Аж үйлдвэржилтээс мэдээллийн нийгэмрүү нүүдэлсэн их шилжилтийн үед яваа бидний хувьд техник, технологи гэдэг боловсрол, мэдлэг, амьжиргааны түвшнөөс үл хамааран өдөр тутмын хэрэглээ болсоор буй. XXI дүгээр зууны хамгийн чухал, нөлөөтэй салбар гэхэд хол зөрөхгүй энэ чиглэл манай улсад хэрхэн хөгжиж, хааш зүглэж байна вэ?
салбарын чиг хандлага
Өнгөрсөн арванд дэлхий даяар хүчтэй өрнөсөн дижитал хувьсал (Digital Transformation) одоо ч үргэлжилсээр буй билээ. 2025 он гэхэд бизнесийн байгууллагуудын бараг гуравны хоёр нь програм хангамжийн компаниуд болж, нийт аппууд-ийн 90 гаруй хувь нь үүлэн технологид (Cloud) суурилах ажээ. Тэр үед програм хөгжүүлэгчид одоогийнхоос 1,6 дахин их ажиллана гэдэг тооцоо байна. Ирээдүйд үүлэн систем, ухаалаг төхөөрөмжүүд, нийгмийн сүлжээ, big data буюу их өгөгдөл зэрэг технологийн гол чиг хандлагуудыг бизнесийнхээ стратеги, үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглаж чадсан нь илүү амжилт гаргах нь тодорхой.

Технологийн салбарын хөгжил Монголд
2019 оны байдлаар манай улс Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын индекс-ээр 63 улсаас 62 дугаар байранд, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжлийн индекс-ийн 2018 оны тайланд дэлхийн 176 орноос 91 дүгээр байранд жагссан. Дэлхийн түүхэн дэх анхны их наяд ам.долларын үнэлгээтэй компаниудыг технологийн салбараас тэргүүлж байхад, Монгол улсын технологийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дөнгөж 2.1 хувийг бүрдүүлж байна.
хүний нөөц ба боловсон хүчин
БСШУСЯ-аас гаргасан судалгаагаар их дээд сургуулиудад мэдээлэл технологийн чиглэлээр суралцагчдын тоо сүүлийн 5 жилд тогтмол буурах хандлага ажиглагджээ. Гэвч мэдээлэл технологийн мэдлэгтэй, мэргэшсэн боловсон хүчний эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж буй. Тэгэхээр ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээс үл хамааран хэн технологийг эзэмшинэ, тэр мэргэжилтэн илүү давуу талтай, эрэлттэй байх нь.

Технологийн салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, нөлөөлөл
Манай улсын мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй нийт ажиллах хүчний 25 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа гэх судалгаа бий. Тэгвэл Европд энэ тоо 7 хувьд ч хүрдэггүй.
Гэтэл дэлхийн технологийн салбарыг тэргүүлэгч 15 компанийн нийт ажилчдын 30 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд цаашид энэ тоо 50 хувьд хүрнэ гэсэн таамаглал байгаа юм.

Дийлэнх эмэгтэйчүүд амбицтай байхаас илүү амьжиргаагаа залгуулж, гэр бүлээ халамжлахын төлөө тэмцэж байгааг би сайн ойлгож байна. Хэрэв бид удирдах түвшинд илүү олон эмэгтэйг гарган, тэднээр дамжуулан дуу хоолойгоо хүргэж чадвал өөрсдийн боломжийг сайжруулж, бүх эмэгтэйчүүдэд шударга ханддаг нөхцөлийг бүрдүүлж чадна.
Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Шэйрил Сандберг
Women in Tech конференс уулзалтын тухай
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй Women in tech арга хэмжээ нь мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг нэг дор цуглуулж өөрсдийн ололт, туршлага, амжилт, бүтэлгүйтэл, сургамжийг хуваалцах боломжийг олгодог.
Бүтэн өдрийн турш үргэлжлэх тус арга хэмжээ нь салбартаа амжилттай яваа эмэгтэйчүүдийн туршлагыг хуваалцаж, танилын хүрээгээ тэлэх, өөрийн дуу хоолойг бусадтай хуваалцах боломжийг бүрдүүлэх юм. Үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд улам өргөжиж, хүйс, мэргэжил, салбараас үл хамааран мэдээллийн технологийн шинэ мэдлэг, мэдээлэл хайж, өөрийн бизнестээ нэвтрүүлэхээр зорьж буй хэн бүхэнд нээлттэй.
Энэхүү арга хэмжээний илтгэгчээр Lhamour үндэсний гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан, өнгөрсөн жил үзэгчийн хувиар оролцож байсан ч Women in Tech-ээс авсан урам зоригоороо нэг жилийн хугацаанд ажил, амьдралын карьерынхаа дараагийн алхмыг хийж чадсан Г.Дөлгөөн зэргээр олон сонирхолтой зочид багтаж байна.
Дэлгэрэнгүйг: Mongolian Women in Tech 2020 эвэнтээс

Харин та ажил мэргэжлийн талбарт өөрийн үнэ цэнээ хэрхэн өсгөхийг хүсч байна вэ? Карьерийн дараагийн алхмаа хийх төлөвлөгөөгөө бидэнтэй хуваалцаарай.

Сэтгэгдэл бичих (1)


D Dok 192.82.68.19
Ungursun jil ene evented ochij baisan uneheer mundag zohion baiguulalttai siahan arga hemjee bolson shuu