Энэ дэлхий дээр амьдарч буй 7.8 тэрбум хүн тус бүр жилд 1.5 тонн хог хаягдал бий болгодог. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимжиж буй энэ цаг үед бид илүү бүтээлч, үр дүнтэй хог хаягдлын менежментийг бий болгох шаардлага тулгарсаар байна. Тиймээс бид энэ удаа хог хаягдлын менежментийг үлгэр жишээ хэрэгжүүлж буй байгууллагууд, хог хаягдал боловсруулах болон тээвэрлэх ажлыг чанартай гүйцэтгэж буй аж ахуй нэгжүүдийг онцлон танилцуулж байна.


ӨНГӨ НЭМ

Хог хаягдлын менежментийн төсөл

“Өнгө нэм” төсөл нь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг цэвэр түүхий эдээр тасралтгүй хангах зорилготой. Энэ хүрээнд аж ахуй нэгж байгууллага, орон сууцны хороололд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь зохистой ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх зэргийг цогцоор нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг зөвлөх үйлчилгээ гэж хэлж болно. Уг төслийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо санаачлан, Shangri- La Улаанбаатар зочид буудалтай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Түүнээс хойш Lhamour, MCS, Боса Холдинг, Мандах их сургууль, Говь ХК, Петровис ойл ХХК, Голомт банк зэрэг 20 гаруй томоохон байгууллагад хэрэгжүүлээд буй юм. Мөн саяхнаас зөвхөн албан байгууллага гэлтгүй хог хаягдлыг ангилан ялгадаг жишиг орон сууцны хороолол бий болгохоор Шинэ Яармаг цогцолбор хороололтой хамтарч эхлээд буй ажээ. Аж ахуйн нэгжүүд хог хаягдлынхаа 30-40 хувийг дахин боловсруулах үйлдвэрт өгөх боломжтой тул "Өнгө нэм" төслийнхөн 4 үе шаттайгаар дээрх менежментийг хэрэгжүүлж байна.


АНУ-д хийсэн судалгаагаар нэг хүн дунджаар өдөрт 2 кг хог хаягдал бий болгодог бол жилийн дотор энэ хэмжээ 1.5 тоннд хүрдэг.

U.S. Environmental Protection Agency

оюу толгой ХХК

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу толгой компанийн хувьд хог хаягдлын дөрвөн шаттай менежментийг хэрэгжүүлдэг. Юун түрүүнд үүсэж болох хог хаягдлыг бууруулах, нэгэнт үүссэн хогийг дахин ашиглах, цаашид дахин боловсруулах арга хэмжээ авч, үлдсэнийг нь хадгалах эсвэл булаж устгадаг байна. Тус компани уг менежментийн дагуу хог хаягдлыг 30 гаруй нэр төрөлд ангилан, 10 гаруйг нь мэргэжлийн аж ахуй нэгжүүдтэй хамтран боловсруулдаг ажээ. Өнгөрсөн онд нийт хог хаягдлынхаа 56 хувийг дахин боловсруулсан байна. Энэ хүрээнд аюултай хог хаягдлыг бууруулах тал дээр Оюу толгой компани хэд хэдэн арга хэмжээ авч байгаа юм.

Тухайлбал, хар тугалга, мөнгөн усны найрлагатай сүүн гэрлээс татгалзаж монгол LED гэрэл хэрэглэж буй. Түүнчлэн химийн бодистой сав баглаа боодлыг нийлүүлэгчдэд нь буцаан өгч, дахин ашиглах арга хэмжээ авч байна. Харин дахин ашиглах тухайд орон нутгийн улаан загалмайн байгууллагатай хамтран мод, хэрэглээний төмөр зэрэг дахивар нөөцүүдийг шаардлагатай айл гэр, албан байгууллагуудад өгдөг ажээ. Оюу Толгой компанийн хаягдал булшлан устгах байгууламж нь Монгол Улсад анх удаа баригдсан европын холбооны стандарт хангасан байгууламж юм. Тус байгууламж нь хамгаалалтын олон давхар үетэй бөгөөд энэ нь гүний ус, хөрс бохирдохоос сэргийлсэн хийцтэй гэдгээрээ онцлог.

Уурхайн хаягдлын удирдлагын төв болон далд уурхайн менежментийг Ханбогд Вейст Менежмент компани 2017 оноос хойш хариуцан ажиллаж байна. Уг компани нь уурхайн талбайн хаягдлын удирдлагын төвийн бүхий л үйл ажиллагааг хариуцан ажилладаг.


1 шилэн савыг дахин боловсруулснаар 100 ватт гэрлийн чийдэнг 4 цагийн турш ажиллуулахад хангалттай эрчим хүч хэмнэдэг.

U.S Environmental Protection Agency

МАК ххк-ийн Уурхай

“Монголын Алт” (МАК) ХХК 2008 оноос хойш Өмнөговь аймгийн Гурван Тэс сумын нутагт Нарийн Сухайтын чулуун нүүрсний ил уурхайн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нээгдсэн цагаасаа хог хаягдлын менежментдээ ихээхэн анхаарал хандуулсаар иржээ. Тэд хог хаягдлаа багасгахын тулд дахин ашиглах бодлогыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, жил бүр “Хог хаягдлыг дахин ашиглах шинэ санал санаачилгын уралдаан” зарлаж, ажилчдадаа байгаль орчныг хамгаалах үйлсэд уриалдаг ажээ.

Уурхай дээрээ бүх төрлийн хог хаягдлаа ангилан ялгаж, устгах, зайлуулах, саармагжуулах шаардлагатай хог хаягдлуудаа тээвэрлэн, дахих ашиглах, боловсруулах зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлдэг байна. Үүнд: Уурхайн ажиллагсад ахуйн хог хаягдлаа хүн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ангилан хадгалж байгаад орон нутгийн зөвшөөрөл бүхий компанид хариуцуулан өгдөг.

Харин хортой, аюултай хог хаягдлаа тусгай тохижуулсан байгууламж, цэгт ангилан, цааш тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд гэрээний дагуу хүлээлгэн өгдөг ажээ. Мөн ахуйн шингэн хог хаягдлаа 90-93 хувь хүртэл цэвэршүүлдэг ахуйн бохир ус цэвэрлэх 3 байгууламжаар дамжуулан цэвэрлэдэг байна. Эдгээр байгууламжууд нь өдөрт 100 шоо метр ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай ажээ.


Ус дахин ашиглалтаар тэргүүлэгч Израйл улс бохир усныхаа 80 хувийг цэвэрлэн, усалгаанд ашигладаг.

Reuters

Баян айраг ХХК

Баян Айраг Эксплорэйшн ХХК Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд хог хаягдлын сайн менежментийн тогтолцоог уурхайн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг газруудын нэг. Тэд уурхайн эхлэх үед буюу 2012 онд Дөрвөлжин сумын хог хаягдлын цэгийн 22.2 га талбайд тархсан 12500 м3 хуучин хаягдлыг булшилж, устгадаг ажээ.

Түүний дараа ландфилын аргаар хог хаягдлын булшлах цэгийг байгуулан сумын ЗДТГ-тай хамтран цэгийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байна. Харин ахуйн хаягдлын ангилан ялгалтыг эх үүсвэр дээр нь хийж, дахин ашиглах болон дахин боловсруулах хаягдлыг бүрэн зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд нийлүүлж байна. Түүнчлэн уурхайн үйл ажиллагааны явцад гарч буй аюултай хаягдлын менежментийг сайжруулах талаар анхаарал хандуулан ажиллаж буй ажээ. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд БОАЖЯ-аас гаргасан аюултай хог хаягдлын зохицуулах журмыг хэрэгжүүлэх зорилгоор хаягдал үүсэхээс зайлсхийх, бууруулах талаар томоохон арга хэмжээнүүд авч эхэлсэн байна.

Тухайлбал, хүнд даацын техникийн дугуйны ашиглалтыг уртасгах (run out) зорилгоор РеМаТирТор ХХК-иар дахин хээ гаргуулж байна. Мөн худалдан авалт хийхдээ тухайн бараа бүтээгдэхүүний хаягдлыг буцааж нийлүүлэгчид нь өгөх зэрэг ажлын эхлүүлсэн. Тос тосолгооний материал нийлүүлж буй Турказ Машинари ХХК болон Меклопат ККХ руу бүтээгдэхүүний сав болох поошигийг буцаан нийлүүлж байгаа аж. Мөн үйлдвэрийн үйл ажиллагааны явцад гарсан химийн бодисын сав баглаа боодлын хаягдлыг Цэцүүх ХХК-ийн дахин боловсруулах үйлдвэрт өгч байна.


Нэг ширхэг лааз дахин боловсруулснаар 3 цаг телевизор ажиллуулах эрчим хүч хэмнэнэ.

Action Recycling Center

САЙН ЦААС ХХК

Цаасан хайрцаг дахин боловсруулах үйлдвэр

“Сайн Цаас" ХХК нь 2014 онд Монгол Улсад анх удаа хаягдал картон цаас дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаагаа эхэлж байсан билээ. Тус үйлдвэр 24 цагт 20 тонн, нэг сард 500-600 тонн хаягдал картон хайрцаг дахин боловсруулах хүчин чадалтай билээ. Ийнхүү уг үйлдвэр Улаанбаатар хотод гарч буй нийт хайрцаг хаягдлын 88 хувийг байгальд халгүй аргаар дахин боловсруулж агаарын бохирдлыг бууруулах, газар булагдах талбайг хэмнэж байна.

Үүгээрээ "Сайн цаас" ХХК дотоодын сав баглаа боодол, цаасан хайрцаг үйлдвэрлэдэг компаниудыг хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй бор цаасны түүхий эдээр хангадаг ажээ. Тэд Оюу Толгой ХХК-тай 2018 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 1000 тонн цаасан хаягдлыг дахин боловсруулж, 18360 мод тайрахаас аварсан байна.

Цаасан хаягдал задрах үедээ нүүрстөрөгчөөс 25 дахин хортой метан хий ялгаруулдаг.

The World Counts

ЖАВХЛАНТ ГОВЬ ИНВЕСТМЕНТ

Хог хаягдлын тээвэр үйлчилгээ

Жавхлант Говь Инвестмент нь шингэн болон хатуу хог хаягдал тээвэрлэх компани юм. Уг компани 2014 оноос Оюу толгой ХХК-тай хамтран ил уурхайн хог хаягдлын тээврийн ажлыг гүйцэтгэж байна. Тэд уурхай дээрх эх үүсвэр дээр ангилсан хогийг тусгай тээврийн хэрэгслээр боловсруулах үйлдвэрүүдэд хүргэж өгдөг. Ангиллын хувьд ердийн хог хаягдлаас эхлээд аюултай, шингэн хог хаягдал зэрэг олон төрөлд ангилан тээвэрлэдэг байна.

Энэ бүрд зориулалтын өөр хэрэгсэл ашиглаж, тэвштэй, чингэлэгтэй, хогоо шахдаг, нэг дор хоёр өөр төрлийн хог тусад нь ачдаг машинууд ашигладаг аж. Мөн бохир ус сорох үйлчилгээ үзүүлдэг бөгөөд уурхайн талбайд байрлах ахуйн бохир ус цэвэрлэх, зам талбай услах зэргээр усыг дахин ашигладаг байна.


Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал бий болгодог.

The World Counts

ПЛАСТИК ЦЕНТР ХХК

Гялгар уутны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр 

Пластик центр ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаж, хаягдал гялгар уут буюу нийлэг хаягдлыг дахин боловсруулах хуванцар хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Ийнхүү Монголдоо анх удаа хаягдал гялгар уут дахин боловсруулан бохирын сав болон бохирын худгийн дахин боловсруулсан хуванцар иж бүрдлийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн юм.

Тэд өнгөрсөн хугацаанд 500 тонн орчим гялгар уут дахин боловсруулжээ. “Бохирдлоор бид бохирдлын асуудлыг шийдвэрлэнэ” уриатайгаар нүхэн жорлонгийн доторлогоо болон бохирын ХУВАНЦАР иж бүрдэл зэрэг бүтээгдэхүүнээрээ 800 гаруй өрхийн хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэсэн байна.

Хүн төрөлхтөн секунд тутам 160,000 гялгар уут хэрэглэдэг.

The World Counts

ӨНДӨР АХЫН ӨРГӨӨ ХХК

PET хуванцар дахин боловсруулах үйлдвэр 

Өндөр ахын өргөө ХХК нь 2017 оноос хойш амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй. Тэд БНХАУ-ын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд үйл ажиллагаагаа эхлэхдээ тус улсаас нийт 38 мэргэжилтэн урьж тоног төхөөрөмжөө суурилуулах, эцсийн бэлдэц бэлэн болох хүртэлх технологийг Монгол ажилчдад сургаж амжилттай нутагшуулан 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Тус үйлдвэр нь хоногт 25 тонн эцсийн бэлдэц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэд 2018 онд нийт 2500 тонн хуванцар хаягдал цуглуулсан байна. Харин 2019 онд 1025 тонн хуванцар хаягдлыг дахин боловсруулан хуванцар бэлдэц үйлдвэрлэн БНХАУ руу экспортолжээ.


2050 он гэхэд далайд загаснаас ч олон пластик байх болно.

World Economic Forum

МОГ ПЛАСТИК ХХК

HDPE, LDPE, PP хуванцар дахин боловсруулах үйлдвэр

Мог пластик ХХК нь байгалийн баялгаас анхдагч байдлаар гарган авдаг түүхий эдийг орлох экологийн эерэг нөлөө бүхий олон улсын стандартад нийцсэн дахин боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус үйлдвэр нь БНХАУ-ын BEIER компанийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Жилд 3000 тонн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд HDPE мөхлөг, LDPE мөхлөг, PP мөхлөг зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн мөхлөгүүд нь олон төрлийн хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ордог онцлогтой. Тэд 2018 оноос эхлэн дахин боловсруулсан материалаар аюулгүй ажиллагааны тууз үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд жилд 12 мянган ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.


Хүн төрөлхтөн минут тутам нэг сая пластик худалдан авдаг.

Forbes

МСРТ ХХК

Мод, модны үртэс дахин боловсруулах үйлдвэр

МСРТ ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд мод үртэс дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд мод бэлтгэх үйлдвэрийн хаягдал үртэс, ойн цэвэрлэгээнээс гарсан хаягдал модыг дахин боловсруулан бүтээгдэхүүн болгодог. Ийнхүү тэд үртсэн брикет түлш, модны нүүрсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн дотоод ба гадаадын хэрэгцээнд нийлүүлдэг байна.

Тэд 2016-2019 онд 17 сүлжээ супермаркет, 16 бие даасан дэлгүүр, 11 зоогийн газар, амралтын баазуудад шорлогны түлш тогтмол нийлүүлсэн байна. МСРТ ХХК нь одоогоор Монгол Улсын импортын шорлогны түлшний 60 гаруй хувийг дангаар эзэлж байна.

Барилгын салбарт бетоны дараах хамгийн их хаягдал гардаг бүтээгдэхүүн бол мод.

U.S Environmental Protection Agency