Найм хоногийн хугацаатай гаднын улсад ажиллах томилолт тань гэнэтхэн найман сар болон сунгагдвал та хэрхэн хүлээж авах вэ? Яадаг ч бай ард үлдсэн ар гэр, амраг саднаас өгсүүлээд хувь, хувьсгалын олон ажлуудад тань өөрчлөлт гарах нь тодорхой.
Одоогоос хоёр сар гаруйн өмнө Boeing компанийн бүтээсэн Starliner хөлгөөр Олон Улсын сансрын станц (ISS) руу хөөрсөн NASA-ийн хоёр сансрын нисгэгч яг л ийм нөхцөл байдалтай тулгараад байгаа юм. Ялгаатай нь гэвэл, тэд эх дэлхийдээ бус хязгааргүй сансарт томилолттой яваа.

Boeing компани NASA-ийн сансрын нисгэгчдийг дэлхийн тойрог замд хүргэх зорилготой сансрын хөлөг бүтээх төслөө 2014 онд эхлүүлсэн юм. Тэгвэл төсөл эхэлснээс хойш даруй арван жилийн дараа, хэдэн арван бүтэлгүйтлийн эцэст тэд өнгөрөгч зургаадугаар сарын тавны өдөр Starliner хөлгөө эх дэлхийгээс амжилттай хөөргөж чадсан билээ.
Төлөвлөгөө ёсоор сансрын нисгэгч Бач Уилмор, Сани Уилльямс нар 25 цаг ниссэний дараа Олон Улсын Сансрын Станцад хүрч, тэндээ долоо хоног гаруй хугацаанд ажилласны эцэст Starliner хөлгөөр буцаж, АНУ-ын цөлд газардах байсан аж. Харамсалтай нь, хөлөгт гарсан эвдрэлийн улмаас тэд одоогоор төлөвлөсөн хугацаанаасаа даруй 10 долоо хоног илүү хугацаанд сансрын станцад байрлаж буй.


чухам юу болов?
Хөлөг хөөрөхөөс дөрөв хоногийн өмнөх урьдчилсан шалгалтаар хөлгийн салгах хэсгээр бага хэмжээний гелий алдагдаж байгааг илрүүлсэн боловч Boeing-ийн инженерийн баг Starliner-ийг хөөргөх нь аюулгүй гэх дүгнэлт гаргажээ. Гэвч хөлөг хөөрөөд удалгүй Олон улсын сансрын станц хүрэх замд хоёр шинэ хэсгээр гелий алдагдаж эхэлжээ. Нэг нь л гэхэд минутад 395 psi хурдтай буюу хөөрөхөөс өмнөх "жижиг" алдагдлаас тав дахин их хэмжээтэй байж.
Түүнчлэн, станцад холбогдох үед сансрын хөлгийг жолоодоход туслах үүрэгтэй 28 хяналтын системийн тав нь доголдож, дахин шинэ асуудал гарч ирэх нь тэр. Эдгээр техникийн саатлын учрыг эх газар дээрх Boeing-ийн инженерүүд шийдвэрлэх хүртэл хоёр сансрын нисгэгч Starliner хөлгөөр гэр рүүгээ буцах боломжгүй юм.

NASA болон Boeing-ийн зүгээс сансрын нисгэгчдийг хангалттай хүчилтөрөгч, хоол хүнс, бусад хангамжийн нөөцтэй байгаа хэмээн мэдээлж, ирэх долоо хоног гэхэд хэрхэн буцааж авчрах тодорхой мэдээлэл өгнө хэмээсэн. Starliner хөлгийг нисгэгчгүй хөөргөх эхний оролдлого 2019 онд програм хангамжийн алдааны улмаас бүтэлгүйтэж байсан бол 2022 онд хөөргөхөөс өмнө дахин алдаа илэрч, нислэг цуцлагдаж, сүүлийн оролдлого нь ийнхүү амжилттай хөөрсөн боловч эх дэлхий дээр газардаж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр.
Boeing-ийн инженерүүд үүсээд буй асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй бол Starliner хөлгийг Олон Улсын Сансрын Станцаас автоматаар салах боломжгүй юм.
сансрын хөлөг бүтээх уралдаан
NASA-ийн хувьд одоогоос арван жилийн өмнө буюу 2014 онд өөрсдийн сансрын нисгэгчдийг дэлхийн тойрог замд хүргэх хөлөг бүтээх захиалгыг SpaceX болон АНУ-ын агаарын тээврийн тэргүүлэгч Boeing компаниудад өгч байсан билээ.
Учир нь, тэд 2011 онд Shuttle хөлгийг зогсоосноос хойш ОХУ-ын Союз хөлгийг ашиглан, нэг суудалд 80-90 сая ам.доллар төлөн сансрын нисгэгчдээ тойрог зам руу илгээж байсан юм. Мэдээж санхүүгийн болон улс төрийн ашиг сонирхлын хувьд өөрсдийн оронд үйлдвэрлэсэн хөлөгтэй болох нь илүү үр ашигтай хэмээн үзсэн тул NASA тухайн үедээ сансрын хөлөг бүтээх төсөл зарлаж, сүүлийн шатанд Boeing, SpaceX шалгарсан нь тэр.
Ийнхүү NASA-ийн зүгээс Boeing компанид 4.2 тэрбум ам.доллар, SpaceX компанид 2.6 тэрбум ам.долларыг хуваарилж байсан түүхтэй. Мэргэжилтнүүдийн зүгээс “Хэн хурдан сансрын хөлөг бүтээх вэ?” хэмээх уг уралдаанд олон жилийн туршлагатай Boeing шинэхэн стартап SpaceX-ийг хол тасархай ардаа хаяна хэмээн таамаглаж байсан ч байдал эсрэгээрээ эргэснийг та бид сайн мэдэх билээ.

"Хүн төрөлхтөнд өөр гарагт амьдрах боломжийг олгох" уриатайгаар үүсгэн байгуулагдсан SpaceX-ийн тухайд 2020 онд Crew Dragon хөлгөөрөө Олон Улсын Сансрын Станц руу сансрын нисгэгчдийг амжилттайгаар тээвэрлэсэн нь сансрын салбарт төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ эринг авчирсан гэхэд хилсдэхгүй. Crew Dragon хөлгийн ачаар NASA өмнө нь ОХУ-ын Союз хөлгөөр сансрын нисгэгч тус бүрээ 80 сая ам.доллароор сансарт хөөргөдөг байсан зардлаа 30 хувиар бууруулж чадсан гэдэг.
Одоогийн байдлаар Crew Dragon нь NASA-ийн сансрын нисэгчдийг Олон Улсын Сансрын Станц руу тээвэрлэх, буцаахад ашигладаг цорын ганц дахин ашиглах боломжтой тээврийн хэрэгсэл. SpaceX 2014 онд анх NASA-тай зургаан нислэгийн гэрээ байгуулж байсан бөгөөд 2022 онд нэмэлтээр дахин гурван нислэг захиалжээ.


boeing-ийн асуудал
Харин Boeing-ийн хувьд бүх зүйл тийм ч дардан байсангүй. 2019 онд хамгийн анхны хөлгөө хөөргөх төлөвлөгөөтэй байсан тэдний хувьд таван жилийн алдагдсан боломжийн өртөг нь 1.4 тэрбум гаруй ам.долларын нэмэлт зардлаар хэмжигдэж буй. Хэрэв Starliner-ийн хөдөлгүүрийн системтэй холбоотой асуудал хэт эрсдэлтэй гэж үзвэл NASA нөөц төлөвлөгөөнд шилжиж, хоёр сансрын нисэгчийг Boeing-ийн гол өрсөлдөгч болох SpaceX-ийн бүтээсэн Crew Dragon хөлгөөр гэрт нь авчрах болно. Энэ бол Boeing-ийн хувьд тун базаахгүй мэдээ.
Ирэх есдүгээр сарын сүүлээр хөөргөхөөр төлөвлөж буй дараагийн Crew Dragon хөлөг нь Олон Улсын Сансрын Станц руу дөрөв биш хоёр сансрын нисэгчийг авч явах бөгөөд ирэх оны хоёрдугаар сард буцаж нисэхдээ өдгөө гацаад буй хоёр нисгэгчийг авчрах урьдчилсан төлөвлөгөөг NASA танилцуулсан ч эцсийн шийд хараахан гараагүй байна.

Сэтгэгдэл бичих

