Арван жилийн өмнөхөн бид сайн сурагч, шилдэг удирдагчийг зөвхөн сурлагын дүн, академик мэдлэгийн түвшнээр нь хэмжиж, онц дүнтэй сурагч л ирээдүйд сайн ажилтан болно гэдэгт итгэдэг байв. Сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөх болсон уг хандлагыг дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсах томоохон сургуулиуд хэдийнээс ойлгож, элсэлтийн шалгууртаа чухалчлан оруулсан нь хичээлээс гадуурх ажил буюу тухайн суралцагчийн сайн дурын хөтөлбөрт хамрагдсан байдал юм. Бодит амьдрал дүнгийн хуудаснаас илүү өргөн цар хүрээтэй шүү дээ. Тэгвэл сайн дурын ажил яагаад чухал вэ? Сайн дурын ажил манлайллын хэлбэр мөн үү?
Сайн дурын ажил яагаад чухал вэ?
Аль ч салбар, чиглэлд бай, сайн дурын ажил гэдэг хувь хүний үзэл баримтлалыг давхар илтгэж байдаг. Нөгөө талаас сайн дурын ажил нь таныг хичээл, ажлаасаа гадуур бодит амьдралд хэр ойр байгааг, хувийн асуудлаас гадна гадаад орчин, нийгмийн асуудлуудад хэрхэн анхаарлаа хуваарилж, цагаа төлөвлөж буйг илтгэнэ. Иймдээ ч гаднын томоохон сургууль, ажил олгогч нар мэргэжлийн ур чадвараас гадна сайн дурын ажлыг чухалчлан авч үздэг.

Сайн дурын ажил манлайллын хэлбэр болох нь
Бид багаар ажиллаж, хамтдаа хөгждөг нийгэмд амьдарч байна. Иймд багийн ажиллагаа бол өнөө үед эзэмшвэл зохих чадварын нэг юм. Сайн дурын ажил нь нийгмийнхээ төлөө хийж буй томоохон үйл хэрэг боловч нөгөөтээгүүр, тухайн хувь хүний төлөвлөх, зохион байгуулах, удирдах болон удирдуулах чадварыг төлөвшүүлдэг ач холбогдолтой. Нийгмийн бодит асуудлыг олж харан, түүний төлөө шийдэл хайж, багаар ажиллаж, төсөл хэрэгжүүлж, олон нийтэд энэ тухай ойлголт, санаа өгч, бусдыг уг зорилгодоо уриалан дуудах нь манлайллын төгс хэлбэр юм.
Сайн дурын ажлын чиг хандлага
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь цэнхэр гарагийнхны хувьд хамгийн том асуудал болоод буй. Энэ ч утгаараа улс улсын засгийн газар, улс төрийн бодлого төлөвлөлтүүд тогтвортой хөгжлийн зорилгод чиглэж байна. Гэвч энэ бол зөвхөн төр, удирдлагын түвшнээр хязгаарлагдах ажил биш юм. Үүнд нийгмийн бүхий л оролцогчид анхаарлаа хандуулсан цагт л тодорхой үр дүнд хүрч чадах билээ. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшил, сайн дурын байгууллагууд “Эх дэлхийн цаг” тэргүүтэй тогтвортой хөгжил, байгаль орчинд хандсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болоод байна.
Сайн дурын ажил, нийгмийн оролцоо боломж болох нь

"АПУ" ХК нь 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмдээ сайн үйлс хийх, эерэг өөрчлөлт авчрах сайн дурын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж, гар бие оролцдог оюутнуудыг шалгаруулж, тэдний өөрчлөлтийн төлөөх хүчин чармайлтыг эрчимжүүлэхээр “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулж байгаа ажээ.
"АПУ" ХК-ийн нэрэмжит уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг шалгаруулахдаа мэргэжил, курс харгалзахгүй бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, амьдран буй дэлхий ертөнц, байгаль эх дэлхийдээ ээлтэй, цар тахал тэргүүтэй нийгмийн шийдлээ хүлээж буй олон асуудалд гарц гаргалгаа хайх чин эрмэлзэлтэй байх гэх мэт маш энгийн шалгууруудыг тавих юм байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан 10 сарын турш сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаас гадна уг хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдана. Түүнчлэн цаашид "АПУ" ХК-д ажиллах боломжтой аж.
Уг тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн вэб сайт болон сошиал хуудсаас авах боломжтой. 2021 оны тавдугаар сарын 31-нийг дуустал холбогдох материалыг илгээж бүртгүүлэх шаардлагатай аж.

Сэтгэгдэл бичих

