Сүүлийн жилүүдэд манай нийслэлд тулгамдаад буй ноцтой асуудлуудын нэг бол гарцаагүй үер. Зуны дэлгэр цагт хур бороо орохуйд хүн ардын сэтгэл тэнэгэр байхын оронд үерийн аюул хэзээ биднийг нөмрөн авах бол гэх айдастай амьдарч байгаа нь нууц биш. Тухайлбал, Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс (CAREC) 2022 онд хийсэн үнэлгээгээр манай улсад үер усны гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо жилд дунджаар 92, мөн эдийн засагт учрах хохирол жилд дунджаар 24 сая ам.доллар байгааг тооцсон аж. Тэгэхээр энэ бол бидний зайлшгүй анхааралдаа авах ёстой чухал асуудал нэгэнт болжээ.
Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ НҮБ-ын Хүүхдийн Сан уг асуудлын эсрэг ямар хариу арга хэмжээ авч буй талаар Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа. Тэд Япон улсын Засгийн газартай хамтран “Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд нийт 1.8 сая ам.долларын санхүүжилт аваад буй.

Юун түрүүнд Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төслийнхөө талаар танилцуулаач?
Өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон үерээс үүдэн олон гэр бүл орон байраа алдаж, барилга байгууламжууд их хэмжээгээр үерт автсаныг та бүхэн санаж буй байх. Тоон баримтаас дурдахад 2023 оны үерээс болж 20 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд үүнийг дагаад их хэмжээний хөрөнгө санхүү, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал яригдсан.
Харин Японы Засгийн газар Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн хүмүүнлэгийн хөтөлбөрийг дэмжиж, “Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийг эхлүүлсэн. Ийнхүү Япон улсын Засгийн газраас 1.8 сая ам.долларын санхүүжилт олгохоор болоод байна. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжих уг төсөл нь Улаанбаатар хотын есөн дүүрэгт хэрэгжих бөгөөд үерийн эрсдэлээс сэргийлэхэд томоохон нөлөө үзүүлэх юм.
Уг төслийн хүрээнд хэрэгжих ажлуудын талаар илүү дэлгэрэнгүй яривал?
Энэ бол хүмүүнлэгийн хариу арга хэмжээний бэлэн байдлын тухай асуудал. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай бид нягт ярилцаж, гурван үндсэн арга хэмжээг төлөвлөөд байна.
Юун түрүүнд өчигдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдөр ОБЕГ-т хүнд даацын өндөр хүчин чадалтай гурван ус зайлуулах насосыг албан ёсоор хүлээлгэн өглөө. 153 л/с шахах хүчин чадалтай эдгээр шахуурга нь хамгийн бага ашиглалтын зардал, эрчим хүч зарцуулах зориулалттай. Хамгийн чухал нь маш хурдан хариу үйлдэл үзүүлэх юм.

/Өндөр хүчин чадалтай гурван ус зайлуулах насос/

/Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Игавахара Масару гардуулах ёслолыг нээж үг хэлж буй нь/
Хоёрдугаарт, нийслэлийн есөн дүүргийн үерийн эрсдэлтэй газруудад ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн 18 байгууламж барихаар төлөвлөж байна. Үүнд найман дүүрэгт 13 байгууламж, дөрвөн дүүрэгт ухаалаг ундны ус түгээх долоон цэг барих бөгөөд мөн сургуулийн ариун цэврийн өрөөг шинэчлэх ажлууд багтаж байгаа юм. Түүнчлэн эрүүл ахуйг сурталчлах, үерийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.
Гуравдугаарт, төрийн 100 албан хаагч болон эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 мэргэжилтэнг чадавхжуулах ажлыг төслийн хүрээнд эхлүүлээд байна. Онцгой байдлын үед үр дүнтэй хариу арга хэмжээ авахад эдгээр мэргэжилтнийг бэлтгэх нь маш чухал. Одоогоор чадавхжуулах ажлыг ОБЕГ, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хийж байна.

Ер нь байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад олон улсын байгууллагуудын оролцоо хэр чухал вэ?
Маш чухал асуулт байна. Монголчуудад саяхан тохиолдсон зудын жишээгээр ярихад энэ бол зөвхөн байгалийн гамшиг биш гэдгийг онцолъё. Харин ч хүн бүрийн амьдрал, амьжиргаанд нөлөөлж буй аюулт үзэгдэл юм. Учир нь зудын аюулд үрэгдэж буй малын ард түүнээс ашиг шим хүртэж, амьдралаа авч явж буй олон гэр бүл бий шүү дээ. Гагцхүү бид хүмүүнлэгийн нийгэмлэгүүдэд энэхүү нөхцөл байдлын ноцтой талыг ойлгуулах, тэр тусмаа зудыг хараахан улс оронд тулгамдсан аюул гэж хараагүй байгаа Монгол Улсад туслах шинэлэг шийдлүүдийг гаргах зорилготой.
Нэмж дурдахад, эрсдэлийг бууруулах илүү сайн механизмыг боловсруулахын тулд бид Засгийн газрыг дэмжин ажиллахад анхаарч байгаа.
Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс малчид болон хүүхдүүдийн эрүүл ахуйд зориулж, ариун цэврийн цаас, шүдний оо, сойз, саван зэрэг ахуйн хэрэглээний барааг багцлан хүргэсэн. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд анхны тусламжийн иж бүрдэл олгож, хүүхэд, насанд хүрэгчдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг бий болгоод байна. Үүний зэрэгцээ сургууль, дотуур байруудыг аудио төхөөрөмж, таблетаар хангаж, сурагчдад ямар ч бэрхшээлийг үл харгалзан суралцах нөхцөлийг бүрдүүлээд буй. Энэ ташрамд, хувийн хэвшил, сургууль, хүүхдийн зөвлөл зэрэг эдгээр ажилд хувь нэмрээ оруулсан бүх түншдээ талархаж буйгаа илэрхийлье.
Төслийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш гарсан сорилт бэрхшээлүүд юу байв?
Манай төсөл хэрэгжих явцдаа хэд хэдэн сорилттой тулгарсан. Анх ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих газрын зөвшөөрөл авах нь нэлээд урт үйл явц байсан бөгөөд зарим газар халаалтын систем, усан хангамжийн асуудалтай тулгарсан нь гэнэтийн зардал гарахад хүргэж байв. Одоогоор бидэнд тулгарч буй бас нэгэн саад бол өвлийн улирал. Мэдээж эдгээр сорилт аажмаар шийдэгдэж, бид товлосон хугацаандаа ажлаа дуусгахаар ажиллаж байгаа.

Монголчууд бид үерийн аюулаас өөрсдийгөө хамгаалахын тулд нэн тэргүүнд юу хийх шаардлагатай вэ?
Мэдээж маш олон арга бий. Гэхдээ юун түрүүнд та өөрийгөө үерийн эрсдэлт бүсэд амьдардаг эсэхээ олж мэдэх хэрэгтэй. Манай төслийн хүрээнд хэрэгжих ажлын нэг нь ОБЕГ-тай хамтран үерийн аюултай хэсэгт амьдарч байгаа ард иргэдэд мэдээлэл түгээх юм.
Нэгдүгээрт, хэрэв та үерийн эрсдэлт газар амьдардаг бол даруй нүүх хэрэгтэй. Боломжит аюулыг харгалзан эрсдэлийг үнэлж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал. Хоёрдугаарт, анхнаасаа үерийн аман дээр байшин барилга барихаас зайлсхийхийг зөвлөж байна. Тэгээд эцэст нь аюулгүй байдлын дүрмийг чанд дагаж мөрдөөрэй. Үерийн сэрэмжлүүлэг хүлээн авмагц хүний амь насыг хамгаалах, өөртөө болон бусдад учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийх хэрэгтэй.


