар 25 пивоны шил, хуванцар сав, ундааны лааз тушаахад 3.5 еврогийн буцаалт авдаг аж. Хамгийн чухал нь дээрх машиныг та булан тойроод л өөрт хамгийн ойр дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраас олох боломжтой. Тиймдээ ч иргэд нь хуванцар, шил хаях хуваарьт өдрийг хүлээхгүйгээр дээрх хаягдлуудаа тусад нь цуглуулж, багахан хэмжээний урамшуулал авдаг энэхүү системд тун сэтгэл хангалуун байдаг гэнэ шүү.
япон
Япон хэлэнд ямар нэгэн үнэ цэнтэй зүйлээ хаях үеийнхээ харамсах мэдрэмжийг илэрхийлэх "моттанай” (もったいない) хэмээх үг бий. Утгачилбал, “Чи ямар үрэлгэн юм бэ? Ашиглаж болох эд зүйлсийг хэрхэвч бүү хөсөр хая” хэмээн орчуулж болохоос гадна ганцхан хэллэгээр дамжуулан арлын орны иргэд байгаль орчин хийгээд хог хаягдалд хэрхэн ханддаг тухай ойлголт авч болохуйц мэт. Японы уугуул шашин болох шинтоизмд хүний гараар бүтсэн эд зүйлс өөрсдийн "ками" буюу сүнстэй байдаг тул үл хүндэтгэсэн байдлаар хаяж болохгүй хэмээн сургасан байдаг аж. Тиймдээ ч өдгөө Япон улс дэлхийд 3R (reduce, reuse, recycle) зарчмыг хамгийн амжилттайгаар хэрэгжүүлж буй.

Германтай адил Японд ч 1980-аад оны эдийн засгийн их хөөсрөлтийн үеэр хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай өсөж, улмаар эрх баригчдын хувьд хог хаягдлын асуудал толгойны өвчин болжээ. Япон улсын Байгаль орчны яамны мэдээлснээр 1993-2000 оны хооронд л гэхэд хуванцар савны үйлдвэрлэл нь гурав дахин нэмэгдэж, 360 мянга гаруй тонн болсон. Өнөөдрийн байдлаар Япон улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа хэдий ч нөгөө талдаа хог хаягдлын менежментийн үр дүнтэй систем, нийгмийн өндөр түвшний ухамсрын ачаар хуванцраас шалтгаалсан байгаль орчны бохирдол тун доогуур хэмжээнд байгаа гэхэд хилсдэхгүй.

Тус улс жил бүр үйлдвэрлэдэг 9.4 сая тонн хуванцар хог хаягдлынхаа 25 хувийг дахин боловсруулж, 57 хувийг нь “эрчим хүч авах” зорилгоор шатааж, 18 хувийг нь хогийн цэгт хаядаг эсвэл шатаадаг хэмээх судалгаа бий.
Японы оршин суугчид өдөр тутмын хэрэглээнээс гарах хог хаягдлаа 10 болон түүнээс дээш төрөлд ангилах ёстой. Хог хаягдлын зохицуулалт дүүрэг, хот, тосгон бүрд өөр өөр байдаг тул шинэ газар нүүж очсон хүмүүс хамгийн түрүүнд “гоми” хэмээх орон нутгийн удирдлагаас тараадаг хог хаягдлаа хэрхэн ангилах тухай гарын авлагатай танилцдаг аж. Хэрэв та Японд очвол зөвхөн орон сууц төдийгүй нийтийн эзэмшлийн талбайд ч “цаас, лааз, хуванцар, шатамхай материал” гэх зэрэг олон төрлөөр ангилсан хогны савнуудтай тааралдах боломжтой.
австри
Хог хаягдлыг ангилах, дахивар болон ангилах нь австричуудын хувьд амьдралынх нь өдөр тутмын хэмнэл, соёлынх нь салшгүй нэгэн хэсэг гэхэд буруудах зүйл үгүй. Энэ оны байдлаар нийт хаягдлынхаа 54 хувь орчмыг дахин боловсруулдаг хэмээх үзүүлэлтээр тус улс дэлхийд хоёрдугаар байрт жагссан билээ.
Тус улсад нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт нь таван хувиас давсан бүх төрлийн бүтээгдэхүүнийг ил хогийн цэг дээр хаях болон шатаах нь хуулиар хориотой байдаг төдийгүй 2020 оноос эхлэн нэг удаагийн гялгар уутны хэрэглээг бүр мөсөн халсан юм. Та өөрийн хогоо органик хог хаягдал, цаас, хуванцар болон шил, аюултай бодис гэхчлэн Германтай адил зарчмаар ангилан хаях ёстой.

Сонирхолтой нь, австричууд хүнсний хог хаягдлыг бордоо болгон хувиргах зорилготой хөтөлбөрийг улс даяараа тун амжилттай хэрэгжүүлдэг юм. Таны амьдарч буй мужаас хамааран хүнсний хаягдал хүлээн авах бордооны сав нь хүрэн эсвэл ногоон өнгөтэй байх бөгөөд энэхүү саванд та жимс, хүнсний ногооны хаягдал, жимсний хальс, кофены шаар болон цайны уут, цэцэрлэгийн хог хаягдал, гал тогооны цаасан алчуур зэргийг хийх боломжтой.
Хаягдал нь цэцэрлэгжүүлэлт болон биогазны үйлдвэр гэх мэт төслүүдэд ашиглагдана. Жил бүр зөвхөн Вена хотод 100 мянга орчим тонн дахин боловсруулах боломжтой органик материалыг 80 мянга гаруй саванд цуглуулж, бордоо болгон боловсруулдаг хэмээн төсөөл дөө.
тооны хэлээр:
-Цаасан хаягдал задрах үедээ нүүрстөрөгчөөс 25 дахин хортой метан хий ялгаруулдаг.
-Хүн төрөлхтөн секунд тутам 160,000 гялгар уут хэрэглэдэг.
-2050 он гэхэд далайд загаснаас ч олон пластик байх болно.
-Жил бүр зөвхөн хуванцар хаягдлаас болж далай тэнгисийн 100 мянган амьтан үхэж, зөвхөн цаас үйлдвэрлэхийн тулд 4 тэрбум гаруй мод тайрч буй.
-Далайд унасан хуванцар сав, гялгар уутыг идэж эсвэл орооцолдсоноос болж жил бүр зуун мянган амьтан үхдэг.
-Жил бүр 21.5 сая тонн хүнсний хог хаягдал бий болдог. Хэрвээ үүнийг дахин боловсруулж чадах юм бол тээврийн хэрэгслийн тоог хоёр саяар бууруулсантай тэнцэх хэмжээний хүлэмжийн хийг багасгана.


Сэтгэгдэл бичих (1)


И Идэвхтэй иргэн 103.26.195.70
Бид хөгжсөн орнуудын нэгэнт гаргасан алдаанаас эртхэн суралцаад явбал асуудлыг хүндэрч зайлшгүй өндөр өртөгтэй шийдэлтэй болохоос нь өмнө үгүй хийх боломжтой санагдлаа. Эдгээр орнуудын асуудал нь амьдрах чанарт нь маш хүнд цохилт өгөх хэмжээнд хүрсэн учраас ул суурьтай шийдэх гаргалгааг цаг хугацаа мөнгө зарж хийсэн бол бид одооноос хог хаягдалтай холбоотой хандлагаа өөрчилсөнөөр асуудлыг тойрон гарч чадах юм.