Дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд үүрэг хариуцлагаа ухамсарлан 2030 оноос өмнө төлөвлөгөөт үр дүндээ хүрэхээр хичээн ажиллаж байна. Манай орны хувьд ч мөн адил 2016 оны хоёрдугаар сард УИХ-ын тогтоолоор баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийн дагуу нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт зохих арга хэмжээ, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсээр буй.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулганыг зохион байгуулсан юм. Ингээд арга хэмжээнээс онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” ГЭЖ ЮУ ВЭ?
“Unite to act” буюу “Үйлдлээрээ нэгдье” уриатай энэхүү чуулган нь тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний үүрэг амлалтын төслийг танилцуулах, санал солилцох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго дор зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд манай улсын хөгжлийн бодлого боловрсуулагч, шийдвэр гаргагчдаас эхлээд тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгохоор эрмэлзэж буй үндэсний компаниуд оролцсон юм. Тухайлбал, Хаан банк, Голомт банк, М-Си-Эс Кока Кола, АПУ зэрэг хувийн хэвшлүүд тогтвортой хөгжлийн зорилго, зорилттой уялдаж буй үйл ажиллагаа, санал санаачилгаа танилцуулж, илтгэлээ толилуулсан билээ.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ТОГТМОЛ САНУУЛАХЫН УЧИР
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Хэрвээ бид одоо л арга хэмжээ авч эерэг үр дүнгээ нэмэгдүүлэхгүй бол бидний нийлж баталсан бодлогын бичиг баримт цаас болон үлдэх нь” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. Түүний энэ үгийг батлах цөөн хэдэн тоон баримт дурдваас:
- 2020 онд Дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс ойролцоогоор 1.2°C-ээр нэмэгдсэн.
- 2022 онд Дэлхийн эрчим хүчний зарцуулалтаас үүдэлтэй CO2-ын ялгаруулалт ойролцоогоор 36.8 тэрбум тоннд хүрсэн.
- 1880 оноос хойш далайн түвшин 21-24 орчим см-ээр нэмэгдсэн.
- Сүүлийн 40 жилийн хугацаанд Хойд туйлын далайн мөс арван жил тутам 12.6 хувиар багасаж, өнгөрсөн 1500 жилийн хугацаанд байгаагүй хурдаар хайлж байна.
- Дэлхийн зэрлэг ан амьтдын тоо 50 гаруйхан жилийн дотор дунджаар 69 хувиар буурсан.

Харин манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байгаа ба 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр нэн хүчтэй, хүчтэй цөлжилт 23 хувиар нэмэгдэж, 30 орчим сая га талбай цөлжилтөд өртсөн байх жишээтэй. Үүний зэрэгцээ сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.4 хэмээр дулаарч, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин өндөр гэх тооцооллууд гарчээ. Дан ганц уур амьсгалын өөрчлөлтөөр үл хязгаарлагдан манай оронд эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, ажиллах хүчин, эрчим хүч, хүнс зэрэг салбарт тулгамдаж буй олон асуудал бийг энэ ташрамд санууштай.

МОНГОЛ УЛС БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД
Манай улс 2019 болон энэ оны долоодугаар сард тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээ НҮБ-ын чуулганд танилцуулж, тодорхой үүрэг чиглэл, амлалтыг авсан. Тэгвэл эдгээр дүгнэлт, зөвлөмж, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилго, зорилтуудтай уялдуулсан 12 чиглэлийг энэ сарын 18-19-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулахаар бэлтгэж байгаа ба дараах чиглэлүүдийг онцолжээ.
1. Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэх
2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах
3. Инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх
4. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангах
5. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, аюул, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх
6. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах
7. Нэмүү өртөг шингэсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх (хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр)
8. Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй ажлын байрыг нэмэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
9. Жендерийн эрх тэгш байдлыг хангах
10. Үр дүнтэй засаглал, бодлогын уялдаа холбоог сайжруулах
11. Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих
12. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах
Дээрх 12 чиглэлийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгуулла, залуу үе, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн төлөөллүүд бүхий зургаан талт зөвлөх уулзалтын үр дүнд тодорхойлон гаргажээ.


ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХУВИЙН ХЭВШЛҮҮДИЙН ОРОЛЦОО
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа асар чухал. Тэр дундаа хувийн хэвшлийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг тун өндөр бөгөөд энэ утгаараа уг арга хэмжээнд манай улсын тэргүүлэх компаниуд өөрсдийн хэрэгжүүлж буй санал санаачилга, бодит туршлагаасаа хуваалцсан нь ихэд онцлууштай байсан юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Катогийн хэлж буйгаар тэд 2013 оноос тогтвортой санхүүжилтийн бодлогоо тодорхойлсон ба өнгөрсөн онд зээлбаталсан 667 бизнесээс 476 бизнест нь байгаль орчны нөлөөг нь харгалзан үзэж, зээл олгосон гэв. Түүнчлэн Тогвортой хөгжлийн 13 дахь зорилгын хүрээнд зохион байгуулж, санхүүжүүлж буй үйл ажиллагаануудынхаа хүлэмжийн хийн ялгарал, ус зарцуулалтыг тогтмол тооцдог аж.

Нийт 2.8 сая харилцагчтай ХААН Банк нь Тогтвортой хөгжлийн бодлогоо 2020 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд хийсэн брэнд шинэчлэлээрээ дөрвөн үнэт зүйлийнхээ нэгийг “Тогтвортой хөгжилд манлайлагч” хэмээн тодорхойлжээ. Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн хэлж буйгаар нийт ногоон зээл, төлбөр тооцооны 99 хувь, зээл олголтын 60 орчим хувийг цахимаар гүйцэтгэж, хэрэглэгчдэдээ байгальд ээлтэй үйлчилгээг санал болгож буй.

Үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг АПУ ХК-ийн Байгууллагын харилцаа, тогтвортой хөгжил хариуцсан захирал О.Одгэрэл “Хамтран бүтээх бизнесийн загвар”-аа танилцуулсан юм. Илүү тодруулбал, малчдад орлогоо 2.5 дахин нэмэх боломжийг олгож буй “Монгол Сарлаг” гэр үйлдвэрлэлийн төсөл, хаягдалгүй үйлдвэрлэл, сүүний усыг 100 хувьд ялгах технологийг нэвтрүүлж буй Монгол бяслаг, Шигүдэри урлах үйлдвэр зэргийн үйл ажиллагааг тус тус онцоллоо.
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ҮНДЭСНИЙ ҮҮРЭГ АМЛАЛТ
Арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний үүрэг амлалт” сэдэвт хэлэлцүүлгээр өндөрлөсөн юм. Манай улсын хувьд ядуурлын түвшин 2016 онд 29 хувь, 2020 онд 27.8 хувь байсан бөгөөд 2025 он гэхэд 20 хувь, 2030 онд 15 хувь болгож бууруулах зорилго тавиад буй. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, залуу үе, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн төлөөллүүд оролцсон ба өөрсдийн ажиллаж байгаа салбарынхаа дуу хоолойг хүргэсэн юм.
“Манай Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсан цагаасаа бодлогын баримт бичгүүдийг тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан ажиллах, салбар хоорондын холбоог нэгтгэхэд онцгойлон анхаарч байна.”
Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж
“Монгол Улс эдийн засгийнхаа 18 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг жил бүр зарцуулж чадвал 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангаж чадна гэх тооцоо бий.”
Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай
“Орон нутгууд бие биетэйгээ өрсөлдөх бус бүсчилсэн хөгжлийн зорилгууддаа түлхүү анхаарч ажиллавал Улаанбаатар хотод үүссэн төвлөрөл, үүнийг дагаад бий болж буй бэрхшээлүүдийг шийдэхэд түлхэц болно гэж харж байна.”
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан

“Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилго буюу чанартай боловсролын зорилгын хүрээнд ирээдүй болсон үр хүүхдүүддээ томчууд бид хүмүүжлээс гадна хэрэглээний тал дээр үлгэрлэх учиртай.”
Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг
“Төр, засгаас байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, нийгмийн эрүүл мэндэд анхаарна гэсэн мөртлөө сайжруулсан шахмал түлшинд 177 тэрбум төсөвлөж, Тогтвортой хөгжлийн зорилгуудтай нийцэхгүй шийдвэр гаргаж байна.”
Монголын ногоон санхүүжилтийн корпорацын Гүйцэтгэх захирал М.Болд
“Халамж бол ядуурлыг бууруулах арга биш. Ядуурлыг бууруулахын тулд зохистой ажлын байрыг бий болгох хэрэгтэй.”
ТХЗ-уудын төлөөх ТББ-уудын эвслийн Дэд тэргүүн Б.Цэрэнханд
“Залуучууд бид орон нутагтаа Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдээлэл түгээх, шийдвэр гаргагчид болон ард иргэдийн дунд гүүр болж, хөндлөнгийн хяналт тавих бүрэн боломжтой.”
НҮБ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөх хорооны нарийн бичгийн дарга Л.Цог-Эрдэнэ





Сэтгэгдэл бичих

