Ази, Номхон далайн бүсийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын гол наадам "Spikes Asia Festival of Creativity"-ийн хүрээнд 30 хүртэлх насны шилдэг залуу маркетеруудыг тодруулах "Young Spikes Competition" зохион байгуулагддаг билээ. Олон улсын энэ наадамд оролцох дотоодын шилдэг багийг тодруулах энэ удаагийн тэмцээнийг Монголын Маркетингийн Холбоо "Young Spikes Integrater Competition 2022" нэртэйгээр амжилттай зохион байгууллаа. Энэ тэмцээний тэргүүн байранд орсон багуудын санаа, шийдлийг өнөөдөр танилцуулъя.


МОНГОЛ ӨВ СОЁЛ, ҮНЭТ ЗҮЙЛЭЭРЭЭ БАХАРХДАГ ЗАЛУУС

Энэ жилийн хувьд тус тэмцээнийг зохион байгуулагчид "Соёлын яам"-тай хамтарч, "Соёлын бүтээлч сар" төслийн хүрээнд зохион байгуулжээ. "Монгол өв соёл, үнэт зүйлээрээ бахархдаг залуус" сэдвийн хүрээнд оролцогч 14 баг даалгавраа амжилттай хамгаалж, шилдгүүдээ тодруулсан байна.

Оролцогч багууд 30 цагийн хугацаанд даалгаврын дагуу маркетингийн кампанит ажлын цогц төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг бөгөөд үүнд креатив санаа, стратегийн төлөвлөгөө, медиа сувгийн төлөвлөлт хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг тусгаж, цогц шийдэл гаргадгаараа онцлогтой.

ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД 

Тэргүүн байр: "ҮНЭТ ӨВ-МОНГОЛ БИЧГЭЭ СУРЪЯ, АШИГЛАЯ, ХАМГААЛЪЯ" төсөл

"VMLY&R" агентлагийн JUMP STREET баг – А.Наранбаатар, Н.Анар

Монголд 16-25 насны залуусын 31 хувь нь монгол бичгээ барагтаa мэддэггүй, энэ насны залуусын 79 хувь нь монгол бичгээ сурахаас гадаад хэл сурахыг илүүд үздэг аж. Тэгвэл "unicode" ашиглан монгол бичгийн дүрмийн алдааг засах, зөв бичих, хоорондоо харилцах програмыг бүтээх нь, сошиал медиад зориулан хүртээмжтэй, залуусын сонирхол татахуйц хэрэглээг бий болгох нь үүний шийдэл болно гэж тэд үзжээ.

Тэд "Young Spikes Asia-2022" наадамд Монгол улсаа төлөөлж оролцох эрх, 6'000'000 төгрөгийн мөнгөн шагнал, "SMART conference-2022" арга хэмжээнд оролцох эрхээр шагнагдсан байна.



Дэд байр: "Та үндэстний бахархал - MongolModeOn" төсөл

"Optimal NMAX" ХХК-ийн "THE OS" баг – М.Мөнхбаяр, Т.Долгорням

Технологийн эрин зуунд аппликейшн ашиглан үндэсний соёлын нэгдмэл байдлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл иргэншлийг сурталчлах боломжтой гэж тус баг үзжээ. Тэдний санал болгох буй MongolModeOn aпп нь Монгол улсын өв соёлтой холбоотой бүх төрлийн мэдээллийг багтаасан цогц платформ байх боломжтой ба апплкейшнээ ашиглан мэдээлэл авах, түгээх, хариу үзүүлэх, соёлын уриалга гаргах боломжтой болгохоор програмчлах санал гаргажээ. Мөн "Өв соёлоо хамгаалах өдөр"-тэй болох санаачилга гаргасан байна.

Соёлын агуулга нь зүгээр нэг бахархах тухай ойлголт бус монгол хэлээр ярьж бичиж буй, улсынхаа соёл, урлагаа хүндэтгэн буй иргэн бүр өөрөө соёл тээгч болдог "Та үндэсний бахархал" гэсэн агуулгыг мөн төсөлдөө гарган иржээ.



Энэ удаагийн тэмцээнээр хоёр багт гуравдугаар байрын шагнал өгчээ.

Гуравдугаар байр: "Nomad's Survival Guide" төсөл

"A" баг – "Eggsy agency" О.Цолмон, "Номин Холдинг" ХХК Х.Дөлгөөн

Кампанит ажлын гол агуулга нь орчин үеийн залуусын дунд мартагдан арилж буй нүүдэлчин ахуй соёлыг өдөр тутмын амьдрал ахуйдаа ашиглах боломжтойг хөгжилтэй тохиолдол, дүрүүдээр харуулсан 30 цуврал комикоос бүрдэх "Nomad's Survival Guide" гарын авлага ажээ. Тэд комикийг бүтээх болон хүргэх бүхий л үе шатыг төлөвлөн тэмцээнд оролцжээ.

Энэхүү кампанит ажлын гол онцлог нь нүүдэлчин ахуй соёлыг "залуусын хэрэглээнд нэвтрүүлэх" шийдлийг гаргасанд оршиж байгаа ба Монгол төдийгүй олон улсад нүүдэлчин ахуй, соёлыг таниулах, аялал жуулчлалыг дэмжих томоохон ач холбогдолтой кампанит ажил болсон хэмээн шүүгчид дүгнэжээ.



Гуравдугаар байр: "(Өв)өө өгүлэнэ"

"Viral Agency"-ийн "A.D" баг – Т.Анударь, Г.Дөлгөөн

Соёл, түүх зэрэг биет бус өвүүдийг биет өвтэй холбон өвлүүлэх санаа дээр үндэслэн ӨВ(ӨӨ) ӨГҮЛЭНЭ кампанит ажил гарч иржээ. (өв, өвөө)

Монголд хамгийн их байдаг биет өвүүдийг утсан дээрээ таниулахад аудио сонсогдох, инстаграм филтер үүсэх шийдлүүдийг тус багийнхан гаргажээ. Эдгээр нь өнөөгийн залуусын их сонирхдог технологи бөгөөд ингэснээр соёлын өвүүд олон нийтэд илүү хүртээмжтэй болно гэж үзжээ. Текстийг нь уйгаржин монгол бичгээр галиглан хүргэнэ гэдэг нь сонирхолтой.

Цаашид уйгаржин монгол бичгээр галиглаж бичих "сошиал давлагаа" ч үүсгэх боломжтой хэмээн тэд танилцуулсан юм.



ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

  • Ш.Алтанбагана (ММХ-ны ерөнхийлөгч)
  • Д.Бум-Эрдэнэ (ММХ-ны дэд ерөнхийлөгч)
  • Ч.Нацагням (Соёлын яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын соёлын өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч)
  • Д.Бум-Очир (Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх) нар ажиллажээ.