Өнгөрсөн, ирээдүй рүүгээ бүдэгхэн гэрэл тусгачихаад түүн рүүгээ шагайж өөрийгөө зовоох биш, яг одоо энд байгаадаа хурц гэрэл чиглүүлэн түүндээ хөөрөн баясаж бүжих мэт амьдрах тухай "Ад үзэгдэх зориг" номд онцолсон байдаг. Ирээдүйд таны хэн болох, юунд хүрэх нь хамаагүй. Дараа нь юу бүтээх байсан, хожим юу үүсгэхийг бид мэдэхгүй. Хамгийн гол нь, зүгээр л "энэ байгаагаараа" нухацтай амьдарч, өөрчлөлтөд урам зоригтой байх тухай бид хэр их эргэцүүлдэг бол? Эл асуултын мөрөөр өөрсдийн хүсэл тэмүүлэл, үнэт цэнийг бүтээж, бусдадаа урам зоригийг түгээж буй залуу бүтээгчдийн ертөнцөөр аяллаа. 

Ц.Пүрэвжаргал - entrepreneur

Зорьсондоо хүрнэ гэдэг юу хүсэж байгаагаа тодорхойлж чаддаг, мэддэг байх явдал. Зөвхөн мөрөөдөл чигээр нь орхилгүй зорилгодоо хүрэх ойрын зорилтуудаа тодорхойлох, судалгаа сайн хийдэг байх, өөрийгөө үргэлж дайчлах, тэмцэх, ачаалал, үг, эрсдэл даах сэтгэлийн тэнхээтэй байх шинж чанарууд чухал болов уу.

Өөрчлөлтийн тухайд миний хувьд ажилдаа үргэлж дэвшил хийж байхыг хүсдэг, тиймдээ ч нэг байрандаа байгаад байгаа мэт санагдвал гутардаг. Шинэ зүйл турших нь үргэлж шинэ мэдрэмж бас эрч хүч, заримдаа эрсдэлийг ойлгох ухаан өгдөг. Тийм болохоор шинэчлэлд дуртай. Чаддаггүй байсан зүйлсээ чаддаг болох гэж хичээх, тухайн зүйлд сэтгэлзүйгээ бэлтгэх зэрэг шинэ зүйл турших явцад ирж байгаа тэр мэдрэмжүүдэд дуртай. Заримдаа эрсдэлийг бодож айх нь хүртэл амттай байдаг.

Хамгийн том гэхээсээ илүүтэй бидний хийдэг жижиг өөрчлөлтүүд л том өөрчлөлтийг авчирдаг гэж боддог. Ажил дээрээ гаргасан жижигхэн шийдвэрүүд эргээд том үйл явцын эхлэл болдог бол хувийн амьдралдаа гаргадаг жижиг өөрчлөлтүүд бидний амьдралд бүхэлд нь нөлөөлдөг. "Хэсгээс бүхэл" гэдэг шиг, хэсэг өөрчлөлтүүдийн хүч их ээ.

Хаана өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй вэ гэж асуувал "Хүн болгоны дотор" л гэж бодож байна. Бидний зан төлөв эргээд энэ нийгмийн зураглалыг бүхэлд нь бий болгодог. Жишээ нь, хүмүүс хэрэглээний зээлнээс татгалзаад эхэлбэл мөнгөн урсгал бизнесийн зээл рүү эргэнэ, хүү багасна гэх мэт нөлөөлөл үзүүлэх боломжтой. Бизнесүүд өргөжвөл ДНБ нэмэгдэнэ зэрэг бүгд гинжин хэлхээтэй учраас хүн бүрийн хандлагад гарч буй жижиг өөрчлөлтүүд л том өөрчлөлтийг авчрах хүчтэй. Хүн бүр хажуу хөршдөө санаа тавьдаг бол хүүхдийн хүчирхийлэл багасна. Хүн бүр өдөр болгон усаа хэмнэдэг болбол бидний усны нөөц төдий чинээ олон жилээр уртасна. Өөрчлөлтийг өөрсдөөсөө өдөр бүр хийх хэрэгтэй гэж бодож байна.

Д.Батням - singer, guitarist

Хэн ч байсан зорьсон зорилго, мөрөөдөлдөө хүрэхэд тухайн хүний хандлага хамгаас чухал гэдэгт итгэдэг. Аливааг хийхээр зорьсон бол тухайн асуудалд хэрхэн хандаж байгаагаас мөрөөдөл болон зорилгодоо хүрэх эхний алхам тодорхойлогддог болов уу. Залуу хүний хувьд аль болох шинэ зүйл туршиж, шинэ, содон бүхэнтэй нүүр тулах сонирхолтой. Уран бүтээлийн хувьд гэхэд үргэлж шинэ ая, дуу хайж, түүнийгээ сонсож, тоглож үзнэ. Ажил карьерын хувьд шинэ ажлын байранд өөрийгөө сорьж, шинэ хамт олонтой болсон нь сонирхолтой байгаа.

Би 2016 онд “Tiger Jams” хөтөлбөрт оролцох хүртлээ өөрийгөө дуучин болно гэж төсөөлж байсан удаагүй. Хамтлагаараа ярьж зөвлөлдсөний эцэст тус хөтөлбөрт оролцохоор болоод зогсохгүй дуулж үзээд тэнцсэн явдал бол миний амьдралын том өөрчлөлтүүдийн нэг болсон. Түүнээс хойш өөртөө болон аливаад хандах хандлага минь бага багаар өөрчлөгдөж, зорьсондоо хүрэх итгэл үнэмшил, урам зориг нэмэгдэж эхэлсэн. Өөрчлөлт хийнэ гэдэг амаргүй. Гэвч хувь хүнд, нийгэмд өөрчлөх шаардлагатай олон асуудал бий. Ядаж л замын түгжрэлээс эхлээд шийдмээр байна. Хотын түгжрэлээ зохицуулж чадвал хэчнээн олон зуун хүний цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмж, амьдралын чанарыг дээшлүүлэх бол.

Д.ганзул - young creator

Ямар ч зорилго мөрөөдөлд хүрэхэд тухайн хүний дотоод хүчин зүйлс хамгийн чухал гэж боддог. Өөрийн дотор луугаа өнгийж, итгэл үнэмшил, үнэт зүйл, хүсэл тэмүүллээ тодорхойлохдоо “Би яагаад энэ өндөрлөгт хүрэхийг хүсэж байна вэ?, Үүнийг би өөрөө яг хүсэж байна уу эсвэл гаднын нөлөөлөлд (бусад хүмүүс, медиа, трэнд) хэт автаад байна уу?” гэх асуултад эхлээд хариулах хэрэгтэй байх. Тэгж байж өөртөө тохирсон, бодит зорилго үүснэ. Зорилго, мөрөөдлөө ингэж зөв суурьтай тодорхойлсны дараа тууштай, тэвчээртэй байдал маш чухал болов уу. Хүн болгон өөр өөрийн цаг хугацаатай учраас өдөр болгон алхам алхмаар урагшилсаар байвал хэзээ нэг өдөр заавал ямар нэгэн үр дүн гарна гэдэгт итгэдэг. Мөн аливаад уян хатан, нээлттэй хандаж, тооцоолоогүй шинэ боломж, суваг гарч ирэх боломжтой гэж итгэн, эерэг хандлагатай байх нь зүйтэй.

Зорилгоо тодорхойлж, хэсэг хугацаанд түүний төлөө хөдөлмөрлөсний дараа өөрийгөө тогтмол хугацаанд мотивацжуулах зүйлс хэрэгтэй гэж боддог юм. Яагаад үүнийг хийж эхэлсэн, юуны төлөө тэр зорилгын төлөө тэмүүлсээр байгаагаа өөртөө сануулж, эргэн харах, зөв чиглэлд явж байгаа эсэхээ өөрөөсөө дахин асууж үзэх хэрэгтэй байх. Миний хувьд уг хүн маань сэтгэл хөдлөл, мэдрэмжид тулгуурладаг ч амьдралын явцад аливаад объектив, рационал талаас харахад суралцсан учраас өөртөө тогтмол өөрчлөлт хийсээр ирсэн.

Би 22 настай ч өнөөдрийг хүртэл бүтээлч салбарт янз бүрийн зүйлс хийж, туршиж үзсэн. Харин одоо өнгөрсөн хугацаанд сурч хуримтлуулсан ур чадвар, хоббиноосоо нэгийг нь илүү гүнзгий хөгжүүлж, бусдыг нь хаяхгүйгээр хамт хөгжүүлж явахад анхаарч байгаа. Хүссэн хүсээгүй цаанаасаа шинэ, содон зүйлийг эрэлхийлж, ухах хандлагатай байдаг болохоор аль болох тэнцвэртэй байлгахыг хичээдэг. Хувь хүний зан төлөвийн хувьд ч эсрэг тэсрэг характер, мэдрэмжүүдтэй байдаг болохоор тодорхой хугацааны хооронд гадаад үзэмжиндээ өөрчлөлт хийх, амьдралын хэв маягтаа шинэ зүйл нэмж хасах зэрэг шинэчлэлүүдийг хийдэг. Тийм мэдрэмж авахгүй бол цаанаасаа зэврээд, өөрөө өөрөөсөө уйдаад байгаа юм шиг санагддаг даа.

Миний хувьд урлаг болон гоо зүйн сэтгэл ханамж гэх ойлголт хүний сүнс, энергийг тэтгэдэг, материаллаг өөрчлөлтөөс илүү ухамсар, мэдрэмж зэрэг нь илүү гүн гүнзгий өөрчлөлт авчирдаг. Урлаг, уран бүтээлчдийг дэмждэг, хүндэлдэг зөв систем бий болж, ирээдүйн залуу уран бүтээлчдэд өөрсдийгөө хөгжүүлэх таатай орчин бий болоосой гэж боддог. Тиймээс өөрийн амьдралаа энэ салбарт уяж, карьерийн зорилгоо тодорхойлсон.

М. Баасандэлгэр - Journalist 

Би эерэг өөрчлөлтөд дуртай. Сүүлийн үед хамт олныхоо санаачилгаар олон шинэ зүйлээр өөрийгөө сорьж байна. Тухайлбал, гадуур хоол идэхгүй байх, хогоо ангилж хаях, өдөр бүр дасгал хийх, олонд зарлахгүйгээр буян үйлдэх, өдөр бүр жижиг ч хамаагүй шинэ зүйл сурах гэх мэт. Анх сонсоход бүгд амархан санагдаж байсан ч хэвшүүлэхэд ямар байсан хэцүү гээч.

Миний өмнө нь хувьдаа хийж байсан өөрчлөлтүүд шинэчлэл биш байсан. Хар үсээ шар өнгөтэй болгох нь өөрчлөлт биш. Зүгээр л өөрийгөө өөрөөр харуулах сонголт. Харин өглөө 8 цагт арай гэж сэрдэг хүн 6 цагт асуудалгүй босож сурах нь жинхэнэ өөрчлөлт. Зүгээр л тавхан хоног орой бүр 10 удаа суниагаад үз. Инээд хүрмээр сонсогдож байгаа ч өөрийнхөө юу чаддагийг харна. Өөрчлөлтөөс битгий зугтаарай. Өөртөө төрсөн жижигхэн санааг хэрэгжүүлэх гэж тогтмол цалинтай, тав тухтай ажлаасаа гарсан нь миний амьдралыг бүрэн өөрчилсөн алхам байсан.

Ажилтай байхад учир нь олдоно, ажилгүй бол цалингүй, нийгмийн даатгал тасалдана гэх мэт шалтгаар дургүй ажлаа хүчээр хийдэг хүн байдаг. Харин би үүнийг хүсээгүй. Нэг жил гэртээ ажилгүй байх хугацаанд миний зан ааш, амьдралыг харах өнцөг тэр чигтээ өөрчлөгдсөн. Хэн ч намайг хянахгүй, зааварлахгүй болохоор өөртөө үнэнчээр ажиллаж, цаг ашиглаж сурсан. Одоо би маргааш яаж ажилдаа явах вэ гэдэгт биш, дараа сарын цалингаа яаж тавих вэ гэдэгт шаналдаг болсон доо.

Ямар орчинд өссөн, юунд дуртай, хэний хүүхэд байхаас үл хамааран харах өнцгийг нь өөрчлөхөд бүх зүйлд эерэг үр дүн гарах боломжтой гэж боддог. Хүний үзэл бодол, өмсөх хувцас, идэх хоолыг зааж, шууд өөрчлөх боломжгүй. Харин харах өнцөг, хандлагыг нь үзэж, харж, сонсож байгаа зүйлсээр нь өөрчилж, эергээр нөлөөлж болно. Зөв бодолтой хүнээс буруу үйлдэл гарахгүй гэдэгт итгэдэг болохоор нийгмийг соён гэгээрүүлэх контент бүтээх ажилдаа дуртай.


"Голомт" банкны "SocialPay" аппликэйшний #SoEasy аян зорилгодоо тууштай, хүссэнээрээ амьдарч мөрөөдлөө бодит болгон амжилттай яваа залуусын төлөөллийг онцлон танилцуулахаар “Монгол залуус” төслийг эхлүүлээд буй. Уг төслийн хүрээнд залуу мэргэжилтнүүдийг дэмжих зорилгоор энэхүү контентыг бүтээлээ.