Уул уурхай бол монголчуудын хувьд ихэд чухал, ач холбогдолтой сэдэв. Зөвхөн эдийн засгийг хөдөлгөгч, гол орлогыг бүрдүүлэгч, тэргүүлэх салбарын хувьд төдийгүй орон нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой гэдгээрээ бид цаг тутам анхаарал хандуулж байх учиртай салбар. Үүн дээр эртнээс нааш эрхэмлэн дээдэлж, нандигнан хадгалж ирсэн усыг нэмбэл асуудлын цар хүрээ улам бүр тэлэх нь гарцаагүй. Усгүйгээр төсөөлж болох зүйл бараг үгүйтэй адил уул уурхайн салбарт ус хамгийн чухал нөөцүүдийн нэг. Усыг хадгалах, ашиглах, дахин ашиглах зэрэг үйл явц нь уурхайн олборлолтын шат дамжлага бүрт чухал нөлөө үзүүлдэг билээ. 

Усны асуудлаа хэрхэн тооцож, зохицуулах нь оролт-гаралттай шууд хамааралтай байдаг учраас уул уурхайг тогтвортой хөгжүүлэх гол суурь үндэс болох юм. Усны нөөц нэн хомс өмнөд нутагт манай гол орд, нөөц байрладаг. Зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй, орон нутгийн иргэд, ан амьтад бүгд уснаас бүрэн хамааралтай. Тиймээс ч тэнцэтгэлийг хаяж болохгүй ба энэ хоёр чухал өгөгдөл зэрэгцэн оршиход асуудал мундахгүй.

асуудЛЫГ тОдорхойлох нь

Уул уурхайн усны хэрэглээ, уурхайн үйл ажиллагаанаас усанд үзүүлэх нөлөөллүүдээс үүдэн байгаль орчин, нийгмийн чухал асуудлууд хөндөгддөг. Ялангуяа Монгол шиг усны нөөц хязгаарлагдмал хуурай бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж буй уурхайн ойр орчмын иргэдийн хувьд усны хүртээмж, болзошгүй усны бохирдол санаа зовоосон асуудал юм. Өнгөрөгч хугацаанд чухам энэ асуудлын улмаас орон нутгийн иргэдийн эсэргүүцэл, хэлэлцүүлэг өрнөсөөр ирэв.

Өнгөрсөн оны аравдугаар сард явагдсан "Ус ба уул уурхай" сэдэвт дата хакатонд оролцсон дийлэнх багуудын төсөл-санал нь үндсэндээ оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх гэдэгт л чиглэсэн нь санамсаргүй хэрэг биш. "Надаас хэн нэгэн ирээд уул уурхай хамгийн их ус хэрэглэдэг салбар мөн үү гэж асуувал би ямар ч эргэлзээгүй тийм л гэж хариулна. Гэтэл үнэн хэрэгтээ уул уурхайн салбар усыг их хэмжээгээр эргүүлэн ашигладаг тул хөдөө аж ахуйн салбартай харьцуулахад бараг 2 дахин бага хэрэглээтэй гэж өмнө нь огт сонсоогүй л явсан байна шүү дээ" хэмээн тус хакатоны оролцогч Өсөхөө бидэнд ярьсан юм.

Түүний баг гадаргын ус, гол горхийг яг үнэхээр уурхайн компаниуд бохирдуулаад байна уу гэдгийг тогтооход туслах мэдрэгч төхөөрөмжийн санаагаар энэ тэмцээнд оролцсон билээ. Тэрээр "Уул уурхайн компаниудын усыг дахин ашиглаж буй технологи үнэхээр өндөр түвшинд хүрснийг олж мэдлээ. Сайн туршлага, зөв мэдээллээ олон нийтэд тогтмол хүргэж байх нь л чухал гэж бодож байна" гэв. Зарим багууд бүр нутгийн иргэдийн төлөөллийг эцсийн шалгаруулалт дээр авчирч, түгээмэл асуултуудыг асуун, мэдээллийн зөрүү ямар түвшинд байгааг илтгэсэн нь бүтээлч шийдэл байв.

Тэнцвэргүй, буруу мэдээлэл түгэх нь элбэг, түүнээс болж оролцогч талуудын хооронд үл ойлголцол үүсдэг гэдгийг ус ба уул уурхай тэмцээнд оролцогчид бүгд хүлээн зөвшөөрч байлаа. Инженер, сэтгүүлч, эрдэмтэд, эдийн засагчид гээд төрөл төрлийн мэргэжилтэй, өөр туршлага, мэдлэгтэй оролцогчид хакатончид усны ашиглалт, нөөцийн хэмжээ, дахин ашиглалтын тухай ойлголтыг нэмэгдүүлэх нь хамгийн түрүүнд хийвэл зохих ажил гэдэг дээр санал нэгдэв.

2013 оноос хойш энэ асуудалд анхаарал хандуулан ажилласаар ирсэн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)- ийн судалгаа ч үүнийг баталдаг. Тэд Өмнөговь аймгийн 1000 гаруй иргэдээс уул уурхайн салбарын усанд үзүүлж буй нөлөөг хэрхэн үздэг талаар судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар орон нутгийн иргэд:

  • Ундны усныхаа чанарыг хэрхэн шинжлэх талаар мэдлэг дутмаг
  • Уул уурхайн салбар усанд хэрхэн нөлөөлж байгаа талаар уул уурхайн компаниудын өгсөн мэдээлэлд итгэл үнэмшилгүй
  • Өмнөговь аймагт хэдий хэмжээний ус ашиглах боломжтой талаар мэдээлэл байхгүй
  • Уул уурхайн салбарын ус ашиглалт нь бэлчээрт нөлөөлнө гэсэн айдастай зэрэг дүгнэлт гарсан байна.

Хамтын ажиллагаа ба сайн туршлагыг түгээх нь 

Уул уурхайн салбарт оролцогч талууд нь бидний боддогоос хавьгүй өргөн хүрээнд тооцогдоно. Зөвхөн уурхайг ашиглаж буй компаниуд эсвэл зөвшөөрөл өгч, татвар цуглуулах төр, орон нутгийн удирдлагаар хязгаарлагдахгүй гэдгийг мартаж болохгүй. Олборлолтын үйл ажиллагааны урт хугацааны нөлөөлөлд хамгийн түрүүнд өртөж буй, ялангуяа өдөр тутамдаа усны зайлшгүй хэрэгцээтэй орон нутгийн иргэд, тэдэнд зөв мэдээлэл түгээж, тэнцвэртэй мэдлэгийг түгээх учиртай хэвлэл мэдээлэл, оролцогч талуудын харилцаа, нийтийн эрх ашгийг хамгаалах учиртай иргэний нийгмийн байгууллагууд бүгд энэ тойрогт багтана. Эдгээр оролцогч талуудын харилцааны үр дүнтэй байдал болон хамтын ажиллагааг хангах нь салбарын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг байсаар байна.

Чухам энэ сэдэл ОУСК болон уул уурхайн салбарт Усны менежментийн Сайн дурын кодекс (СДК)-ийг боловсруулахад хүргэжээ. ОУСК-ын анхлан нэвтрүүлсэн усны менежментийн СДК-т 2016 оны хоёрдугаар сараас хойш уул уурхайн 11 компани нэгдсэн байна. Энэхүү СДК нь олон улсын сайн туршлагад тулгуурласан Монгол Улсын хувийн хэвшлийн санал санаачилга бөгөөд уул уурхайн компаниудыг илүү нээлттэй бөгөөд хариуцлагатай, санаачилгатай бөгөөд бүтээлч, усны менежментээ тогтвортой хангаж ажиллах зарчмыг тодорхойлсноороо давуу байлаа. СДК нь байгаль орчин, орон нутгийн иргэдийг хамгаалах хүрээнд үйл ажиллагаагаа илүү тогтвортой явуулахад чиглэсэн стандарт, үйл явцыг уул уурхайн компаниудад зааж зөвлөдгөөрөө онцлог. "Говийн бүсэд уул уурхайн томоохон төслүүд олон жил дамнан ажиллах төлөв буй ч эсрэгээр усны урт хугацааны менежмент дутмаг байгаа нь уул уурхайн хөгжлийг сааруулж улмаар Монголын ирээдүйн өсөлтөд саад бэрхшээл болох эрсдэлтэй байна. Иймд хайгуул, олборлолтын компаниуд усыг дундын баялаг байдлаар хамтран зохицуулах шаардлагатай. Уг кодекс амжилттай хэрэгжсэнээр усыг байгальд ээлтэйн сацуу эдийн засгийн үр ашигтайгаар ашиглах боломж бүрдэж байна” хэмээн ОУСК үзэж буй. НҮБ-аас зарлан тунхагласанчлан усаар хангагдах нь хүний үндсэн эрх гэдгийг хүлээн зөвшөөрч, хариуцлагатай бөгөөд хууль журмыг чанд дагасан тогтвортой ашиглалтыг бий болгох сайн дурын амлалтыг эдгээр компани өгчээ. СДК-ын тайлагналаас үзэхэд уул уурхайн салбар ашигласан нийт усныхаа 77 хувийг дахин ашигладаг болох нь харагдана. Энэ үзүүлэлтээ улам нэмэгдүүлээд зогсохгүй, тогтвортой усны менежментийн стандарт, технологийг нэвтрүүлэх амлалтыг өгөн ажиллаж буй эдгээр 11 компани зөвхөн ус ашигласны төлбөрт 2018 онд 16.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Түншлэлийг бэхжүүлэх нь 

СДК-т нэгдсэн компаниуд үүргээ бүрэн ухамсарлаж, бусад компаниуд болон өөр салбаруудад үлгэр жишээ болохуйц санаачилгуудыг аль хэдийнэ хэрэгжүүлээд эхэлжээ. Жишээ нь, "Оюу толгой" компани 2017 оны дөрөвдүгээр сард Ханбогд сумын иргэдийг цэвэр усаар найдвартай хангах зорилго бүхий "Цэвэр ус хангамжийн цогцолбор"-ыг ашиглалтанд оруулж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгчээ. Нийт 6.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий уг цогцолбор 13 мянган хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай бөгөөд цаашид ч өргөжүүлэн, цар хүрээг нь нэмэх боломжтой аж.

"Сайн дурын кодекст нэгдэн, системтэй, нэгдмэл бодлого тогтоосноор манайх шиг усыг их хэмжээгээр хэрэглэдэг байгууллагууд бусдадаа үлгэр дууриал болж, Монголын уул уурхайн салбарт усны менежментийн олон улсын шилдэг туршлагуудыг нэвтрүүлэхэд чухал алхам хийлээ" хэмээн "Саусгоби Сэндс" компанийн байгаль орчны менежер Д.Ариунболд сэтгэгдлээ хуваалцсан юм. Тус компани хүний оролцоогүй, нарны эрчим хүчээр ажилладаг, автомат ажиллагаатай уст цэг, худгийг байрлуулсан нь нутгийн иргэд болон байгаль хамгаалагчдын хувьд талархалтай мэдээ болсон юм. Уг төсөл нь Тост, Тосон бумбын нуруунд аж төрдөг нэн ховор амьтдын амьдрах орчныг тэтгэх, биологийн олон янз зүйлийг дүйцүүлэн хамгаалах ажилд эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

Түүнчлэн СДК-ыг хэрэгжүүлснээр компаниуд усны мониторингийн ажлыг илүү өндөр түвшинд жигд хийж эхэлснээс гадна энэ ажилдаа орон нутгийн оролцогч талуудыг илүүтэй татан оролцуулах болжээ. Үүний хажуугаар малчдад хүнд хэцүү цагт туслалцаа дэмжлэг болох үүрэг ч багтсан ажээ. Кодекс нэвтэрсний дараагаар компаниудын дунд салбарын практикийг сайжруулах, сайн туршлагуудыг хөхиүлэн дэмжих чиглэлээр дэс дараатай сургалтууд, дугуй ширээний уулзалтууд зохиож буй. Мөн хоорондоо ялгаатай оролцогч талуудыг нэгдсэн ойлголттой болгож, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, усны талаарх мэдээллийг мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр чанартай контент болгон цацах ажлуудыг гүйцэтгэж байгаа юм.

ОУСК нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгатай хамтран ажиллаж, сайн туршлагаа хуваалцсанаар ОҮИТБС-ын 2017 оны нэгтгэл тайлан гарсан бөгөөд бусад 100 гаруй уул уурхайн компаниуд сайн дураараа ус ашиглалтын мэдээллээ ил тод болгосон байна. "Сүүлийн 20 жилийн туршлагаас бид засгийн газар, хувийн хэвшлийн байгууллагууд тусдаа ажиллаад асуудлын шийдлийг олж чадахгүй гэдгийг ойлгосон. Тиймээс бүх оролцогч талууд хамтарч ажиллах нь чухал. Оролцогч бүхэнд өөрийн гэсэн үүрэг хариуцлага бий" гэдгийг 2030 Усны нөөцийн бүлгийн Монгол дахь зохицуулагч доктор Д.Доржсүрэн сануулсан билээ.