Өнөөдрийн нийтлэлийн гол дүр бол “Урт цагаан”.
Энэ долоо хоногт Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас Урт цагааны барилгыг буулгаж оронд нь цэцэрлэгт хүрээлэн барих уу? эсвэл дахин төлөвлөж барилга барих уу? гэсэн санал асуулга явуулж эхэлсэн нь өдгөө олон хүний дунд эргэлзээ үүсгэсэн сэдэв болоод буй. Учир нь уг асуулгад Улаанбаатар хотын санах ой, түүхийн өв болсон үнэ цэнтэй барилгыг хуучин хэвээр нь хадгалж үлдэх агуулгын асуулга байхгүй байгаа нь нийтийн тэр дундаа мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг хүчтэй дагуулж байгаа юм.

Иймд бид энэ удаа Монгол Улсын анхны модернист барилгын нэг болох Урт цагааны барилга архитектурын ямар онцлог шийдлүүдтэй болон яагаад үнэ цэнтэй болох тухай архитектор Б.Батзоригтой ярилцсанаа нэхэн хүргэж байна. 


1. 100 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ХОТЫН УУГАН ГУДАМЖУУДЫН НЭГ

Өнөөгийн Улаанбаатар хотод Иx xүрээний үеийн түүxэн дурсгалт газруудаас тун цөөхөн үлдсэний нэг нь Худалдааны гудамж буюу одоогийн Жуулчны гудамж (Урт цагааны гудамж) юм. Өөрөөр хэлбэл Хүрээний төвөөр урсаx баруун Сэлбийг даган сунасан нягтрал иxтэй тэр xэсэг Иx зээлийн газар буюу Xудалдааны гудамж байжээ. Энэxүү гудамж нь Xүрээний иргэд, гадаад болон дотоодын xудалдаачид төвлөрсөн xөл xөдөлгөөн иxтэй газар байв. Энд Их хүрээний үе, Нийслэл хүрээний үе, Социализмын үеийн гээд нийт 10 түүхэн барилга байдаг онцлогтой. Жишээ нь гэвэл бидний сайн мэдэx Шар дэлгүүр, Урт цагаан, “Туул” ресторан, анxны эмийн сан, Дүрслэх урлагийн музей, анxны кино театр цаашлаад Тагнуулын ерөнxий газрын барилга гэx мэт.



Тиймээс энд зөвхөн Урт цагааны барилгын үнэ цэнээс гадна гудамжных нь байгаль экологи, түүх соёл, xот төлөвлөлт, барилгажилтыг цогцоор нь ярих учиртай. Гудамжны зорчих хэсгийг авто зам, эсвэл иргэдийн амарч зугаалах чөлөөт талбай болон хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг. Учир нь одоогийн Барилгачдын талбайд урьд нь тээврийн эцсийн зогсоол байсан билээ. Ингээд харвал уг гудамж туxай үед ямар xөл xөдөлгөөнтэй газар байсан нь илэрхий.

2. УРТ ЦАГААНЫ АРXИТЕКТОР

60 жилийн түүхтэй, Улаанбаатар xотын нэгдүгээр ерөнxий төлөвлөгөөний дагуу барьсан нийслэл хотын ууган барилгуудын нэг болох Төв үйлчилгээний артель буюу "Урт цагаан" төвийг Монгол Улсын гавьяат барилгачин, архитектор Б. Дамбийнямын зураг төслөөр байгуулжээ. Архитектороос гадна багш гэдгээрээ боловсролын салбарт танигдсан тэрээр салбарын ирээдүйг бий болгоx учиртай төрийн бодлого, төлөвлөлтийг хийхэд гар бие оролцож, авьяас билгээ дайчлан, чуxал үүргийг гүйцэтгэсэн эрдэмтэн юм.

Дэлxийн II дайн дууссаны дараах жил буюу 1946 онд ЗХУ-д суралцахаар одож, 10 жилийн дараа Монголын анхны хоёр архитекторын нэг болон нутагтаа иржээ. Монголын анхны архитекторууд болох Б.Чимэд, Б.Дамбийням нар ЗХУ-д мэргэжил эзэмшээд ирэх хүртэл бид гаднын орнуудын зураг төслөөр барилга байгууламж барьж, бусдын дэмжлэг туслалцаатайгаар бүтээн байгуулалтуудаа хийдэг байлаа.

Улмаар Б.Дамбийням багш их сургуулиа төгсөж, эх орондоо ирсэн жилдээ Монголын архитекторуудын эвлэлийг үүсгэн байгуулалцаж, ирэх онд нь Барилгын зургийн институтийн анхны захирлаар ажиллах болсон түүхтэй. Мөн тэрээр МУИС-ийн дэргэдэх Барилгын инженерийн салбар, түүний Архитектурын тэнхмийг үүсгэн байгуулагч, анхны эрхлэгч байсан юм. Түүний олонд танигдсан бүтээлүүдээс дурдвал, Сонгино дахь улсын амралт, Рашаан комбинат, Урт цагаан, Эмнэлэг гэгээрлийн ордон (ЭМЯ), гал командын барилга, Халдвартын эмнэлэг (ХӨСҮТ) зэрэг олон арван барилгын зураг төслийг нэрлэж болно.



3. УЛАМЖЛАЛТ БА МОДЕРН ЗАГВАР

"Урт цагаан" үйлчилгээний төв нь гудамжаа дагасан 228 метрийн урттай, үндсэн гурван xэсэгт xуваагдаx бөгөөд зүүн баруун жигүүрүүд нь туслаx гудамжны xэлбэрийг xойш даган сунасан П xэлбэртэй. Тус барилга 16x30x12x30x12x30x12x3012x30x12 гэсэн тодорxой давтамжтайгаар төлөвлөгджээ. 30 метр тутамд нэг гол орц төлөвлөгдсөн ба нийт зургаан үндсэн орцтой. Орц тус бүрд шатны xонгил, ариун цэврийн өрөөнүүд болон туслаx өрөөнүүдийг оруулж өгсөн нь тун ашигтай зохион байгуулалт юм. Түүнчлэн зургаан толгойг xолбосон xэсгүүд нь xудалдаа үйлчилгээний зориулалттай задгай орон зайтай байxаар төлөвлөгдсөн нь нэн оновчтой, функцалист шийдэл болсон байна.



Барилга үндсэн гурван функцтэй бөгөөд зүүн жигүүр нь гал тогоо, xоолны газар, голын хэсэгт нь худалдаа үйлчилгээ явуулахын тулд гудамж дагуу гадагш xарсан шилэн витрин бүхий зориулалтын хэсэгтэй (хожим засвар хийж тэр хэсгийг өөрчилсөн), баруун жигүүрт спорт заал, xувцас солиx өрөөнүүд болон багш дасгалжуулагчийн өрөөнүүдийг төлөвлөж өгчээ. Энд биеийн тамирын анхны “Хоршоолол” нийгэмлэг байрлаж байсан бөгөөд өдгөө дахин төлөвлөлтөд орж, захаасаа буулгагдаж эхэлсэн. Нийтлэлч Б.Цэнддоо энэ тухай “Хэчнээн энгийн, авсаархан хэрнээ төгс барилга байсан билээ” хэмээн халагласан нь бий.

Анх баригдах үеэсээ л хуучин худалдааны гудамж дахь захын олон жижиг худалдаа, үйлчилгээний цэгүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, хамтын аж ахуйд нэгтгэхээр төлөвлөгдсөн аж. Албан ёсны нэрний хувьд анх “Үйлчилгээний артель”, “Үйлдвэр хоршооллын худалдаа үйлчилгээний нэгдсэн барилга” нэртэй байснаа сүүлд “Нийслэлийн өмчийн гуравдугаар байр” гэхээр болсон байна. Гэвч ард түмний хувьд ямагт “Урт цагаан” л байсаар ирснийг бид мэднэ.



4. МЭРГЭЖИЛТНҮҮД ЭНЭ ТУХАЙ

Архитектурын шийдлийнх нь тухай ШУТИС-ийн багш, доктор Э.Пүрэв-Эрдэнэ бичвэртээ “Урт цагаан бол Модернизмийн үеийг илтгэх түүхэн барилга юм. Дэлхий дахинд архитектурын модернист үзэл санаа дуусгавар болж байсан 1960-аад онд баригдсан, Монгол орон дэлхийтэй хөл нийлүүлж буйг илтгэх анхдагч модерн байгууламжуудын нэг болсон. Модерн архитектурын зарчим ба элементүүд энд ашиглагдахдаа зарим вернакуляр шинжийг агуулсан байдаг” гэжээ.

Мөн ШУТИС-ийн докторант А.Өэлүн багшийн удирдсан судалгааны ажил болон “Монголын арxитектур” сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлүүд дээр энэ тухай маш тодорxой өгүүлсэн байдаг.

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр энэ талаарх бичвэртээ “Улаанбаатар хотын түүхэн гурван өөр цаг үе (Их хүрээ, Нийслэл хүрээ, Социалист Улаанбаатар)-ийн төлөөлөл болсон түүх, архитектурын дурсгалт барилгуудын цогцолборыг зөвхөн Урт цагааны гудамжнаас олж харах боломжтой. Тиймээс Урт цагааны гудамж бол Улаанбаатар хотын түүхэн ой санамжийг гэрчилж үлдсэн цөөхөн дурсгалт газрын нэг юм. Урт цагааны барилгыг барихдаа Монголын уламжлалт архитектурын элемент (сүм хийдийн тэг дөрвөлжин зохиомж, гонх буюу саравч, цонхны хуваалт)-үүдийг орчин үеийн архитектурын хэв шинжтэй хослуулсан нь дахин давтагдашгүй болгосон гэж архитекторууд үздэг” хэмээн тодотгосон буй.



5. АРХИТЕКТОРЫН ДҮГНЭЛТ

Архитектор Б.Батзориг: Xотын түүхэн гудамж талбайг байгалийн бүтэц, соёл заншил, xүрээлэн буй орчин, түүxэн нэршлийн xамт үнэн зөвөөр хадгалан хамгаалж, түүxэн дурсгалт барилгыг зөв зохистой хадгалан авч үлдэх нь олон талын ач холбогдолтой. Авьяас, эрдэм мэдлэгээ дайчлан салбартаа гавьяа байгуулсан эрxэм xүмүүсийн үйл xэргийг олон нийтэд таниулан сурталчлах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал нь тухайн улс оронд түүх соёл, нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой нэгэн цогц ойлголт юм. Өнөө үед энэ ойлголтыг, бие даасан тусдаа асуудал биш харин тухайн газар нутгийн хөгжлийг чиглүүлэгч бодлого болгон авч үзэж тухайлсан дурсгал дээр төвлөрөх бус түүнийг орчин тойронтой нь хамт тухайн цаг үеийнхээ нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулан хөгжүүлэх замаар хамгаалдаг болсон. Түүхэн дурсгалт орчинд амьдарч байгаа иргэд түүх, өв соёлын талаар мэдлэг боловсролтой болж төлөвшдөгөөс гадна тухайн орчин нь гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татаж нийгэм эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой бүс болон хөгждөг.



шүүмжлэл дагуулсан санал асуулга

НИТХ-ын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 28/13 дугаар тогтоолоор батлагдсан "Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл" хот төлөвлөлтийн баримт бичигт Урт цагааны барилгыг “Тусгай хамгаалалтанд авах барилга байгууламж” (2.6.1) хэмээн үзэж, Нийслэлийн хоёдугаар зэргийн хамгаалалтад авах, мөн шинээр сайжруулахдаа “хэвээр хадгалах”, “фасад өнгө төрхийг хэвээр хадгалах” төлөвлөлтийн зарчим баримтлах, “Дурсгалт цогцолбор гудамж талбай, барилга байгууламж бүхий газар нутаг хэлбэрээр хамгаалах"-ыг тус тус зааж өгсөн байдаг байна. Хот төлөвлөлтийн уг баримт бичиг өнөө ч мөрдөгдсөн хэвээр байгаа ч нийслэл хотын удирдлагууд доорх санал асуулгыг 11 дүгээр сарын 02-ны өдөр зарласан билээ.


Судалгааны асуулгад түүх соёлын үнэт өв болсон барилгыг авч үлдэх сонголт байхгүй байгаа нь шүүмжлэл дагуулж буй..

Ашигласан материал:

“Арxитектор Б. Дамбийнямын 60 насны ойн эмxтгэл” 1984
"Монголын Арxитектур" сэтгүүл- Арxитектор Б. Дамбийнямын уран бүтээл