Орчин цагийн нарийн төвөгтэй электрон систем, хөдөлгүүр, оношилгоо бүхий автомашинууд нь механикчдаас уламжлалт мэдлэгийг сүүлийн үеийн технологийн нөү-хаутай хослуулсан олон төрлийн ур чадварыг шаардаж эхлээд буй. Тиймээс ч зам харилцаа хөгжсөн бүхий л газарт энэ чиглэлийн чадварлаг мэргэжилтнүүд ус агаар мэт дутагдаж буй.   

Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн коллежуудын статистик мэдээллээр 2023-2024 оны хичээлийн жилд автомашины механикч чиглэлээр 1,000 орчим оюутан суралцаж байгаагаас 60 орчим хувь нь коллеж, МСҮТ-ийн оюутан юм. 

Тэгвэл эдгээр оюутан залуусыг орчин үеийн автомашин үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнд тохируулан бэлтгэж, нэмэлт мэдлэг олгохын тулд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд инженер техникийн мэргэжилтэн бэлтгэж буй боловсролын байгууллагуудтай хамтран автомашин механикийн сургалтыг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Уг ажлын эхлэл болгон тавдугаар сарын 27-ны өдөр тэд “Налайх Политехник Коллеж”-ийн оюутан залууст Тоёота брэндийн философи, сэтгэлгээ, ажлын зарчим, хосолмол хөдөлгүүрт систем зэргийн талаар өөрсдийн мэдлэг, туршлага дээр суурилсан сургалтыг зохион байгуулсан юм. 


“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Япон Улсын “Тоёота Мотор Корпорац”-ийн Тоёота, Лексус брэндийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад борлуулах эрх бүхий цор ганц албан ёсны дистрибьютер бөгөөд Таван Богд ХХК, Мөнххада ХХК, Топ Моторс ХХК хэмээх албан ёсны дилер компаниудаар дамжуулан Монголын үйлчлүүлэгчдэд хүргэдэг билээ.

автомашины засвар үйлчилгээ аюулгүй зорчихын үндэс болох нь

Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ягүчи Ёохэй

Монгол Улсад Тоёота, Лексус брэндийн шинэ болон хуучин автомашины хэрэглээ өндөр байгаа нь талархууштай. Автомашин гэдэг монголчуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд аюулгүй байдал, тав тухыг хангах чухал үүргийг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч автомашины эвдрэл, гэмтлээс зайлсхийх боломжгүй шүү дээ. Иймд автомашины механикч гэдэг нь төмөр хүлэг хөлөглөгчдийн итгэл найдварыг хүлээсэн хариуцлагатай мэргэжил билээ.

Механикч нь автомашины завсар үйлчилгээг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хангах нэн чухал үүрэг хүлээдэг тул хангалттай ур чадвар, мэдлэг эзэмшээгүйн улмаас автомашины хэвийн үйл ажиллагаа алдагдаж, үүнээс үүдэн олон хүний амь насанд аюул учрах эрсдэлтэй. Тийм ч учраас бид бүхэн Тоёота болон Лексус брэндийн шинэ автомашинуудыг Монголд худалдаалах, дагалдах засвар үйлчилгээг үзүүлээд зогсохгүй боловсролын байгууллагуудтай хамтран ирээдүйн автомашины засварчин, механикчдыг мэдлэг, чадвараар тэтгэх замаар Монголын автомашины салбар цаашлаад Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна.

сургалтын сэдэл

Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд автомашины механикчдын боловсролын чанарт өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгцээ шаардлагатайг олж харсны дээр энэ чиглэлээр ажиллах хүний нөөцийн дутагдал үүсч буй нь анзаарагдсан нь энэхүү сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гол шалтгаан болсон юм. Мөн бид автомашин үйлдвэрлэл, худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буйн хувьд хэрэглэгчдийн амар тайван, аюулгүй автомашины хэрэглээг хангах хариуцлагыг нийгмийн өмнө хүлээдэг билээ. Тиймдээ ч бид сургалтын байгууллагуудтай хамтарч багш, сурагчдын ур чадварт дэмжлэг үзүүлэхээр зорьж буй.

сургалтын сэдвүүд

- Автомашины техникийн суурь мэдлэг (автоамшин, сэлбэг хэрэгсэл)
- Автомашины техникийн суурь мэдлэг (аюулгүй байдал)
- Ажлын байран дээрх аюулгүй ажиллагаа
- Хуваарьт засвар үйлчилгээ
- 5S сургалт
- Хайбрид хөдөлгүүрийн систем
- Хайбрид хөдөлгүүрийн системийн дадлага
- Цахилгаан, электроникийн техникийн үндэс, хэмжилт хийх нь (тогтмол гүйдэл, хүчдэл, мультиметр, инвертер, конвертер)
- Цахилгаан электроникийн үндэс-дадлага


"Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн үнэт зүйлс

Аз жаргалын масс үйлдвэрлэл буюу бүх нийтийн аз жаргал хэмээх үзэл санаа нь:
- Хүмүүст аюулгүй, амар тайван мэдрэмжийг төрүүлж, сэтгэл зүрхийг хөдөлгөх
- Өдөр тутмын амьдрал, нийгмийг баялаг болгох
- Байгаль дэлхийд үргэлж ойрхон, ээлтэй байх
- “Үүнээс илүү сайн арга бий” хэмээх үзэл буюу тасралтгүй сайжруулалт, илүү сайн байх хүсэл сэтгэлийн хамтаар Тоёотаг дэмждэг хүн бүрийн дуу хоолойг чин сэтгэлээсээ сонсож, ямагт өөрсдийгөө чадавхжуулах

Энэ удаад Налайх Политехник Коллежид анхдугаар сургалтаа зохион байгуулсан бол цаашид бусад коллеж, их дээд сургуулиудтай хамтран автомашины засварчин, механикчийн сургалтыг үргэлжлүүлэн хүргэхээр төлөвлөж байна.