Биет салбаргүй, бүрэн дижиталд суурилсан шинэ үеийн банк гэгдэж буй необанкны талаар та хэр их мэдэх вэ? Өдгөө дэлхий дахинд 100 сая гаруй необанкны хэрэглэгч бий. Банкны төрөл бүрийн үйлчилгээг технологийн шийдэлд суурилсан буюу зөвхөн гар утасны апп, сайт буюу онлайнаар дамжуулан хүргэж буй банк, санхүүгийн салбарын шинэ трендийг энэ удаа онцолж байна.
Необанк гэж юу вэ?
Бүрэн дижиталд суурилсан банкны үйлчилгээг зөвхөн гар утасны апп, вэб сайт буюу онлайнаар дамжуулан хүргэх биет салбаргүй, шинэ үеийн банкны хэлбэр бол Необанк юм. Нео-банк нь шинэ гэх утгатай (νεος /neos/) грек үгнээс гаралтай бөгөөд шууд утгаараа шинэ банк хэмээх утгыг илэрхийлнэ.
Необанкны үйлчилгээ 2013-2015 оноос эрчтэй хөгжиж эхэлжээ. Технологиуд өдөр ирэх бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж, иргэдийн эрэлт хэрэгцээ тэр хэрээр нэмэгдэхийн хэрээр необанкны хэрэгцээ өндөр болсоор байна.
Их Британи улсаас үүдэлтэй энэхүү шийдэл нь Европ даяар тун богино хугацаанд тархаж, цаашлаад Америк, Азид зах зээлээ тэлсээр байна. Одоогоор дэлхий даяар нийт 200 гаруй необанк үйл ажиллагаа явуулж буйгаас зах зээлийн эрэлт, байр суурийн хувьд Их Британийн банкууд нэгдүгээрт ордог бол банкны тоогоороо АНУ улс тэргүүлдэг аж. "Cornerstone Advisors"-оос гаргасан судалгаагаар АНУ-ын тэргүүлэгч 10 необанкууд 2021 онд 23.3 сая харилцагчтай байсан бол энэ онд уг үзүүлэлт 33.5 сая гаруй болж ахижээ.
Яагаад Необанкны тухай мэдэх хэрэгтэй вэ?
Нео банкууд нь үр ашигтай, цомхон бүтэцтэйгээрээ онцлог. Энэ ч утгаараа дэлхийн необанкны зах зээлийн үнэлгээ 2020 онд 34.77 тэрбум ам. доллар болж өссөн бол 2021-2028 он хүртэл (CAGR) 47.7 хувиар тэлэх төлөвтэй байгаа аж.
Банк гэдэг олон жилийн туршид санхүүгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг, нүсэр бүтэцтэй байсаар ирсэн. Өдгөө бараг бүх арилжааны банкууд цаг үетэйгээ зэрэгцэн интернэт банк, мобайл банкны үйлчилгээг нэвтрүүлжээ.
Харин дараагийн үе нь автомат тооцоолол, хиймэл оюун, онлайн санхүүгийн үйлчилгээний цогц гэгдэх финтек бизнесүүд болсон юм. Бидний сайн мэдэх онлайн зээлийн "Simple" апп бол тэдний тод жишээ юм. Тэгвэл финтек бизнесийг дараагийн шатанд авчирч буй хэлбэр нь необанк боллоо.

тооны хэлээр:
6-200+: Необанкны тоо 2004-2010 онд зургаа байсан бол 2016-2019 онд 45 болон өргөжиж, өдгөө 200 гаруй необанк дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байна.
66,000,000,000: Дэлхийн необанкны зах зээл одоогоор ойролцоогоор 66 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
100,000,000: Одоогийн байдлаар дэлхий дахинд 100 сая гаруй необанк хэрэглэгч байна.
4.4%: Необанкийг сонгох хэрэглэгчдийн тоо 2022 онд 2.8 хувьтай байх бол 2026 он гэхэд 4.4 хувьд хүрэх төлөвтэй байна.
53,700,000: Необанкны зах зээлийн тэргүүлэгч улс болох АНУ-д необанкны данс эзэмшигчдийн тоо 2021-2025 он хүртэл 29.8 саяас 53.7 сая хүртэл өсөх төлөвтэй байна.
Танилц: Монголын анхны необанк "М Bank"

Монгол Улсын анхны необанк гэгдэж буй "М банк" нь энэ оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, бүрэн дижиталд суурилсан дотоодын шинэ үеийн банк болсон билээ. Хэрэглэгчдэд банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар авах боломжийг олгож, цаг хугацаа, орон зайд хэзээ ч үл баригдах дижитал шийдлийг түгээж буй. Хэрвээ та санхүүгийн хэрэглээгээ дараагийн шатанд гаргахыг хүсэж буй бол "M Bank" аппыг ашиглахыг санал болгож байна.

Сэтгэгдэл бичих

